Нийтлэл 11 сарын 22, 2015

Яг ижилхэн түүнийг 570 унаад тансаг харш бариад эхэлмэгц...

Ёс суртахууныг задалдаг нян маш аюултай халдвартай юм байна. Агаар дуслаас ч илүү, харах үзэгдэх, сураг дуулдах төдийд халдварладаг юм байна.

Ганц хоёр жишээ гэхэд:- Яг ижил нөхцөлд, адилдаа адил, годилдоо годил цалингаар өдөр хоногоо адилхан торгоолцож явсан нэг нь гэнэтхэн нүдэн дээр нь 570 унаад, тансаг харш бариулаад эхэлмэгц, тэр болтол тэсэж, тэвчиж, цээрлэж хориглож байсан бусад нь боломж гарвал л төсвийн халаас руу гараа ахиухан хийгээд авах нь зөв юм байна гэсэн дотоод итгэл үнэмшилтэй болно.

- Яг ижил түвшний, магад ч үгүй өөрөөс нь дор чадвар, туршлагатай нэгэн гэнэтхэн төрийн сайд болоод дэнхэлзээд, данхалзаад, орой бүр ТВ-ээр малилзаад эхэлмэгц бусдынх нь тэсгэл алдарч, гэнэтхэн аль нэгэн намын үзэл суртлыг учиргүй ойлгож дэмждэг болж хувираад, аль нэгэн улс төрчийн хонжогыг эгзэг нь таарвал олж долоочих гээд уралдчихна.

- Яг ижил нөхцөлд аж төрөх, амьдрах гээд үхэлдэн тэмцэлдэж явсан нэгэн нь гэнэтхэн брэнд яриад, тив далайг гатлан нисээд эхлэнгүүт зүгээр өмнөх ажлаа хийж байсан хүмүүс гэнэтхэн хийж чадахаа байгаад ямар ч хамаагүй аргаар гэнэт цөм цөм баяжчих ухаан сүйхээ эрж хайгаад далжигнацгаачихна.

- Ялихгүй гавьяатай, шалихгүй чадвартай нэгэн гэнэтхэн төрийн одон медаль энгэртээ гялалзуулаад, элдэв гавьяат, төрийн алдартан болж мандаж бадраад эхлэнгүүт яг адилхан, магадгүй түүнээс ялигүй илүү гавьяатай бүхэн бүгдээр байж сууж чадахгүй болцгоож, хороо хорин сум дүүргийн ИТХ, Ерөнхийлөгчийн Тамгын газрыг элдэв одон медаль, алдар гавьяатны цол, гуншин горилсон тодорхойлолт, өргөдөл, гуйлт хүсэлтээр цаасан зуд мэт дарчихна.

- Яг ижил нөхцөлд бүгдээрээ зам дээр хаашаа явж буйгаа мартталаа таг түгжирчихээд үүрэглэн ахуйд гэнэтхэн нэг нөхөр урсгал сөрөөд урдуур нь дайраад, эсвэл хажуугийн брожор дээгүүр дамнуулаад явган хүний замаар дайраад ороод ирэнгүүт бүгдээрээ нүх сүв бүхнээр сигнаалдаад дайралцацгаачихна.

- Яг адилхан өвлийн хүйтэнд түлэх түлээгүй чичирч суусан хоёр айлын нэг нь гэнэтхэн орой бүр уут уутаар нь нүүрс чирч ирээд, халуу дүүгэсэн гэртээ таатай тавиун бужигнаад эхлэнгүүт өнөөх нь тэсэлгүй нөгөөгийнхөө явсан зам мөрөөр явж, нийтийн уурын зуухнаас зөөдөг хулгайн жимийг нэгээр нэмнэ.

- Яг ижилхэн ээлжийн хоёр сувилагчийн нэг нь гэнэтхэн өр зээлээ дараад, өмсдөг зүүдгээ засаад эхлэнгүүт нөгөөх нь тэсэлгүй өвчтөнүүдэд бичсэн үнэтэй, үйлчилгээ өндөртэй эм тарилгыг үнэгүй, үйлчилгээ муутайгаар нь солиод эхэлнэ.

- Хөөрхий эрдэм чадал мөхөсдүү ч эрээгүй нэгэн гэнэтхэн эрдэмтэн, доктор, профессор болчоод, энд тэнд лекц тавиад, энгэрт нь элдэв гялгар юм харагдаад эхлэнгүүт түүнээс өөрийгээ илүү гэж тооцдог бүхэн бүгдээр ямар ч хамаагүй, юунд ч хүртээлгүй олон сэдвээр гэнэтхэн доктор моктор болж моодорхоод, дог царай гаргацгаагаад эхэлнэ.


Үр дүнд нь

Бүгдээрээ ёс суртахууныг задлагч нянгаар ноцтой өвчилцгөөж, тамын тогоо луу ар араасаа нисэцгээх аж. Харин тийн өвчилснөө ер мэддэггүй, мэдэрдэггүй нь энэ өвчний хамгийн аюултай тал нь юм. Хүний оюун сэтгэлгээн дэх үнэт зүйлийн эрэмбийг алдагдуулж, сэтгэл зүрхэн дэх өөрийгөө үнэлэх үнэ цэнийн дархлааг эвдэж орхидгоороо энэ өвчин яг ДОХ шиг аюултай, бараг эмчилгээгүй шахам... халдварлах нь цар тахлаас ч хурдан шуурхай юм.

Ер нэг ийм нийтийг хамарсан хачин уур амьсгал их түгээмэл байна.  Энэ бол чөлөөт өрсөлдөөн биш, харин чөлөөт уналт юм. Миний л мэдэхээр бид 25 жил уналаа. Харамсалтай нь бид энэ мэт уналтаа зах зээлийн зарчим, өрсөлдөөн гэж эндүүрч ирэв дээ.  Уг нь гялалзтал хийж бүтээгээд, амжилт ололт нь бялхаад ирсэн нэгнийхээ амжилтаар бахархаж, суралцаж, түүнээс дутахгүй, бүр илүү ихийг хийж, үйлдэж, баялаг бүтээх хүсэл эрмэлзлээр бялхаж байх нь чөлөөт өрсөлдөөн баймаар. Харамсалтай нь тийм зүйл хомс юм. Байх нь байна, гэхдээ даанчиг хомс харагдана.

Энэ мэт аливаа ёс суртхууныг задлагч хоруу ихт нянгийн голомт нь хаана байна вэ гэвээс уг нь их хол эрж хайж, төвөг чирэгдэл боломгүй, амархан харагдана. Ердөө л шударга бус шийдвэр, шударга бус үйлдэл, шударга бус үзэл хандлагад байна. Ялангуяа нийгмийн оюун санааг манлайлж буй "элит"-үүд,  намууд, улс төрч болоод эрхэм ажил хэрэгч бизнесмэн лидерүүдийн зүгээс ийм нян маш хүчтэй тархаж, үндэстний оюун санааг хордуулж байна. Загас толгойноосоо эхэлж мууддаг, хүний нийгэм толгойноосоо өтдөг бололтой юм. Одоо тэгээд яалтай ч билээ, өтчихсөн юм гээд толгойгоо тайраад хаячихалтай нь биш... Тэгж тайрч хаяад гамшигт үр дагаварт хүрсэн түүхэн сургамжийг бид бүгдээр мэднэ. Түүхийг донсолгосон, цус урсгасан их хувьсгалууд бол мөн чанартаа ердөө л илжирсэн толгойгоо тайрч хаясан үйл явцууд юм. Өнөөдөр харин энэ мэт илжирсэн толгойг эргэлзээгүйгээр хяргаж хаях тухай илээхэн экстремист, хувьсгалчирхаг үг яриа их дуулдах болсон. Би л хувьдаа түүнийг зөвшөөрөмгүй. Толгойгүй болчихвол тонгорцоглож унаад хэцүүднэ биз дээ. Тэгснээс засаж эмчлэн, бохир цэврийг ялгах нь чухал байна. Хэрхэн яаж вэ гэдгийг чухам ард олны оюун билэг, зовлонг туулж хаширсан ухааны цараа л мэдэх хэрэг. Боломж бол бий... Шударга сонгуулиар, шударга хүмүүсийг олж сонгоно гэдэг галзуу бухын чив шүүрч барихтай адил нэн хэцүү, тийм цаг үе. Гэхдээ л өөр сонголт байхгүй, хэцүү ч гэсэн хичээж үзэх, бага ч болов өөрчлөлт, засвар, сиймхий, цэвэр агаар оруулах л хэрэгтэй байна.

Хүмүүн төрөлхтний нийгэмшиж ирсэн үйл явцыг эргэж сонжвол ямар ч нийгэм толгойгоо дориун сайн эмчилсэн туршлага их бага байх юм. Хаант засаглал, ардчилсан, эс бол харгис дарангуйлагчтай, коммунист, социал-демократ нь, ер ямар ч шинж төрхийн толгойтойгоос үл хамааран энэ толгой байнга л өвчилж, өтөж, илжирч байдаг, тиймээс байнгад л их бага ямар нэгэн хэмжээгээр засвар хийгдэж, заримдаа ч хайр найргүй тасдан хаяж ирсэн байх. Гэхдээ энэ нь огт засвар эмчилгээ хийх хэрэггүй гэсэн үг биш, байнгад эмчилж, тордож байх боломж нь ард олны чөлөөт сонголтод байдаг шиг ээ.

Хүн төрөлхтний түүхэнд энэ толгойг нэгэн удаад тун дориун сайн эмчилсэн туршлага бол харин монголчууд бидэнд бий шүү. XII зууны төгсгөлд Монголын өндөрлөгт агч овог аймгуудын үймээн, булаалдаан, ард олны бужигнаан өнөөгийнхтэй их төстэй. Хаа сайгүй урвалт, улайлт, шударга бус явдал, атаа жөтөө, жалгын явцуу өчүүхэн эрх ашиг, булаалт, бусармаглал бүхэн биеллээ олж байж. Тэр цагт тэр бүхнийг тэсвэрлэж дийлэхээ байсан нэгэн эр зоригтон эрслэн өндийж, өөр шигээ итгэл үнэмшилтэй, хөг аялгуу нийлдэг хүмүүсээр өөрийгөө тойруулан бат нягтарч, юунд дийлдэмгүй хүчирхэг цул болон чангарч, улмаар тэр бусармаг бүхнийг ид хав, шударга үнэнд итгэх итгэл үнэмшлээр ханартал дагуулж, итгэж үнэмшиж чадаагүйд нь аянга цахилгааных мэт хүчит илдээр үнэнийг тулган хүлээлгэж, өвдөг сөхрүүлж чадсан юм. Одоо бол бид энэ түүхээ зөвхөн санаа алдан дурсах төдий л байх шив. Заримдаа ч дурсах нь буруу ч болох шахна.

Мэдээж  ёс зүйн хүчирхэг дархлаатай, мөн цаг зуурын үзэгдлийн мөн чанарыг таньж мэдсэний тул энэ мэт булингарт урсгалд автан урсдаггүй тэсэж тогтоод үлдэх цэгээ олж чаддаг хүмүүс бас байна аа байна. Гэвч тэд цөөн юм, харамсалтай нь цөөн юм. Цөөний дээр нийгмийг нийтэд нь хамарсан энэ их ёс суртахуунгүй бужигнааны лай ланчигийг зөвхөн тэд л нуруун дээрээ тээж үүрэх ёстой болдог учир тэсвэрлэхүйеэ бэрх байх аж... 

Нэг ийм зүйл үзэгдэж харагдаад нойр хулжаагаад байх ...

Сэтгэгдэл бичих

    • хрррр
    • 2015-11-25

    Энэ бол социализмын үр дагавар шүү дээ. Зах зээлийн нийгэмрүү шилжсэн боловч бид социализмын эд эсийг авч үлдсэн. Срциаилст нийгэмд баяжих эрх нь байгаагаагүй хүмүүст зөвхөн тэр эрхийг нь өгөөд социализм тэр чигээрээ үлдсэн. Өөрөөр хэлбэл чөлөөт өрсөлдөөн нэртэй ч данхайсан хүнд том сурталттай төртэй. Төр бүхнийг шийддэг тэр систем нь хэвээрээ төр д ажилладаг амархан баяждаг болсон. Энэ бол зах зээлийн системийн буруу биш. Том төрөөс жижиг төрлүү. Өөрөөр хэлбэл төрд ажиллабал ашиггүй байдаг төрлүү шилжих хэрэгтэй. Номинчимэд гэдэг хүн социализм сайхан байсан гэж хуучинаа санагалздаг хүн. Одоо бүх хүний хөрөнгийг хураагаад нийгэмийг тэгштгээд дахиад социализмаа байгужлаад үзэлдээ

    • малчин
    • 2015-11-23

    үнэн үнэн манай тамын тогооны монголчууд ч хэцүү шүү дээ

arrow icon