Үндсэн хуулийн цэцийн зүгээс Иргэний хууль, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны зарим заалтыг хүчингүй болгосонтой холбоотойгоор 8 хувийн зээл олголт зогсох тухай шуугиан гарч, иргэдийн дунд бухимдал, эргэлзээ ихээр тариад байгаа. Энэ талаарх зарим баримтыг нэгтгэж, цаашдын явцыг баримжаалж үзье. Үйл явдлын өрнөлийг энэ цаглабараас харах боломжтой.
Цэцийн дүгнэлт ба 8% зээлд ямар холбоо байгаа вэ?
Банкны зээлийн барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгийг Банкны зөвшөөрөлгүйгээр түрээслэх, зарах боломжтой болмогц барьцаалж зээл гаргасан хөрөнгө ямар хүнд шилжих нь тодорхойгүй болох, төлбөрийн чадвартай холбоотой эрсдэл үүснэ гэж үзэж байгаа. Жишээ нь зээлийн барьцаанд байгаа байраа өөр Иргэнд шилжүүлсэн тохиолдолд шилжүүлж авсан Иргэн анх зээл авсан Иргэнээс төлбөрийн чадваргүй бол яах вэ? Цэцийн хувьд үл хөдлөх хөрөнгө нь Банкны барьцаанд хэвээр үлдэх тул хэн эзэмшихээс үл хамаарна, Цэцийн шийдвэр 8%-д хамаагүй гэдэг тайлбар өгч байгаа.
МАН яагаад буруудсан бэ?
Мөн л барьцааны хөрөнгө, Иргэн, Банкны харилцааг хөндсөн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай 15 дугаар дүгнэлт Цэцээс гарч 12 сарын 10-ны өдөр УИХ-аас хүлээн зөвшөөрөхгүй гэх шийдвэр гарсан. Үүнтэй андуурч, МАН-ын гишүүнээс Цэцэд өргөдөл гаргалаа гэж улстөржүүлсэн байх магадлалтай. Ерөнхийдөө хар пиар хийх боломж гарч улстөржүүлсэн мэдээ мэдээлэл их цацагдсан. МАН-ын хувьд 11-ний өдөр хэвлэлийн бага хурал хийж няцаасан. Өмнө нь МАН-ын хар пиарын төлөвлөгөө гэгдэх доорх зураг нийтэд тархсан нь бас хардлага үүсэх хөрс болсон.
МБХ-оос яагаад 8 хувийн зээлийг зогсооно гэдэг мэдэгдэл хийсэн бэ?
Дээр дурдсанаар барьцаалсан хөрөнгийн хөдөлгөөнд үзүүлэх Банкны нөлөө багасч, хуулийн сайн зохицуулалтгүй бол зээлдэгч Иргэн өөрчлөгдсөнөөр төлбөрийн чадвартай холбоотой янз бүрийн асуудал үүсэх магадлалтай. Цэцийн шийдвэр бүх төрлийн үл хөдлөх хөрөнгийн барьцаатай холбоотой ч Засгийн газрын бодлого, иргэдийн хэрэгцээ, эрх барих намын нэр хүндтэй холбоотой 8 хувийн ипотекийн зээл Цэцийн шийдвэрийн эсрэг хамгийн том зэвсэг
тул зориуд сэдэв болгосон байх. АН бүлэг, МАХН-МҮАН хамтарсан мэдэгдэлдээ МБХ-ны энэ шийдвэрийн тухай дурдсан.
Цэцийн шийдвэр иргэдэд ашигтай юу?
Банкны зөвшөөрөлгүй өмчөө түрээслэх, шилжүүлэх боломж үүсэх нь одоо нэгэнт зээлээ авсан иргэдийн хувьд ашигтай, эрх чөлөөтэй. Харин үүнээс үүдэлтэй ипотекийн зээлийн олголт татарч, хүү нэмэгдвэл цаашид авах иргэдэд хүндрэл үүснэ. Засгийн газраас эрсдлийг шингээж хүү нэмэлгүйгээр 8 хувийн зээлийг үргэлжлүүлвэл харин төсвийн ачаалал, төгрөгийн ханш зэргээр дамжин нийт иргэдэд сөрөг нөлөө үүсэх(ийм дүр зураг манай эдийн засагт эртнээс үүссэн) магадлалтай. Гэхдээ одоогоор Засгийн газар урд хормойгоороо хойд хормойгоороо нөхөж санхүүгээ аялдуулж байгаа тул ипотекийн зээлийн хувьд нэмж зардал гаргах боломжгүй байх. Ерөнхийдөө иргэдэд ашигтай эсэх нь нэгд энэ шийдвэрээс болж зээлийн нөхцөл, хүү хэр зэрэг өөрчлөгдөх бодит шаардлагатай, хоёрт барьцааны хөрөнгийн эргэлт нэмэгдэх нь зах зээлийн үнэд хэрхэн нөлөөлөхөөс хамаарна.
Цаашдаа ипотекийн зээл зогсох уу?
АН бүлэг, МАХН-МҮАН-ын эвслийн бүлгээс хүчингүй болсон заалтуудын тухайд хуулийн нэмэлт өөрчлөлт хийж, 8 хувийн зээлийг үргэлжлүүлэх боломжийн төлөө ажиллана
гэж мэдэгдэл хийсэн. Эрх барих нам, эвслийн бүлгийн хувьд Цэцийн баллаж хаясан зээлийн эрхзүйн орчныг засан тохинуулсан гэдэг оноо авахаар ажиллах зорилготой байгаа бололтой. Мөн Банкнуудын холбооны гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат эрхзүйн орчноо эргэж сэргээх зорилго тавьж байгаа гэж ярилцлага өгсөн. МАН-ын хувьд ямар нэг байдлаар ипотекийн зээл зогссонтой нэр холбогдсон тул АН, МАХН-МҮАН-ын эвслийн бүлгийн оруулж ирэх нэмэлт өөрчлөлт дээр их хүчтэй сөрөг хүчин хийхгүй байх магадлалтай. Тиймд, хуульд Банкнуудын талд эргээд ямар нэг нэмэлт өөрчлөлт хийгдэх магадлал өндөр. Харин нэгэнт Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн үл хөдлөх хөрөнгийн барьцаа тойрсон харилцааг ямар байдлаар зохицуулах нь одоогоор тодорхойгүй.
Эрх зүйн орчин эргэн сэргэхэд дорвитой өөрчлөлт гарахгүй бол харин 8 хувийн зээлийн хувь заяа хааш эргэх бол? Ямар ч гэсэн энэ чигтээ зогсохгүй гэж бодож байна. Нэгд, банкны салбарын гуравдугаар улирлын тайланг үзвэл ипотекийн зээл хамгийн эргэн төлөлт сайтай зээлийн нэг. Эрхзүйн орчин өөрчлөгдлөө гээд тэр чигт нь зогсоовол тэнгэр муудлаа гээд хамгийн гайгүй гүйлгээтэй бараагаа лангууны ард нуухтай төстэй
юм болно. Хоёрт, сүүлийн хэдэн жил барилгын салбарт хэт их хөрөнгө оруулалт хийгдсэн. Барилгын салбарын лобби, шийдвэр гаргагчдын бизнесийн ашиг сонирхол цаашид ипотекийн хөтөлбөрийг үргэлжлүүлэхэд нөлөөлөх байх. Гуравт, сонгууль дөхөж байна. Эрх барьж байгаа намын хэдэн гол хөтөлбөрийн нэг тул ямар нэг хэлбэрээр үргэлжлүүлаад барианд орохыг бодох байх. Иймд ипотекийн зээл нэгмөсөн зогсох, хүү огцом нэмэгдэх явдал гарахгүй
болов уу. Харин хууль эрхүйгээс гадна санүү эдийн засгийн хувьд эдийн засгийн байдлаас хамаараад 8 хувийн зээлийн чадамж иргэн, банк аль аль талдаа шавхагдаж ирж байж магадгүй. Хэрвээ тийм бол 1.Эрхзүйн орчинд ямар нэг нэмэлт өөрчлөлт оруулаад, 8 хувь гэсэн том нэрээ яаж ийгээд хадгалж, зээлийн нөхцлөө чангалах замаар зээл олголтыг бууруулах, 2. Эрхзүйн орчин Цэцийн шийдсэнээр үлдэж, түүгээр шалтаглан албан ёсоор зээлийн хүүг нэмэгдүүлэх үү энэ хоёрын аль нэг тийшээ болох магадлалтай.
Одоогийн байдлаар банкнуудын зүгээс Цэцийн шийдвэрээс үүдсэн эрхзүйн орчин ипотекийн хүү тэргүүтэй зээлийн нөхцөлд бодитоор хэрхэн нөлөөлөх тухай тоо баримттай мэдээлэл өгөхийн оронд улстөрийн шинжтэй огцом шийдвэр, сүржин мэдэгдэл гаргасан нь иргэдийн дунд эргэлзээ, бухимдал дагуулаад байна.
Сэтгэгдэл бичих