Нийтлэл 11 сарын 26, 2015

Хэрэлдээд нэмэргүй хэл

-Би бол хүн
гэж та өөрийгөө боддог уу? Тийм бол тэр үндэслэлээ үзүүлээдэх.


А бол В юм"  гэдгийг бид  "А бол В-д харъяалагддаг" гэдэг утгаар хэрэглэх нь олон.
Жишээ нь "Би бол хүн" гэх нь "Би бол хүн гэдэг категорит харъяалагддаг" гэсэн утгыг илэрхийлнэ.

Гэвч "Би бол хүн" гэж хэлсэн төдийд, цаад үндэслэл нь тодорхойгүй. Жишээ нь бодоод үз дээ.

– Тархи нь үхэжсэн бие хүн мөн үү?
– Эхийн хэвлий дэх үр хөврөл хүн мөн үү?
– Бэлгийн эс хүн мөн үү?

Үнэндээ бол хүн хаанаас эхэлж хаана дуусдаг болохыг товхийтэл нь заагласан зураас шугам гэж байхгүй юм.

Олон зуун жилийн өмнө "Боол бол хүн биш", "Хар арьстан бол хүн биш", "Буруу номтон бол хүн биш" гэх мэт олон янзын үзэлтэй соёл иргэншлүүд байсан. Эд ч бас бүгдээрээ л бодит буюу объектив шинж үгүй.

Өөрөөр хэлбэл тухайн улс гүрэн, нийгэм, цаг үе... энэ бүхэн зүгээр л "Хүн гэдэг чинь ийм юм байдын" гэсэн хоосон зөвшилцөл бий болгодог хэрэг. Ийм тохиролцоог  "Би бол хүн" -ээр зогсохгүй, хүний амнаас гарах бүхий л үгний хувьд хамааруулж болно.


гэж философийн түүхэн дэх хамгийн том хэл зүйн философич Витгенштейн (Ludwig Josef Johann Wittgenstein) айлджээ.

Хэл ярианд өөрт нь бие даасан объектив шинж байхгүй. Ердөө л үгэнд шаглаж утга шингээсэн соёл, уламжлал, амьдралын хэв маяг дээр тогтсон дохио төдий зүйл юм. Үүнийг Витгенштейн "Хэлний тоглоом" гэж илэрхийлсэн байдаг. "Хэлний тоглоом" бол Витгенштейний "Философилог шинжилгээнүүд Philosophical Investigations" хэмээх орчин цагийн соёл иргэншилд үлэмж нөлөөтэй шидээвэр бүтээлдээ тоймлосон гол санааны нэг юм. 

"Хэл үг ярих нь аливаа үйлдлийн, эсвэл амьдралын хэв маягийн л нэг хэсэг юм. Л.Витгенштейн"


"Новш" гэж хэлбэл та уурлах ёстой, "гүн ухаан" гэвэл та эвшээх учиртай. Энэ бол бидний л зохиосон дүрэм. Бид энэ бүх дүрмийг олон мянган жилийн турш зохиож, баяжуулж, хуримтлуулж, уламжлуулсаар ирсэн. Өнөөдөр ч бид энэ бүх дүрмээ ашиглаад хоорондоо харилцан ойлголцох хэрэглүүр болгон ашиглаж, харилцан хэл нэвтрэлцэхийг хичээдэг.

Тэгэхээр "Би бол хүн" гэх зэрэг  нэг бодлын ямар ч эргэлзэх аргагүй мэдэгдэл ч бай, үнэн хэрэгтээ ямар ч товхийсэн хөдлөшгүй үндэслэл байхгүй бөгөөд, түүнийг үнэн болгодог нь ердөө л бидний уламжлалт дүрэм (буюу нийтлэг үзэл) юм.

Хэлсэн үгнийхээ үндэслэлийг гаргах гээд хойноос нь баахан үг урсгаж холбоод ч, тэр тайлбар нь бас л үгнээс бүтэх тул, сүүлээ тойрч эргэх нохойноос өөрцгүй юм болно.

Өөрөөр хэлбэл, үгээр бүтсэн ямар ч том онол бай, түүний суурь үндэслэл нь явж явж нөгөө л зохиомол дүрэм дээрээ суурилдаг байх нь. Өөрийнхөө зохиосон дүрмээр өөрийгөө зөвтгөнө гэдэг өөрийхөө сүүдэртэй хөөцөлдөж тоглож байгаагаас өөрцгүй.

Тэглээ гээд бид бусдыгаа "Ээ чи хүн биш шдээ, чамд ямар ч нотолгоо байхгүй" энэ тэр гэж хэрүүл өдөж мушгин гуйвуулах шаардлагагүй. Таны тэр хэрүүл ч бас нөгөө л хөдлөшгүй үндэслэлгүй, янз бүрийн амьдрал зам мөр дотроо чихсэн хэлний тоглоомын бүтээгдэхүүн болохоор шийдвэртэй няцаалт болох ч гүй. Тиймээс хэрүүл болон мушгин гуйвуулахаа БҮҮ урьтал болго. Түүний оронд нөгөө талаа ямар "дүрэм"-ээр  бүтсэн хэлээр яриад байгааг нь ойлгохыг хичээ. Учир нь бидний ойлголцооны ганц хэрэглүүр хэл гэдэг чинь, үнэндээ ойлголцоё гээд ч хүндрэлтэй, болхи багаж юм шүү дээ.

Сэтгэгдэл бичих

arrow icon