Нийтлэл 10 сарын 25, 2015

Тэнэг Эрдэнэ(Болор)

Өнгөрсөн долоо хоногт трэнд жиргээг тасархай тэргүүлсэн нэг сэдэв их сонирхолтой үзэгдэл тул сэтгэгдэл бичмээр болов. Сэдвийн агуулгыг төр, хот, бичгийн топ 3 эрхэм хамтран бүтээсэн. Ойрд Бат-Үүл мээрийг тойрсон янз бүрийн асуудал медиагаар тарж, өөрөө янз бүрээр хамгаалан тэмцэж, ард нь Баабар Цэнддоо нарын оюуны ертөнцийн овгор найзууд нь бүтэн армиараа ажиллаж байна...за эдгээр эрхэм ч яахав, манай Ерөнхийлөгч нэмж хавсайдсан нь хамгаас сонирхолтой байгаа юм.  Ингээд хэдэн зуу дахин жиргэгдсэн  доорх жиргээнд дурдагдах ерөөлтэй супер нийтлэлээс Ерөнхийлөгчийнхөө үзэл бодлын ертөнц рүү нэгэнтээ өнгийн харцгаая.

 

Тэнэг Үүл(Бат)

Б.Цэнддоо

Манай хотын дарга, энэ Бат-Үүл  ёстой тэнэг дурак юм аа. Чамайг хотыг удирдаад жолоодоод аятайхан амьдар гэснээс Улаанбаатарыг хөгжүүлээд аль гэж хэн гуйсан юм бэ. Үе үеийн хотын удирдлага нь хувийн амьдралаа хөгжүүлээд болоод ирсэн байхад  чи хотын амьдралыг хөгжүүлдэг хэн бугай билээ, аан? 

.... гэж эхэлжээ хэхэ. Үүний юу инээдтэйг эс өгүүлээд гол агуулгаа харъя. Удирдаад жолоодоод аятайхан амьдрах/хөгжүүлэх хоёр нь эсрэг тэсрэг мэт логикоор бичсэн өгүүлбэр. Манай Ерөнхийлөгч удирдан жолоодох нь хөгжүүлэхээс өөр гэж үздэг байх нь,  Ийн сэтгэж байхад улс төрийн удирдлагад өчнөөн жил болоод болоод улс хөгжихгүй нь мэдээжийн хэрэг.

Нийслэлийнхнийг итгэл найдвартай, Улаанбаатар хотыг мөрөөдөлтэй болго гэж чамайг  хэн албадсан юм. Хотын намын хороо л найдвартай, хотын дарга нар  мөрөөдөлтэйгээр арав хорь гуч, бараг зуун жилийг өнгөрөөгөөд  болоод ирсэн байхад,  чи юу ч билээ.

Доо авгайн(хүндэтгэлийн үг шүү) айлдаж буйгаар бол Улаанбаатарчууд 100 жил мөрөөдөлгүй явсан агаад сүүлийн 3 жил итгэл мөрөөдлөө олсон, үүнийг нь манай Ерөнхийлөгч..яг би хэлэх гэж байтал хэлчихдэг чи хэн бэ гэж Доо эрхмийг нударч нуг нуг гэжээ. Хүн амын тэн хагас нь байгаа хот итгэл мөрөөдөлгүй явсан хорин хэдэн жилийн хариуцлагыг  өөрөө ч бас үүрэх л ёстой хүний нэг.

За яахав, даргатай даргагүй хөгжөөд ирсэн хот цаашаа явдаг л юм байгаа биз. Гэтэл айл бүрээс албаар хураадаг хогны мөнгийг хогтой хаячихсан гэж ойлгуулаад болоод ирсэн байхад чи  тэрбум тэрбумын үлдэгдлийг зарлаж,  илүүдлээр нь хогийн уут тараан гайхуулж гэнэ. Одоо энэ хотынхон чинь “хогны мөнгө ч хог юм болохоор Улаанчулуутад асгачихсан” гэхээр  яаж үнэмших юм бэ? Хот цэцэрлэгжүүлэх мөнгөөр гудамж талбайд цэцэг тарьж онгирон амьтны дургүйг хүргэж гэнэ. Хотын цэцгийг хувийн амьдралдаа ургуулж болоод ирсэн байтал, үхсэндээ тэгж гайхуулсан юм бэ, хохь нь.

Доо эрхэм өөрийн жанр, егөө хэлбэрээр бичиж буй тул хогийн мөнгө хурааж аваад илүүдлээр нь уут авч тараасан, цэцэг тарьсан Үүл дарга мундаг гэж магтаж байгаа байдал. Манай Ерөнхийлөгч ч бороо орохоор байшин нь намагт сууж, бохирын усандаа хүүхдүүд нь тоглож байдаг хотдоо тэрбум тэрбумаар гялгар уут авч, зуу зуун саяар цэцэг тарьсан Үүл мээрийг мундаг хэмээн санал нийлж.  Иргэд санал нийлэх эсэх, санал нийлж байгаа улстөрийн лидертээ баярлах эсэхээ өөрсдөө шийдэх байх.

Гэр хорооллынхныг машин нүүрс, гэрийн давхрагаар аргалаад саналыг аваад ирсэн уламжлалыг нураахаар хаанаас ирсэн гай вэ, чи. Одоо тэд  хашааны газраа үнэтэй гэдгийг ойлгоод, түүнийгээ  орон сууцаар сольж болдгийг мэдчихлээ.   Гэр хорооллынхныг байртай, хүчтэй болгодог хэн юм бэ чи.  Шинэ байрандаа орж, насны мөрөөдлөө биелүүлж эхэлсэн гэр хорооллынхон өөрснөө бол баяртай л байгаа байх. Гэтэл “Надад санал өгвөл орон сууц хуваарилна” гэж хуураад сонгогддог нөхдийг яаж амь зогооно гэж бодоов чи. Тэднийг хямд зардлаар гэрийн дулаалга, машин нүүрсээр аргалж болсоор ирсэн сайхан уламжлал яахлаараа чиний үе дээр тасрах учиртай юм бэ?

Энэ нийтлэлд ерөнхийдөө тоо баримт нэг ч дурдагдахгүй. Энд ч гэсэн хэдэн зуун мянган иргэн гэр хороололд амьдарч, хэд нь байртай хүчтэй болж, хэд нь орон сууцанд орох биш өөрийн өмчдөө халаалт, цэвэр усны шийдэл хүлээж буй талаар нэг ч тоо байхгүй. Егөө хэлбэрийн магтаал нь аргалаад саналыг нь авчиж болох байсан юм гэсэн санаа агуулна. Аргалаад саналыг нь авч үзсэн  хүн үүнтэй санал нийлдэг байх. Ашиглалтад ороогүй Түмэн Амгалан цогцолбор тойрсон түрэг түмэн асуудал дэгдэж байгааг Доо эрхэм, Ерөнхийлөгч хоёр хоёул мэдэхгүй байх шиг байна. Мэдсэн бол хаанаас зарим эх сурвалжид дурдсанаар газраа чөлөөлж түрээсийн байранд амьдарч буй сурагтай иргэдийг хүчтэй, байртай болсон хэмээн дооёолох билээ?!

Хүүхдээ хулгайд сургаж, гарыг  нь төрийн халаасанд хүргэхийн оронд барилга бариулж сургаж байдаг яасан тэнэг эцэг гээч вэ. Тэгээд хүний нэрээр  завшуулж, нууц дансаар хөлжүүлэхийн оронд ил тод тендерт оруулж энэ тэр. Юм буруугаар эргэхэд хүүхдийнхээ өмнөө шоронд орох золиосны хүнийг хүртэл  бэлддэг байхад...чи яаж байна. Тендерийг ил зарлаа л, ил шалгаруулаа л, миний хүүхдийг битгий сонгоорой гэж гэр хорооллынхонд хэлээд л...бүх юм шударгаар явуулчихвал болно гэж итгэж явдаг хүн байх гэж. Нийгэм шударга бусдаа дасаад ээнэгшсэн байгааг хараагүйн гай  л даа. Хүүхдээ юугаар амьдардгийг зарласнаараа олон амьтанд гай болсондоо чи. Олон түмэн гэнэтхэн сэхээ аваад цаадуулаас чинь “Танай хүүхэд юугаар амьдардаг юм бэ”, “ ямар бизнесээр ингэж баяжсан юм бэ” гэж асуухаар хариуд нь юу гэж хариулах болж байна. Дээр нь алсын хараатай дарга нар хойч үеийнхнээ нураах, самрах, хөмрөхөд гаршуулж байхад  хүүхдээ байшин бариулж сургаж суудаг, цъ! цъ! Үе үеийн сайхан удирдлага үр хүүхэддээ “зүлгүүр ч бариулалгүй зүгээр жаргааж”ирсэн байхад чи хүүгээ ажил сургаж, очиж очиж шавар нухуулж явдаг, яадаг садист вэ? Чамаас хойшхи хотын дарга нар хүүхдээрээ ажил хийлгэж амьдрах юм уу? Дараа дараагийн дарга нарын гэр бүлийн амны хишгийг арчих хэн юм бэ, чи.

Ашиг сонирхлын зөрчил гэх ойлголт байх.  Мээрийн агь тэрбумын тэндэр авах байтугай хотын тэндэрт хоёр туйпуу нийлүүлсэн ч сөхөгдөх ёстой зарчим. Асар том ашиг сонирхлын зөрчил дээр мээр зурагтаар  өөрийгөө өмөөрч, хохирогчийн дүрд тоглож гүлдийх улс манайхаас өөр байхгүй. Доо эрхэм мэдэхгүй байх учиргүй(гэж найдна). Гэхдээ энэ нийтлэлд ашигласан тэхник их уран. Нэгд хүүхдийн хүмүүжил, хөдөлмөр гэсэн илүү хүнд, том ухагдахуун оруулж ирнэ(барилга бариулж сургасан биш кино урлагийг найруулагч мэргэжлээр төгссөн бололтой уг нь ). Хоёрт, бусдын хүүхэд далд авилга авч амьдарч байгаа гэсэн олны сэтгэлзүйд түшиглэнэ(олон жил бичсэн хүний мэдрэмж гэж энийг л хэлдэг байх).   За гол сэдэв маань манай улс төрийн лидер, сэдвээсээ хазайх гэж байна.

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ХААГЧИЙН  ЁС ЗҮЙН ДҮРЭМ-д

4.1.1. шударга ёсны зарчмын хүрээнд: хүлээсэн үүрэгтээ үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэршгүй байж, бусдыг манлайлах;  

5.1.4. өргөсөн тангарагтаа үнэнч байж, эх орон, ард түмнийхээ эрх ашгийг хувийн ашиг сонирхлоос ямагт дээгүүр тавьж, өөрт олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй аливаа нөхцөл байдлаас татгалзах; 

НИЙТИЙН АЛБАНД НИЙТИЙН БОЛОН ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫГ ЗОХИЦУУЛАХ, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ хуулинд

3.1.2.“хувийн ашиг сонирхол" гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг хэлнэ

гэх мэтчлэн заажээ. Үүл мээр эднийг зөрчөөгүй гэж өөрөө гүлдийх нэг хэрэг, Доо эрхэм  донгодох егөө хэлбэрээр хүүхдийн хүмүүжил, хөдөлмөр болгож зохиол туурвих нь бас нэг хэрэг. Хуулийг сахин хэрэгжүүлэх, шударга ёс, тэгш эрхийн тухай сүүлийн 25  жил амаа цангатал ухуулж ирсэн Ерөнхийлөгч би яг л ингэж хэлэх гээд байсан, яаж байгаан бэ Доо гэх нь харин яасан жигтэй. Бусдын хүүхэд хулгай хийж, төрийн халаасанд гар дүрч, нэрээ нууж тендер авдгийг ч мэддэг байх нь. Тийм бол авилгатай манлайлан тэмцэж байгаа лидерийн хувьд бүгдийг нь АТГ-т илчилж, хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой.

Чамайг 14 тэрбумыг үрсэн гэж МАН-ынхан буруутгаж байна. Тэднийг гүтгэлээ гэж уурлахаасаа өмнө ойлгох хэрэгтэй. МАН-ынхан  улсын мөнгийг “идэж чадсан”, “идэж чадаагүй” гэж хоёр хуваадаг юм. Өөрийнхээ халаасанд ороогүй бүхий л хөрөнгийг яасан ч байг хамаагүй  “үрэгдсэн” , “талаар болсон”д тооцон гуньдаг юм.  Хэрвээ тэр үрсэн гээд байгаа 14 тэрбумыг өөрөө идчихсэн болжгэм чамайг ижлээ хэмээн үзэж үүрсэх байсан даа, тэнэг минь. Ер нь бол өөрсдийнхээ аманд нь байсан шар тосыг булаалаа гэж уурлаад байгаа юм биш. Харин өмнөх үед амандаа оруулсаар ирсэн шар тосыг чиний үед хэлээрээ түлхсэнд чинь үзэн ядаж байна. Үе үеийн удирдлагууд  залгисаар ирсэн шар тосыг хэлээрээ түлхэх хэн юм бэ, чи.  Замын мөнгийг замаас нь хусаад болоод ирсэн байхад тэр их хөрөнгийг газарт нялаад аманд ч үгүй, хамарт ч үгүй болгочихоор чинь “мөнгө үрлээ” гэхгүй, яалаа гэх юм бэ? Зам нимгэрч хадгаламж зузаардаг зүй тогтлыг эвдэн зам зузаарч хадгаламж нимгэрдэг болгох гэж аль газраас ирсэн “мам бэ”, айн. Хэрвээ өмнө нь засаглаж байсан МАН-ыхныг бүгдийг нь бариулж шоронд хийлгэчихээд өрөө тэднээс дутахгүй идэж уусан бол чамайг тэд уучлах байсан. Уучлах төдийгүй талархах байсан. Учир нь дараагийн сонгуулиар чамайг идсэн ууснаар дуудаж буулгаад эргэж ирэхэд идэх хоол баталгаатай учраас уучлах байсан. Гэтэл чи бусдын аманд үргэлж байсан бэлэн хоолыг бэрх хоол болгосон гэмтэй. Ер нь чиний араас юугаа бодож хотын дарга болох юм бэ?   МАН-ынхан хэзээ нэгэн цагт хотын удирдлагад эргээд сонгогдлоо гэхэд  юугаа идэж хуйхаа мөлжих юм бэ? Энэ мөнгийг өмнө нь та нар яадаг байсан юм бэ гэсэн асуултад юу гэж хариулах юм бэ? Чамайг “Орших эс орших”-д тулгасан асуудал энд л байгаа юм. Чи хотын иргэдийг ирээдүйтэй болгосон ч гэсэн хотын удирдлагыг ирээдүйгүй болгож байна. Дараа дараагийн хотын удирдлагыг хөдөлмөрлөж амьдрахаас өөр гарцгүй, бүтээн байгуулж байж тогтнохоос ондоо замгүй болгож байгаа чинь хорсолтой. Яагаад өмнөх удирдлага нь ингэж хөдөлмөрлөж, бүтээн байгуулж байгаагүй юм бэ гэсэн эргэлзээг нийслэлчүүдэд төрүүлж байгаа чинь бүр заналтай.  Удирдлага нь хотынхоо шүүсийг шимдэг  тогтолцоог  өөрчилж хотынх иргэд удирдлагынхаа авъяас чадварыг шимдэг болгох хэн юм бэ, чи. Хувалз хачиг устгалдаг дуст, креолин юмуу хаашаа юм бэ? Бат Үүл минь  дээ, чи хийсэн юмныхаа үр дагаврыг бодохгүй юм. Тавьсан шинэ шинэ замаар явж байгаа хүн бүхэн чамд дуртай л байгаа байх. Гэтэл зам барина гээд мөнгийг нь хусдаг, дараа нь дахиад яг барина гээд авдаг ийм мөнхийн циклиэр амьдардаг бүлэглэлийг яаж аж төрнө гэж байгаа юм бэ.

Хэхэ. Энэ хавийн уран сэтгэмжид МАН, МАХН-хан ч юм уу хариу өгөх хэрэгтэй байх.

Нийтийн тээвэрийн шинэчлэлд нийтийн тээврээр явдаг хотын иргэд л дуртай байгаагаас биш нийтийн тээврээс тэвэр тэврээр нь сааж ирсэн саальчид дургүй байгаа. Тэд яах юм бэ, чамаас болоод ажил хийж амьдрах болж байна уу? Хувийн нууцыг  хуулиар хамгаалж нуудаг байтал “Хотын төсөв одоогийнхоос 10-30 хувиар илүү” байсныг зарлах хэн юм бэ,чи. Чи адилхан л өөр шигээ дарга байсан улсын идэж уусан юмны барагцааг зарлах АТГ юмуу, шүүх бохироор юм уу, даварцан гар вэ?

Иргэд бүх ажилд дуртай, зөвхөн авилгачид саальчид эсэргүүцэж байна гэсэн логикоо давтан ашиглаж байна. Тээврийн шинэчлэлийг иргэд дүгнэнэ, баримт дата хэрэгтэй. Тэвэр тэврээр нь сааж ирсэн саальчдыг Доо эрхэм, Ерөнхийлөгч хоёр мэдэж байгаа бол хуулийн байгууллагат нь өгөх хэрэгтэй, өгөх үүрэгтэй.

Бат Үүл ээ, чиний хамгийн тэнэг нь  юу вэ гэхээр ийм байна. Байранд орсон гэр хорооллынхон, шинэ замаар давхих машинтайчууд, мөрөөдөлтэй,  итгэлтэй болгосон хотын иргэд чинь чамайг хамгаална гэж итгэж байна уу? Чадвал алдагдсан эрх мэдлээ эргүүлж авах, чадахгүй бол хотыг чамтай хамт нураах гэж байгаа “улаан хамгаалагч” залуусаас тэд чамайг өмөөрнө гэж бодож байна уу. Ээ дээ юу л бол доо. Монгол хүн сэтгэл хангалуун байвал дуугаа хураадаг, баярласан бол цаашаа хардаг юм. Харин сэтгэл дундуур байвал дуу шуу орж, гомдож байгаа бол наашаа эргэн хэрэлддэг. Тийм учраас ууртай цөөнх, хорссон баганхи нь баяр хөөртэй олонхи, сэтгэл дүүрэн ихэнхийнхээ өмнөөс хувь заяаг нь шийдсээр ирсэн монгол орон доо.

Энд ирээд яг “тэнэг” нь Үүл баатар биш Монголчууд болж хувирав. Иргэд ерөөсөө УБ-ын удирдлагад(хөгжүүлэхээс өөр гэсэн) ихээхэн сэтгэл хангалуун баяртай ч дуугүй байх агаад бүх шүүмжлэл, эсэргүүцэл нөгөө нам, түүнийг тойрсон улаан хамгаалагчдаас нь гарч буй аж. Ууртай цөөнх олонхийнхоо хувь заяаг шийдэж ирсэн бол улсын тэргүүнээ хоёр удаа аль нь сонгов?  Алинд нь сонгогдсон болоод Ерөнхийлөгч та ийм үгийг Үүл мээрд хэлэхээр завдаад амжилгүй хоцров?

Жич: Чамаас болоод нийслэлийнхэн бид МАН-ы занаанд ороод байна. Тэд чамаас өшөөгөө аваад зогсохгүй чамайг сонгосон Улаанбаатарчуудаас хариугаа авна. Чамайг самраад зогсохгүй нийслэл хотоо хөмрөнө.  Арай л бөмбөг дэлбэлэхгүй байх. Гэхдээ бөмбөг дэлбэлсэн бол хамаагүй бага хохирох байж дээ гэхээр юм ч олон гарна. Яана даа. Чи улаанбаатарчуудыг хотоо, нийслэлийнхнийг мөрөөдлөө хамгаалахаас өөр замгүй болгож байна даа.

Яг юу ч гээд байгаа юм бүү мэд. Бөмбөг мөмбөг болж ирэв. Үүлгүй бол бөмбөг дэлбэрнэ гэсэн сануулга ч юм уу хаашаа юм. МАН-ыхан болоод Ерөнхийлөгч л ойлгох хэсэг бололтой.

 

Төгсгөлд нь:

Ийн удирдсан, бичсэн, хавсайдсан трио комби 7 хоногийн трэндийг тэргүүлж байна. Хүүдээ тэндэр өгчдөг байж, тэрийгээ ТВ-ээр өмөөрчдөг байж, түүнийг нь бичгийн том хүн зохиолжуулаад өгдөг байж(эрхбиш Баабар нийтлэлчийн хувилбар нь хамаагүй логиктой гэхүү чадварлагаар логикжуулсан), Ерөнхийлөгч  маань ерөөсөө би хэлэх гэж байсийн гэж эгдүүцдэг байж.  Энэ нь харин уншигчдын дунд үнэмлэхүй хит болох нь юуных вэ? Тэдний зөв болохоор уу?  Надад бол өнөөдөр харсан энэ зураг хийгээд буддын шашны хамаг оюун санааны үнэ цэнэ, утга санааг нь тайлж заадаг лекц 100 хүрэхгүй сонсогчтой байдаг нь л санаанд бууж байна.

Фото эх сурвалж: www.assa.mn

Одоо тэгээд хэнийг тэнэг гэх вэ дээ... Олон жил оюуны ертөнцөд олныг гэгээрүүлж ирсэн эрхмийг тэнэг гэлтэй биш, олноос сонгогдож улсаа удирдаж яваа Ерөнхийлөгчөө тэнэг гэлтэй биш, ингэтэл тэнэгээрээ дуудуулж нийтлэл-энцэр банга хүртэл хүртсэн Үүл мээрээ хэлэлтэй биш, ах зах хүнийг ямар олны оюуны итгэлд хээв нэг дөрөөлж яруу сайхан монгол хэлийг ядсан үзэл сурталд хэрэглэдэг Цэнддоо чи хэнбугай вэ гээд байлтай биш...  ийм юманд сэтгэгдэл зүүж цагаа барсан өөрийгөө л тэнэг гэхээс өөр гарцгүй болоод ийм гарчиг зүүлээ. Одоо бас нэг бичгийн ертөнцийн партизан нэрд гарах гэж, нам мамын төлөө ингэж бичлээ гэж магад. Ерөөсөө зарим хүний үзэж байгаагаар монголчуудад итгэл үнэмшил, үзэл бодол, өөрийн гэсэн дуу хоолой огт байхгүй, ерөөсөө л хоёр намын дунд хоол горьдоо л бууны нохой болоод явж байдаг юм гэсэн.  Гэхдээ би МАНАН ч биш, эрт орой хот хөдөөд дэвших сонирхолтой завтай хүн ч биш, зүгээр л УБ-ын тэнэг иргэн.

 

ps. Энэ дээр байгаа зураг, энэ оны эхээр ашиглалтад орно гэгдэж байсан Түмэн-Амгалан хорооллын зураг.

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2016-01-17

    ЗӨВ ШҮҮ

    • zorig
    • 2015-10-27

    2 юм бичмээр санагдлаа. Хогны мөнгийг хогонд нь зориулах журамтай гэдгийг иргэд нэг л ойлгох дургүй байх шиг. Уут тараасан нь буруу байж болно. Гэхдээ хог боловсруулах үйлдвэр барихын оронд уут тараалаа гэж буруутгахаас биш хогны мөнгийг өөр юманд зарцуулах ёстой байсан гэвэл инээдтэй... Түмэн амгалангийн тухайд. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарна гэдэг нь Төрийн тендерт оролцохтой адилхан асуудал биш гэдгийг ойлгох дургүй хүмүүс хэт олон юм. Эрх мэдэлтнүүдийн биш иргэдийн саналаар шалгардаг юм. Тухайн үед Жанжин клубын орчимд төсөл хэрэгжүүлэхээр санал өгсөн компаниуд дотор Чулуудайнгийн компаниас өөр гялтайх компани байхгүй байсныг яагаад ярьдаггүй юм бэ. ГХДТ-ийн ажилд компаниуд орох тийм ч дуртай биш, маш цөөхөн компани зориглож орж байгааг яагаад ярьдаггүй юм бэ? Тэр дунд зориглож орсноороо л Чулуудай буруудаж байгаа байх. Төсөл нь хугацаандаа хэрэгжээгүйн тухайд бол өөр асуудал. Тэр байтугай нам зогссон компаниуд өчнөөн байна.

    • Болушка нийтлэлчийг хүндлэв.
    • 2015-10-27

    Мундаг бичжээ. Үүнээс цаашаа, улс төрчид, сайд, ерөнхийлөгчийн илтгэл, ярилцлагад дүн шинжилгээ хийж нийтэлвэл олон хүнд бодох, эргэцүүлэх, тунгаах сэдэл өгөх болов уу.

    • k/eyg
    • 2015-10-27

    Сайн байна!

    • mongol ulsiig ballaj duusch bainaa, hariutslagaa uureed uursduu zaigaa taiviad uguusei, tegeh zorig ch dutna daa.
    • 2015-10-26

    nen haan gej? arai uneheer tegj boddiin bish biz? teguul ardchilliin ner barij erh barij baih hereg ju baina? Bid bugd adil tegsh erhtei humuus, ardchilliin zarchim gedgiig uursduu ch medej baigaa shde.

    • Зочин
    • 2015-10-26

    зоригтой юмаа. Хаантайгаа тэрсэлдээд

arrow icon