“Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан*”-д Монгол Улс өрсөлдөх чадвараар 144 орноос 98 дугаарт эрэмбэлэгдсэн нь өмнөх жилээс 1 байраар ухарсан үзүүлэлт
байлаа. Манай улсын өмнө Зүүн өмнөд Азийн буурай хөгжилтэй орнууд болох Лаос, Камбодж, нэг гараанаас зах зээлийн эдийн засагт шилжсэн Казакстан, Таджисктан, Азербайжан, Армен зэрэг төв Азийн улсууд, тэрчлэн Алжир, Намиб, Кени зэрэг Африкийн орнууд эрэмбэлэгдсэн байна. Эдгээр улсууд аль талаараа биднээс илүү байгаа нь сонирхол татсан асуудал бөгөөд бид бодлого боловсруулах түвшинд сул талаа тодорхойлж, хөгжлийн стратегидаа тусгах, анхааралдаа авах ёстой .
Дэлхийн тавцан дээрхи томоохон тоглогчид болох АНУ, БНХАУ болон буурал Европын өмнө Сингапур, Швейцарь, Хонг Конг зэрэг орнууд эрэмбэлэгдэж байгаа нь хөгжлийн стратеги зөв чиглэлтэй, хөрөнгө оруулагчдын сонирхлыг нэн тэргүүнд татах орчинг бүрдүүлснийг илтгэж байгаа хэрэг юм. Өдгөө эдийн засгийн орчинд том нь шилдэг гэсэн ойлголт улам бүр улирч, бүтээмж, ирээдүйн потенциал, нээлттэй байдал, өөрчлөлтөд дасан зохицох чадвар зэрэг нь өрсөлдөөний гол давуу тал болж байна.
Монголын банкны салбарын хөгжил зарим талаар улсын нийгэм, эдийн хөгжлөөс түрүүлсэн гэж дүгнэж болно
“Мөнгө бол макро микро эдийн засгийг холбогч судас юм.”
гэсэн үг бий. Банкны салбар нь мөнгө эргэх орчин бүрдүүлж, улсын эдийн засгийн тулгуур багана болж байдаг. Эдийн засгийн хил хязгаар улам бүдгэрэхийн хэрээр хамгийн түрүүнд банк санхүүгийн орчинд олон улсын стандартууд нэвтэрч, улам бүр нээлттэй болсоор байгааг бид боломж хэмээн харах ёстой ч үүнд бэлэн байх нь хамгаас чухал.
Ийм өөрчлөлтөд бид бэлэн үү? Монголын Банкны Холбоо ийм асуултад хариулт өгөх нэгдсэн тоо баримт дутагдалтай байгааг харгалзан Монгол Улсын банкны салбарын Азийн бүс нутагт өрсөлдөх чадвар-ын судалгааг гаргасан юм. Судалгаа хоёр үндсэн зорилготой. Нэгд, манай улсын банкны салбар өрсөлдөх чадвараар хаана эрэмбэлэгдэж буйг тодорхойлж, манай өмнө болон хойно эрэмбэлэгдэж буй орнуудтай харьцуулж ерөнхий чиг баримжаа авах, хоёрт улс бүртэй харьцуулсан шинжилгээгээр давуу сул талаа гаргаж, цаашид анхааралдаа авах шаардлагатай асуудлыг тодорхойлох.
Судалгаанд Зүүн ази, Зүүн өмнөд Ази, Төв Ази, Номхон Далайн нийт 25 орны үзүүлэлтүүдийг харьцуулан авч үзсэн бөгөөд эдийн засгийн чадавхийн хувьд “Өндөр хөгжилтэй”, “Дунд болон дундаас дээгүүр орлоготой”, “Хөгжиж буй” орнуудын төлөөллийг хамруулсан болно. Дата баримт олдоц дутуу Ойрхи Дорнод болон Арабын орнууд, мөн иргэний дайн, зөрчил мөргөлдөөн бүхий улсууд уг түүвэрт ороогүй.
Банкны салбарын өрсөлдөх чадварыг 10 бүлэг (ашигт ажиллагаа, эрсдэл, үнэ тогтоолт, үр нөлөө ба хүртээмж, дэд бүтэц, макро эдийн засаг, хууль эрх зүйн орчин, банк бус санхүүгийн салбар, хүн ам, нийгмийн хөгжил, Засгийн газрын үйл ажиллагаа), 50 шалгуур үзүүлэлтийг ашиглан гаргасан.
Нийт 25 орноос Монгол Улсын банкны салбарын өрсөлдөх чадвар 14-т бичигдсэн.
Эдгээр орноос ердөө 4 нь дэлхийн өрсөлдөх чадварын эрэмбээр манай улсын хойно эрэмбэлэгддэг. 5 орон нь зээлжих зэрэглэлийн хувьд Монгол Улсаас доогуур үнэлгээтэй. Ийм бүлэгт 14-т эрэмблэгдэхийг үзвэл Монголын банкны салбарын хөгжил зарим талаар улсын нийгэм, эдийн засгийн хөгжлөөсөө түрүүлж явна гэж дүгнэж болно. Хөгжлийн зам мэдээж дардан байгаагүй. 90 жилийн түүхтэй банкны салбар түүхэн хөгжлийнх нь явцад нийтдээ 17 банк дампуурч, 1998 болон 2008 онуудад системийн хэмжээний 2 удаагийн хямралыг даван туулсан
ы эцэст 13 банкны 1400 гаруй салбар нэгж, 14 мянга гаруй ажилтнаар дамжуулан үйл ажиллагаа явуулдаг том салбар болжээ. 2013 оны эцсийн байдлаар салбарын хөрөнгийн** 95 хувийг арилжааны банкууд эзэлж байгаа бол ДНБ-ий 50 орчим хувийг арилжааны банкууд санхүүжүүлж байгаа нь 2000 онтой харьцуулахад даруй 10 дахин өссөн дүн
юм. Монголын эдийн засагт үнэмлэхүй жин дарж буй энэ салбарын Азийн бүс нутагт өрсөлдөх чадварын хувьд ашигт ажиллагаа, эрсдэл, санхүүгийн салбарын хүртээмж зэрэг үзүүлэлтүүд эерэгээр нөлөөлсөн бол эдийн засгийн орчин, банк бус санхүүгийн байгууллага зэрэг үзүүлэлтүүд сөргөөр нөлөөлжээ. Өрсөлдөх чадварт нөлөөлсөн хүчин зүйлсийн тухай дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
------------------------------------------------------------------------
* Дэлхийн Эдийн Засгийн Форумаас эрхлэн гаргадаг
** Санхүүгийн салбарын актив
Сэтгэгдэл бичих