Хэрхэн яаж нэг хүний мөрөөдөл, үзэл бодол хэдэн сая хүнийг араасаа дагуулж түүхийн хуудсыг үндсээр нь өөрчилсөн өөрчлөлтийг хийж болдог гэдгийг харуулсан манай дэлхийн түүхэн дахь томоохон баатруудын нэг бол яах аргагүй Ганди гэдэгтэй хэн ч маргахгүй гэж би бодож байна. Түүний хэлсэн ишлэлүүдээс миний хамгийн дуртай нь
“Энэ дэлхий ертөнцөд хармаар байгаа өөрчлөлтөө эхлээд өөртөө хий”
хэмээсэн нь юм. Яагаад ч юм анх сонсоход их сайхан сонсогдож байсан ч тухайн үедээ жинхэнэ утгыг нь нэг л сайн ойлгоогүй явж дээ.
Бусдын л адил би нийгмийн эмзэг асуудлуудын талаар санаа зовниж, өөрчлөлт шинэчлэлтийг хүсч, улс эх орон маань хөгжөөсэй хэмээн мөрөөддөг байлаа. Хүмүүс илүү их найрсаг нөхөрсөг байгаасай, бие биендээ харамгүй тусалдаг тусархаг байгаасай, аливаад шударга үнэн сэтгэлээсээ ханддаг байгаасай, хэрүүл зодоон хүчирхийлэлгүй нийгэмтэй болчих юмсан, хүмүүс архи тамхи битгий их хэрэглээсэй, дайн дажин битгий болоосой, улс төрд байгаа хүмүүс нь ард иргэдийнхээ тусын тулд ажилдаг байгаасай, хүмүүс илүү өөдрөг сэтгэлгээтэй, өөртөө итгэлтэй амьдраасай гэх мэтчлэн санаа зовних зүйлс үй түмэн л байдаг.
Гэтэл саяхныг болтол миний анзаараагүй явсан нэг зүйл намайг гэнэтхэн толгой руу минь “цохиод авах” шиг л боллоо.
Би энэ зүйлсийн талаар хичнээн их санаа зовнисон байлаа ч эдгээрийн ядаж ганц асуудлын талаар миний хийж чадах зүйл юу байна аа? гэсэн асуулт гэнэтхэн бодогдсон юм. Харамсалтай нь юу ч байсангүй. Үнэнийг хэлэхэд би өөрөө ч энэ хүсч мөрөөдөөд байгаа зүйлүүдээсээ зөвхөн цөөн хэдийг нь л өөрийнхөө амьдралд баримталдаг юм байна. Өөрөөр хэлбэл нийгмийг, бас хүмүүсийг тэгж их өөрчлөгдөөсэй гэж хүсч явдаг хүн маань өөрөө өөрчлөгдөхийг хүсээгүй, өөрөө өөрийгөө хөгжүүлж эхлээ ч үгүй байлаа. Өөрөө өөрийгөө өөрчилж, амьдралаа зөв голдрилд оруулж чадсан тэр цагт л би зөвхөн хажуу дахь найзыгаа өөрчлөх боломжтой, бас чадалтай болно. Хоёулаа болоод авсан цагт бид дахиад 2 найзаа өөрчилнө. Ийнхүү 4 нь 8 болж, 8 нь 16 болж явсаар нэг л мэдэхэд, магадгүй бид нийгэм даяараа, улс орон даяараа өөрчлөгдөх болно. Хамтдаа дээр дурдсан асуудал, бэрхшээлгүйгээр амьдрах боломжийг бүрдүүлж болох юм. Олны танил нийтлэлч Б.Баабар гуайн залуучууд бид нартаа хандаж хэлсэн бас нэг сайхан сургаалийг санаж байна.. Тэр сургаал бол “Юуны түрүүнд хүн нийгэмдээ өөрөө л хөл дээрээ босох юм шүү. Тэрнээс биш асуудал бол хорвоогоор дүүрэн байна. Хөл дээрээ босч чадаагүй байж чи энэ олон асуудлуудын алийг нь ч шийдэж чадахгүй…
Нийгэм дэх өөрийн байр сууриа олох чинь л та нарын хамгийн том зорилго юм шүү. Харин тэгсэн цагтаа л энэ болохгүй овоороод байгаа олон асуудлыг шийдэх арга замуудыг бод.”гэсэн байгаа юм. Миний бодлоор энэ бол туйлын үнэн үг.
Энэ бол миний саяхан сурсан нэгэн хатуу үнэн. Тиймээ, үнэхээр “Биеэ засаад гэрээ зас. Гэрээ засаад төрөө зас” гэж миний ардын хэлсэн нэгэн сайхан зүйр үг гарцаагүй үнэнийг хэлсэн. Өөрчлөлт, шинэчлэлт, хөгжил зөвхөн надаас, таниас, чамаас л эхлэх болно. Эхлээд өөрөө өөрийгөө хүн шиг хүн болгоё
. Харин тэгж чадсан цагт л надад өрөөлийг өөрчлөх боломж гарах юм байна.
tiimee unen