Нийтлэл 11 сарын 02, 2015

Голдирлоо олох нь

Та өөрийгөө уулын уруу цанаар гулгаж байна гэж бод. Таны бүх анхаарал өөрийн биеийн хөдөлгөөн, цанын байрлал, чихний хажуугаар сум шунгинах шиг урсаж буй агаар,
хажуугаар зэрвэс харагдаад өнгөрөх цаст модод зэрэгт төвлөрсөн байна. Элдэв замын юм анзаарахгүй байх агаад анхаарал сарниулах бодол, сэтгэлийн хөдөлгөөн зэрэг нь таныг цасан дээр нүүрээрээ шурган унахад хүргэнэ гэдгийг та өөрөө ч мэдэж байгаа. Энэ гулгалт үнэхээр төгс, та үүрд ингээд гулгаад баймаар л санагдана.

Та цанаар гулгадаггүй байж болно, гэвч дээрхтэй ижил үйл явцдаа бүрэн дүүрэн автагдах мэдрэмж таныг дуу дуулж, бүжиглэж, хөзөр тоглож эсвэл сайн ном уншиж байхад ч мэдрэгдэж магадгүй. Та хэрвээ ажилдаа дуртай бол, хүндхэн операци хийж байх үед эсвэл ярвигтай бизнесийн наймааг харилцан ашигтай хийх үед ч мэдрэгдэж болох талтай. Хүмүүстэй харьцаж байх үед, сайн найзтайгаа ярилцаж байх үед, эсвэл нялх хүүхэдтэй тоглож байхад ч тохиолдож магадгүй. Иймэрхүү мөчүүд нь бидний өдөр тутмын нэг хэвийн амьдралтай харьцуулахад хүч энерги дүүрэн амьдралыг гялавхийн харуулна.

Энэ шидэт мөчүүдийг би голдирол гэж томъёоллоо. Өөрсдийн амьдралын хамгийн сайхан мөчүүдэд мэдрэгдсэн, хялбархан урсан гарах энерги, хөдөлгөөн, оюун ухааны харилцан зохилдлогоотой эвслийг олон хүн дурсан ярьдаг. Үүнийг "голдирол" гэж байгаа хэрэг. Тамирчид, хөгжимчид, бусад урлагийн хүмүүс болон шашин шүтэгчид энэ мөчийг өөр өөрийнхөөрөө нэрлэдэг.

Амьдралын хамгийн сайхан үеүүдийг аз жаргалтай холбохоос илүүтэйгээр ийм урсгал ус мэт зохистой мэдрэхүйтэй холбоотой гэж хэлж болно. Ая тух, амарсан бие, нарны дулаан илч, эсвэл дөлгөөхөн нөхөрлөлөөс бид аз жаргалын мэдрэмжийг авах боловч энэ нь гаднын тааламжтай нөхцөлөөс шалтгаалах аз жаргал байна. Голдрилоос авах аз жаргал бол бидний өөрийн үйлдэл, хийж буй зүйлээс урган гарах ба бидний оюун ухааныг тэлж, хөгжүүлж өгдөг.

 

Голдрилыг хаанаас олох вэ

Голдирол гол төлөв хүн тодорхой арга замууд бүхий зорилгын төлөө хөдөлмөрлөх үед мэдрэгддэг. Шатар, теннис, покер гэх мэт тоглоомуудыг тоглож байх үед Голдиролыг мэдрэх нь хялбар байдаг. Яагаад гэвэл эдгээр нь тоглогчид юу, хэзээ хийхээ асуух шаардлагагүйгээр үргэлжлээд байх боломжтой тодорхой дүрэм, зорилготой. Тоглогч тоглоомын турш яах, юу хийх ёстой, ямархуу сонголтуудтайгаа мэдэж буй ертөнцөд амьдрана л гэсэн үг. Яг иймэрхүү тодорхой зорилгууд шашны ёслол үйлдэх, хөгжим тоглох, хивс нэхэх, компьютерийн программ бичих, ууланд авирах, операци хийх зэрэгт ч байдаг. Эдгээр Голдиролт ажлууд(flow activities) тодорхой, ойлгомжтой зорилтуудад анхаарлаа төвлөрүүлж шатлал тус бүрд өөрийгөө дүгнэж цэгнээд явах боломжийг хүнд олгодгоороо ердийн амьдралаас ялгаатай юм.

Арайхийн давахуйц саад тотгортой бүх авъяас чадвараа ашиглан тэмцэж байх үед Голдирол мэдрэгддэг. Тийм ч учраас Голдирол нь шинэ чадвар эзэмшиж, сорилтыг өндөрсгөх соронзон хүчин шиг ажилладаг. Сорилт хэтэрхий жижиг бол түүнийг өндөрсгөснөөр Голдирлыг мэдэрч болно. Сорилт, бартаа хэтэрхий их бол шинэ чадвар эзэмшсэнээр Голдиролыг  мэдэрч болно.

Хүмүүс хэр олон удаа Голдиролыг мэдэрч чаддаг бол? Хэрэв та дундаж Америкчуудаас “Орчин тойрноо анзаарахаа больж, цаг хугацааг ч марттал автагддаг тийм зүйлийг та ер нь хийдэг үү?” гэж асуувал ойролцоогоог тэдний тавны нэг нь “өдөрт хэд хэдэн удаа”, ойролцоогоор 15 хувь нь “хэзээ ч тийм үе тохиолдоггүй” гэж хэлэх болно. Энэ давтамжууд ер нь хаана ч иймэрхүү л байдаг. Жишээлбэл, 6469 герман хүний дунд явуулсан саяхны судалгаагаар яг энэ асуултад 23 хувь нь “нэлээн олон удаа”, 40 хувь нь “заримдаа”, 25 хувь нь “хааяа л”, 12 хувь нь “хэзээ ч тийм үе тохиолдоггүй” гэж хариулсан байна.

Голдиролыг судлах илүү нарийн арга бол 1970-аад оны эхээр Чикагогийн Их Сургуульд би өөрөө боловсруулсан Мэдрэхүйн Түүврийн Арга (Experience Sampling Method) юм. Энэ аргаар бид хүний нэг өдөр, үйлдэл, мэдэрсэн сэтгэгдлүүдийг нэгэн төрлийн виртуаль хальс мэтээр мэдэж болдог. 1-2 цагийн давтамжтай санамсаргүй[1] ажиллах сэрүүлэгний тусламжтайгаар хүн хаана, хэнтэй, юу хийж, юу бодож байгаагаа тэмдэглээд өөрийн сэтгэгдлээ тусгайлан заасан тоон дүнгээр илэрхийлнэ. Хэдэн жилийн турш бид энэ судалгааг хийж өөрсдийн Чикагогийн лабораторидоо одоогоор 2300 хүнээс авсан 70000 орчим хуудастай судалгааны материалтай болоод байна. Дэлхийн өнцөг буланд байгаа бусад судлаачид энэхүү тоог гурав нугалсан их материалтай болжээ.

Дээрх аргаар судалснаа дүгнэхэд Голдирол нь хүн өөрийн үйлдэх дуртай зүйлийг хийж байхад мэдрэгддэг нь тогтоогдсон. Жишээлбэл үүнд цэцэрлэг арчлах, хөгжим сонсох, спортоор хичээллэх, сайхан хоол хийх, машин жолоодох, найзуудтайгаа ярих зэрэг зүйлс орж байна. Ажил дээр бол Голдирол бодсоноос ч их тохиолддог нь сонирхолтой ололт байв. Харин зурагт үзэх, амарч байх гэх мэт “амрах” үйлдлүүдийн үед Голдирол мэдэрсэн хүн маш цөөхөн байлаа.

Хүчин зүйлс нь бүрдвэл бараг ямар ч ажил, үйлс Голдирол-ыг бий болгож чаддаг нь тогтоогдсон. Иймээс бид өөрсдийн өдөр тутамдаа Голдирол-ын нөхцлүүдийг л бий болговол амьдралаа илүү сэтгэл ханамжтай болгож болох нь байна.

 

Голдирол ажил дээр

 Насанд хүрсэн хүмүүс ажил дээрээ гол төлөв жирийн үеэсээ бага аз жаргалтай байдаг бөгөөд дур сонирхол нь ч (motivation) янз бүр байдаг. Гэхдээ дээрх судалгаагаар Голдирол-ыг мэдрэх нь чөлөөт цаг гэхээсээ ажил дээр их тохиодог үр дүн гарсан. Энэ нь ч нэг их хачирхалтай нээлт биш юм. Учир нь бидний ажил бол тодорхой дүрмүүдтэй, зорилготой гэдгээрээ бусад хийдэг зүйлсээс илүүтэйгээр тоглоомтой төстэй.  Ажлаа сайн хийсэн, төлөвлөгөөндөө хүрсэн эсэх, хэр зэрэг бараа зарав гэх мэт үнэлэлт дүгнэлт нь харьцангуй богино хугацаанд гардаг, эсвэл дарга үнэлгээ өгчихдөг гэх мэт үр дүн нь дороо мэдэгддэг тоглоомтой адилтгаж болно. Ажил хүний анхаарлыг төвлөрүүлдэг бөгөөд зөв ажлаа олсон хүнд бол хүний мэдлэг чадвар нь ажил дээрх сорилт, бэрхшээлүүдийг яг давахуйц байж таардаг байна.

Гэвч сонголт байдаг бол ихэнх хүн одооноосоо бага ажиллахыг эрмэлздэг. Үүний нэг шалтгаан нь ажил алба гэдэг зүйлд хандах түүхэн хандлага юм. Бид багаасаа л ажил гэдэг юм чинь нэг их хүсмээр зүйл биш гэсэн ойлголтыг томчуулаас сонсож ирдэг.

Тэглээ гээд бидний эрхэлдэг ажил утгагүй, уйтгартай эсвэл дарамттай гээд бид гэр бүл, энэ нийгэм эсвэл түүхэнд бурууг тохоох аргагүй. Хэрэв хийж буй ажил маань ямар ч ашиггүй эсвэл үнэхээр хортой бол бидэнд хэдэн сонголт байна. Мөнгө төгрөгийн хувьд хэцүү байдалд орох ч гэсэн аль болох хурдан ажлаасаа гарах нь цорын ганц зөв зам ч байж магадгүй. Амьдралын утга учрын хувьд үзвэл материаллаг байдлаар хангах боловч сэтгэл санаагаар унагаадаг зүйл хийснээс хийхдээ сэтгэл хангалуун байдаг зүйл хийсэн нь ямагт дээр. Харин ийм шийдвэрийг гаргах нь маш хэцүү байдаг бөгөөд хүнээс өөрөө өөртөө шударга байх хүчийг шаарддаг.

Иймэрхүү том шийдвэрт хүрэхээс өмнө өөрийн ажлаасаа Голдирол-ыг олж авах олон аргууд байна. Дэлгүүрийн худалдагч бол үйлчлүүлэгчиддээ сэтгэлээсээ анхаарал тавих, эмч бол өвчтөнүүдийнхээ биеийн байдалд санаа тавих, сэтгүүлч бол мэдээлэл бэлтгэхдээ үнэн мөнийг чухалчлах зэрэг сэтгэлээсээ хандах хандлагууд нэгэн хэвийн ажлыг өөрчлөлт бүхий сонирхолтой ажил болгодог. Уйтгартай ажлыг бидний шинэлэг зүйл, амжилтад хүрэх хэрэгцээг хангадаг ажил болгон хувиргах нь ажлынхаа алхам бүрд анхаарал тавьж дараах асуултуудыг асуухаас эхлэнэ: Энэ алхам, үйлдэл үнэхээр хэрэгтэй юу? Энэ зүйлийг илүү сайн, хурдан, оновчтойгоор хийж болох уу? Ямар нэмэлт алхамууд хийвэл миний оролцоо чухал болох вэ? Товчлох, хурдан дуусгахын тулд их цаг, хүч үрж байхын оронд энэ цаг, энергиэ ажил дээрээ илүү их зүйлийг хийхэд хандуулбал та ажилдаа илүү ханамжтай байх ба магадгүй илүү амжилтанд хүрч ч магадгүй юм. Элдэв түргэвчилсэн санаа оноог хойш нь тавиад өөрөө өөртөө утга учиртай болгохоор шийдэж ажиллавал хамгийн уйтгартай ажил ч Голдирол-ыг авчирч чадна.

Яг иймэрхүү хандлага ажил дээрх дарамтын асуудлыг шийдэхэд ч шаардагдана. Нэгдүгээрт, өөрийн бодолд хуралдаад байгаа ажил, шаардлагуудыг хэр зэрэг чухал вэ гэдгээр ялга. Амжилтад хүрсэн хүмүүс ихэнхдээ хийх ёстой ажлуудаа дараалуулан бичиж, тэндээсээ алийг нь мартаж, алийг нь хэнд даалгаж, алийг нь өөрөө, ямар дарааллаар хийхээ хурдан шийддэг дадалтай байна. Дараагийн алхам бол өөрийн мэдлэг чадвараа хийх ажлынхаа шаардлагуудтай харьцуулах юм. Зарим ажлыг хийхэд мэдлэг чадвар хүрэхгүй мэт санагдах нь бий. Тэгвэл хэрэгтэй зүйлсийг шаардагдах хугацаанд нь сурч чадах уу? Туслах хүн бий юу? Уг ажлыг дийлэхүйц жижиг хэсгүүдэд хуваах боломжтой юу? Ихэнх тохиолдолд эдгээр асуултуудын аль нэг нь шийдлийг олж, хэцүү, дарамттай нөхцөл байдлыг Голдирол өгөх ажил болгон хувиргаж чадна.

 А.Хулан

 

Сэтгэл Судлал Өнөөдөр (Psychology Today) сэтгүүлийн 1997 оны 7/8 сарын дугаарт гарсан нийтлэл бөгөөд Михайл Чиксэнтмихайлын (Mihaly Csikszentmihaly) “Голидролоо олох нь” (Finding flow: The Psychology of Engagement with Everyday Life) номын хэсэг. Үргэлжлэл бий. 

 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon