Нийтлэл 10 сарын 20, 2015

Ямар ч төр иргэдийн 3,5 хувийг дийлэхгүй

Эрика Ченоветийн  "Тайван замаар хийх иргэдийн тэмцэл амжилтад хүрдэг" TED илтгэлийн тойм:

Дэлхий дахинд 1900-2006 оны хооронд гарсан зэвсэгт болон бусад хүчирхийллийн жагсаал, тэмцлээс илүү тайван замаар тэмцсэн тэмцэл, шаардлага нь хоёр дахин их амжилтад хүрчээ. Түүгээр зогсохгүй тайван хэлбэрийн тэмцэл амжилтад хүрэх энэ чиг хандлага улам эрчимжиж байна. 20-р зууны иргэдийн тэмцэл хөдөлгөөнийг  анх удаа эмпирик аргачлалаар судалсан нөр их ажлынхаа үр дүнг илтгэсэн  Э.Ченоветийн энэхүү ТED илтгэл 21-р зуунд иргэдэд ямар боломж байгааг нээн харуулж буй.

3,5 хувийн дүрэм!  Ямар ч засгийн газар иргэдийнх нь 3,5 хувь ямар нэг өөрчлөлт хөдөлгөөн хийхээр хамтдаа хөдөлж чадвал эсэргүүцэж дийлэхгүй, иргэний нийгэм санасандаа хүрдэг ажээ. Өмнө нь 5 хувь гэгддэг байсан энэ түвшин  Ченоветийн судалгааны дүнд улам багасч гарсан гэсэн үг. 3,5 гэдэг сонсоход бага ч жишээ нь манай орны хүн амаар бодоод үзэхэд 70 мянган хүн гэдэг хамтран хүчээ нийлүүлэхэд тийм амаргүй. Ямартай ч олон улсын түүхэнд энэ хувийг давсан ямар ч тэмцэл хүчирхийллийн бус тайван замаар өрнөж иржээ. Хүмүүс бид түүхээ магтан дуулж, эр цэргийн гавъяаг алдаршуулж, дайн байлдааны ялалтаа дуурсган тэмдэглэдэг болохоор аливаа тэмцэл, сайн үйл баатарлаг, эрэлхэг байх ёстой юм шиг санадаг. Сургуульд бол хүүхдүүд томхон түүхэн өөрчлөлт хөдөлгөөний өмнөх иргэдийн тайван тэмцэл, эсэргүүцлийг биш түүний дараах том дайн байлдааны түүхээс суралцаж төгсдөг. Гэтэл бодит байдал дээр тайван замын тэмцэл ямар ч иргэнд оролцох боломж өгдөг, олныг хамрах, тархах, системийн талд ажиллаж байгаа талуудыг ч татан оролцуулах боломжийн хувьд илүү их үр дүнд хүрдэг цаг үе ирсэн байх нь.

Систем болохгүй байна, төр улс биш байна...ийм үед та ямар нэг юм хиймээр шийдлээ гэж бодъё, яаж тэмцвэл хамгийн үр дүнтэй байх бол? Ямар ч гэсэн хүчирхийлэл шийдэл биш. Арга замаа сонгохдоо тайван замаар тэмцэх, тэмцэхдээ 3,5 хувь, магадгүй заримдаа тэрнээс ч цөөн иргэд хүчээ нэгтгэж чадвал өөрчлөлт авчирч болно, болсон гэдгийг хүний түүх баталдгийг санаарай.

 

Сэтгэгдэл бичих

    • NB
    • 2015-10-23

    Үнэхээр тийм бол 70000 хүнд 10доллар өгөөд жагсаахад 700000 мянган доллараар монголын төрийн рэхийг авч болно гэсэн үг үү. 7 сарын 1-ийг ингэж зохион байгуулсан бай байж болох уу

arrow icon