Хэрвээ Монгол Улс ойрын ирээдүйд Грекийн араас дампуурлаа зарлахгүй л гэвэл
, хэрвээ Монгол Улс дахин хүч хэрэглэсэн хувьсгалын дүйвээнд сүйрэхгүй л гэвэл ийм эрүүл, прагматик алхам хийхээс өөр аргагүй нөхцөл байдал бий болоод байна.
НЭГ: Хүндэрсэн бодит нөхцөл байдал
Өнөөдөр манай улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал ноцтой хүндэрснийг хэн бүхэн мэдэж байгаа. Бидний Монгол Улсыг дампуурлаа зарлахад нэн ойртсон улсын жагсаалтын дээхнүүр нэлээд эрт оруулчихсан
. Энэ хүндрэлтэй байдал цаашид нэг хоёр жилээр тогтохгүй үргэлжлэх, магад ч үгүй нөхцөл байдал өнөөгийнхөөс улам бүр муудах магадлал нь илүү.
Наад зах нь л гэхэд ирэх 2016 онд бид төсвийнхөө 20 гаруй хувийг өрийн хүүнд өгнө, 2017 онд бол бүр 50 хувийг өрд өгнө. Гэтэл өнөө төсвийн бүрдүүлэлт маань эрс буурч, 680 тэрбум төгрөгөөр тасарчихсан
байгаа. Эмч сувилагчдынхаа цалинг бууруулах гэж оролдоод үзсэн. Аргаа барж буйн л шинж. Ийм нөхцөлд өрийг төсвөөс төлөх ямар ч боломжгүй, тэгвэл яах вэ?
Дахиад зээл авахаас өөр гарцгүй болж байгааг Сангийн сайд нь хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ өмнөх 4 хувийн хүүтэй бус, 10-аас доошгүй хувийн хүүтэй зээл. Олдох магадлал ч бага талдаа. Зээлийг зээлээр гэсээр хэзээ ч дуусахгүй улам бүр өсөн нэмэгдэх зээлийн барьцаа руу гулсана. Инфляц, гадаад, дотоод худалдааны тэнцэл, хөрөнгө оруулалт, ажилгүйдэл, түүхий эдийн үнийн уналт, өр зээлийн бие биеэ хэрсэн сүлжээ, удирдлагадаа итгэл сүжиг алдарсан нийгмийн сэтгэлзүй гэх мэт олон хүчин зүйлүүд сэтгэл зовоох төвшинд байгаа.
Улс орон дампуурлаа зарлахдаа тулбал нийтийг хамарсан үймээн, хувьсгал ч гарч мэдэх уур амьсгал нийгмийн гүнд нэгэнт бий болчихсон. Ер өнөөдөр байгаа аж амьдрал, ахуй байдал нь сэтгэлд хүрэхгүй бол өнгөрсөн үеэ сайн сайхан байжээ хэмээн өөрийн эрхгүй эргэн санагалздаг сэтгэлзүй байдаг. Тийм зүйл ч ажиглагдаж, социализм өнөөдрийн нийгмээс илүү байсан
гэх хандлага их анзаарагдах болсон нь угаасаа ардчилал муугийнх биш, харин бид ардчиллаа дампууруулж орхисны үр дүн
юм.
Өнөөдөр хувьсгал хийх тухай, хүчирхэг дарангуйлагчтай болох тухай яриа нийгмийн гүнээс ихээр сонсогдох боллоо. Хүн төрөлхтний түүхэнд гарсан цуст томоохон хувьсгалууд, эсвэл Гитлер мэтийн цуст дарангуйлагчид чухам нийгэм урагшаа явж чадахаа байж, хямрал дээд цэгтээ тулсан тэр цаг мөчид гарч, тодорсон байдаг. Тийм үймээн, хувьсгал гарах, эсвэл хүчирхэг дарангуйлагчтай болох нь яавч хүнд байдлаас гарах бидний гарц биш юм. Харин ч бид хөгжлийн асар их боломжоо алдаж, алдаатай оноотой ч өнөөдрийн төвшинд ирсэн Ардчилсан хөгжлийнхөө замыг дахин бүр эхнээс нь эхлэх болно. 1990 оноос биднийг дэлхий нийтийн хөгжил дэвшил нэг удаа хүлээсэн, харин хоёр дахь удаагаа хүлээхгүй.
Дээр нь өнөөдрийн улс орноо авч явж буй улс төрийн намууд нь төлөвшилгүй, явцуу эрх ашгийн бүлэглэлүүдэд хуваагдсан, нэгдсэн бодлого хөтөлбөр гаргаж, түүн дээрээ тууштай ажиллах чадваргүй, барьцаа, албан тушаал, авилгад автагдсан нь ёстой нөгөө муу дээр муухай, муухай дээр улцан гэдэг л болж байна.
Ийм хүндэрсэн нөхцөлд ирэх оны парламентын сонгуулиар дахиад өнөөгийнх шиг ийм парламент сонгогдвол, дахиад бөөн популизм хийвэл, нэгдсэн бодлого, хөтөлбөргүйгээр явбал, эрх ашгиудын зөрчил, тэмцлийн золиосонд эдийн засгаа хаяж өгвөл бид улс орноороо дампуурлаа зарлахад тоглоом ч үгүй маш ойртож очно гэсэн үг.
Тэгвэл яах вэ? Хэндээ найдах вэ? гэсэн асуулт зүй ёсоор гарч ирж байна.
ХОЁР: Хэндээ найдах вэ?
Ийм хүндэрсэн эдийн засаг, самуурсан улс төр, нийгмийн сэтгэлзүй бүхий улс орныг угтаж буй энэ хүнд хэцүү он жилүүдэд хэн, ямар аавын хүү, ямар улс төрийн нам үүрч гарч чадах вэ? Итгэл даах, ачаа үүрэх нь хэн бэ?
МАН, МАХН хоёр сонгуульд эвсэж орох, цаашдаа эргэж нэгдэх тухай ч яриа гарч байна. Бас АН-тай МҮАН, ИЗНН нэгдэх тухай ч сонсогдов. Өөр янз бүрийн хувилбарууд ч байж болно. Гэхдээ л эдгээр намуудын аль нь ч, ямар ч хувилбараар эвсэж нэгдсэн, бүр бүгдээрээ нийлсэн ч энэ хүнд байдлаас гаргах чадваргүй. Учир нь өнөөдрийг хүртэл улс төрийн тайзан дээр голлон тоглож байгаа намууд бүгд нам гэдэг сонгодог утгаа алдсан
, ямар нэгэн хөгжлийн тоймтой үзэл баримтлал-изм, чанд хөтөлбөргүй, барьдаг зарчим гэдэг зүйл манай аль ч намд байхгүй болчихсон. Зөвхөн ашиг сонирхлын бүлэглэлүүдийн наймаалцлаар манай улс төр амьсгалж, төр засгийн ажил явж байна.
Монголын улс төр, нийгэм эдийн засгийн амьдралд хэрвээ ямар нэгэн имз байгаа гэвэл тэр нь зөвхөн ПОПУЛИЗМ, бас АНАРХИЗМ л бий, байж ирсэн.
- Сонгуулийн амлалтаар дөрөвхөн жилийн хязгаартай төр засгийн ажлыг хөтөлдөг Популизм нь эргээд улс орныхоо эдийн засгийн суурийг ганхуулж, эрүүл өсөлт хөгжлийг нь гацаан хатингаршуулж байгаа.
- Эрх мэдэлтэй, мөнгөтэй нь хуулийн дээгүүр дураар тонгочиж болдог Анархизм нь нийгмийн шударга ёсыг алдагдуулж, нийтийг хамарсан сэтгэлзүйн гутрангуй, бэртэгчин байдлыг бүтээн баяжуулж байгаа.
Хамгийн хорлонтой нь энэ намууд бүгд улс төрийн системийнхээ хувьд ёс суртахууны уналтад орж, бүтээн босгох чадамжаа алдчихсан.
- Эрх барьж буй АН намын хувьд үндсэндээ сэхэхгүйгээр нэр хүндээ алдаж байна. 1996-2000 онуудад ард олон Ардчилсан хүчинд нэгэнтээ их итгэл хүлээлгэсэн. Харамсалтай нь тэр 4 жилд олны итгэлийг гэнэт олдсон хоолтойгоо цуг гударч орхиод 2000 онд УИХ-д ганцхан төлөөлөлтэй үлдсэн гашуун түүх бий. Ирэх 2016 оны сонгуулиар ч энэ явдал дахин давтагдах магадлал өндөр байж мэднэ. Шалтгаан нь АН үзэл бодол нь цэгцэрсэн улс төрчдийн нэгдэл биш, анархист, хоолондоо цаддаггүй, явцуу сонирхол, бэртэгчин сэтгэлгээндээ идэгдсэн санхүү, эрх мэдлийн бараг мафи маягийн зохион байгуулалттай бүлэглэл, хар хүчиндээ хамаг эрх мэдлээ алдаж, хүчиндүүлж байгаагийнх болно. Өнөөгийн энэ ужигарч мэдэх хүндрэл бэрхшээлийг шууд АН-тай холбож үзэх ойлголт ч түгээмэл болжээ. Тэгээд ч энэ барууны гэгдэх намд өөрийн гэсэн тодорхой баримтлал, ямар ч имз байдаггүй. Судлаа Д.Ганхуягийн хэлснээр “Хувиа бодохыг либертари үзэл гээд ойлгочихсон” лүүмпэнгүүд олонтой. Анархизм нэвт ханхалдаг.
- МАН намын хувьд ч мөн ялгалгүй. Ард түмэн АН-д итгэл алдрахаараа МАН-ыг царайчилдаг. Гэвч тэд бас л олны итгэлийг бүрэн гүйцэд даадаггүй, 2000 онд өгсөн бүрэн итгэлийг тодорхой хэмжээгээр алдаж, /гэхдээ АН шиг навс алдаж байсангүй/ 2004, 2008, 2012 онуудад дэгэн догонтой явж ирлээ. Гол нь энэ нам шударга бусаар хөрөнгөжсөн олигархиудынхаа гарт орсон, хөгжлийн томоохон төслүүдээ хөдөлгөчих хэмжээний их мөнгийг ард нийтэд бэлнээр тараасан, шат шатандаа хумсаа нуусан жижиг луйварчид олонтой, дотооддоо хагарсан, үзэл онолтой, зарчимч хууччуулаа шахаж, хоосон цээжтэй залуус шинэчлэл нэрээр удирдлагад олноороо орж ирсэн гэх мэт олон сөрөг тал ажиглагддаг. Зүүний бодлого гэдгийг зүгээр мөнгө тараах гэдгээр орлуулдаг.
- МАХН бол өнөөдөр яах аргагүй дээрх хоёр намтай өрсөлдөх хэмжээний дэмжлэгтэй нам. Тэр дэмжлэгийн нэлээд хувь нь МАН, АН-д итгэл алдарсан олны эрэлхийлэл байдаг. Гэвч энэ нам бол бодит байдал дээрээ энд тэндээс цугласан элдвийн эрээвэр хураавруудын цуглуулга, ямар ч үзэл онолын нэн тодорхой суурьгүй. Таван хувьсгал ярьдаг ч тэр нь онол, аргазүйн гэхээс өнөөх л цаг үеийн шаардлагад нийцсэн популизм. Тэгээд ч тэр хувьсгалаа хэрэгжүүлэх боловсон хүчний нөөц чадавх муутай. Хэн болох нь мэдэгдэхгүй хачин хачин нөхдүүд нам дотор нь зөндөө. Хэрвээ энэ намд ямар нэгэн имз байгаа гэвэл тэр нь зөвхөн Энхбаяризм...
- Парламентад суудалтай ИЗНН, МҮАН-уудын тухайд ачаа үүрэх хэмжээнд яригдах намууд биш. Парламентын гадна буй бусад намуудад ч цөөн хэдхэн лидерээс өөр хангалттай хэмжээний боловсон хүчин, хүрээлэл нэр нөлөө муутай. Тэдний аль нь ч дангаараа ийм хүндэрсэн улс орны ачааг үүрэх чадваргүй.
- Энэ оны эхээр шинээр байгуулагдсан ХҮН намын хувьд харин өнөөгийн улс төрийн орон зайд цоо шинээр гарч ирж байгаа анхаарал татахуйц хүчин яах аргагүй мөн юм. Юуны өмнө энэ намд хоёр том давуу тал байгаа нь анзаарагддаг. НЭГД, сүүлийн хорин таван жилийн улс төрийн заваартаж гүйцсэн тогоон дотор чанагдаагүй харьцангуй цэвэр залуусын нэгдэл. Ёс зүйтэй, жам ёсны цэвэр улс төр өрнүүлэх магадлал маш өндөртэй. ХОЁРТ, харьцангуй өндөр боловсролтой залуус нэгдсэн сайн тал байна. Улс орныхоо ачааг үүрэх үүрэг хариуцлага өөрсдөд нь зайлшгүй ирж буй гэдгээ ухамсарлан ойлгосон, тодорхой итгэл үнэмшилтэй болцгоочихсон, судалгаа шинжилгээний төвшинд нийгмийн аливаа асуудлыг нягтлан авч үзэх магадлал өндөртэй. Залуус гэгдэж буй боловч харьцангуй залуу биш, дунджаар 40 орчим насныхан. Харин нэг том сул тал байгаа нь тэдэнд төрийн ч, улс төрийн ч ажлын туршлага их дутмаг, энэ нь өнөөх энэ тогооны гадна байсных...
Бие даагчдад найдах уу? Ингэхэд хэдэн бие даагчидтай билээ? Дахиад хэдэн бие даагч гарч ирэх вэ? Тэд хэн байх вэ? Төр барих хэмжээнд нэгдэж хүчирхэгжих боломжтой юу? Гэх мэт олон асуулт бас гарна. Тэгвэл одоо яах вэ?
ГУРАВ: Тэгвэл одоо яах вэ?
Хувьсгал ч, дарангуйлагч ч, аль аль нь хэрэггүй. Харин улс төрийн хүчний шинэ хуваарилалт хийх хэрэгтэй
.
Дээр дурдсан болон дурдаагүй улс төрийн намуудын алинд ч эрүүл саруул хэсэг гэж бий. Хэдий цөөхөн ч гэсэн бий шүү. Тэд улс орны эрх ашгийг намынхаасаа дээгүүрт харах хараа, чадвартай, учиргүй амбицлаад Тв-ийн камерын өмнүүр бөртөлзөөд байхгүйгээ мэдэх буурьтай, хамгийн гол нь энэ хорин таван жилд юу болж, юу болохгүй шуурч өнгөрснийг мэдэх арвин туршлагатай, голч нуруутай хүмүүс. Тийм хүмүүс энэ намууд дотор ч бий, намаас гадуур ч бий
.
Хэрээ бархирч байх цаг дор хөхөө дуугаа хураадаг жамтай
. Энэ утга учиргүй популизм, хэнээрхэл, хийрхэл, туйлшралын орилоон дунд тэд тэр бүр хашхичаад байдаггүй. Тэр бүхнийг чимээгүйхэн харан эмзэглэж, гэхдээ хийдгээ хийж, өөр өөрийнхөөрөө үзэл бодолдоо үнэнч яваа хүмүүс бишгүй олон бий.
Энэ 25 жилийн манай улс төрийн тогоог сайн талаас нь харвал асар баялаг, маш их адал явдалтай, сургамжтай тогоо байлаа. Тэнд чанагдсан хүмүүс бол сайн мууд, ялангуяа хор найруулах, луйврыг хуульчлах, лобидох, том компаниуд, санхүүгийн бүлэглэлүүдийн эрх ашгийг төлөөлөх, төсвийг зохицуулах, төрийг явцуу зорилгынхоо төлөө ашиглах гэх мэт муу бүхэнд гарамгай суралцацгаасан. Энэ нь нэг талаар тэнд чанагдсан хүмүүст маш арвин баялаг туршлагыг бэлэглэсэн гэсэн үг. “Засарсан янхан заяаны хань болдог
” гэж нэг үг бий.
Үнэхээр манай энэ улс төрийн бохир тогоонд ялзартлаа чанагдсан хүмүүсийн зарим нэгэн эрүүл суурьтай хүмүүст өнөөгийн нөхцөл байдлыг ухаалгаар эргэж хараад, сэхээрч, үүнээ засах гэсэн, зөв замруу шилжүүлэх гэсэн зориг эрмэлзэл төрөх аваас түүнээс илүү шилдэг боловсон хүчин гэж үгүй болно. Ингэхэд туршлага гэдэг зүйлийг юу ч, ямар ч өндөр боловсрол, зориг, чадвар орлодоггүй юм. Тиймээс “Хүний хуучин нь дээлийн шинэ нь дээр” гэдэг. Гэвч...
Мөн луйвар, авилгал, хулгайг гардаж хийгээгүй ч бүлэглэлийнхээ нөлөөнд яваад байгаа эрүүл хүмүүс ч бий юм. Тэднийг ялгахгүйгээр нийтэд нь ганцхан өнгөөр будаж болохгүй, тэдэнд бол найдлага тасраагүй... Гол нь тэд сайн муу ажлын туршлагатай, нөгөө нөхдүүтэйгээ хэрхэн яаж тэмцэхийг нь мэддэг, нүх сүвийг нь, эмзэг газрыг нь мэддэгт асуудал нь байгаа юм. Ер түүхэнд ийм тохиолдлууд их байдаг юм шүү дээ, Алдаагаа ухаарч, засаад том амжилтад хүрсэн улс төрийн зүтгэлтнүүд түүхэнд зөндөө
байдаг.
Өнөөдөр Монголд ямар нэгэн улс төр, нийгэм эдийн засгийн онол, өөрөөр хэлбэл изм хэрэгжиж буй юм огт үгүй. Дээр дурдсанаар зөвхөн социалист хальстай популизм, либерал бамбайтай анархизм л гэж бий. Ийм нөхцөлд бодит байдлыг эрүүлээр шүүн эргэцүүлсэн прагматик сэтгэлгээ хэрэгтэй. Өөрөөр хэлбэл улс төрийн намууд тэртэй тэргүй ямар ч измээрээ ялгардаггүйгээс хойш, аль ч намд буй, бас намуудын гадуур буй эрүүл саруул хүмүүс хуучирсан хувцсаа тайлж хаяхын адилаар хуучин намуудынхаа арьснаас салж, шинээр нэгдэж, улс төрийн хүчнийг шинээр зохион байгуулж, шинэ хуваарилалт хийх хэрэгтэй болчхоод байна.
Хэрвээ Монгол Улс ойрын ирээдүйд Грекийн араас дампуурлаа зарлахгүй л гэвэл, хэрвээ Монгол Улс дахин хүч хэрэглэсэн хувьсгалын дүйвээнд сүйрэхгүй л гэвэл ийм эрүүл, прагматик алхам хийхээс өөр аргагүй нөхцөл байдал бий болоод байна.
Эрүүл саруул сэтгэлгээтэй хүмүүс угаасаа бие биенээ хэн бэ гэдгийг мэддэг, далдуур ямагт талархан дэмжиж явдаг юм. Тэд бие биенээ хэрхэн таних, олох, нөгөөх хөгийн гаруудаас хэрхэн ялгахаа маш сайтар мэднэ. Бас ямар нэгэн нам, бүлэглэлийн эрх ашгаас дээгүүр харж, сэтгэж чадна. Хувийн чанартай зөрчлүүдээ дарж, давж, нэгдэж чадна. Гагцхүү санаачлагч, зохион байгуулагч л үгүйлэгдэж байна. Заавал хүчирхэг лидерийн хэрэггүй, цөөхүүлээ, магадгүй 50 хүн байхад л хангалттай. Эрхбиш бүхэл бүтэн үндэстэн байна даа, эрүүлээр сэтгэдэг, эрч хүчтэй 50-хан хүн дотроосоо гаргаад ирэлгүй дээ
. Тэд улс төрийн тайзан дээр гарч ирнэ, харин тийм эрүүл саруул хүмүүсийн нэгдлийг дэмжих нийт олны дэмжлэг бол хангалттай бий. Тийм хүмүүст нөхцөл байдлыг эрүүлээр харах ухаан ч, ачааг ханатал даах чадвар ч бий.
Мэдээж хэрэг, яагаад ч засал авахаасаа өнгөрсөн, Р.Гончигдорж, Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр, З.Энхболд, М.Энхсайхан гэх мэт өнөөгийн голлон тоглогчид бол яагаад ч биш юм шүү.
Эр зориг гаргах, гэхдээ нэг алдвал хэчнээн амаа бариад ч нэмэргүй тийм эгзэгтэй цаг мөч тулсан. Дампуурлын өмнөх цаг үе. Эрүүл саруул ухаан сэргэх, нэгдэн хүчирхэгжих тийм цаг үе. С.Зориг агсан уг нь “Би Монгол хүний саруул ухаанд итгэдэг” гэж хэлсэнсэн.
Тэр итгэл алдрах учиргүй.
Magadgui 1 garts bj blh l ym. harin Ene humuus yaj negdeh ve?
Ene setguulch zob bichsen baina
tegeh tsag ni ali hediin bolson bolson.
уг нь энэ сайтын нийтлэлч нар мундаг юм гэвч уншигчид нь гавьдаггүй ээ. хүн намыг дэмжмээр л байдаг. даанч цаад эзэн нь хорт бооб.
ард түмэн нийтээрээ энэ хулгайчуудаас захаж байна шүүдээ энэ хэд өөрсдөө хэзээ ч юм ухаарахгүй
бэлэн мөнгө тараагаад ихээхэн юм болоол байсан 1,5 сая тэрний хар гай шүү,,Элбэгдоржын хувьд нээх муу ч ерөнхийлөгч бишлдээ бусдын бол мэдэхгүй жинхэнээсээ тэр хар жагсаалтад оруулвал таарна
Тэр хулгайч нараа мзх-ын хар жагсаалтад оруулаач,энэ нийтлэлийг бичсэн сутгүүлч гэсэн тэр хөдөлгөөнийг нь дэмжиж явал сайшаалтай юм бишүү
turd bgaa hulgich nariig gargaj shine yeiin zaluusiig demjij gargaj ireh tsag ni bolsooon