Нийтлэл 12 сарын 22, 2015

Оюутолгой: Бид юуг өөрчилж чадах вэ? Бас юуг өөрчилж чадахгүй вэ?

“Оюутолгой: Алт чухал уу, аз жаргал чухал уу” тэмдэглэлээр өөрчлөгдөх боломжгүй юмыг хий шүүмжилж, хардаж суух нь нийгмийн сайн сайханд сөргөөр нөлөөлж ирсэн тухай хөндсөн. Энэ удаа юуг өөрчилж чадах, юуг өөрчилж чадахгүй болох тухай нэгтгэж үзье.

 

Оюутолгой: Бид юуг өөрчилж чадахгүй вэ?

1. Рио Тинто, Түркүоз Хилл-ийг хөөж гаргаж чадахгүй.  Гаргалаа гэхэд олон улсад эргээд хандах нүүргүй болж, Оюутолгойгоос том юм алдана.

2. Оюутолгой уурхайг хааж чадахгүй. Хаагаад өөрсдөө олборлож чадахгүй, өдийг хүртэл хийсэн  хөрөнгө оруулалтыг төлөх өрөнд орно.

3. Хөрөнгө оруулалтын гэрээг өөрчилж чадахгүй. “Муу гэрээ”-гээ тойроод төр нийтээрээ олон жил маргасан ч цаг хугацаа, нэр хүнд, алдагдсан боломжийн маш өндөр өртөг төлсөн.  5 сарын Дубайн хэлэлцээрээр хоёр тал харилцан буулт хийж, зарим нэг амжилтад хүрсэн. Одоо тэр төлөвлөгөөнд үндэслээд том санхүүжилт хийгдэж, ажил урагшилж байгаа тул дахиж манай талаас өөрчлөлт оруулах боломж муу болов уу. Гэрээ бол гэрээ.

4. Дэлхийн зах зээлийн зэсийн эрэлтэд нөлөөлж чадахгүй. Өөрөөр хэлбэл зэсийн үнэд нөлөөлж чадахгүй. Үнэ эрэлтээс хамаардаг.  Тэгэхээр Оюутолгойн орлогод нөлөөлж чадахгүй.

5. Г.Уянга гишүүнийг өөрчилж чадахгүй.  Тэрээр боломж л гармагц бодвол пиарын баг нь судалж суулгаж өгсөн чухал царайгаа гаргаад –Энэ бол муу гэрээ гэж хэлж байх болно.

 

Оюутолгой: Бид юуг өөрчилж чадах вэ?

1. Хандлагаа өөрчилж чадна. Энэ талаар өмнөх тэмдэглэлд сийрүүлсэн. Мэдлэг,  компанийн засаглал, практик, том хөрөнгө оруулалт, ажлын байр, олон улстай холбогдох гүүр, хамтрагчаа гэж харах уу, хулгайч гэж харах уу бидний сонголт.

2. Рио Тинто групп, Түркүоз Хиллийн хувьцаа эзэмшигч болж чадна. Оюу Толгой бол Рио Тинто группын хамгийн гоё, алтан бизнесийн нэг.  Рио Тинтогийн нээлттэй арилжаалагдаж байгаа хувьцаанаас авч Оюу Толгой уурхайн үр өгөөжөөс хүртэж болно. Гэхдээ ямар ч хөрөнгө оруулалт, хувьцаа эрсдэлтэй байдгийг санах хэрэгтэй.

3. Өрсөлдөөнд ялж ажилтан нь болох, удирдах багт багтаж, оновчтой шийдвэр гаргахад хувь оруулах замаар илүү дээр практик хэрэгжүүлж чадна.

4. Өөрийн бизнесийг хөгжүүлж, худалдан авалтад орох замаар орлого олж чадна.

5. Өөр салбарын бизнесүүдээ хөгжүүлж, хамаарлаа багасгаж чадна.

6. Зардал хянаж чадна.  Энэ нэлээн чухал тул арай дэлгэрэнгүй бичье.

 

Шилэн Оюутолгой

Бидний зүгээс зэсийн эрэлт, үнэ, орлогод нөлөөлөх боломжгүйг дээр дурдсан.  Тиймд ашиг=орлого-зардал гэсэн тэнцэтгэлийн “зардал”-ыг  сайн удирдах замаар ашгаа нэмэгдүүлнэ.  Монголчуудын хувьд  ногдол ашиг хэзээ авах вэ, 6 тэрбум долларын зээлийг төлж чадах уу, чадахгүй бол ордоо барьцаанд алдчих вий гэсэн олон сэтгэлийн зовлон байна. Энэ бүхэн Оюу Толгой үйлдвэрлэлийн өртөг, удирдлын зардлаа хэрхэн удирдахаас ихээхэн хамаарна.

Цаашид зардлаа хамгийн оновчтой удирдаж, хамгийн богино хугацаанд ногдол ашиг авна гэхэд эргэлзэх эрх Монголчуудад бий.  Анхны ТЭЗҮ-с зардал асар их хэмжээгээр хэтэрч, олон асуудал дагуулсан.  Олон шалтгаан байж таараа ч гэрээнд зардал хэмнэх мотивацтай холбоотой нэг сонин доголдол байдаг.  “Муу гэрээ”-ний олон заалтыг тойроод маргаан гардаг ч менежментийн баг ашиг их байх тусам бонус авах нийтлэг практикаар биш зардал их байх тусам түүнээс 3-6 хувийн төлбөр авахаар гэрээлсэн заалт хамгийн уршигтай. Далд уурхайн хувьд 6 биш 3 байхаар тохиролцож чадсан нь Дубайн “гэрээ”-ний(гэрээ биш гэж мэлздэг) амжилт.  

Одоо гэрээний хувьд 3 хувиас буулгах, нойллох боломжгүй болов уу.  Тэгэхээр бодитоор зардал гарах явц, хэрэгжилтэд тавих хяналт хамгийн чухал. Рио Тинто бол бид нийтэд хувьцаагаа арилжаалдаг, зардлаа хэмнэж ашигтай ажиллахыг бодно гэдэг. Гэхдээ гэрээнд ийм заалт байхад менежерүүдийн сэтгэхүйд нөлөө үзүүлэхгүй байна гэж үзэхэд бэрх. Тиймд, ийм заалтгүй бизнесээс илүү чанд зардлын хяналт хэрэгтэй.

Тэгээд яаж хянах вэ? Рио Тинто, Түркүоз Хилл олон улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй. Санхүүгийн зах зээлийн дүрмээр тайлан, мэдээллүүдээ ил тод байлгах үүрэгтэй. Гэхдээ тэр нь англи хэл дээр, олон нийтээс хол, улирлаар, ерөнхий үзүүлэлтүүд гардаг.  Бас дээр нь Оюу Толгой өөрөө ХХК буюу нийтэд тайлагнах үүрэгтэй хувьцаат компани биш.

Ийм нөхцөлд Монголчуудын хувьд стратегийн орд, ордыг оруулсан хөрөнгийг барьцаалсан төслийн санхүүжилттэй гэх мэт үзүүлэлтэд үндэслэн Оюу Толгой компани, бусад ижил төстэй уул уурхайн компанийг шилэн данстай байхаар хуульчилж болох юм. Татварын хууль өөрчлөгдөхөд аж ахуйн нэгжүүд дагаж мөрддөг шиг компанийн ил тод байдалд хуулийн зохицуулалт хийнэ гэсэн үг. Гэрээг өөрчилж чадахгүй ч  санхүү, ил тод байдлын тухай дотоодын зохицуулалтыг өөрчлөх боломж юу байна хайж үзмээр. Төрөөс компанийн үйл ажиллагаанд дарамт үзүүлэхгүй байх хэрэгтэй ч ийм заалттай гэрээтэй, ил тод бус байх нь эсрэгээрээ коррупц, дарамт үүсгэдэг зэрэг онцлог талыг бодолцож үзсэн тусгай зохицуулалт хийнэ гэсэн үг. 

Данс ил тод байх нь бүх талд ашигтай гэж бодож байна. Нэгд, Оюу Толгой олон нийтийн хяналт дор Монголын улстөрчдийн элдэв шахаа, хэрэгцээгүй зардал гаргах дөнгөнөөс мултарна. Менежментийн төлбөрийн төлөө биш ашгийн төлөө стандарт дүрмээр бизнес хийх хөшүүрэгтэй болно.  Хоёрт, олон нийтэд жинхэнэ хяналт хийх боломж бүрдэнэ. Гуравт, засгийн хувьд зардал хэмнэгдэж татвар, ногдол ашиг, улстөрийн нэр хүнд нэмэгдэнэ. Улстөрчид, ашиг сонирхлын холбоотой бүлэглэлүүдийн хувьд зардлаас 3 хувийг авч хуваалцах уу,  сайн хянах механизм нэвтрүүлээд  ашиг, нэр хүнд, арай дээр нийгэмд амьдрахаа бодох уу, дэнсэлж үзвэл...

Ялангуяа С.Баярцогт, С.Баяр тэргүүтэй энэ гэрээгээр нэр хүндээ шаварт хутгасан улстөрчдөд буцааж оноо авах том боломж, сонгуулийн бэлэн сэдэв.  Сөрөг хүчин, активистуудын хувьд  ч муу гэрээ, дээрэмчид, ард түмэн, газар шороо гэх мэтийн бизнест тэс хамаагүй, улиг болсон ший янгуугаа зурагдсан пянз шиг давтан худлаа улс төр хийж, Монголчуудын сэтгэлзүй, сайн сайхнаар наадаж байхын оронд  өөрчлөх боломжтгүй боломжгүйгээ ялгаж, механизмын шийдэл, бодит үр дүн хөөцөлдмөөр юм.  Зарим нөхөд, нам, бүлэглэл Монголчуудын уул уурхайн эсрэг (эсрэг ч гэж дээ байгалаа хамгаалах эерэг мотивац байсан, анхандаа бол) үндэсний үзэлд дөрөөлсөн сонгуулийн пиараа хэдийн эхлээд байна. Шийдэл хайлгүйгээр 90 хувийн хамааралтай салбарых нь эсрэг Монголчуудыг турхирч, хэдийн хөдөлсөн гал тэргийг хөдлөх ёсгүй байсан юм гэж орилж байгаа нам, улстөрчид төр улс аваад явах байтугай нэг ширхэг ч Монгол хүнийг хайрлах совестгүйг олон нийт ойлгомоор байна.

Энд дэвшүүлсэн хувилбараар уу, өөр шийдэл байна уу, ямар ч гэсэн Оюу Толгойтой бид хамт амьдрах ёстой.  Одоо нөлөөлж чадах, хянаж байх ёстой хамгийн том талбар: ЗАРДАЛ гэдгийг сануулахаар үүнийг тэмдэглэв.

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon