Нийтлэл 11 сарын 02, 2015

Зодоон дуусах болоогүй

Амралтын өдрүүдээр “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяа болон Өмнөд Солонгосын “Самсунг С&Т” компанийн захирлыг гэрээс нь баривчилсан мэдээ цацагдав.  Хэвлэлээр шүүчихдэг хойно том том хөрөг зурагтай ноцтой мэдээ хүнийг хэдийн гэмт хэрэгтний дүрд оруулж тавиад гэмтэн гэсгээх “ядал” дүүрэн уншигчид ч уухайн тас...тэгнээ тэр, эхэллээ дээ гэлцэнэ. Яагаад ч амралтаар шөнө баривчилдаг юм, шөнө баривчилсан мэдээ өглөө ямар ч хурдан тардаг юм, зориудын юм шиг. Ер нь Шинэчлэлийн засгийн газар огцруулах санал хураахын урд өдөр Л.Гансүх хэрэгтэн, Өршөөлийн хууль яригдаж байхад М.Батчимэгийн туслах гадаадын тагнуул болчихдог нь жигтэй... Одоо юун дээр зодолдож нэгнийхээ “бөлдөг”-ийг базах гээд ингэж медиагаар яллаж байгаа бол? Ямар ч гэсэн хувь хүн гэхээсээ “хэв дардас” гэж их хэлдэг систем, инстүүцийн асуудлаа дахиад нэг тоймлож харъя.

Хүчний байгууллагууд улс төрийн багаж болчихлоо гэж би биш тогоонд нь байгаа хүмүүс өөрсдөө хэлдэг болсон.  Монголын төр хэзээнээс ийм зөрчилтэй байсан юм бэ? Угаасаа ийм юм уу? Сонгогчид бол муу бол хойд захын хар овоохой, эрх барьж байгаа АН-ыг эв нэгдэлгүй байна гэлцэнэ. Гэхдээ хууль хүчний байгууллагаа хөлдөө хамсан засаглалын хямрал ганц намын асуудал гэхээсээ өнгөрсөн 25 жилийн түүхээс төрсөн “уран бүтээл” байх. Юу тарина түүнийгээ хураана.

25 жилд тэгээд юу тарисан бэ?  Дор бүрнээ толгой даасан төрийн байгууллагууд.  Хамаг зөрчил Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар хэмээх гурван гол аппаратын эрх мэдэл тэнцэж ирснээс үүдэж байх шиг (Н.Алтанхуягийгаа нөгөө хоёр нь нийлээд намначихнаас хойш Ч.Сайханбилэгийн кабинет бол харьцангуй дуулгавартай, тэгэхээр одоогоор гол зөрчил үлдсэн хоёрт нь ногдоно).

Эрх мэдэл тэнцэж, хямрал гүнзгийрч ирсэнд гурван гол хүчин зүйл бий гэж бодож байна. Нэгд хууль зүйн хүчин зүйл. Хоёрт, лидер улс төрчид, хувь хүний хүчин зүйл. Гуравт, хуваах бялууны хэмжээ 20 жилийн өмнөхийг бодвол үлэмж томорсон.

Эхний буюу хууль эрх зүйн талаас төрийн байгууллагууд хамт яаж ажиллах вэ гэхээсээ хэн нь ямар эрхтэйд төвлөрч баталсан хуулиудтай.  Энэ тухай судлаач Ганаагийн бичсэн нийтлэлийг энд тоймлосон.

Хоёрт, хувь хүний хүчин зүйл. Ерөнхийлөгчид хууль зүйн хувьд үлэмж эрх мэдэл олгогдсон байсныг Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж хэмээх хоёр хувь хүн төрийг өнө удаан хувааж барихдаа жинхэнэ хэргийг нь гаргасан.  Н. Энхбаяр 2000 оноос 2004 Ерөнхий сайд,  2004-2005 онд УИХ дарга, 2005-2009  он хүртэл Ерөнхийлөгч хийсэн, нийт  10 жил.  Ц.Элбэгдорж    Н.Энхбаярыг Ерөнхий сайдаас буумагц 2004/8 - 2006/1 Ерөнхий сайд , 3 жилийн дараа 2009 оноос ерөнхийлөгч, нийт 8 жил.  Энэ хоёр нийлээд л 25 жилийн хагаст нь Ерөнхий сайд, Ерөнхийлөгч.   Ийм удаан төр улсын хамаг дээд тушаал, эрх мэдлийг атгаад мөнхөрчихөөр эрх мэдэл нь улам  зузаарч, отог омог нь хаяа тэлдэг байж таарна. Энэ тэрний хүн, тэр энэний хүн гээд он удсан овгоруудын хэвтүүл хишигтнүүд хэн болох талаар “бичигдээгүй” харъяалал яригддаг. Үүний дээр Н.Энхбаяр хамгийг мэдэхээр шийдэж АТГ хэмээх шинэ аппарат байгуулснаар хууль хүчний инстүүцийнхээ дунд хагарлын яс шидсэн, эргээд өөрөө гарт нь орсон. Ингэж байтал 2014 оны 1 сард прокуророос Мөрдөн байцаах албыг салгаж АТГ-т шилжүүлсэн. Үүнээс хойш энэ байгууллага ерөнхийдөө Засгийн газар гээч аппаратаа хэн ч биш юу ч биш болгох чиглэлд ажилласаар санасандаа хүрсэн санагддаг. Санасандаа хүрснээс нь хойш Тавантолгой, Оюутолгой, Гачууртын орд хавиар хөдөлгөөн гарсан ч дахиад  гацсаныг үзвэл далд зодоон үргэлжилж байх шиг байна.  ЗГ хэн ч биш болчихоод байхад хэн Ерөнхийлөгчийг сөргөж, ТВ-ээр хүртэл тэнхээ мэдэн рекламдаж өгсөн Тавантолгойн тендерийг хэрхэн гацаав? Энд З.Энхболд гарч ирсэн.  Тавантолгойн зодооныг хүртэл хурлаа чимээгүй даргалж ирсэн спикер ЗГ, Ерөнхийлөгчийн хамтран түлхэж байсан төслийг бойкотлох хэмжээнд хүрсэн нь сонирхолтой. “Нам дамжсан бүлэглэл” гэх үг гишүүдийн амнаас цөөнгүй сонсогддогийг бодоход дүлэгнээд сөрөг хүчин хийдэггүй МАН ямар нэг үүрэг гүйцэтгэдэг байх.

Ингээд бодит байдал дээрээ гүйцэтгэх, ерөнхийлөх(шүүх),  хууль тогтоох гурван талбарт  хүчний тэнцвэр үүсч, хөл толгойгоо олохоо больж байтал хутганы шарх нь гүйцэд аниагүй Н.Алтанхуяг мөрдөн байцаах албыг прокурорт буцаах хууль наадмын өмнө  өргөн барьж, ҮАБЗ нь түүхэнд анх удаа гэлүү хуулийн төсөл татаж авсан. Засгийн газар дүлэгнэж байх зуур Тагнуулын тухай хууль шинэчлэгдсэн(Шийдлийн Засгийн газар байгуулагдмагц  АТГ, ТЕГ-ын хооронд удирдлагын халаа солио явагдсаныг санах хэрэгтэй). Гэхдээ тагнуул тагнахаас бусдаар эрүүгийн хэрэг, мөрдөн байцаах талдаа нэг их нөлөөгүй бололтой. 2 долоо хоногийн өмнө Эрүүн байцаан шийтгэхтэй холбоотой мөнөөх хуулийн төслийг эргэн хэлэлцэх сураг гарсан.  Нэгэнт улстөрийн нөлөө(power) нь хүчний байгууллагатайгааа холбоотой бол энэ хуулийн төсөл Ц.Элбэгдорж, З.Энхболд хоёрын дунд шидсэн булууны яс болж, мөрдөн байцаах албаа УИХ-аас шууд томилдог АТГ талд байлгах уу, Ерөнхийлөгчийн нөлөөн дэх прокурор руу буцаах уу гэдгийг тойроод зөрчил гүнзгийрч байх магадлалтай.

Энд гэхдээ элдэв улстөр, хууль гэхээсээ залуучууддаа хандаж  нэг зүйл хэлмээр байгаа юм Гурван талаас нь бодолцож үзвэл томчуудын зодоон дуусах болоогүй. Хууль талдаа элдэв аппаратуудынх нь учир начир олдохгүй, хувь хүн талдаа аваргууд харих, пээнсэндээ гарах болоогүй(Үндсэн хууль шинэчлэх нэг төсөлд Ерөнхийлөгчийн эрх мэдлийг юу ч үгүй авч хаях заалтууд харагдсан. Ц.Элбэгдорж өөрөө Ерөнхийлөгчөөс буух, Ерөнхий сайд болох, өөр “мангас” гарч ирэх боломжийг дарах тооцоо хийж байж чадахаар л зайтай лайтай улс төрч), гуравт ОТын далд уурхай эхлээгүй, ТТ газар дор ихэнх баялаг нь, дээр нь бусад алт, уул уурхай, уран, төмөр замын төслүүд хаашаа ч хөдлөөгүй. Бялуу хувааж эхлээ ч үгүй байна гэхэд хилсдэхгүй.

Ийм нөхцөлд залуус хэний ч сүр хүчийг мөнхийн, хууль ёсноос дээгүүр мэт санаж хэн нэг аваргын бууны нохой, зодооны хэрэглүүр болохоос зайлсхийж явбал аминд өлзийтөй.  Бүгдээрээ нэг нэгнийгээ но-гоор нь ногтлоод хэний ногт бат бэхээ үзэх нь хэдий хүртэл үргэлжлэх юм бүү мэд(16 онд ташраараа солигддоггүй л юм бол).  Болж өгвөл эдний фёодализмыг халж шинэ цагийг авчрах, болохгүй бол холхон шиг явах нь л дээр. Нотлох баримт бүрдүүлсэн явц нь энгийн иргэнд ч илэрхий маапаантай хэргийг  олны нүдэн дээр ТВ-ээр шүүж байгаад л хэдэн жил өгчихдөг, тэр нь бүр экс ЕС-ийн хүн байдаг орон шүү дээ!

 

Жич: Нүүр зурагт Оюутолгойн алтны нөөцийн хэмжээг Нью-Йоркийн Манхаттэн дүүрэгтэй жишсэн макет зураг. Эх сурвалж Forbes.com

 

Сэтгэгдэл бичих

arrow icon