Өнөө үед улсын сүр хүчийг илтгэх хамгийн чухал тоо бол ДНБ. Энэ тоогоор, өнөө цагийн дэлхийн хамгийн хүчирхэг төр бол Америк, түүний хойноос шинээр цойлон гарч ирж буй Хятад, 10-20 жилийн өмнөх ДНБ-ий түвшиндөө л яваа Япон гээд үргэлжлэх юм.
Гэвч, НҮБ-аас гаргасан цоо шинэ эдийн засгийн итгэлцүүрээс харвал, дээд зэргийн "хүний нөөцтэй" хэмээн үнэлэгдсэн Япон дэлхийн хамгийн чинээлэг төрөөр тодорсон нь гайхалтай. Япончууд 2011 оны 3 сарын 11-ний байгалийн гамшгийг хэрхэн сөрж тэмцсэн нь бүх дэлхийн бишрэл хүндэтгэлийг зүй ёсоор хүлээсэн боловч, энэ удаагийн илтгэл нь тэдэнд өгч буй урмын хоосон үг бус, хүн амын боловсролын түвшин болон ажиллах хүчний потенциал зэргийг тооцсон бодит үзүүлэлт юм.
Энэ үзүүлэлтээр бол Япон нь урьдын адил Хятадаас хол чинээлэг орон бөгөөд, түүний зөрүү нь даруй 2.8 дахин их болно.
ДНБ бол зөвхөн хөл доорхийг л хэмждэг
Ерөөс, ДНБ гэдэг итгэлцүүрт олон дутагдал бий. Юуны өмнө, энэ тооны харах өнцөг нь дэндүү хязгаарлагдмал. Урт хугацааны хэтийн төлвийн талаар бол огт юу ч хэлэхгүй. Ердөө хөл доорхио нэг бүрчлэн тоочсон төдий тоо гэхэд болно.
Жишээ нь, уулын модыг ташираар нь унагаж орхивол хэтдээ байгалийн гамшиг нүүрлэж болзошгүй нь, тийм ч төсөөлөхөд бэрх зүйл биш. Гэвч уулын модыг унагаад байвал унагах тусмаа ДНБ гэдэг тоо урамтай гэгч нь өсдөг
юм. Тийм ч учраас, жишээ нь Хятадад уулын модыг шалмаг гэгч нь унагаж ДНБ-ээ өсгөвөл энэ нь Хятадын Коммунист Намын нэр хүндийг ч өсгөх явдал болно. Эсрэгээрээ уулын модыг бүх талаар хамгааллаа гээд ДНБ-ий өсөлтөнд ширхэг чулуу нэмэрлэхгүй тул, ийм үйлдэл нь бодлого тодорхойлогчидын хувьд ширхэг үгний ч үнэ цэнэ хүрэхгүй.
Үүнээс үүдэх асуудал гэвэл, зөвхөн ДНБ дээр төвлөрч өрсөлдвөл, уулс бүгд эрт орой халзрах тавилантай бөгөөд, үр дүнд нь угтан ирэх байгалийн гамшиг зэрэг асуудал мартагдахад хүрнэ. Үр хүүхдүүдийн маань ирээдүй энэ тэр бол аюулгүйн торны цаана үлдэнэ л гэсэн үг.
Мөн ДНБ гэдэг тоо бол хэмжээг л чухалчлахаас бус чанарыг шалгадаггүй. Жишээ нь Америкийн эрүүл мэндийн зардал гэдэг аварга тоо, бусад өндөр хөгжилтэй орнуудын дунджаас даруй 2.5 дахин өндөр гэгдэх ба энэ зардал нь тус улсын ДНБ-ий өсөлтөд арвин жин дарж буй.
Гэвч нухацтай харвал, өвчин эмгэг, хэт таргалалтад нэрвэгдсэн төрийг хүчирхэг төр гэж бодомгүй. Тиймдээ ч олон мэргэжилтнүүд Америкийн өрсөлдөх чадварын уналтыг эрүүл мэндийн нүсэр зардалтай нь холбож байна. Түүнээс ч муу мэдээ нь, дэлхийн номер нэг зардалтай Америкийн эрүүл мэндийн үйлчилгээ дэлхийд номер нэг чанартай юу гэвэл үгүй юм.
Өөр жишээ гэвэл, Лейман шокийн цаад шалтгаан болсон орон сууцны зээлийн асуудал байна. Жирийн иргэдэд буцааж төлөхийн эцэсгүй их өр тохож орхисох замаар түр зуурын "ДНБ-ийн өсөлт" гэдэг шарсан махыг өгсөн. Гэвч хөөрхий жирийн иргэд энэ өрийг дарах чадалгүй болох нь илрэх үед, нийгэм бүхлээрээ шарсан хавирганы ясанд хахахад хүрчээ. Энэ яс нь Subprime lending (моргейжийн зээлийн хямрал) байсан бөгөөд, бүх дэлхийг даалуу шиг ханаруулсан санхүүгийн хямралын эхлэл болсон. Тэр үед Америкийн орон сууцны зах зээлийн авсан шарх одоо ч хөндүүр хэвээрээ бий.
Хойдохоо бодолгүй, тухайн үеийн их хэмжээний үйлдвэрлэл болон хэрэглээг хөөргөж орхидог нь, ДНБ-ий туйлширсан үзлээс үүдэх гарз гэлтэй. Мөнгө ч бай баялаг ч бай, зарцуулах тусам ДНБ гэдэг тоо өсөх ч, зарцуулаад байвал ширгэж мэдэх тухай анхааруулга нь номын тавиур дээр мартагдаж орхидог гэмтэй билээ.
Чанараас илүү хэмжээ гэдэг ДНБ
Өнгөцхөн өлийх төдийд л ДНБ-ий согог нүдэнд торно. Тэр согогийг нь бүх нийтээр хүлээн зөвшөөрөөд байгааг ч үл харгалзан, урьдын адил ДНБ гэдэг тоо үнэмлэхүй эрх мэдлийг хадгалсаар байна. Учир нь түүнийг орлох хэмжээний хүчирхэг илтгэцүүр өдий болтол гарч ирэхгүй байгаа юм. "Гамшгуудын тэмцээнд ялж" үлдсэн гэгддэг ДНБ нь, дэлхийн номер нэг мисс учраас сонгогдсон бус, бусад өрсөлдөгчид нь авах юмгүй царай муутууд байсандаа л сонгогдсон гэж хэлж болно. Нэг үгээр, ДНБ гэдэг нь зөвхөн "мөнгөний урсгалд" анхаарлаа хандуулж, "баялагийн хуримтлалыг" орхигдуулдагт дутагдлын үндсэн шалтгаан оршино. Үүний гайгаар уг илтгэцүүр нь ойрыг харсан харалган бодлогыг хөхиүлж, урсгалд сатаарч чанарыг үл хайхрахад хүрдэг байна.
Үр дүнд нь, ДНБ гэдэг ухагдахуунд аз жаргал, эрүүл мэнд, аюулгүй байдал, тогтвортой байдал мэтийн аз жаргалын суурь үзүүлэлтүүд ташраараа орхигдсон буй. Бутан гэдэг ДНБ-ээрээ 163-т жагсдаг төр "Үндэсний нийт аз жаргал" (GNH) гэдэг шинэ хэмжүүр гаргаж ирсэн нь огтоос марзан яриа биш. Үнэндээ Бутан гэдэг улс 163-т жагсахаар яадгаа алдсан орон огтоос биш. Гагцхүү тэнд өрх нэг бүр өөрийн хэрэгцээгээ хангаж амьдардаг (Монголын малчин өрх шиг) учраас, мөнгөний урсгал гэхээр шальтай юм бүртгэгддэггүйд учир нь бий.
ДНБ гэдэг тоог хөөх тусмаа хүн төрөлхтөн аз жаргалгүй болоод байна уу гэлтэй. Урагшлах замд нь эгц хадан ангал харагдсаар байтал, өөрийн эрхгүй эрчиндээ чирэгдэн гүйх нь өрөвдөлтэй биш гэж үү? Тэгээд нэг л өдөр тэр ангал руугаа палхийтэл унаж орхино. Яг л Лейман шокийн график шиг...
ДНБ мэндэлсэн үе
Өнөө үед магтуулах нь багассан ДНБ боловчиг, 80-аад жилийн өмнө бодож олсон тэр үедээ туйлын талархууштай тоо байсан аж. Цаг үе 30-аад он, эдийн засгийн сүйрэл, дэлхийн том дайнуудын үе. Хүмүүс харанхуйд бүдчин баруун зүүнээрээ хуйлралдсан түгшүүрт үе. Тэр үед Орост мэндэлж Америкт хүмүүжсэн Simon Smith Kuznets гэгчийн дэвшүүлсэн нь ДНБ гэдэг цоо шинэ эдийн засгийн хэмжүүр байлаа.
Тухайн үеийн уг тоо нь, өнөөгийнхөөс нарийвчлал муутай тойм эд байсан боловч, үр өгөөж нь хангалттай том байжээ. Энэ тооны ачаар, эдийн засгийн уналтын дундаж хугацаа 21 сараас 11 сар болтолоо буурч, давтамж нь 4 жил тутмаас 5 жил тутам болж номхорсон гэж үздэг. Банкнаас хадгаламж огцом татагдах, санхүүгийн паник, эдийн засгийн сүйрэлд унах тоо багассан нь ч тодорхой бөгөөд макро нэгтгэл болох ДНБ эдийн засгийг түшиж ирсэний ач гэлцдэг. Энэ тоо байгаагийн ачаар л, хүмүүсийн сэтгэл дэх эргэлзээ, айдсаас үүдэх савалгаа үлэмж багассан. Simon Smith Kuznets нь дээрхи ажлаараа хожим нь Нобелийн эдийн засгийн шагналыг хүртсэн.
Туг барих зориулалтгүй ДНБ
ДНБ-ий мэндэлсэн хөрсийг сөхөж үзвэл, уг тооны мөн чанар нь ч тодроно. ДНБ нь харанхуйд бүдчиж түгших үед хүмүүст үл үзэгдэх таягны үүрэг гүйцэтгэхдээ гарамгай боловч, эсрэгээрээ туг намируулж уриалан даллахдаа маруухан. Үе үе хүн төрөлхтнийг ангал руу дагуулдгийг ч хэлэх үү...
Хуучны ДНБ нь муухан дижитал аппарат шиг бүрэлзсэн тоо байсан ч өөрийн үүргийг хангалттай сайн биелүүлж чадсан байдаг байж. Харин өнөөгийн ДНБ нь, хэдий өндөр нарийвчлалтай чанга тоо хэдий ч үүрэг нь өөрчлөгдөж өөр дамнуургаар биднийг хаа нэг тийш зөөх мэт сэтгэгдэл төрнө. Тэгээд ч, цаг үе 80 жилийн өмнөхөөс тэс өөр болж, динамик өөрчлөлт хийсээр байгааг юунаас ч илүү анхаарууштай.
Үргэлжлэл бий
Сэтгэгдэл бичих