Нийтлэл 11 сарын 12, 2015

ХӨГЖИХИЙГ ХҮССЭН ХҮН БҮХЭНД ХЭРЭГТЭЙ ЗӨВЛӨМЖ

Нэгэн алдартан хэлэхдээ

‘Хүн өөртөө өчүүхэн ч гэсэн сэтгэл хангалуун бус байх юм бол хичнээн том амжилтанд хүрсэн ч гэсэн аз жаргалтай байж чадахгүй’

хэмээсэн байдаг. 

Тэгвэл хүн ямар тохиолдолд өөртөө сэтгэл хангалуун бус байдаг вэ? Санасан хэмжээндээ хүртэл, би ийм байж чадна гэж бодсон тэр хэмжээндээ хүрч чадахгүй байх тэр л үед хүн өөртөө сэтгэл хангалуун бус, байгаа байдалдаа сэтгэл дундуур, аз жаргалаас хол байдаг. Өөрөөр хэлбэл хүн үргэлж хөгжиж дэвшиж, урагшилж, суралцаж өөрийгөө сайжруулж байх хэрэгтэй.

 

УНШИХ ХЭРЭГТЭЙ

“Одоогийн залуучууд ч ном уншихаа огт больжээ” гэх харууссан бас гунигласан энэ үгсийг хаа нэгтээ, хэн нэгэн хэлж байхыг та сонссон байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Яагаад харуусаж байна вэ гэвэл ном ямар гайхалтай бүтээл вэ гэдгийг тэд мэдрээд өнгөрсөн болохоор тэр. Амьдралын анхны хүмүүжил эцэг эхээс гэр бүлээс ирдэг бол хоёрдогч үндсэн хүмүүжлийг олгодог хэрэгслийн нэг нь ном.

Хэрвээ хэн нэгэн таны мэдэхийг хүсч буй зүйлийг 10 жил судлаад, дүгнэлт хийгээд ном биччихсэн байхад та тэр номыг худалдаж аваад 10 өдөрт уншаад тэр зэргийн мэдээлэл, мэдлэгийг олоод авчихвал сайхан биш гэж үү? Та илүү олон ном унших тусам асуудлыг олон талаас нь харж, сонссон үзсэн бүхэндээ сохроор итгэх бус эргэцүүлэн бодож цаашлаад авсан мэдлэг мэдээллээ амьдралдаа бодитоор тусгах гэх мэтчилэн тоо томшгүй давуу тал номонд бий.

Ном унших гэхээр цаг их ордог, заавал номын сан, номын дэлгүүр орох хэрэгтэй болдог гээд шалтаг тоочиж болно л доо. Гэхдээ энэ шалтагууд бүгд бодит бус. Бүтэн ном 200-300 хуудастай, дундаж хурдаар 3 долоо хоногийн дотор уншиж дуусахад та өдөрт ердөө л 30 минут зарцуулахад хангалттай. Мөн мэдээлэл технологийн гайхамшигт ололтууд биднийг гэрээсээ гаралгүйгээр интернэтээр хүссэн номоо авах боломжийг бүрдүүлсэн, тэр байтугай хэдэн зуун номыг бяцхан электрон ном уншигчид суулгаад хаана ч авч явах боломж бидэнд байна.

Ямар төрлийн ном унших вэ гэдэг бол маш чухал. Нэгэнт л хэзээ ч эргэж олдохооргүй эрдэнэт цагаа та ном уншихад зарцуулж байгаа болохоор цаг хугацааны үнэ цэнэтэй дүйцэхүйц мэдлэг, мэдээллийг та уншсан номоосоо авч байх хэрэгтэй. Ихэнх хүмүүсийн унших дуртай ном нь адал явдалтай, хайр дурлалтай детектив эсвэл романтик жанрын зохиолын номнууд байдаг. Гэвч энэ төрлийн номнууд таны амтархан идэх дуртай чихэртэй л адил үйлчилгээтэй өөрөөр хэлбэл хоромхон зуурын сэтгэлийн таашаалыг танд авчирна. Тиймээс энэ төрлийн ном уншихаас зайлсхийх хэрэгтэй. Сонгодог уран зохиол, гүн ухаан, алдартай хүмүүсийн намтар, мэргэжлийн номнууд, түүх, хувь хүний хөгжил зэрэг сэдвээр түлхүү унш. Ийм номнуудаас та урагшлах, хөгжих, сайжрах арга замуудыг нээн амьдралыг харах өнцгөө бүтэн өөрчилж болохуйц үнэ цэнэтэй мэдээлэл, мэдлэгийг илүү олж авах болно.

Сануулж нэг зүйлийг хэлэхэд ном уншлаа гээд автоматаар бүх зүйл өөрчлөгдөхгүй, бас та хөгжихгүй. Уншсанаа зөвхөн ухаандаа хийгээд орхих бус амьдралдаа хэрэгжүүлэх хэрэгтэй тэгж байж л жинхэнэ гайхалтай үр дүнг бий болгож чадна.

 

СОНСОХ ХЭРЭГТЭЙ

Энэ хорвоо дээрх ихэнх хүмүүс ойлгохын тулд бус хариулахын тулд сонсдог гэж нэгэн зохиолч өгүүлсэн байдаг. Өөдөөс тань хараад сууж байгаа хүнийхээ яриаг ‘сонсож’ сурна гэдэг үнэхээр тийм ч хялбар биш. Учир нь хүний бодол гэдэг өөрөө хамгаас тогтворгүй зүйл шүү дээ. Өдөртөө л хэдэн арван мянган бодол бидний тархинд эргэлддэг гэсэн судалгаа бий. Энгийн жишээ өгүүлэхэд л бид харилцагч хүнийхээ яриаг анхааран сонсож эхлэх боловч тун удалгүй өчигдөр болсон зүйлс, маргааш хийх зүйлс эсвэл бүр хамаагүй урд нь болсон зүйлс бодолд орж ирэх, утас дуугарах зэрэг бодол санаа тань хөврөн одох мөчүүдтэй та зөндөө л таарсан байх. Үүнээс болоод бидний анхаарлын түвшин сарниж, тэр хэмжээгээрээ ойлголт буурдаг.

“Өөдөөс тань харж суугаад ярьж байгаа тэр хүнтэй энэ дэлхий дээрх цорын ганц хүнтэй ярилцаж буй мэт ярилц тэгж байж л жинхэнэ харилцаа тэнд бий болдог юм”

гэж Морри багш хэлсэн  байдаг. Та магадгүй яаж гэж гайхаж байгаа байх л даа. Тэгвэл хариулт нь тун энгийн зүйлсээс бүрддэг гэвэл бүр ч илүү гайхах байх.

 

Та маш чухал дуудлага хүлээгээгүй л бол гар утсаа нүднээс хол, харагдахааргүй газар хий. Технологийн эрин зуунд амьд харилцааг үгүй хийж буй нэг гол зүйл бол яах аргагүй бидний гар утас.

Ярилцагч хүнийхээ өөдөөс нь эгц харж байгаад ярих хэрэгтэй бас үргэлж биш ч нүдрүү нь бас харж бай. Тэр хүн хэр чухал зүйл ярьж байгаа вэ гэдгийг та нүүрнийх нь хувирлаас бас дууны өнгө өндөрсөж намсах гэх мэтээс төвөггүйхэн мэдэж болно.

“Эхлээд сонс дараа нь хариул, эхлээд өг дараа нь ав.” Энэ хүн юу хэлээд байна вэ би юу гэж хариулах вэ гэдэгт бус зөвхөн энэ хүн юу ярьж байна вэ гэдэгт л бүх анхаарлаа төвлөрүүл. Өөрөөр хэлбэл таны хамгийн чухал зорилго бол ойлгоход байх ёстой. Гагцхүү бүрэн гүйцэд ойлгож чадсан цагт л та жинхэнэ оновчтой хариултыг өгөхөд бэлэн болно.

Эцэст нь хэлэхэд “эрдэмтэй хүн даруу, их мөрөн дөлгөөн” гэсэн ардын минь сайхан үг бий. Хэн илүү их ярьснаараа бус хэн илүү сайн сонсож, илүү ихийг сурч, илүү оновчтойгоор бага ярьж чадсан бэ гэдэг нь амжилт уналтын ялгааг бий болгодог маш чухал хөшүүргүүдийн нэг юм шүү.

Танд амжилт хүсье!

 

Сэтгэгдэл бичих

arrow icon