Энэ 7 хоногийн хамгийн гол сэдэв гэвэл яах аргагүй 2016 оны төсөв. Одоогоор ажлын хэсэг дээр дэмжигдсэн зарим саналтай эндээс танилцаж болно. Ажлын хэсгээс нэгтгэсэн санал төсвийн байнгын хороогоор орно, тэндээсээ нэгдсэн чуулганаар хэлэлцэж батална. Иргэдийн улс төр, нийгмийн оролцоо яг ийм үеэр ажиллах ёстой. Хог түүх юм уу төсвийн гадуур эмчилгээгүй үлдчихсэн хэн нэгний төлөө хандив цуглуулах зэргээр ажиллахаас илүү УИХ хэмээх аавыгаа улс орон хэмээх өрх гэрийн төсвөө “үр хүүхдүүд”-ийнхээ эрүүл аюулгүй өсөж хөгжих боломж бүрдүүлэх, хамгийн гол нь зөв механизм үүсгэхэд зарцуулж өгөөч гэж шахаж хянаж чадвал хамаагүй олон хүнд өгөөжтэй, илүү цар хүрээтэй үр дүнд хүрнэ.
Улсын төсвийн задарсан зарцуулалт, монгол хүний ядарсан амьдралыг харахад Цагаан сар ба хар нулимcын сонгодог зураглалыг ч хэдийнээ давсан нүд халтирам гажуудал өчнөөн харагддаг. Хүнээ эзгүйдүүлж, хөшөө баримал, ордон харш, жааз баярын бичиг, концерт наадамд хийчихдэг
төсвийн нэг том буглааг хөндсөн сэтгүүлч Л.Болормаагийн “Ядарсан ба задарсан бүх хүнд зориулав” нийтлэлийг бүр олон хүнд хүрээсэй гэж санаж гол тоо баримтуудаас заримыг нь нэгтгэлээ.
Эндээс бүрэн эхээр нь уншиж болох энэ том сурвалжлагаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн суралцаж буй орчин, төсвийн хүндрэл, эмийн зардалд 8000-хан мянган төгрөгтэй үлдсэн тусгай сургууль, 100 айлын түгжрээн дундах жаргал зовлон гээд нийгмийн амьдралын нэг хөндүүр талыг нүдэнд харагдтал зураглажээ. Түүнээс гадна иргэн бүрийн шимтгэл хуримтлагддаг асар том нийгмийн даатгалын сангуудын хуримтлал, түүний ашиглалт, мэдээллийн нээлттэй байдал, хүүгийн орлогын тайлан зэрэг төсвийн институцийн архитектуртай холбоотой системийн асуудлыг хөндөж, төсөв хэлэлцэж буй төрийн түшээдэд хандсан зөвлөмж, шаардлага багтаасан байна. Нэлээн урт, том нийтлэл боловч болж өгвөл хүн бүр цаг гаргаад унших хэрэгтэй
. Эрдэнийн өргөөнөөс хийсэн цуврал сурвалжлагуудыг нь ч тэр.
Нийгмийн даатгалын сангуудын зарцуулалтыг УИХ нээлттэй хэлэлцэх, тэр тусмаа Нийгмийн даатгалын багц хуульд өөрчлөлт оруулахаар бүсчилсэн хэлэлцүүлэг хийж эхэлсэн энэ үед салбар бүрийн байр суурийг, ажил олгогчдын, даатгал төлөгч бүрийн өмнө Сангийн зарцуулалтын өнөөгийн байдлыг ил гаргаж ярилцах ёстой юм. Арилжааны банкнуудад байгаа үлдэгдэл, Нийгмийн даатгалын ерөнхий газрын цахим хуудаст тавьсан дүнгийн зөрүү 140 тэрбумын задаргааг ч ярих ёстой. Тагнуулын ерөнхий газрын данс шилэн байхад нийгмийн даатгалын дансдын орлого, зарлагыг цалингаасаа шимтгэл төлдөг иргэд хянах нь ердийн явдал. Л.Болормаа
Сэтгүүлч хүн ажлаа хийж өгчээ.
Сэтгүүлчид ажиллахгүй байна, бор шар мэдээ бичлээ гэж шүүмжлээд байдаг иргэд харин одоо ажлаа хиймээр байна. Төсөв батлагдах явцыг өөрсдийн боломжоор ажиглаж, олон нийтийн сүлжээ, мэйл зэрэг гарын дор үүссэн боломжуудыг ашигласан улсын төсвийг зайлшгүй зарцуулах шаардлагатай зүйлсэд зарцуулах, мэдээллийн ил тод байдал бүрдүүлэх шаардлага тавиарай.
МУУ ШҮҮ