Нийтлэл 10 сарын 19, 2015

Төрийн өмчит компанийн удирдлага олон улсад сайжирч байна

Аль ч улс орон аюулгүй байдал, эдийн засгийн хараат бус бие даасан байдлаа хангах үүднээс стратегийн ач холбогдол бүхий зам тээвэр, харилцаа холбоо, технологи, эрчим хүчний болон эрдэс баялгийн салбарын томоохон компаниудаа төрийн эзэмшилд байнга байлгадаг. Төрийн өмчийн оролцоотой компаниудыг хувийн өмчид шилжүүлэх үйл явц 1990-ээд оны үед буюу ЗХУ задарсны дараа ялангуяа зүүн Европын орнуудад идэвхтэй өрнөсөн. Тухайн үед төрийн өмчит компаниуд дахь хяналт суларч, зах зээлийн шинэ менежмент, технологийн шинэчлэл нэвтрүүлэх явдал удааширснаас компаниуд алдагдалтай ажиллах болсон нь хувьчлах үйл явцыг идэвхжүүлсэн байдаг. ОХУ-д төрийн өмчийн хувьчлал цөөн хэдэн бүлэглэлийн хүрээнд хийгдсэн ба энэ нь олигархиудыг төрүүлсэн ч гэж үздэг.

Тэгвэл төрийн өмчит компаниудыг хувьчлахгүйгээр шинэ зохион байгуулалтад оруулснаар өндөр үр ашигтай ажиллуулж, улс орныхоо эдийн засгийн хөгжилийн гол түлхүүр болгож болдгийг харуулсан жишээ бол Сингапур улс юм. Олон улс орон Сингапурын төрийн өмчит компанийн менежментийн загварыг авч ашигласнаар амжилтад хүрч байна. Сингапурын санаачлан хэрэгжүүлсэн төрийн өмчит компанийн удирдлага, баялгийн сангийн загвар буюу Тэмасек холдинг компанийн талаар товч танилцуулъя.     

 

Сингапурын Хөрөнгө оруулалтын корпорац буюу баялгийн сан - ТЭМАСЕК

Сингапур улс 1965 онд тусгаар тогтносны дараа аж үйлдвэржилтийн эринг эхлүүлэн, эрчимжүүлэхдээ эдийн засгийн төрөл бүрийн салбарын компаниудад Засгийн газраас хөрөнгө оруулалт хийх, төрийн өмчит компаниудыг хувьчлахгүйгээр удирдлага, зохион байгуулалтын шинэ хэлбэрт оруулах арга хэмжээ авсан байдаг. Тухайлбал, 1974 онд төрийн 100 хувь эзэмшилийн Тэмасек нэртэй холдинг компани байгуулж, түүнд 20-иос дээш хувь нь төрийн эзэмшилд байсан компаниудын төрийн эзэмшилийн хувьцааг шилжүүлсэн. Ингэснээр Тэмасек холдинг толгой компани нь төрийн өмчит компаниудыг цэвэр арилжааны зорилгоор удирдан хөгжүүлэх болж, харин Засгийн газар улс орны нийт эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого боловсруулах, зохицуулалт хийх үүргээ төвлөрөн гүйцэтгэх болсон байна.

Тухайн үед Тэмасек холдинг үндэсний 35 компанийн хувьцааг эзэмшиж, анхны хөрөнгө нь 150 сая орчим ам.доллар байсан бол 40 жилийн дараа 2014 оны байдлаар нийт хөрөнгийн хэмжээ нь 1200 дахин өссөн буюу 177 тэрбум ам.долларт хүрчээ. Тэмасек холдинг хувьцааг нь эзэмшдэг компаниудынхаа хуваариласан ногдол ашгийг Сингапурын баялгийн санд төвлөрүүлж, баялгийн сангийн хөрөнгө оруулалтын менежментийг хариуцан гүйцэтгэдэг. Өнөөгийн байдлаар Тэмасек төрийн өмчийн оролцоотой 23 компани, 8 үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтын  сангийн хувьцааг шууд ба шууд бусаар эзэмшиж байгаа ба компанийн нийт хөрөнгө оруулалтын 41 хувь нь гадаад зах зээлд байршиж байна. Улсын стратегийн ач холбогдол бүхий харилцаа холбоо, зам тээврийн салбарын компаниудын хувьцааны 50-иас дээш хувь төрийн мэдэлд буюу Тэмасекийн эзэмшилд байдаг. Тухайлбал, далайн тээврийн НОЛ компанийн 67 хувь, агаарын тээврийн СА компанийн 56 хувь, харилцаа холбооны СингТэл компанийн 54 хувийг Тэмасек эзэмшдэг байна. Сангийн яам нь Тэмасекийн хувьцааг 100 хувь эзэмшдэг.

Тэмасек холдинг хувийн хөрөнгө оруулалтын сангийн зарчмаар ажилладаг ба урт хугацаанд тогтмол өндөр үр ашигтай байх хөрөнгө оруулалтын бодлого хэрэгжүүлдэг. Гадаад зах зээлд хөрөнгө оруулалт хийх нь хөрөнгө оруулалтын төрөл, байршил олшрох, улмаар эрсдэлийн удирдлага сайжирна гэж үздэг. Дотоодод эзэмшдэг хөрөнгийн хэмжээ нь 2004 онд хөрөнгийн зах зээлийн 52 хувь байсан бол 2013 онд 30 хувь болж буурсан ба энэ хугацаанд гадаад дахь хөрөнгө оруулалтын хэмжээ 16 хувиас  41 хувь болж нэмэгджээ. Сүүлийн гучаад жил Тэмасекийн хөрөнгө оруулалтын өгөөж жилд дунджаар 11-15 хувь байсан ба энэ хугацаанд жилд нэг тэрбум орчим ам.долларын ногдол ашгийг Засгийн газарт хуваарилж байжээ.

Төрийн өмчит компаниудыг нэг удирдлага дор оруулснаар өөр өөр яам, агентлагийн харьялалаас хамааран гарч байсан зөрчилдөөн арилж, төр эзэмшлийн болоод бизнесийн удирдлагын бодлогоо компаниудад жигд хэрэгжүүлэх боломж бүрджээ. Тэмасек холдинг нь компаниудад компанийн сайн засаглал нэвтрүүлэхэд нь бүхий л дэмжлэгийг үзүүлж, ТУЗ болон гүйцэтгэх удирдлагад нь өндөр мэдлэг чадвартай, бизнесийн арвин туршлагатай хараат бус гишүүд, гадаадын өндөр мэргэжилтнүүд ажиллуулахыг санал болгодог. Нийт төрийн өмчит компанийн ТУЗ-ийн гишүүдийн 71 хувь нь хараат бус гишүүд, 15 хувь нь гадаадын иргэн, 7 хувь нь л Тэмасекийн ажилтнууд байгаа нь компаниудын бие даасан байдлыг илэрхийлж буй юм. Компаниудыг олон нийтийн болгохыг эрмэлздэг ба ингэснээр Компанийн засаглалын кодексийг нэвтрүүлж, улмаар сайн засаглал нэвтэрч зах зээлд өрсөлдөх чадвар нь нэмэгдэх юм. 2009-2013 онуудад Компанийн Засаглал, Ил тод байдлын Индексээр төрийн өмчит компаниуд хувийн компаниудаас хоёр дахин илүү сайн үзүүлэлттэй байсныг дараах хүснэгтэд үзүүлэв.

Байгалийн баялаг арвинтай улс орнууд баялгаа олборлож, борлуулалтын орлогоос ирээдүйд ашиглах хуримтлал буюу баялгийн сан үүсгэж ирсэн түүхтэй. Тухайлбал Норвегийн сан, Кувейтийн сан, Катарын сан, Абу Дубай сан зэрэг олон том сангууд бий.

Харин Сингапурын Тэмасек сангийн хувьд байгалийн баялаггүй ч төрийн өмчит компаниудаа өвөрмөц зохион байгуулалтад оруулж, сайн менежментийн тогтолцоо нэвтрүүлснээр өндөр ашигтай ажиллуулж, үр дүнд нь бий болсон дэлхийн томоохон баялгийн сан бөгөөд улсынхаа хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж байна. Өнөөдөр Сингапурын ДНБ 2014 оны байдлаар 298 тэрбум ам.доллар, нэг хүнд ногдох ДНБ хэмжээ 37 мянган ам.доллар хүрчээ.

Олон улс орон төрийн өмчит компанийн удирдлагын тогтолцоо, баялгийн сангийн бүтцээ Тэмасек холдингийн загвараар хөгжүүлж ихээхэн амжилтад хүрч байна. Тухайлбал, Казакстаны Самрук-Казина сан 2008 онд байгуулагдсан, хөрөнгийн хэмжээ 77.5 тэрбум ам.доллар, Малайзын Хазанах Насионал сан 1993 онд байгуулагдсан, хөрөнгө нь 41 тэрбум ам.доллар, Хятадын хөрөнгө оруулалтын корпорац СиАйСи 2007 онд байгуулагдсан ба 652,7 тэрбум ам.долларын хөрөнгөтэй болжээ. Финландын Солидиум холдинг 2008 онд байгуулагдсан, стратегийн 15 компанийн 50-иас дээш хувийг эзэмшдэг бөгөөд хөрөнгийн хэмжээ 22 тэрбум ам.доллар юм. Хятад улс 120 гаруй төрийн өмчит компанитай ба дахин 3 хөрөнгө оруулалтын санг Тэмасекийн загвараар нэмж байгуулахаа зарлаад байна.

 

Эрдэс баялгийн салбарын төрийн өмчит компаниуд

Эрдэс баялгийн салбарын түүхий эдийн үнэ эрс бууралттай байсан 1990-2000 оны үед хөгжиж буй орнууд энэ салбараа сайн удирдаж чадаагүйгээс зах зээлээ гадаадын шууд хөрөнгө оруулагчдад нээж, улмаар уул уурхайн үйлдвэрүүдээ тэдэнд хувьчилж эхэлсэн байдаг. Энэхүү хувьчлалын үйл явц үндсэндээ 2000 оны үед дуусан байна.

Тэгвэл олон орны төрийн давуу эзэмшилд байдаг дэлхийн хэмжээний томоохон уул уурхайн компаниуд маш сайн менежменттэй ажиллаж, улс орондоо төдийгүй бүс нутгийнхаа эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулсаар иржээ. Эдгээр компанийн жишээнд Чили улсын зэс үйлдвэрлэлийн Коделко, Шведийн төмрийн хүдрийн ЛКАБ, Финландын Оутокумпу, Боцванагийн Дэбсвана, Энэтхэгийн төмрийн хүдрийн НМДС, Польшийн зэсийн КГЭчМ Полиш коппэр зэргийг нэрлэж болно. Хятадын уул уурхайн том компаниуд төрийн эзэмшилд байдаг бол ОХУ-д ч газрын тос, байгалийн хийн томоохон корпорациуд нь төрийн өмчит байна. Мөн Польш улсын чулуун болон хүрэн нүүрсний үйлдвэрлэгч компаниуд одоог хүртэл төрийн эзэмшилд байдаг бол дэлхийн хамгийн том нүүрс олборлолтын компани Энэтхэгийн Коал Индиа ч төрийн өмчит компани юм. Ашигт малтмалын үнийн өсөлт, мөн байгалийн баялгаасаа өндөр ашиг хүртэж, эрчимтэй хөгжсөн орнуудын туршлага зэрэгт үндэслэн зарим орнууд уул уурхайн компаниуд дахь төрийн эзэмшлийн хувиа нэмэгдүүлэх, шинээр тарийн өмчийн оролцоотой компани байгуулах сонирхолтой болжээ. Тухайлбал Өмнөд Африкийн төрийн өмчит компани ИДС нь хөрөнгө оруулалт хийх замаар 2010 онд уул уурхайн Алэкско, АЭФМС компаниудыг эзэмших болсон байна.

Төр хүчтэй байх нэг үндэс нь төрийн сан арвин байх явдал. Төрийн өмчийн оролцоот компаниуд засаглалын болоод бизнесийн сайн удирдлага нэвтрүүлж өрсөлдөх чадвараа нэмэгдүүлснээр улс орныхоо хөгжлийн том хүч, ирээдүй хойчид өвлүүлэх хуримтлалын найдвартай эх үүсвэр болж чаддаг гэдгийг энэхүү нийтлэлд дурдсан жишээнүүд харуулж байна.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon