Нийтлэл 12 сарын 17, 2015

ОХУ-ЫН БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМНЫ 2015 ОНД ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАНГИЙН ТУХАЙ

 ОХУ-ын БХЯ-д энэ сарын 11-нд 2015 онд хийсэн ажлын нэгдсэн тайланг тавьж, 2016 онд хийж ажлын тухай хэлэлцлээ. Ингээд та бүхэнд уг тайлангийн гол хэсгийг орчуулж, зарим тайлбарын хамтаар хүргэж байна. 

ОХУ-ын Зэвсэгт хүчин 2015 онд батлан хамгаалах хүчин чадавхыг хэвээр хадгалжээ. Гэхдээ 2014 онтой харьцуулбал зарим чиглэлд чанар, тооны хувьд ахисан үзүүлэлт харагдаж байна. Энэ онд улсын батлан хамгаалах захиалгаар нийлүүлэх зэвсэглэл техникийн тоо 7 хувиар өссөн үзүүлэлт нь тус улсын зэвсэгт хүчнийг шинэ загварын зэвсэг, техникээр хангах явц 47 хувьд хүрснийг нотолж байна.

Оросын зэвсэгт хүчний байлдааны боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр хийсэн ажлууд

Бие бүрэлдэхүүний нөхөн хангалт 92 хувьд хүрсэн. Энэ жил гэрээт цэргийн тоог 10 хувиар нэмэгдүүлсэн нь одоо 352 мянгад хүрээд байгаа ба энэ нь гэрээт цэргийн тоо түүхэндээ анх удаа хугацаат цэргийн тооноос давсан тохиолдол болж байна. Дараа жил гэрээт цэргийн тоог 384 мянгад хүрнэ.

Стратегийн зориулалттай цөмийн хүчин ямар ч төрлийн цөмийн цохилтыг тогтоон барих үүргээ найдвартай биелүүлэхэд байнгын бэлэн байдалд байгаа. Стратегийн пуужинт хүчний хөөргөх системийн 95 хувь нь байнгын байлдааны бэлэн байдалд үүрэг гүйцэтгэж байна. Энэ жил шинээр “Ярс” тив алгасагч баллистик пуужингаар тоноглогдсон 6 хороо байлдааны үүрэг гүйцэтгэж эхэлсэн. 
Хуурай замын цэргийн стратегийн цөмийн хүчийг орчин үеийн зэвсэглэл, техникээр хангах ажил 51 хувьд хүрээд байна. Энэ онд стратегийн цөмийн хүчний нисэхийн ангиуд 2 нэгж – “Ту-160”, 3 нэгж – “Ту-95МС”, 5 нэгж – “Ту-22М3” нийт 10 нэгж сайжруулсан байлдааны нисэх онгоц хүлээж авчээ. 
Тэнгисийн цэргийн стратегийн цөмийн хүчний байлдааны хүчин чадал мэдэгдэхүйц нэмэгдээд байгаа. “Владимир Мономах”, “Александр Невский” гэсэн хоёр нэгж стратегийн пуужин тээвэрлэгч шумбагч завинууд байлдааны байнгын бэлэн байдалд үүрэг гүйцэтгэж эхэлсэн. Ингэснээр тэнгисийн цэргийн стратегийн цөмийн хүчийг зэвсэглэх ажил 56 хувьд хүрч байна. Нийлбэр дүнгээр оросын зэвсэгт хүчин 35 нэгж шинэ баллистик пуужин хүлээн авч, цөмийн цэнэг тээвэрлэх боломжтой орчин үеийн зэвсгийн тоо 55 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

2015 оны 8 дугаар сарын 1-нд Нисэх хүчин, Агаар-сансраас хамгаалах хүчнийг нэгтгэж “Агаар-сансрын цэрэг”-ийг байгуулсан ба одоо үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байна. Энэхүү цэргийн шинэ хүчин нь агаар болон сансарт явагдах байлдааны ажиллагааг удирдах зорилгоор нэгдсэн хяналтын системийг ашиглаж эхлээд байна. Улсын батлан хамгаалах захиалгын дагуу 2015 онд “агаар-сансарын цэрэг” 243 нэгж орчин үеийн нисэх онгоц, 90 нэгж агаарын довтолгооноос хамгаалах пуужингийн систем, цогцолбор, 208 радарын станц хүлээн авчээ. Нэгдсэн дүнгээр уг цэргийн зэвсэглэл техникийн шинэчлэх ажил 52 хувьд хүрлээ.

Ерөнхий зориулалтын цэрэг энэ жил хоёр бригад “Искандер-М” загварын пуужингийн цогцолбор, 1172 нэгж танк болон бусад хуягт техник, 148 нэгж пуужин болон артиллерийн систем, 2292 нэгж олон зориулалтын автомашин хүлээн авсан. Хуурай замын цэргийн зэвсэг, техникийг шинэчлэх ажил 32 хувьтай явж байна. 
Барууны сүүлийн үеийн загварын удирдлагын төв ашиглалтад орсон. Плесецк сансрын хөөргөх буудал ажиллагаанд ороход бэлэн болж туршилтын нислэг хийсэн. Сири улсад явуулж буй байлдааны туршлагаас харахад нисгэгчгүй нисэх хэрэгслийг ашиглах нь өндөр үр дүнтэй байгаа. Тийм учраас энэ чиглэлд эрчимтэй ажиллаж эхлээд байна. 2011 онд оросын армид зөвхөн 180 нэгж нисгэгчгүй нисэх хэрэгсэл байсан бол одоо энэ тоо 1720 нэгж болж өсжээ.

Энэ жил шинээр олон зориулалтын хоёр нэгж шумбагч завь, 8 байлдааны усан онгоц хүлээж авсан нь орчин үеийн зэвсэг, техник, завиар хангах ажил 39 хувьд хүрч байна. Шүхэр-десантын цэрэг 4 мянган шинэ загварын техник буулгах шүхрийн систем хүлээн авсан нь тус цэргийн газардах боломжийг эрс нэмэгдүүлж өгч байна. Шүхэр-десантын цэргийн орчин үеийн байлдааны техник хэрэгслээр хангах ажил 41 хувьтай байгаа ажээ. 

Үндэсний батлан хамгаалах удирдлагын төвийн хүчин чадал эрс нэмэгдлээ. Тус төвд ажиллаж буй супер-компьютерын хүчин чадал нь бусад улсын адил төстэй төхөөрөмжөөс хүчин чадлын хувьд хэд дахин даваад байгаа бололтой. Цэргийн зориулалттай программ хангамжийн нийлүүлэлт төв болон бүс нутгуудад жигд өссөн үзүүлэлттэй байна. 
Зөвхөн 2015 онд цэргийн тойргууд 18 мянган нэгж орчин үеийн холбоо мэдээллийн техник хэрэгсэл хүлээн авсан нь өнгөрсөн 2014 оноос 7 хувиар өссөн үзүүлэлт гэнэ. Энэ нь зэвсэгт хүчнийг орчин үеийн холбооны техник хэрэгслээр хангах ажил 43 хувьд хүрснийг илтгэж байна.

Сири улсад явагдаж буй тусгай ажиллагаа

2015 оны 9 дүгээр сарын 30-наас эхэлсэн байлдааны ажиллагаанд оросын алсын зайн, оператив, тактикийн болон армийн нисэх хүчин, тэнгисийн флотын хэд хэдэн усан онгоц, шумбагч завь өнөөдрийг хүртэл оролцож байна. Анх удаа 1500 км-ийн алсаас агаар болон тэнгист суурилсан өндөр нарийвчлалтай далавчит пуужингаар дайсны байрлалд бөөгнөрүүлсэн цохилт хийсэн. Нисэх хүчин нэгдсэн дүнгээр 4000 удаагийн байлдааны нислэг үйлдэж, террорист бүлэглэлийн 8000 орчим төрөл бүрийн “бай”-г устгажээ. Үүний үр дүнд “исламын улс” террорист бүлэглэл их хүн хүч, санхүү, зэвсэглэл техникийн хэмжээний хохирол үзэж, байлдах чадвар нь мэдэгдэхүйц буураад байна. 
Зэвсэгт хүчний агаарын тээврийн анги, салбарууд өнгөрсөн хоёр сарын хугацаанд үлэмж их хэмжээний ачааг, эрчимтэй тээвэрлэх ажлыг амжилттай гүйцэтгэлээ. Цэргийн нисэхийн тээвэр, тэнгисийн цэргийн тээврийн усан онгоцнууд хамтран нийтдээ 214 мянган тонн төрөл бүрийн ачааг тээвэрлэжээ.

Цэргийн сургалт, бэлтгэл

Сири улсад байлдааны ажиллагааг амжилттай явуулж байгааг цэргийн эрчимтэй сургалт, бэлтгэлтэй шууд холбон тайлбарлаж байгаа. 2013 оноос эхлэн явуулж буй бэлэн байдлын гэнэтийн шалгалтууд нь цэргийн сургалт, байлдааны бэлэн байдлыг дээшлүүлэхэд эерэг нөлөө үзүүлж байна. Зэвсэгт хүчний бүхий л анги, нэгтгэлийг хамарсан шалгалт жилд дунджаар 5 удаа явуулж байгаа. Үүний үр дүнд цэргийн тойргууд, армиудын командлагч дарга нар, штабууд байлдааны бүрэн бэлэн байдалтайгаар байнгын байрлалаас хөдөлгөөн үйлдэж, шинэ газар оронд байлдааны даалгавар биелүүлэх дадлага, чадавх нь эрс нэмэгдэж байгаа юм. 

2015 оны 8 дугаар сарын 18-наас 9 дүгээр сарын 20-ны өдрүүдэд явагдсан “Төв-2015” стратегийн команд-штабын сургуулийн үеэр “Төв-Азийн стратегийн чиглэл”-д байлдааны ажиллагаа явуулах дадлагын бүрэн хэмжээнд явуулсан. Уг сургуулийн үеэр сүүлийн 25 жилд явагдаагүй агаарын бөөгнөрүүлсэн цохилтыг 150 нэгж байлдааны нисэх онгоц оролцсон бүлэглэлээр зохион байгуулсан юм. Мөн уг сургуульд стратегийн зориулалттай цөмийн хүчин оролцсон байна. Өнгөрсөн 2014 оныг бодвол энэ жил цэргийн сургалт, бэлтгэл дараах үзүүлэлтээр өссөн мэдээтэй байна. Үүнд: 

- Нисгэгч, экипажийн нислэгийн цаг – 10 хувиар
- Тэнгист буй усан онгоц болон шумбагч завины дадлага – 7 хувиар
- Цэргийн жолооч нарын жолоодлого хийж буй нийт замын урт(км) – 22 хувиар
- Шүхэр-десантын цэргийн шүхрийн буулт, дадлага – 1000. Үүний 50 хувь нь хүндрүүлсэн нөхцөлд хийгджээ. 

Цэргийн сургалт, дадлагын тоо нэмэгдэж байгаа хэдий ч Оросын батлан хамгаалах яам сургалтад зарцуулдаг сум, галт хэрэглэл, шатахууны зардлыг нэмэгдүүлээгүй гэнэ. Харин түүний оронд дуурайлган үзүүлэх хэрэгсэл, сургалтын шинэ арга техник ашиглаж сургалт явуулах тал дээр түлхүү анхаарч байгаа бололтой. Цэргийн сургалтын полигоныг жилийн бүхий л улиралд бүрэн ашиглаж байна.

Цэргийн боловсролын систем

ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас зохион байгуулж буй цэргийн боловсролын байгууллагуудыг нэгдсэн сүлжээнд оруулах ажил бүрэн дуусжээ. Энэ сүлжээнд 26 нэгж цэргийн академи, их дээд сургууль, институт, 8 салбар багтсан. Энэ жилээс “Цахим их сургууль” байгуулах ажилд анхаарал хандуулж эхлэх ба ингэснээр бүх цэргийн боловсрол олгож буй байгууллагуудын хооронд цахим орчин бий болж, нэгдсэн сүлжээгээр холбогдох боломжтой болох юм. Мөн энэ жил “Цахим номын сан” байгуулах ажлыг эхлүүлэх ба уг номын санг ашиглах зааврыг 2016 оны 9 дүгээр сард нэгдсэн байдлаар гаргах ажээ. 
Цэргийн академид суралцах, дээд боловсрол эзэмших эрхийн төлөөх босгыг улам нэмэгдүүлж нэг хуваарийн төлөө 9 хүн өрсөлддөг болгоно. Төрөл бүрийн 42 их сургууль төгсөгчдөөс сонгож авсан цэргийн алба хаагчдаар бүрдүүлсэн “цэргийн шинжлэх ухааны 12 рот” төрөл бүрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. ОХУ-ын Ерөнхийлөгчийн тушаалаар “шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн рот”-уудыг байгуулах ажлыг удахгүй эхлүүлэх ажээ.

Сэтгэгдэл бичих

arrow icon