Хотуудын үүсэл хөгжил, хувьслын явцад үүссэн гажуудал, хот гэмээ нь нийгмийн тэнцвэрт ямар нөлөөтэй байдаг талаарх түүхэн явцыг тоймлосон нэгдүгээр хэсгийг эндээс уншина уу.
Америк загварын хот төлөвлөлт, эдийн засгийн үр ашиг ба нийгмийн доройтол
Аж үйлдвэржилт, хөрөнгийн төвлөрлийн эрин эхэлснээр өөр хоорондоо алсагдсан, мал аж ахуй, газар тариалан, жижиг дунд үүргийн худалдаа, гар амжиргааны бүтэцтэй олон нийтийн жижиг бүлгүүд масс нийгмийн байгуулалтад шилжсэн билээ. Массжих явцад эдгээр бүлгийн бие даасан амьжиргааны дархлаа алдагдсан ч төвлөрсөн засгийн газар, суверенитет(төрийн) эрх мэдэл бэхэжсэн гэж үздэг. Энэ үеэс эхлэн дэлхийг захиран эрхшээх үндсэн хүч нь эдийн засаг-санхүүгийн эрх мэдэл болсон юм.
Энэ ч эрх мэдлийн хүчээр 18-19 дүгаар зууны заагт шинэ тулгар байгуулагдаж байсан АНУ өдгөө дэлхийн хувь заяаг шийдвэрлэгч их гүрэн болж чадсан байна. Олон орны хөрөнгөтний нэгдэл болсон их гүрэн болон гарч ирэхдээ зөвхөн Америкийн гэгдэх залуу боловч өөрийн гэсэн онцлогтой үүсмэл соёлыг хөгжүүлж, дэлхийн эдийн засаг, аж төрөх ёс, нийгэм соёлын үнэт зүйлст тэсрэлт хийсэн асар том нөлөөлөл болсон нь хөдлөшгүй үнэн юм. АНУ ийнхүү дэлхийн эрх мэдлийн төв, модернизацийн бэлэг тэмдэг болж дэлхийн түүхийг өөрчилсөн ч мөн асар их хэмжээний хортой үр дагавар тарьж ирсэний нэгээхэн том жишээ нь хот төлөвлөлтийн Америк загвар юм.
Эдийн засгийн эрх мэдлийн төлөө дэлхийг хуваах их гүрнүүдийн бодлого, зөрчлийн дунд хүн төрөлхтөн цус асгаруулсан хоёр ч дэлхийн дайны золиос болсон билээ. Хүнд болон хөнгөн үйлдвэрлэлийн технологи эрчимтэй хөгжиж асан аж үйлдвэржилтийн эрийн зуунд дэгдсэн эдгээр дайны явцад өөрөө явагч хүнд болон хөнгөн машин механизмын инженерчлэлээс эхлээд үй олноор хөнөөх зэвсэглэлийн технологийн хөгжлийн үндэс тавигдсан. Харин дайн дуусмагц дайны техник, зэвсгийн үйлдвэрлэлд суурилсан Америкийн эдийн засгийг энхийн зориулалттай машин, механизм үйлдвэрлэх загвар руу өөрчлөн хувиргах бодлого боловсруулжээ. Тухайн үед зөвхөн ховор нандин, тансаг хэрэглээний бүтээгдэхүүнд тооцогдож байсан автомашины үйлдвэрлэлийг өртөг багатай, өргөн хэрэглээний бүтээгдэхүүн болгох зэргээр хэрэглээний эдийн засгийн хэлбэрт шилжихийн тулд АНУ томоохон хотуудынхаа хөгжлийн загвар, төлөвлөлтийг бүрэн өөрчилж, хэт хиймэл модернизаци шүтсэн загвар руу хөтөлж оруулсан
юм.
1920-д оны сүүл үеийн Их хямралын дараа дэлхийн 2 дугаар дайны эдийн засгийн дарамтад нэрвэгдэв. Ийм урт хугацааны эдийн засаг, нийгмийн доройтлын үеийн АНУ-д өнөөгийн манай нийгэмд нүүрлээд буй улс төр, нийгмийн тогтолцооны тогтворгүй байдал, төр-бизнес дагнасан гэмт хэргийн бүлэглийн нөлөө, баялгийн зохисгүй хуваарилалт зэрэг үзэгдэл газар авчээ.
Ийм цаг үед үндэстнийг сэргээх “Америк мөрөөдөл” хөтөлбөрийг эрчимтэй хөгжүүлэх бодлогын суурь тавигдав. Ажлын байр, орон сууц, нийгмийн халамжийн үйлчилгээг хүртээмжтэй байлгадаг баялаг бүтээгч чинээлэг дундаж ангиа дэмжих, масс болгох хэрэгтэй байлаа. Ингэхийн тулд “сабёрб” буюу хувийн орон сууцны хорооллыг ихээр хөөрөгдөн хөгжүүлж, хэт тэлэлтийн ачаалал даах дэд бүтцийн системд нь төрөөс их хэмжээний хөрөнгө оруулалт хийж, машины хөдөлгөөнөөс гүнзгий хамааралтай хотын бүтцийг бий болгосон байдаг. Автомашин үйлдвэрлэлд түшиглэсэн хотууд тухайн цаг үедээ хамгийн их хэмжээний мөнгөн эргэлтийг шингээж, эдийн засгийн үнэлгээний циклийн оргил хэсгийг бүрдүүлэх болов. Ингээд хотууд үл хөдлөх, дэд бүтэц, зам тээвэр болон дагалдах санхүүгийн зах зээлдээ үлэмж хэмжээний хөрөнгө оруулалтыг төвлөрүүлдэг шилжилт хөдөлгөөний цөм болж хувирсан юм.
20-р зууны эхэн үеийн Нью-Йорк хот. Фото эх сурвалж: http://blog.jasonweinberger.com/
Улмаар, ажиллах хүчний төвлөрлийг дагаад нийгмийн эмзэг бүлэг ч нэмэгдэж ирмэгц гагцхүү дундаж давхрагынхаа нийгмийн аюулгүй байдалд чиглэсэн бодлого явуулж “хар ажилчид” буюу ядуу бүлгээ тусгаарласан орон сууцны хөтөлбөрүүд ихээр хэрэгжүүлжээ. Үүний улмаас нийгмийн соёл, боловсрол, ухамсарын солилцооны холимогшил алдагдаж эмзэг, ядуу давхрагын залгамж үе нийгмийн чанарт хүрэх боломжоос бараг бүхэлдээ тусгаарлагдаж эхэлжээ. Энэ чинээгээр ядуу бүлгийн дундаж бүлэгтээ нөлөөлөх аюул улам бүр хурцдаж, салангид хоёр өөр итгэл үнэмшил, үүсмэл соёл бүхий бие биедээ заналхийлсэн анги давхарга үүссэн байна. (хуулийн дагуу хар арьстнуудыг ялгаварлан гадуурхах, цагаан арьстнууд өмчөө хамгаалахад галт зэвсэг хэрэглэх эрх г.м.)
Хамгийн аюултай нь хотуудынхаа эдийн засгийг санхүүгийн үйлдвэрлэлийн загварт бүрэн оруулж, хувь хүн уян хатан дасан зохицож, бие даасан байдалтай байх боломжгүй хүнд нүсэр тогтолцоо болгож хувиргав. Байнгын зардалтай мега зам тээврийн хөдөлгөөнд хамрагдахаас өөр аргагүй, гадна талд нь гарвал алив хэлбэрээр орших боломжгүй хатуу зарчимтэй хэрэглээний зах зээл бий болжээ
. Энэ нь тухайн хотын болон мужийн, цаашлаад холбооны системийн эдийн засгийн үзүүлэлт өндөр байх хамгийн гол хүчин зүйл болж байсан ч нэг эдийн засгийн загвараас бүрэн хамааралтай, хэт эмзэгшсэн нийгмийн бүтэц бүхий суурин тогтолцооны машин болж эхэлсэн юм.
Нягтаршил, мега зам систем, дундаж ба ядуу анги ялгарсан ийм загварын өвчлөл өрнөдийг ч тойроогүй бөгөөд газар нутгийн бүтцийн хувьд хэвтээ тэнхлэгээр хэт тэлээгүй ч нийгмийн бүтцийг гажуудуулсан алдааг нь хуулбарлан давтаж эхэлсэн. Дэлхийн 2 дугаар дайны өмнөх болон дараа эдийн засгийн нөхцөл байдлыг сэргээхэд гадаад ажиллах хүчний бодлогыг ихээр дэмжиж, цагаачлал, шилжилт хөдөлгөөний давалгааг арав, арван жилийн зайтай явуулсан байдаг.
Европ хэдийгээр АНУ шиг цагаач болон хар арьстай иргэдийг хэт хүнлэг бусаар илэрхий ялгаврлан гадуурхах бодлого явуулаагүй ч нийгмийн баялгаас хүртэх, нийгмийн чанарт хүрэлцэх боломжийг ил далд хэлбэрээр хавчиж боогдуулж байв. Үүний улмаас хөгшин Европын үнэ цэнэтэй хөрөнгө болоод нийгмийн үр ашгийн алинаас нь ч хүртэх чадваргүй “2 дахь сортын иргэд”
-ийн үзэл санаа, үнэ цэнэ, суурин соёл уламжлал бүхий салангид дүүргүүд бий болж эхэлсэн байдаг.
Үргэлжлэл бий.
Сайхан бичсэн байна. Үргэлжлэлийг хүлээж байна. Амжилт!
Zochin
Энд тэндээс дэмий юм орчуулаад яахав их мундаг мэддэг юм эхлээд УБдаа шинжилгээ хийгээд хүмүшст хүргэсэн нь илүү өгөөжтэй шүү хаа байсан америк
eco caruud yawj ehelheer ene asuudal gaigui boloh bh
saihan bichsen bna. tnx