Нийтлэл 11 сарын 15, 2015

Мэргэжлийн ёс зүйтэй эсэхийг шалгах асуулт

Мэргэжлийн ёс зүй хамгийн чухал гэдэгтэй маргах хүн ховор биз. Өнгөц харахад ёс зүйн асуудал энгийн мэт боловч бодит амьдрал дээр нэлээн ярвигтай асуудлын нэг байдаг. Учир нь шууд хар, цагаанаар ялгахад зарим тохиолдолд хүндрэлтэй.

Дараах 2 асуултад хариулж өөрийгөө хэр ёс зүйтэйгээ шалгаад үзээрэй. Зөвхөн нэг зөв хариу бий.

  1. Та тендерийн хорооны гишүүнээр томилогдлоо. Дөнгөж сая сайн найз нь залгаад таны шалгаруулах тендерт орох гэж байгаагаа хэлээд дэмжлэг хүсэв. Та найзыгаа дэмжих үү?
    1. Тийм, дэмжинэ. Манай сайн найз, дээрээс нь ажлаа сайн хийдгийг нь би мэднэ.
    2. Тийм, дэмжиж болно. Би ямар ч хахууль аваагүй учир шударгаар шалгаруулна.
    3. Үгүй, дэмжихгүй. Ашиг сонирхлын зөрчилтэй гэдгээ мэдэгдээд тендерийн шалгаруулалтаас өөрөө татгалзана.
    4. Үгүй, дэмжихгүй. Манай найз учраас ашиг сонирхлын зөрчилтэй гээд найзыгаа тендерээс хасна.
    5. Аль нь ч биш.
  2. Та нэг том дүнтэй гэрээнд гарын үсэг зурав. Гэрээ авсан компанийн захирал талархал илэрхийлэнгээ гэр бүлээрээ гадаадад аялах урилга танд өгөв. Та
    1. Урилгыг авна, учир нь гэрээг хэдийн эцэслэсэн учир миний шийдвэрт нөлөөлөөгүй - хахууль биш.
    2. Урилгыг аваад өөрөө явахгүй, гэр бүлээ явуулна.
    3. Урилгыг авна, мөнгө биш учир хахуульд тооцогдохгүй.
    4. Байгууллагадаа мэдэгдээд зөвшөөрвөл урилгыг авна.
    5. Урилгыг авахгүй, хахууль мөн.

 

Сэтгэгдэл бичих

    • Бямбаа
    • 2015-11-21

    1.1. Буруу. Тендерт оролцогчид бүгд ижил шалгаруулалтаар дүгнэгдэх ёстой. Найзын хүрээнд олж авсан мэдээллийг ашиглах боломжгүй 1.2. Буруу. Хахууль аваагүй ч хэн нэгэнд давуу эрх олгох, дэмжлэх үзүүлэхийг хориглоно. 1.3. Зөв. Ашиг сонирхлын зөрчилтэйгээ дэлгээд шалгаруулалтаас татгалзах ёстой. 1.4. Буруу. Таны найз учраас тендерт оролцох эрхийг нь хязгаарлах үндэслэл байхгүй. 1.5. Буруу. 2.1. Буруу. Хувьдаа ямар нэг давуу байдал, ашиг хонжоо үүсгэж байгаа бол хахууль мөн. 2.2. Буруу. Дээрхтэй адил. 2.3. Буруу. Дээрхтэй адил. 2.4. Буруу. Байгууллага зөвшөөрсөн ч мэргэжлийн ёс зүйн дүрмээр буруу тул ёс зүйн дүрмээ дагана. 2.5. Зөв. Хахуульд тооцогдохоос гадна нэгэнт өндөр үнэтэй урилгыг авснаар та цаашид гэрээний гүйцэтгэл дээр шаардлага тавьж чадахаа болино гэсэн үг. Энэ нь танай байгууллагад сөрөг нөлөөтэй. Санхүү, нябо, хөрөнгө оруулалт, төслийн удирдлага гээд мэргэжлийн ёс зүйн дүрэмд тухайн дүрэм болон хуульд заасан зохицуулалтын аль хатууг нь баримтлана гэж заасан байдгийг санаарай.

arrow icon