Нийтлэл 09 сарын 30, 2015

2015 ОНЫ ТРЭНД (7) - БАЙГАЛИЙН ГАМШГИЙН ДАВТАМЖ, ХОХИРОЛ НЭМЭГДСЭЭР

Дэлхийн эдийн засгийн форум, Глобал аженда судалгааны багааас 2015 оныг тодорхойлж буй 10 гол трэндийн тухай бүлэг нийтлэлийг цувралаар танилцуулж байгаа билээ. Байгаль орчны өөрчлөлтөөс үүдэн байгалийн гамшгийн давтамж, сүйрлийн хэмжээ урд хожид байгаагүйгээр өсөн нэмэгдэж байгаа тухай, эдгээрээс үүсэх эрсдлийг буулгахад гэнэтийн гамшигт тэсвэртэй тогтолцоонд хөрөнгө оруулах нь чухал болох тухай долдугаар хэсэг: 

 

Цаг уурын гамшигт үзэгдэл байгаль орчны өөрчлөлтийн нэг шинж тэмдэг болж улам их сүйрэл дагуулж, улам олон тоогоор гарах боллоо. Гамшгийн тухай мэдээ сонины нүүрээр үе үе гарах болж, өртөөгүй орон, бүс нутаг үлдээгүй гэхэд хилсдэхгүй. Филипинийг дайрсан шуурга, АНУ-г дайрсан түүхэнд хамгийн их гамшиг дагуулсан торнадо, Бразил, Австралийг дайрсан хурцадмал ган, Пакистаныг дайрсан их үер...

Дата боловсруулах, компьютрийн хүчин чадалд гарсан дэвшлийн ачаар хүний хүчин зүйлээс улбаатай байгалийн гамшгийн дүн шинжилгээг хийх боломж илүү бүрдэж ирлээ. Засгийн Газар хоорондын Цаг Уурын Өөрчлөлт төслийн 2014 оны судалгаа байгалийн гамшиг хийгээд байгаль орчны өөрчлөлтийн уялдаа холбоог илүү ойлгох боломж олгов. АНУ-ын хэмжил зүйн нийгэмлэгийн 92 эрдэмтэд хамтран 16 том гамшгийг судлаад дэлхийн дулаарлын улмаас их халуунаас үүсдэг давалгааны эрсдэл нэмэгдсэнийг гаргаж харуулав. Даанч эдгээр ололт нээлтээс үл хамааран байгалийн эрсдлийн удирдлагыг гартаа авч шийдэх тал гараагүй хэвээр байна. Олон улсын манлайлал, засгийн газруудын хандлага дутаж байгаа нь энэ трэнд улам гүнзгийрэхэд нэмэр болж байна гэж үзэж болно.

Байгалийн гамшгийн нэг давхар гамшиг бол хамаг сүйрлийн өртгийг хамгийн ядуу хэсэг үүрдэгт буй. Тэд хамгийн найдваргүй сууцанд, хамгийн муу даатгалтай. Глобал Аженда судалгааны дүнг харвал Азийн иргэд бусад бүс нутгийнхыг бодвол томхон гамшигт өртөх эрсдэлтэй гэж үзэх хүн олон байна.

 

Дэлхий даяар өсөн нэмэгдэж буй байгалийн гамшгийн тоо ба сүйрлийн мөнгөн дүн (улбар шар: гамшиг гарсан давтамж, цэнхэр: мөнгөн дүн, тэрбум доллараар)

Цочир үзэгдлүүд, их сүйрэл дагуулсан гамшиг байгаль орчны өөрчлөлтөд хандах ухамсарт өөрчлөлт авчирч буй ч энэ нь нүүрсхүчлийн хийн тухай яриа болж дуусах нь элбэг байна. Бид нүүрсхүчлээс ч илүү их зүйл хийх хэрэгцээ бий. Одоо бол шарх үүсэхэд шархны лент наах замаар аргацааж байна. Гамшиг болдог, бид эмгэнэл илэрхийлдэг, өвчнийг нь лент нааж авахыг боддог. Тэгээд дараагийн гамшгийг  хүлээдэг. Нэг сүйрлээс нөгөөгийн хооронд явах ийм хэв маяг удаан үргэлжлэхгүй.

Энэ хавхнаас гарахад хувийн хэвшил том үүрэг гүйцэтгэж чадна. Компаниуд сүйрэл гарсны дараа зарцуулдаг хөрөнгөө урдчилан сэргийлэх дэд бүтцэд хөрөнгө оруулж байхаар бодлогоор зохицуулах, мөн урдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэг түгээх системийг бэлдэх гэх мэт өртөг багатай ч үр өгөөжтэй аргуудыг нэвтрүүлэх гэх мэт эрсдэлийг бууруулахын тулд хийж чадах зүйлс бий. Аливаа гамшигт тэсвэртэй хэв маягийг хөгжүүлэхэд хөрөнгө оруулах нь (жишээ нь зуданд хэрэглэх тэжээл бэлтгэлийн систем гэх мэт) урт хугацаандаа тийм хөрөнгө зарахгүй гамшигт өртсөнөөс хамаагүй өгөөжтэй байх болно.

Сэтгэгдэл бичих

arrow icon