Нийтлэл 10 сарын 28, 2015

НАТО-ийн цэргийн сургууль : Болзошгүй заналхийлэлд цэргийн хүч хэрхэн хариу үзүүлэхийг дэлхий нийтэд харуулах боломж

Хамтын хүчээр өөрийгөө хамгаалах европын голдуу улс орнуудын цэргийн холбоо буюу НАТО(Умард Атлантын Гэрээний Байгууллага) нь анх байгуулагдсан цагаас хойш тогтмол тэлж буй цэргийн байгууллага юм. Энэ байгууллага хүйтэн дайн дууссанаас хойш 12 улсыг өөртөө нэгтгэж өдгөө 28 гишүүн оронтой болоод байна. 

Тэгвэл НАТО нь сая ойрын 10 гаруй жилд явуулаагүй том хэмжээний “Trident Juncture-2015” цэргийн хээрийн сургуулийг Испани, Итали, Португали, Атлантын далай, Газар дундын тэнгис, Канад, Норвеги, Герман, Бельги, Дани Улсын нутаг зэрэг 16 байрлалд зэрэг зохион байгууллаа. Уг сургуульд НАТО-ийн гишүүн орнуудаас гадна тэдний холбоотон, хамтран ажилладаг 30 орчим улс орнуудын 36 мянган цэргийн алба хаагчид, 60 нэгж хөлөг онгоц, 140 нэгж байлдааны нисэх онгоц, нисдэг тэрэг оролцож байна.

 

“Trident Juncture-2015” сургуулийн зорилго нь “Эрчимтэй өөрчлөгдөж буй аюулгүй байдлын орчин, нөхцөлөөс шалтгаалан өмнөд болон зүүн чиглэлээс үзүүлж болзошгүй заналхийлэлд НАТО-ийн цэргийн хүчин хэрхэн хариу үзүүлэх,” явдал байв. Түүнчлэн одоо эсвэл ирээдүйд НАТО-д тулгарч болзошгүй аюул заналхийллийг даван туулах, мөн орчин цагийн цэргийн ажиллагаа явуулахад эвслийн цэргийн боломж ямар төвшинд хүрээд буйг дэлхий нийтэд харуулах боломж хэмээн ойлгож болно. Сургуулийн үеэр НАТО-ийн удирдлага, дэлхийн 12 томоохон олон улсын, төрийн бус байгууллагуудтай хамтран ажилласны дотор Европын болон Африкийн холбоо багтаж байв. Сургуулийн удирдлага нь төв штабаар дамжуулан газар, агаар, тэнгисийн цэргийн(тусгай хүчин) анги нэгтгэлүүдийн үйл ажиллагааг хэд хэдэн байрлалд өөр өөр удирдлагын байрнаас нэгэн зэрэг удирдаж явуулсан.

“Trident Juncture-2015” сургууль нь үндсэн хоёр хэсгээс бүрдэж байгаа. 2015 оны 10 дугаар сарын 3-наас 16-ны өдрүүдэд явагдсан команд-штабын сургуулиар “Нэгдсэн удирдлага, хяналтын систем”-ийн бэлэн байдлыг цогц байдлаар шалгаж үзсэн. Харин дараагийн шат нь 2015 оны 10 дугаар сарын 21-нээс 11 дүгээр сарын 6-ны өдрийг хүртэл явагдаж байгаа бөгөөд энэ үеэр “кибер болон террорист халдлага, хүмүүнлэгийн хямрал зэрэг үүсэж болзошгүй тодорхой цагийн байдлуудад НАТО-ийн цэргийн хүчин хэрхэн хариу арга хэмжээ үзүүлэх,” арга техник боловсруулсан, цэргийн хээрийн сургууль явуулж байна.

Сүүлийн үед дэлхийн цэрэг-улс төрийн байдалд гарч буй өөрчлөлтүүд, ялангуяа Орос улс Крымийг өөртөө нэгтгэснээс хойш тус байгууллагын үйл ажиллагаа эрс идэвхжээд байгаа. Брюссель хотноо 1,43 тэрбум ам.долларын өртөгтэй шинэ штабын барилга, байгууламж барихаас эхлээд хуурай зам, тэнгис, агаарт төрөл бүрийн цэргийн сургуулиуд тогтмол явуулж байгаа. Түүгээр барахгүй Эстони Улсын “Тапа” цэргийн баазад Америкийн 4 нэгж танк, 10 нэгж хуягт тээвэрлэгчид хүрэлцэн ирсэн нь ОХУ-ын хилд 100 км тулж ирээд байна гэсэн үг.

Сэтгэгдэл бичих

arrow icon