Нийтлэл 09 сарын 29, 2015

Хэсэгтээ чи хөвөхөөс өөр юм чадахгүй. Гэхдээ тэс, амьдар.

 Найзыгаа алдчихлаа. Одоо яахаа мэдэхгүй байна. 

Хэн нэгэн фэйсбүүктээ ийм тэмдэглэл оруулсан байвал та ямар сэтгэгдэл оруулах вэ? Өнгөрсөн сарын фэйсбүүкийн хамгийн том трэндийн нэгт “old guy” буюу өөрийгөө хөгшин гар гэж нэрийдсэн нэгний ийм тэмдэглэлд  оруулсан сэтгэгдэл багтжээ. Үхлийн тухай, амьдралын тухай, үлдэх, живэн алдах, эргээд сэхэх, хайрлах тухай түүний хариултыг орчуулан хүргэе:

 

 Хэсэгтээ чи хөвөхөөс өөр юм чадахгүй. Гэхдээ тэс, амьдар.

“Би хөгшин. Хөгшин гэдэг маань намайг (өдий хүртэл) тэсэж үлдсэнийг, бас миний мэддэг хайрладаг олон хүн тэгж чадаагүйг харуулж байна гэсэн үг.

Би олон найзаа алдсан, хамгийн дотно найзуудаа, танилуудаа, хамтран ажиллагсдаа, өвөө эмээгээ, ээжийгээ, хамаатан саднаа, багшийгаа, ментороо, оюутнуудаа, хөршөө, бас бусад хүмүүсийг. Би өөрөө хүүхэдгүй, хүүхдээ алдсан хүний зовлон ямар байхыг төсөөлье гэвч төсөөлөл эс хүрнэм.  Дор миний хувиас хэдэн үг дайя...

Хагацалд дасдаг юм гэж өнөөдөр чамайг тайтгаруулмаар  л байна. Гэхдээ би хэзээ ч дасаагүй билээ. Дасъя гэж бодоо ч үгүй. Ямар ч нөхцөл байдал байлаа миний хайртай хүмүүсээс хальж одоход дотор нэг хар нүх онгойх шиг болдог. Гэхдээ ийн сэтгэл өвдөж, зүрх зүсэгдэж үлдэх нь мэдээжийн хэрэг,  хүн өнгөрч байхад болж л байдаг юм шиг хүлээж авдаг байхыг би хүсэхгүй . Миний сэтгэлийн шарх сорвинууд бол тэр хүнтэй хуваалцсан, тэр хүнд зориулсан миний харилцаа, миний хайрын гэрч билээ. Сорви тод байх тусам, хайр гүнзгий, том байжээ гэсэн үг. Тиймээс сэтгэлийн шархыг хүлээж ав.

Сорви бол амьдралын гэрч. Сорви бол би гүн гүнзгий хайрлаж, амьдарч, зүсэгдэж, бүр ухагдаж, тэгсэн ч тэрийгээ эдгээж, үргэлжлэн амьдарч, үргэлжлэн хайрлаж чадахын нэр . Сорвижоод эдгэсэн эс анхныхаасаа ч хүчирхэг болдог. Сорви бол амьдарсны гэрч. Сорви зөвхөн харах нүдгүй хүмүүст л муухай харагддаг.

Уй гуниг цагийн салхи, далайн давалгаа хөлөглөж ирнэ.  Унасан хөлөг чинь эвдрэхүйд чи живэн алдана, сүйрсэн хөлгийн зомгол дунд. Эргэн тойронд чинь хөвөх сэг зомгол өмнө нь унасан хөлөг чинь хэчнээн үзэмж төгөлдөр байсныг, одоо тэр бүхэн үгүй болсныг сануулна. Тийм үед чиний хийж чадах ганцхан юм: хөвөх. Чи нэг банз олж авна, тэрэн дээрээ хэсэг тогтоно. Банз гэдэг нь ямар нэг бодит зүйл байж болно. Магадгүй жаргалтай дурсамжийг мөнхөлсөн гэрэл зураг. Магадгүй өөртэй чинь адилхан хаачихаа мэдэхгүй хөвж буй нэгэн. Хэсэгтээ чи хөвөхөөс өөр юм чадахгүй. Гэхдээ амьдар.

Эхэндээ давалгаа 100 тохой өндөр, чамайг ямар ч энэрэлгүй хунина. 10 хормын зайтай, амьсгал авах сэхээ ч өгөхгүй.  Зүгээр тэс, хөв. Хэсэг хугацаа өнгөрөхөд, магадгүй 7 хоног, магадгүй сар, давалгаа өндөр хэвээр, гэхдээ зай нь холдоно. Ирэхдээ чамайг юу ч үгүй тууна, норгоно. Гэхдээ завсар хооронд нь чи амьсгаа авахтай болно, хөдлөхтэй болно.  Чи уй гунигийг чинь юу сэдрээхийг хэзээ ч урдчилж мэдэхгүй, магадгүй дуу, магадгүй зураг, 4 замын уулзвар, аяга кофены үнэр... юу ч байж мэднэ. Давалгаа ирдгээрээ ирнэ, ирээд чамайг дарна, гэхдээ энэ хооронд амьдрал бий.

Дахин цаг хугацаа өнгөрч, хүн бүрийх адилгүй ч давалгаа намжиж ирнэ,  80 тохой, 50 тохой. Ирэх нь ирнэ, гэхдээ хоорондох зай нь алсарна... ойн өдөр, төрсөн өдөр, шинэ жил, хамтдаа зугаалж асан газрууд. Чи хэзээ давалгаа ирдгийг мэддэг болно, өөрийгөө бэлддэг болно. Ирээд чамайг юу ч үгүй норгож усаар хучихад өөр хаа нэгтэйгээс чи дахин гарч ирэх замаа олдог болно.

Шалба норсон, нулимстай, гэхдээ ямар нэг тавцан, сэг олж зуураад тэр дундаас гарч ирнэ.

 

Хөгшин миний үгийг авагтун. Давалгаа хэзээ ч  зогсохгүй, зарим талаар чи зугтахыг хүснэ. Гэхдээ цаг зуур чи тэндээс тэсэж үлдэх аргаа олно. Дахиад өөр давалгаа цохино, чи дахиад аргаа олно.

 

Чи азтай бол, чи олон шархдана, чамд олон сорви үлдэнэ, амьдрал хайрын чинь тэмдэг болж.

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2015-10-03

    medrel muutai humuusiin ymiig niiteldeg sait be esvel shiljiltiin nasnii ohinii zan ch yum shig

arrow icon