Нийтлэл 11 сарын 04, 2015

Оршин тогтнохын тулд 'онц' байхаас өөр замгүй: Сингапурт хийсэн тэмдэглэл


 

Хиймэл арал дээрх зүлгэн дээр нь суугаад Сингапурыг ажиглaж байхад яг л харь гаригийн хотод ирсэн мэт сэтгэгдэл төрнө. Өөр ертөнцийн гэмээр этгээд дизайнтай эргэн тойрны архитектур нь нүдэнд нэг л содон. Ѳвөл зун, өдөр шөнө ч нэг хэвээрээ байх чийглэг бүлээн агаар нь бараг л саун шиг. Явсан ч суусан ч хѳлс урсгах 90% чийгшилтэй 33 хэмийн ийм халуунд толгой ажиллахгүй удааширч хамаг залхуу хүрнэ. Зүгээр л далайн эрэг дээр нь мөстэй сайдр шимээд дээшээ хараад хэвтэж байхыг бие организм маань шаардах мэт санагдана. Ажил хийх нь битгий хэл хоол идэх хүсэл ч төрөхгүй учир тропикийн бүсийн ийм цаг агаартай халуун орнууд ихэнхдээ ядуу буурай байдагт гайхах зүйл гарсангүй. Харин энэ зүй тогтлыг ганцаар эвдэн зѳгнѳлт кинон дээр гарсан ч болохоор ирээдүйн гэмээр энэ хотыг ямар тусгай хүмүүс нь босгочихов гэдэг гайхшрал ѳѳрийн эрхгүй тѳрнө…

Одоогоос яг 50 жилийн өмнө Сингапурыг тусгаар тогтноход анхны ерөнхий сайд Ли Кван Ю телевизийн өмнө уйлж байлаа. Гэхдээ энэ нь баярын нулимс биш байв. Хэдийгээр II дайны дараа Английн колончлогчид буцаж, Японы түрэмгийлэгчид явсан ч хүнсний дутагдал, орон байрны асуудал, үймээн самуун гэх мэт үй олон асуудал дунд хоцорсон сингапурчуудын ирээдүй тун бүрхэг байв. Тэр үед Сингапур хэн нэгний эх орон гэхээсээ тал талаас олон янзын хүн цугласан зочид буудал шиг л газар байж. Манай нэг сумаас бага хэмжээтэй энэ жижигхэн аралд байгалийн баялаг битгий хэл ундны ус ч байсангүй. Иймд цаашдын оршин тогтнолынх нь сүүлийн найдвар болсон Малайзтай нэгдэх төлөвлөгөө бүтэлгүйтэн “хүчээр” тусгаар улс болоход Ли Кван Ю ярилцлагаа түр зогсоогоод гашуун нулимсаа арчиж байв.

(Сонирхуулахад: Malaya + Singapore =Malaysia. Хэдийгээр Сингапур Малайзаас хөөгдөж гарсан ч si 2 үсэг нь нэрэнд нь хадгалагдаж үлджээ).

Харин тэр цагаас хойш хятад, малай, энэтхэг, араб тэргүүтэй үндэстнүүд нийлэн дэлхийд тэргүүлэх инновацийн эдийн засагтай энэ улсыг бүтээн босгоод, өнөөдөр америк япончуудаас ч хангалуун амьдарцгааж байна. Ѳнѳѳдѳр сингапурчуудын амьдралын түвшин хэр өндөрт хүрсэн нь F1-ийн уралдааны зам болгож ч ашигладаг угаачихсан юм шиг цэвэрхэн гудамжаар нь давхилдах шинэ загварын Ауди, Бенцүүдийг харахад л ойлгогдоно. Иргэдийнх нь 90% хувьдаа орон сууцтай болсон нь хөгжсөн орнууд дунд ч хамгийн өндөр үзүүлэлт бөгөөд маш сайн эрүүл мэнд, нийгмийн халамжийн тогтолцоотой сингапурчууд дундаж наслалтаараа (эрэгтэй 81, эмэгтэй 85) дэлхийд дээгүүрт орно. Хотод байгааг мартуулмаар паркуудтай, борооны усыг цуглуулж нойлоо урсгаж, нарны гэрлийг хуримтлуулж шөнө нь гэрэлтүүлгээ хийдэг дэлхийд байхгүй цэвэрхэн ногоон энэ газарт бохирдол зөвхөн гаднаас л хийсч ирнэ (Намайг байх үед Индонезээс ирсэн түймрийн утаа гол асуудал болж байсан). Ийнхүү сингапурчууд нэг хүнд ногдох ДНБ-ээ $500-аас $55,000 болгон 110 дахин өсгѳхдѳѳ нийгэм болон хүрээлэн буй орчны асуудлаа ч орхигдуулаагүй учир орчин үеийн хамгийн шилдэг хөгжлийн жишээ болжээ.

Сингапур ийнхүү хүний ажиллах, амьдрах, амрах орчныг дээд зэргээр бүрдүүлсэн ѳндѳр хѳгжилтэй улс болсон нь олон улсын бизнесийн нэг гол зангилаа төв болсны үр дүн юм. Дэлхийд #4 санхүүгийн төв болсон энэ хотод 120 гаруй банк байдгаас ердөө 5 нь л ѳѳрийнх нь дотоодын банк. Хотын төвийн тэнгэр баганадсан шилэн барилгуудад нь 7000 мультинационал компани цугласнаас 60% нь Азийн бүсийн төв офисоо энд байрлуулж. Сүүлийн 3 жил дарааллан ранкаараа олон улсад #1 гэгдэж буй Чанги нисэх буудалд гадна дотны 100 гаруй агаарын тээвэрлэгч үйл ажиллагаа явуулж, дэлхийн 300 хотын хооронд 50 сая гаруй зорчигчийг зөөнө. Зах нь харагдахгүй далайг хөлөг онгоцоор дүүргэсэн (ажил амралтын аль ч өдөр 1000 гаруй онгоц зогсож байдаг) боомт нь дэлхийн 120 гаруй оронтой холбогдож, ачааллаараа зөвхөн Шанхайн дараа л орно. Үнэтэй пиво (пинт нь $10 орчим), ѳндѳр торгуультай ( $350-aaс л эхэлнэ) бѳгѳѳд бохь зардагггүй, ТВ-ээр Sex and the City хориотой энэ хотыг үзэхээр жилд 15 гаруй сая жуулчин ирж гудамж талбай, зочид буудал, хоолны газруудад нь очер үүсгэнэ. Хэдийгээр Ром шиг түүхтэй, Нью-Йорк шиг алдартай, Токио шиг сайн үйлчилгээтэй биш ч жилд татдаг жуулчдын тоогороо тэднийг гүйцэж дэлхийд #4-т орсон нь Сингапур хэр гайхалтай вэ гэдгийн бас нэг нотолгоо болно.

Хэдийгээр дэлхийн газрын зураг дээрээс хялбархан олчихооргүй ганцхан цэг тѳдий ч Сингапур яагаад дэлхийн санхүү, бизнес, тээвэр, аялал жуулчлалын ийм төв болсон бэ гэдэг сонин. Дэлхийн далайн тээврийн 40% нь дайрч өнгөрдөг газарзүйн оновчтой байрлал нь тусалсан гэдэг тайлбар хамгийн түгээмэл. Англичуудын ѳвлүүлж үлдээсэн хуулийн сайн тогтолцоо, татварын таатай орчин бизнест чухал эерэг нѳлѳѳтэй байсан гэж үзэх нь ч бий. Эсвэл анхнаасаа ойр орчмын арал, улсуудаас худалдаа арилжаа эрхэлдэг арай овсгоотой сэргэлэн, хөдөлмөрч хүмүүс энд цугласан нь амжилтын түлхүүр болсон гэх. Ил тод засаглал, хэдэн арван жилийн турш тууштай явуулсан тогтвортой бодлого нь бусдын хүрч чадаагүй оргилд хүргэсэн гэх тайлбар ч олон.

Гэхдээ сингапурчууд яг ижилхэн байрлал, тѳстэй түүхтэй хөршүүдээсээ 10-30 дахин хангалуун амьдралд хүрчихсэн нь хачирхалтай биш үү? Мѳн сайн засаглал зөв бодлогоор явж ирсэн бусад хөгжсөн орнуудын ч атаархлыг төрүүлэхээр амьдралын түвшинтэй болсныг хэрхэн тайлбарлах вэ? Үнэмшилтэй сонсогдох ч дээрх тайлбаруудын аль нь ч энэ 2 асуултанд бүрэн хариулт ѳгч чадахгүй. Харин хэл соёл, угсаа гарал, шашин шүтлэгээрээ ялгаатай олон янзын хүн цугласан энэ хот-улсад “хаанаас ирсэн хэн бэ” гэхээсээ "юу чаддаг вэ" гэдгийг нь хамгийн ихээр үнэлдэг нь амжилтынх нь гол нууц юм.

Сингапурт сайдуудын боловсрол, өөр аль ч оронд байхгүй өндөр цалингаас нь харахад л авилгагүй гэгддэг тѳрийн албанд нь ч чадвар хэрхэн үнэлэгддэг нь харагдана (Ерѳнхий сайдынх нь жилийн цалин 1.7 ам.доллар. Америкийн ерѳнхийлѳгчийн жилийн цалин 400 мянган ам.доллар). Манай гаригийн өнцөг булан бүрээс цугласан шилдгүүд дундаас шалгарч гарч ирэхгүй л бол салбартаа дэлхийд тэргүүлэх гадаад дотоодын компаниудын офист нь багтаж шингэх орон зай мэдээж олдохгүй. Хөгжсөн орнууд дундаа хамгийн ѳндѳрт тооцогддог орлогын тэгш бус байдал нь хүртэл нэг талаар эдийн засгаа чирч явах чадвартай хүмүүс нь өсөлтийн үр шимийг хамгийн ихээр хүртдэгтэй нь холбоотой. Сингапурт хѳдѳлмѳрийн хѳлсний доод хэмжээ гэж байдаггүй нь энэ оронд чадваргүй л бол ажил хийсэн дүр үзүүлээд цалин авахгүй гэдгийг илэрхийлнэ. Гэхдээ бизнес эрхлэх боломжоор дэлхийд тэргүүлдэг учир чадвартай бол шударгаар баяжих нь ч нээлттэй.  6 гэр бүлийн 1 нь бэлэн мөнгөөр долларын саятан, Феррари Ламборгини г.м үнэтэй машины нягтралаар дэлхийд хамгийн ѳндѳр энэ улсад чадвартай, хѳдѳлмѳрч хүмүүст хязгааргүй их боломж бий.

Угаасаа газраа ухаад баялаг гарахгүй Сингапурт тархиа уудлан баялаг бүтээх чадвар л цаашид оршин тогтнох үндэс нь болох тул чадварыг юу юунаас илүүд үзэхээс ч өөр аргагүй. Нийт нутгийн 20% нь хиймэл арал энэ оронд далай тэнгисийг газар болгон хувиргаж байхгүй боломжийг ч бий болгоно. Уртаашаа 25 км арлынх нь нѳгѳѳ захад хүрэхэд заавал нисэх шаардлагагүй байтал Singapore Airlines зах зээлийн үнэ цэнээрээ дэлхийд #2-т орох агаарын тээврийн компани болсон нь сингапурчуудын тархиа ажиллуулах чадварын л үр дүн. Газрын тос гарах нь бүү хэл ундны усаа Малайзаас зөөдөг улс дэлхийд эхний 3-т орох нефть боловсруулах төв болсон нь мөн л адил шалтгаантай. 5.5 сая хүнтэй хязгаарлагдмал зах зээлтэй ч дэлхийн бизнесийн төв болсон хамгийн нѳлѳѳтэй хотуудын нэг болж чадсан нь ч мөн л сингапурчуудын толгойны чадварыг л харуулж буй хэрэг.

Ингэж байгаа боломжоо бүрэн ашиглаж, шинэ боломжийг сэдэн сул талаа нѳхѳх оюуны чадвар дээр тогтдог эдийн засгийг авч явах хүмүүсийг боловсролгүйгээр бүтээх аргагүй. Тийм ч учраас Сингапурын дунд сургуулийн сурагчид нь дэлхийд шилдэгт тооцогдож, их сургуулиуд нь ранкаараа Ази тѳдийгү дэлхийд урагшилсаар байгаа нь санамсаргүй зүйл огт биш:

  • OECD-ийн дунд сургуулийн сурагчдын математик, шинжлэх ухааны тестийн ранк 2015: Сингапур #1, Финлянд #6, Америк #28 Орос #34
  • QS дэлхийн их сургуулиудын ранк 2015: National University of Singapore Азид #1, Дэлхийд #12 жагсаж байгаа бол Nanyang Technological University Азид #2, Дэлхийд #13-т жагсаж байна

Ийнхүү Сингапурын талаар яриа дэлгэхэд “дэлхий”, “тэргүүлэх” гэдэг 2 үгийг ашиглахгүйгээр ганц ѳгүүлбэр бичихэд ч хүндрэлтэй. "Маш их ѳрсѳлдѳѳнтэй энэ дэлхийд Сингапур оршин тогтнохын тулд ямар байх хэрэгтэйг ганц үгэнд багтаавал ОНЦ байх" гэж Ли Кван Ю хэлсэн нь ѳнѳѳдѳр аль хэдийнээ биеллээ олжээ. Ер нь ямар ч ашигтай байрлал, сайн хууль, таатай тууштай бодлого, овсгоо сэргэлэн зан байгаад сингапурчууд ѳѳрсдѳѳ “онц” байгаагүй бол англичуудыг анх угтсан загасчны тосгоныг зөгнөлт кинон дээр гардаг шиг өнөөгийн хот болгон хувиргаж чадна гэж үү?

 

Харин монголчууд уушиг царцаам хүйтэн ѳвѳлтэй газарт ирээдүйн юм шиг хотыг бүтээхийг хүсвэл сингапурчууд шиг байхгүй боломжийг ч бий болгох оюуны онц чадвартай байх ёстой. Ингэж чадахгүй байлаа гэхэд ядаж нүүрсний утаа эсвэл цэвэрлэх байгууламжийн өмхий үнэртдэггүй хотод амьдрахын тулд монгол хүн ямар байх хэрэгтэй юм бол гэдэг бодол ѳѳрийн эрхгүй тѳрж байлаа...

 

 

Сэтгэгдэл бичих

    • доко
    • 2017-01-25

    маш сайхан бичжээ, анх удаа явах гэж байгаан хэрэгтэй мэдээлэл байна. Өртөг зардлыг нэмээд оруулсан бол бүүр сайн байлаа

    • Зочин
    • 2015-11-11

    Гайхалтай. Монголчууд хүн бүр улс төрийг ч, ирээдүйгээ ч, урдах амьдралаа ч бүгдийг нь бодож, тунгааж, бас өөрийн ухаанаа уралдуулж, хамгийн гол нь нийтээрээ идэвхтэй байж, зөв удирдагчдыг (яг л Синга шиг) сонгож байж л хөгжих юм байна.

    • С.Гантулга
    • 2015-11-06

    Сайхан мэдээлэл байна. Сингапурын талаар бас Дубайн талаар бичээрэй. :-)

    • Xi Jinping yamar uruvdmuur tsalin avdiin ve, herev ene unen bol.
    • 2015-11-05

    Gaihav

    • Зочин
    • 2015-11-05

    Sonirholtoi bailaa emne ni Singad ochihdoo ene buhniig harj baharhaj yavlaa baga surguulias ni ehleed Eruul shudtei amidrah chadvartai Hun bolgoh buh hetelber baidag manai uls Turshlagaas ni heregjuulbel sainsan

    • Заяа
    • 2015-11-05

    6 сарын 17 нд Шерил төржээ.

arrow icon