Нийтлэл 10 сарын 05, 2015

Боломж хулгайчийг бий болгодог ба эх оронч сэтгэлгээний тухай

Өөрт тохиолдсон бяцхан адал явдлаас үүдэж "боломж хулгайчийг бий болгодог" тухай, европчууд ба монголчуудын эх оронч сэтгэлгээний ялгааны тухай бодлоо тантай хуваалцъя.

 2014 оны адал явдал

Монголд өмгөөлөх эрхтэй болох шаардлагатай болсон тул 2014 оны намар хуульчийн мэргэжлийн шалгалт эхлэхээс сарын өмнө бүртгүүлж, бэлтгэж эхлэв. Энэ удаа шалгалтад тэнцэхгүй нь ойлгомжтой, ямар шалгалт байдаг тухай туршлага болог гэж Улаанбаатар орох онгоцны билет авлаа. Шалгалт эхлэхээс 4 хоногийн өмнө Улаанбаатарт бууж, шалгалт өгөх гэж ирсэн тухайгаа хавь ойрынхондоо зарлав.

“Хууль зүйн доктор шалгалт өгөх хэрэггүй биз дээ?” гэж нэг хэсэг нь асууж байна. “Доктор хүн шалгалтанд унаж балрав!” гэж нөгөө хэсэг нь санууллаа. Гурван өдөр үргэлжилсэн шалгалтын нэгдсэн дүн гарч, 3 оноогоор дутуу тэнцээгүй байв. “Аль эртний надад хэлэхгүй яасан юм бэ?, би маргааш гарч хүн амьтантай уулзахаас” гэж нэг нь туслахаар шийдлээ. “Хуулийн багш нартай хамт Германд сурчихаад утасдаад асуухгүй, Монголд шударга юм гэж байхгүй шүү дээ” гэж өөр нэг хүн ятгав. Нэг танил багш руу залгаж байдлыг тандлаа. 2014 оны хуульчийн шалгалтыг шүүгч, багш нараас бүрдсэн баг хянаж, гаднын нөлөө оруулахгүй зохицуулсан бололтой тул нөгөө туслах гэсэн хүн уруу утасдаж “Хууль зүйн доктор гэчихээд оноо гуйх нь хаашаа юм, та хөөцөлдөөд хэрэггүй, ирэх жил ирж өгье” гэж хэллээ. Ингээд би хуульчийн мэргэжлийн шалгалтын тухай бодит мэдлэг, туршлагатай болоод хэдэн ном сугавчлаад Брюссель хот руу буцав.

2015 оны үйл явдал

Жилийн турш олон үйл явдлын хажуугаар шалгалтанд хэрэндээ л бэлтгэв. Шалгалтын тухай Брюссель хотод ажилладаг хуульч найзууддаа дуулгалаа. Шилжилтийн эдийн засгийг амжилттай давж чадсан Чех, Польш улсуудаас гаралтай хуульчид “Манай улсад хуулийн систем их өөрчлөгдсөн. Одоо хуульчийн шалгалт өгвөл маш хэцүү байх болно, амжилт хүсье, зоригтой шийдвэр гаргасан байна шүү” гэж байна. Хуучин Зөвлөлтийн харъяа байсан, хэдэн жилийн өмнө үндэстэн хоорондын бяцхан дайн гаргаад амжсан нэг улсаас гаралтай найз “Мөнгө өгөөд өмгөөлөгчийн лиценз авч болдоггүй юм уу?” гэж европчуудын нүдийг хариулж байгаад сэмхэн асууж ч байна.

Хаваржин хууль ёс, шударга ёсны тухай нийтлэл монгол хэлээр гаргасан, дээр нь фээсбүүк хуудастаа хуульчийн ёс зүйн тухай профессор О. Мөнхсайханы нийтлэлийг (энд) тавьсан хүн чинь танил тал хайж “монгол аргаар” үзэхгүй, европ сэтгэлгээгээр уншиж, сайн бэлтгээд шалгалтанд орох зорилго тавьсан тул энэ удаа гэр бүлийнхээ хэдхэн хүнд урьдчилж хэлээд Улаанбаатарт шалгалт эхлэхээс 5 хоногийн өмнө сэмхэн ирж, гэрээсээ гаралгүй уншиж байгаад шалгалт өглөө. Шалгалтад тэнцлээ. Боломжийн оноо ч авчээ. Маш их баяртай байлаа, энэ бол миний жилийн турш сахилга баттай байсны үр дүн байв.

 Боломж хулгайчийг бий болгодог

Миний бяцхан түүх “боломж хулгайчийг бий болгодог (Gelegenheit macht Diebe)"  гэсэн герман үгийг бодогдуулж, хэдэн жилийн өмнө нийгмээс тусдаа өндөр ёс зүйтэй хүн гэж байхгүй. гэсэн хүн судлалын шинжлэх ухааны судалгааны үр дүнг нэг сэтгүүлээс уншиж байсныг эргэн санахад хүргэв.  Хэрэв боломж байвал хүмүүжил сайтай нь ч түүнээс буцахгүй гэдгийг прагматик сэтгэлгээтэй европчууд, германчууд тун сайн ойлгодог. Европын ба германы бодлого боловсруулагчид “яавал тогтолцооны хийдлийг багасгах вэ?, яавал эдийн засгийн үр ашгийг хангаад зогсохгүй, нийгмийн тэгш байдал ба ёс зүйг хангах вэ?” гэдгийг үргэлж ярилцаж, тогтолцоогоо үргэлж сайжруулж, тууштай ажилладаг. Тэд хулгайчийг бий болгохгүйн тулд тогтолцоогоо шинэчилж чаддаг ба ийм зүйлд тэдний ”эх оронч” хандлага маш тодорхой харагддаг.

Ардчилсан, нээлттэй нийгэмтэй Европын улсуудын нэг давуу тал бол аливаа бодлого, хуулийн учир утга, зорилгыг иргэд сайтар ойлгох боломжтой байдагт оршдог. Европын төрийн албаныхан, гүйцэтгэх түвшний хувийн компанийн ажилчид ажил хэрэгтэйгээ холбоотой хуулиудын улсын эдийн засагт холбогдох ач холбогдлыг тун сайн ойлгодог тул “найраанд ордоггүй”, тэднийг найрах гэж оролдох ч хэрэггүй. Тэд улсаа дампууруулж, өөрийгөө хэрэгт оруулах ажил хэзээ ч хийхгүй. Энэ нь хуулийн засаглал, зөв тогтолцоо, нийтийн сэтгэлгээ ба хандлага нь сайн тогтолцооны угтвар болох ба нийтийн сэтгэлгээ “хулгайлах” хандлагад автвал ямар ч тогтолцоо төгс төгөлдөр биш болно гэдгийн тод жишээ юм.

Европчууд “сайхан цэцгийг ургуулахад уйгагүй хөдөлмөр, тэвчээр хэрэгтэй” гэж хэлэх дуртай учир хөгжилтэй, эрх чөлөөтэй, амгалан тайван, чинээлэг улсаа бүтээж, авч явахын тулд жинхэнэ мөн чанартай эх оронч үзэл гаргадаг хүмүүс. Тэд “эх орон, ард түмэн” гэж баатарлаг ярихгүй ч бүх зүйлийн цаана улсынхаа эрх ашгийг давхар боддог “айхтар” улс төр, бизнесийн удирдагчидтай. Тэд улсынхаа бодлого, хуулийн эдийн засгийн ач холбогдол, нийтээрээ олж авах давуу талыг ойлгож ухамсарласан олон арван сая гүйцэтгэгчээс бүрдсэн “эх оронч” иргэдийн армитай.

 Европт амьдарч, ажиллаж байгаа хүний хувьд европын улс төр, бизнесийн удирдагчдын үгийг мэргэжлийн хурал цуглаан, хэлэлцүүлэгт оролцохдоо сонсож, тэдний жинхэнэ эх оронч үзлийг мэдэрч, төрийн эрх барих дээд байгууллага УИХ нь хувийн компаниудын хувааж идэх, хоорондоо тэмцэлдэх талбар болсон Монгол Улсаа санаад монголчуудыгаа өрөвдөх сэтгэл төрдөг. Улсынхаа эрх ашгийг нэгдүгээрт тавьсан, асуудалд хувийн сонирхолгүй, үүргээ ухамсарласан гадны улс төр, бизнесийн удирдагчидтай манай “хувийн сонирхолтонгууд” хэлэлцээр хийхээр үр дүн нь монголын иргэдэд бус гадны компанид ашигтай болж гарна гэсэн гунигтай бодол ч толгойд орж ирдэг. Нөгөө талаас хууль, дүрэм журмыг гууль мэт үл хүндэтгэдэг, өөрийнхөө эрх ашгийн төлөө ямар ч арга хэрэглэхэд бэлэн атлаа бусдыг шудрага байхыг шаарддаг “нийгмийн хандлага” давамгайлсаар байсан цагт манай нийгэм замбараагүй, эх захгүй хэвээр байсаар л байх болно. Ингэхээр монголчууд бид “ялагдагчид” байх нь зүйн хэрэг. Өөртөө шударга байх хандлага, хууль ба дүрэм журмыг сахих сахилга бат, тогтолцоогоо хүндээ ойртуулж, улсынхаа хөгжилд чиглүүлж сайжруулж чадах эх оронч, хөдөлмөрч, хамтач сэтгэлгээ бий болсон цагт л монгол хөгжинө, тэгж байж бид ялагдагч бус харин ялагчид болно.

 

Сэтгэгдэл бичих

    • Д. Уянга
    • 2015-10-17

    Энэ нийтлэл хамгийн сүүлд сэтгэгдлээ үлдээсэн ахад баярлалаа. Германд сурч байхдаа чех, польш оюутнуудаас танайд 90-ээд онд юу болсон бэ? гэж асууж байсан. Тэнд бидний үзсэн шиг аймшигтай туйлшрал болоогүй юм билээ. Бид нар шиг өмч хувьчлал гэж хавтгайраагүй. Праг хотын байшингууд, газрыг хуучин эздэд нь буцааж өгсөн. Бусад бүх өмч хөрөнгө одоо болтол улсын өмч байх нь нийтлэг юм билээ. Монголд болсон үйл явцад мэдээж АНУ гол тоглогч болсон. АНУ бид нарыг буцаад 'дарангуйлалын' засаглалтай болно гэж болгоомжилж өмч хувьчлал, санхүүгийн либералчлалыг шахсан. Үүнд Да Ганболд гэх мэт нэр бүхий удирдагчид холбоотой. АНУ-ын энэ бодлого зөв буруу байсан гээд маргалдаж болно. Би хувьдаа хариулт хэлж чадахгүй. Өнгөрснийг өөрийхөөрөө хичнээн ч ухаж болно. Эцсийн эцэст ирээдүйг бодох л чухал... Зөвхөн 90-ээд оны үеийн хүүхэд насны дурсамжууд гунигтай бодлыг хааяа төрүүлдэг. Өвөө, эмээ, ах эгч нар бүгдээрээ хамтдаа байсан тулдаа тэр бүхнийг давж туулсан. Харин ийм гэр бүлд төрөөгүй хүүхдүүд яасан бол? гэж бодохоор сэтгэл өвддөг. Өнөөгийн өндөрлөгөөс харахад бид нар маш хүнд хэцүү замын өмнө зогсож байна. Бид нар энэ бүхнийг даван туулах эсэхийг би мэдэхгүй. Орчин үеийн эдийн засаг, санхүүгийн тогтолцоо нэн төвөгтэй, цогц зүйл. Гурван сая хүнтэй, орчин үеийн мэдлэггүй манай ард түмэн энэ бүхнийг даван туулж чадах эсэхэд үнэндээ эргэлздэг. Ямар ч гэсэн ХБНГУ-ын шилдэг хуулийн сургуулийн Эдийн засгийн эрх зүйн институтэд доктор хамгаалсан хүний хувьд өөрийн сурсан мэдсэнээ энгийнээр тайлбарлаж бичиж эхлэе гэж шийдсэн. Хүн өөдрөг үзэлгүй, итгэлгүй бол амьд яваад яах билээ? Үүний нэгэн адил үндэстэн ирээдүйн итгэлгүй бол тарж бутрах эсвэл түүхий эдийн 'хямдхан' эх үүсвэр л болно. Ингэхээр бидэнд ирээдүйд итгэх итгэл, хаашаа явахаа мэдэх 'зөв зөн' хэрэгтэй. Үүнийг TRENDS.MN-ийн өндөр боловсролтой залуучууд тодорхой хэмжээгээр өгч байгаа гэдэгт итгэдэг.

    • Зочин
    • 2015-10-13

    Сайхан дурсамж нийтлэл бичсэн дүүдээ баярлалаа. Чиний бичсэн санаануудын дийлэнх олонхийг дэмжиж байна. Манай Монгол 1990 онд зах зээлийн тогтолцоонд орохдообуруу үнэт зүйлийг барьж авсан юм шиг ээ. Манайх 1921 онд бас нэг том эргэлт дэвшил гаргасан. Түүний үр дүнд ард олон маань ламыг биш намыг шүтдэг болсон. 1990 оны эргэлт бол илүү прагматик ямар нэгэн, бүр ямар ч хамаагүй аргаар хөрөнгөж гэсэн хараагдсан уриатай юм шиг гараагаа эхлэсэн. Ард олон бол яг үнэндээ сайн ойлгож ч амжилгүй шинэ нийгэм рүү орчихсон.1990-ээд оны нийгмийн үнэлэмжийг санаж байна. Тэр үед ямар ёс зүйтэй,ёс суртахуунтай хүн бэ гэж хэн ч сонирходоггүй, хүнийг танилцуулахдаа ч тийм пүүс компаний эзэн их баян хүн гэснээр бүх танилцуулга ер нь албан ёсны түвшинд ч дуусдаг байлаа.Учраа сайн олоогүй ард олны хувьд бол бараг л хулгай хийхээс өөр аөргагүй болж олон жил зайлуулж чадаагүй төмрийн хог болгочихоор, өнгөт металлд тушаачихаар, бүхнийг шууд ил тодоор хулгай хийж эхлэцгээсэн.Энэ байдал нийгэмд хавтгайрч байсан нь одоо бодоход аймаар юм. Армийн материал хангалтын нөөцийн складад байсан зүйлийг авч хэрэгцээт зүйлд нь зарцуулахаар арай гэж цохуулаад иртэл аль хэдийн хулгайлаад гуравдагч түүхий эдэд ачуулчихсан байж билээ. Учрыг нь асуутал үнэ нь социализмынхаараа,Тийм материалын 3-дагч түүхий эд авах газар дахь үнэ нь бүр хэд дахин үнэтэй тул эд хариуцагч нар зүгээр л агуулахаасаа ачуулаад зарсан үнийхээ жаахан хэсгээр төлөөд л гүйцээ. Болж бүтэх даах хэмжээгээрээ бараг л хавтгай хулгайлж байв.Наашлах тутамжирийн иргэдийн хулгайлах юм багасаад мэдээлэлд илүү ойр эрхтэн дархатнуудын хулгай дээрэм гайхшруулж байв. Өмч хувьчилал,одоо бол өөрт таарах хууль, дүрэм батлуулах Ө/Х эрх зүйн ямар ч зөрчилгүйгээр ёстой чадаж байгаа юманд арга байхгүй гэдгээр ихэсийн хулгай одоо үргэлжилж байна. Энд ёс зүй нтр юм огт хамаагүй. Зүгээр л ийм зүйр үг гаргаад нийгмээрээ хүлээн зөвшөөрчихөв. 10саяыг хулгайлбал хам хулгайчтай байх хэрэгтэй. Ер нь бол гэмт хэрэг,100 саяар нь хулгайлах бол нам хэрэгтэй. Түүгээр хамгааладсан байх хэрэгтэй, Тэр бум тэр бумаар нь хулгайлах бол бүлэглэл, хууль хэрэгтэй. Хууль сахиулах, төрийн бүх шатанд, бас нам дамжсан бүлэглэлтэй байх хэрэгтэй гэдэг. Нийгэм үүнийг хүлээн зөвшөөрсөн, бараг л гэмт хэрэг гэж үзэхгүй, цээрлэгдэнэ гэдэг огт итгэхээ байжээ. Тийм болохоор уул уурхайн том, томоохон ордууд хулгайлах зүйлийн нэгж болжээ. Нийгэм ингэтлээ бузартсан байхад одоо яах вэ? Одоо дараагийн ээлжинд хэдэн баагий нийлээд Монгол Улсаа хулгайлан зарах л үлдлээ.Асуудал бүүр ийм шатандаа хүртэл доройтсон орон Европод лав байхгүй дээ. Яавал дээр юм бэ.

    • Д. Уянга
    • 2015-10-08

    Эерэг, санаа авууштай сэтгэгдэл үлдээсэн та бүхэнд баярлалаа. Нийгэм эрүүлжиж, улс сайхан арчилсан шинэхэн мотортой болж хурдан хөгжихөд хоёр зүйл маш чухал. Нэгдүгээрт, хуулийн засаглал. Хуулийн засаглалыг тогтоохын тулд хараат бус шүүхтэй байх ёстой. Хараат бус шүүх гэдэг бол шүүх гэдэг байгууллага бус харин маш хүчтэй хариуцлагатай хуульчдын нийгэмлэгийг багтаасан ойлголт. Манай улс ёс зүйтэй хуульчдын нийгэмлэг бий болгох гэж их зүтгэж байгаа боловч саад тотгор их байна. Дээр нь удирдагчид маань өөрсдөө хараат бус шүүхтэй байхыг хүсэхгүй байна. Хоёрдугаарт, манлайлал маш чухал. Улс төр, бизнесийн удирдагчид маань бидэнд үлгэр дуурайл үзүүлэх ёстой. Манай нийгмийн манлайлагчид хуулийн засаглалын тухай маш их ярьж, ухуулах шаардлагатай байна. Нийгэм нэг өдөр эрүүлжихгүй ч, дараа үеэс эхлэнэ гэвэл бас худлаа. Нийгэм эрүүлжих үйл явцыг гартаа атгаж, өнөөдөр эхлүүлэх ёстой хүмүүс бол яах аргаггуй хуульчид, монголын нийгмийн манлайлагчид. Өнөөдөр эхлүүлж байж үр шим нь алхам алхамаар гарна.

    • Зочин
    • 2015-10-08

    Сайхан нийтлэл унших боломж олгосонд баярлалаа. Улс орны хөгжлийг удирдагчид залдаг гэдэг ч ерөнхий масс болох ард иргэдийн ухамсар нь улс үндэстний хөгжлийн суурь гэж би ойлодог. Одоо төр барьж байгаа нөхдүүд бол хавар тариад намар хураадаг ургац, ногоотой л адил. Одоо тэгвэл ирээдүйд юу тарих вэ? Нийгэм солигдлоо л гэж ярьцгаадаг ч үнэн хэрэгтээ ижил сэтгэлгээтэй хүмүүсээр л үе солигддог. Хуулийг хэрэгжүүлье гэвэл цэцэрлэг, 10-н жилийн сургулиасаа эхэлж ХҮН БЭЛДМЭЭР байна даа. Хашаан дотор хогийн ургамлаа үзэн ядаад толгойноос л хайчлаад л зулгаагаад л байдаг...Нийтээр нь шатаалтай биш, харин ургах чадвар сайтай сайхан ургамал тариад тордоод өгвөл аяндаа хогийн ургамлыг үхүүлж шинэ орчин бий болно.

    • Зочин
    • 2015-10-07

    зөв шүү

    • Зочин
    • 2015-10-07

    Аливаа үндэстний зан заншил соёл уламжлал, хүн амын ихэнх хэсгийн итгэл үнэмшил хаана байгаагаас хамаарч шударга ёс хэр баттай нийгэмд оршин тогтнох вэ гэдэг нь тодорхойлогдож байна. Шударга ёс нийгмийн тулгын чулуу болж чадаагүй нөхцөлд эдийн засгийн хөгжил дэвшилд хүрэх боломжгүй ба биднийх хувьд энэхүү үүргийг гүйцэтгэх ёстой итгэл үнэмшил маань буруу газар байна. Шударга бус байдлыг үл тэвчиж, үнэн шударгын төлөө хамаг бүхнээ зориулж чадах тийм иргэдийг дан ганц бидний зүрхэн дэх итгэл үнэмшил бий болгох болно.

    • WAVY
    • 2015-10-07

    Нэгэнт монгол хүний ухамсар, сэтгэлгээ ийм учир яалтай билээ, хууль гаргачихаад дээрээсээ доош биелүүлдэггүй, тэгсэн мөртлөө хужаа гэхээр нэг их эх оронч, сүрхий мундаг улсууд болох гэдэг арчаагүй сэтгэлгээ монголчуудын дийлэнхэд байгаа цагт бид боломж бүрт хулгайч шиг л хандана. Боловсрол олгох салбараас л эхлэх хэрэгтэй болов уу даа, тэрнээс чанга хууль, чанга хууль сахиулагчид нэгэнт тогтчихсон зан үйлд тус багатай.

arrow icon