Нийтлэл 10 сарын 12, 2015

Зээлжих зэрэглэл, институционал хөрөнгө оруулагчид ба хямд санхүүжилтын хамаарал  

АНУ-ын орон сууцны зээлийн хямрал, улмаар олон улсын санхүүгийн хямрал, Европын өрийн хямрал гэх мэт ойр ойрхон дараалсан олон улсын хямралуудын улмаас том жижиг гэлтгүй эдийн засгууд нэлээд туйлдаж,  өсөлт саарах нь саарч агших нь агшиж байна. Ийм нөхцөлд АНУ тэргүүтэй барууны төр засгууд шат дараалсан арга хэмжээ авч, хувийн хэвшлүүдээ дэмжих бодлого хэрэгжүүлсний нэг нь хямд санхүүжүүлтийн эх үүсвэрээр тэтгэх байлаа.

Тэд олон улсад Quantitative Easing гэгч шинэ арга санаачилан хэрэгжүүлж, инфляц болон өр зээлийн хүүг өсгөхгүйгээр эдийн засгийн “цус” болсон мөнгөн гүйлгээг нэмэгдүүлэх туршилт хийв. Санхүүгийн байгууллагуудаар дамжуулан зах зээлд оруулж ирсэн энэхүү асар их мөнгөний урсгалаас хямд санхүүжих дэмжлэг авсан бизнесүүд үйл ажиллагаагаа тогтворжуулахаас гадна өргөж тэлэх боломжтой боллоо. 

Зээлжих зэрэглэл сайтай, ойлгомжтой бизнес төлөвлөгөөтэй, мэргэшсэн менежерүүдтэй компаниуд санхүүгийн байгууллагаар дамжуулан хүү багатай, тааламжтай зээлийн нөхцөлтэй зээл авч, өрсөлдөгчдөө болон ханган нийлүүлэгчдээ худалдан авах үйл явц сүүлийн хэдэн жил идэвхжиж байна.

Олон улсын улирал тутмын M&A (тэрбум ам.доллар), гэрээний тоо

 

 Эх сурвалж: Thomson Reuters

Өрсөлдөгчдөө худалдан авснаар тухайн бүтээгдэхүүний зах зээлд байр сууриа нэмэгдүүлэх, зардал хэмнэх, шинэ мэдлэг, туршлагыг нэгтгэх гэх мэт олон давуу тал гарч ирдэг. Жишээлбэл “БОСА” сүпермаркетын сүлжээ хямд санхүүжилтийн эх үүсвэр олж, “Миний дэлгүүр” сүлжээг худалдаж авлаа гэхэд эдгээр дэлгүүрүүдийн нэг чиглэлийн салбаруудад бараа хүргэх бензин тос зардал буурах, хоёр ойрхон дэлгүүрийн дунд нэг менежер ажиллуулах, дундын агуулах ашиглах, бүртгэлийн нэг систем нэвтрүүлэх гэх мэт хэмнэлтүүд гарч ирнэ. Мөн үнээр өрсөлдөх  өрсөлдөгч цөөрснөөр нийт борлуулалтын дүнд эерэгээр нөлөөлөх юм. Ерөнхийдөө өрсөлдөгчид болон ханган нийлүүлэгчдээсээ 1+1= 3 буюу синержи synergy байгааг түрүүлж олж харсан компаниуд институционал хөрөнгө оруулагчдад хандаж байна.  

Хамгийн сүүлийн жишээ гэхэд дэлхийд алдартай Stella Artois, Budweiser болон Corona шар айраг үйлдвэрлэгч Anheuser-Busch InBev компани нь өрсөлдөгч Peroni, Grolsch шар үйлдвэрлэгч SABMiller компанийг худалдан авахаар хэлцэл өрнөж байна. Одоогоор Anheuser-Busch InBev компани нь дэлхийн шар айрагны нийт зах зээлийн 20%, харин SABMiller нь 10%-ийг эзэлдэг. Энэ хэлцэл амжилттай болвол 180-250 тэрбум ам доллараар үнэлэгдэх аварга компани бий болох бөгөөд мэдээж ямар ч компани ийм том арилжааг өөрсдийн мөнгөөр хийх боломжгүй юм.   Институционал хөрөнгө оруулагчид иймэрхүү том арилжааг зээл олгох эсвэл гаргасан бондыг нь худалдаж авах гэх мэтээр санхүүжүүлдэг. 

Мэдээж эдгээр компанийн бонд нь АНУ-ын төв банкны үнэт цаасны найдвартай байдлыг гүйцэхгүй ч  банкууд, хөрөнгө оруулалтын сангууд эрсдэл, ашгийн хамаарлыг тооцсоны дараа санхүүжүүлэх шийдвэр гаргана. Одоогоор Anheuser-Busch InBev компани энэхүү хэлцэлд зориулж 70 тэрбум ам.долларын бонд гаргахын тулд  банкуудтай андррайтер(баталгаа) хийлгэхээр ярилцаж байгаа мэдээлэл гарч байна.

Бид зээлжих зэрэглэлээ сайжруулж чадвал эрчим хүч, ачаа тээвэр, дэд бүтэц гэх мэт Монгол Улсад институционал хөрөнгө оруулагчдын сонирхлыг татахаар өндөр өсөлт үзүүлэх боломжтой, уул уурхайн бус  салбарууд байгаа.

Монгол Улс

 

S&P

Moody’s

Fitch

Үнэлгээ

B+      

B2

B+      

Ирээдүйн Төлөв

Сөрөг

Сөрөг

Сөрөг

 Эх сурвалж: http://www.tradingeconomics.com/mongolia/rating

Иймд энд хөндсөнчлөн манай Засгийн газар өрийн удирдлагын байдлаа эргэн харж, нэн тэргүүнд улс орны зээлжих зэрэглэлээ ахиулж чадвал хувийн хэвшлийн дэмжлэг болж, Хятадаас хамаарал багатай эдийн засгийн өсөлтийн загварт орох боломж бүрдэнэ.

 

Жич: Хөрөнгө оруулалтын сан гэдэг нь өргөн ойлголт ба үүнд энгийн хамтын сан, эрсдлийн сангууд, улсын сангууд, вентур капитал, хөрөнгө оруулалтын менежментийн компаниудыг мэргэжлийн бус уншигчдад ойлгомжтой байх үүднээс хамрууллаа. Даатгалын компаниуд болон хувийн тэтгэврийн сангуудын хөрөнгө оруулалтын стратегиуд болон тэдгээрийг зохицуулах зохицуулалтууд нь  эрсдэлээс хамаарч арай өөр байдаг тул үүнд хамрагдахгүй боловч адилхан институционал хөрөнгө оруулагчид мөн юм.

 

Сэтгэгдэл бичих

    • Цаг гарган уншлаа. Хэд хэдэн тоо баримтыг буруу харьцуулсан, эз ийн ойлголтуудыг хольж сольж бичсэн байна шүү. Сайн судалж байж бичээрэй цаашид чамд хэрэгтэй.
    • 2015-10-13

    МУИС багш

arrow icon