Нийтлэл 10 сарын 02, 2015

Ном мөрөөдлийг бүтээж, мөрөөдөл Америкийг бүтээсэн нь


Америк мөрөөдлийн дууч, зохиолч Хорэшио Алжер(1832-1899) өөрийнхөө цаг үеийн, бас хойч үеийн америк залуусын зүрх сэтгэлд хэмжээлшгүй их нөлөө үзүүлсэн хүн юм.  Хожмоо нэрд гарч, бизнес ертөнцөд амжилт олсон олон хүн хүсэл мөрөөдлөө түүний номоос эхтэй гэж дурсан ярьсан байдаг. Түүний бүтээлүүд АНУ-ын иргэний дайнаас 20-р зууны эхэн хүртэл  200 сая гаруй хувь уншигчдад хүрсэн гэх тоо байдаг. 

Хорэшио Жуниор Алжер Массачусет мужид юнитар шашны номлогчийн гэрт төрж,  шашны сургуульд суралцаад 30 настайдаа аавынхаа мэргэжлийг өвлөсөн ч хоёр жилийн дараа ажлаа орхиж сэтгүүлч болохоор Нью-Йорк хотыг зорьжээ. Тэндээ “Ноорхой Дикто” хэмээх цуврал өгүүлэл хөвгүүдийн сэтгүүлд бичиж нийтлүүлж эхэлсэн нь ихэд амжилт олж, Бостон хотын нэг хэвлэлийн газраас Диктогийн дүртэй цуврал ном бичих захиалга ирүүлсэн аж. Энэ захиалгаас хойш Хорэшио Алжер нэг л сэдвээр тууштай туурвисан юм. Түүний сэдэв: “Америк мөрөөдөл гэж байдаг, биелүүлж болдог, биелсэн ч түүхтэй”.

Алжерийн бүтээл бүхэн төстэй түүх өгүүлнэ, түүний илгээх мэссэж бүхэн нэг агуулгатай: тэр нь амжилтад хүрэхийн тулд чи характертай эр хүн байх ёстой. Тэдгээр нь нэг талаар ажилсаг, шударга, эр зоригтой характер хувь заяанаас шагналаа авдаг тухай уран зохиолын ухуулга байв.  Дайсны талын дүрүүд ч хуурмаг, залилан хийдэг гэх мэт характераасаа болж бүтэлгүйтэж дуусна. Мэдээж мэргэжлийн шүүмжүүд түүний бүтээлийг “уран зохиолын хог” гэхчлэн нэрийдсэн, гэхдээ тэрээр Алтадсан Эрин гэгдсэн 19-р зууны сүүлийн хагасын АНУ-ын хүүхэд залуусын оюун сэтгэлгээг "услах" зорилгоо биелүүлж чадсан. Ядуу зүдүү гэр бүлээс гаралтай ч амжилтад хүрч, өөр амьдралаар амьдарч чадна гэх шинэ улсын залуу үед хэрэгтэй байсан итгэлийг Алжер тэдэнд өгсөн. Өгөөд зогсохгүй амжилтад хүрэхийн тулд хүнээ байх биш харин ч хувь хүний характераа эрхэмлэн хөгжүүлэх ёстой гэдэг мэссэжийг дайсан нь ганц Хорашио Алжер төдийгүй бусад бичгийн хүмүүс, оюуны манлайлагчдын АНУ-ын нийгэм, эдийн засгийн соёлд оруулсан үнэлж баршгүй өв юм.

Зохиолч өөрөө гойдын хураасан хөрөнгөгүй тэнгэрт хальсан нь  хувь заяаны даажин гэлтэй ч бахархах “шавь” нартай баян хүн. Тэрбум долларын үнэлгээтэй даатгалын гүрэн байгуулсан В.Клемент Стоуны 100 жилийн амьдрал Алжерийн зохиолын амилсан баатар байлаа. Стоун хожим 12 настайдаа Алжерийн номтой таарсан түүхээ ийн дурссан:

“Дээврийн хөндий рүү өгсөж гарсан тэр нэг өдрийг би хэзээ ч мартдаггүй... дор хаяж 50 ширхэг тоосонд дарагдаж, хуудас нь салбайсан ном буланд өрөөтэй байсан...Нэгийг нь авч эхний хуудсыг эргүүлээд, тэгээд би тэр зундаа бүгдийг нь уншиж дуусгасан сан...”

Стоун 20 хүрэхээсээ өмнө хөрш зэргэлдээх Шикагод очиж даатгалын бизнесээ эхлүүлсэн агаад 100 доллароор эхэлсэн бизнес нь арав хүрэхгүй жилийн дотор эргээс эрэг хооронд 1000 төлөөлөгчтэй агент болжээ. 1930 он гэхэд Стоун Алжерийн баатруудаас түүнд амласан ёсоор саятан болсон байв.

Улмаар өөрийн ажилчиддаа зориулж өөртөө туслах, хөгжүүлэх ном туурвив. Алжерийн номнууд хэдийн АНУ-д танигдаж, зарим нь бүр мартагдаж, Самуэль Смаилс, Дэйл Карнеги нар ч нэрд гараад байв. Напелеон Хиллтэй хамтран бичсэн “Эерэг ментал хандлагаар амжилтад хүрэх нь” гэх зэрэг номуудыг нь уншигчид талархан хүлээж авч, Стоун ч өөрийн болон бусдын бичсэн залууст урам зориг, мөрөөдөл өгөх сая сая номыг ажилчиддаа, сургуульд, эмнэлэгт, ахмадын байгууллагад тараасан байдаг. Стоун шиг Алжер, Смаил зэрэг зохиолчдын оюун санаандаа зураглаж, үсгээр бичиж амьдруулсан баатрууд бодитоор төрж, тэд нь дахин бусад баатруудаа өсгөж хөгжүүлж, үе үеийн оюун сэтгэлгээний болон ажлын талбар дахь баатруудын хамтран бордсон америк мөрөөдлийн хөрснөөс 200 гаран жилд хоёр мянганы түүхтэй бусад улс гүрнийг ч гүйцэж хөгжсөн их гүрэн мэндэлсэн билээ.

 

...

Хүн нисэж төсөөлөөд тэгээд ниссэн. Хүн нисдэг хивстэй үлгэр ярьж хожим хийгээд нисгэсэн. Хүн уулыг нурааж, усыг эргүүлж домог бичээд бүгдийг нь хийсэн. Америкчууд ядуу хөвгүүд нь хувь заяагаа бүтээж чадна гэж мөрөөдөөд, мөрөөдлөө биелүүлсэн. Төсөөлөх, мөрөөдөх эрх чөлөө, төсөөллөө цаасанд буулгах итгэл үнэмшил, тэрийг туршаад үзэх эр зориг, амжилт олсон ч алдрахгүй характер... Хүний түүхтэй танилцах тусам хөгжил хаанаас эхэлдэг вэ гэж асуувал “төсөөллөөс” гэж хариулмаар болном...

Сэтгэгдэл бичих

arrow icon