“Эрүүл байвал бүх зүйл таны гарт” гэх үгийг бодох бүрт тийм нэг эрч хүч, хүсэл тэмүүллийг агуулсан юм шиг санагддаг. Өвчингүй бие, шаналалгүй сэтгэл гэдэг нь өөрөө аз жаргал мэт. Эрүүл байх мянган жаргалын үүд хаалгыг нээх, хаах нь зөвхөн хүн биднээс л шалтгаалдаг. Гэхдээ бидний дадал хэвшил маань эрүүл байхын үндэс, салаа нь байдаг гэдгийг тэр бүр анзаардаггүй. Товчхондоо гэвэл зүй зохистойгоор хооллох, хөдөлгөөний дутагдалд орохгүй байхад л анхаардаг болчихвол олон олон өвчин эмгэгийн уг үндсийг биедээ тарихгүй байх магадлалтай. Үүнийг дэлхийн эрүүл мэндийн байгууллагууд хэдийнэ судлаад тогтоосон.
Хэдийгээр хүн ухаан төгс ч биологийн л амьтан. Тиймээс
бусдын адил байнгын хөдөлгөөн бол биеийг нь, амьдралыг нь тэтгэх эх булаг нь
. Харин хүн төрөлхтний үсрэнгүй хөгжил, техник технологийн дэвшил маань өнөөх байнгын хөдөлгөөнтэй байх амьдралын хэв маягийг өөрчилсөөр.... Үүнээс улбаатай бараан сүүдрийнх нь нэг тусгал нь жингийн илүүдэл гэдэг асуудал болж, бидний толгойны өвчин болоод удаж байна. Миний хувьд л гэхэд байх ёстой жингээ барих гэж бусдын л адил хөлс хүчээ зарцуулж яваа нэгэн. Тиймээс “Хар ирвэс” фитнесс клубын байнгын зочин болж, илүүдэл жингээ хаях аян дайндаа алхам алхмаар амжилт олж яваа. Гэхдээ энэ бол жингээ барих миний л цэс. Жингийн илүүдэлтэй яваа хэн нэгнийг над шиг “төмөр өргө” гэж би зөвлөж эс чадна. Учир нь илүүдэл жин гэдэг стрессийг битүүхэндээ тээж яваа нэгнийгээ заавал өөр шигээ байхыг шаардах нь дургүй ламд дарж байж сахил хүртээдгийн адил сонстоно. Харин та өөрийн хүссэн дасгал хөдөлгөөн, спорт тоглоомоороо долоо хоногтоо хоёроос гурван удаа хичээллэбэл л болох нь тэр.
Гэхдээ илүүдэл жингийн тухайд
хөдөлгөөн гэдэг үгтэй хоол нь зуузай холбох мэт байдгийг өнгөрсөн хугацаанд би ойлгосон
. Чухамдаа хөлс хүчээ зарцуулан бэлтгэлийн танхимд багагүй цагийг үдэж байхад биеийн жин маань санаанд минь хүртэл хүрээгүй байгаагийн “нууц нь” ердөө л хоолноос болсон хэрэг байж. Тиймээс хэдэн өдрийнхөө хичээл зүтгэлийг нэг удаагийнхаа хооллолтоор үгүй хийдэг дутагдлаа засаж байгаа. Б.Санж өвөө маань нэгэнтээ “Хоол хэдий биеийг тэжээгч гол зүйл боловч ихдүүлбэл хор болно. Хоолыг идэхэд хүртэл учир бий. Нэг халбагадаад хоёр амьсгалж дараагийнхыг нь халбагад
. Ходоодонд ч гэсэн гуравны хоёрт нь хоол, нэгт нь агаар байж сая исэлж хоол боловсордог юм. Эс тэгвээс хоол шингэхгүй.” гэж эрүүл зөв хооллолтыг ямар энгийн ойлгомжтойгоор хэлж байж вэ гэж бодогддог юм. Ер нь манайхны дийлэнх нь өлдүүхэн явж байгаад гэм хийсэн гэдэс мэт их иддэг. Дээр нь монголчууд бидний хоол мах, гурил, төмс гээд голдуу удаан шингэцтэй бүтээгдэхүүн зонхилдог. Тэгэхдээ энэ бүхэн нь хэчнээн их илчлэг агуулж байгааг анзаардаггүй нь олонтаа. Хамгийн ойрын жишээ гэхэд монголчууд бид бууз, хуушуур, банштай цай хийж идэх нь элбэг. Гэтэл ганц ширхэг бууз л гэхэд 250 /ккал/ илчлэгтэй.
Насанд хүрсэн хүн дунджаар 5-10 ширхэг бууз идлээ гэхэд 1200- 2500 илчлэгийг авна
гэсэн үг. Энэ бол зөвхөн нэг удаагийн хооллолт. Тэгвэл өдөрт идсэн хоолны илчлэгээ хэд хүрснийг тооцдог нь цөөн. Өдөрт авдаг илчлэгийг тооцохын тухайн ийн дурсахын учир нь хүн дунджаар 2000-2500 /ккал/ илчлэгийг өдөр тутмын энгийн хөдөлгөөнөөрөө “шатааж” чаддаг
ажээ. Тэгэхээр та өдөр тутам “шатааж” дийлэх илчлэгийнхээ хэмжээнээс давсан хүнс зооглосон л бол танд илүүдэл жин үүснэ. Тиймээс өөрийн дуртай спорт, дасгал сургуулилтыг хийж хэвших нь эрүүл байх хамгийн энгийн арга зам билээ.Нэгэн үеэ бодвол хүсний бүтээгдэхүүний сав баглаа боодол бүхэн дээр тухайн бүтээгдэхүүний орц найрлага, илчлэгийг тодорхой заадаг болсон. Тиймээс эрүүл байх, залуу нас, эрч хүчээ хадгалж үлдэхийг хүсдэг хэн бүхэн хоол хүнсээрээ авдаг илчлэгээ зөв тооцоолоод л сурах хэрэгтэй байгаа юм. Нэг үгээр хэлбэл, хөдөлгөөн, зөв зохистой хооллолт нь нэг зоосны хоёр тал шүү гэдгийг л ойлгоцгооё. Эрүүл иргэнтэй байх нь “Шинэ Монгол” трендийн гарцаагүй хөндөх сэдэв. Тиймээс, эрүүл, идэвхитэй амьдралын хэв маягийг шинэ монголынхоо трэнд болгоё.
Ene zaluu uuruu ehleed gedesgui bolchihvol