Домог, түүх болон мөнхөрсөн аугаа хайр дурлал олон бий. Хэдэн мянганы турш хүмүүс бид тийм хайрын түүхийг яг л алмаз эрдэнийг тал бүрээсээ гэрэл гэгээ цацруулсан гайхамшиг төгс талст болгон засах мэт үгийн урнаар ер бусын үлгэр домог, түүх, хүүрнэл, найраг болгон бичиж, үе үедээ уламжлан үлдээж иржээ.
Бүүр эртний Грекийн домгийн бурхан Аполлогийн хүү Офрей болон Евридейс хоёрын эмгэнэлт дурлалын түүхээс эхэлнэ. Тэр цагт хайр дурлал гэдэг зөвхөн тэнгэр бурхдын хэрэг байжээ. Гамшигт Тройн дайны үүтгэл болсон Парис – Хелена нарын дурлал хайрын явдал нь хайр дурлал гэдэг зөвхөн тэнгэр бурхдын хэрэг явдал байхаа болиод, газар дэлхийд зочлон ирж, хүн төрөлхтний сэтгэл зүрхний ховдолд амтат балаа дусаан эхэлж буй үеийн түүх билээ. Түүнээс хойш Ланселот – Гүйнвэр, Тристан – Изольда, Зигфрид – Кримхилда гэх мэтчилэн үргэлжилнэ.
Сэргэн мандлын үед хайр дурлалын түүх утга зохиолын гол өгүүлэмж болж, гоо сайхан гүнжийн төлөө алдар гавьяаны аянд мордож буй хөлөгт баатруудын тухай уян сэтгэл, баатарлаг адал явдал хослуулсан романуудийн эрэн үе эхлэв. Соёгор сахалт, доёгор Дон Кихот ноёнтон болон түүний бүсгүй Дульсинеягийн түүхийг ямар нэгэн ёж хошигнолгүйгээр эргэн дурсдаггүй хүн гэж үгүй.
Энэ үед Данте, Петрарка нар Беатриче, Лаура хэмээх эглээс эгэл бүсгүйчүүдийг яруу үгсийнхээ шидээр хайрын сахиусан тэнгэр болгон өргөмжилснөөр арай гэж тэнгэр бурхдаас хүмүүс бидний хүртээл болоод байсан хайр дурлалыг эргээд тэнгэрт нь залж орхих шахсан юм. Түүний дараа У. Шекспир Ромео –Жульета хоёрын дүрэлзсэн дурлалаар хүн төрөлхтний зүрхэнд найдварын гал асааж, дундад Азийнхан Межнун – Лейла хоёрын дуулийг хэдэн зуунаар дуулцгааж, Фирдоусиас Махтумкулиг хүртэл, Томас Мураас Роберт Бөрнс хүртлэх үй олон найрагчид гайхамшигт хайрын тухай үгээ хайрласангүй билээ. Скарлет O’Хара –Рет Батлер, Жейн Эйр – Рочестер, Эликабет Беннет – Дарси гэх мэтчилэн хайрын түүх эцэс төгсгөлгүй үргэлжилнэ.
Энэ мэт уран санааны ертөнцөд мэндэлсэн хайрын түүхүүдийн зэрэгцээ үнэхээр гайхамшигт ховор хувь тавилангаар учирсан хайрын бодит түүх ч бас олон. Марк Антони – Клеопатра, Наполеон – Жозефина, Хюго – Ж.Друэ, Тургенев – Виардо, эхнэр нөхөр хоёр эрдэмтэн Кюри, Хатан хаан Виктори – Ханхүү Альберт, Эдвард – Вилли Симпсон гээд мөн л хэмжээ хязгааргүй мэт үргэлжилнэ.
Ийм олон хайрын түүх дотор онцгой содон нэгэн бий. Тэр хайр зөвхөн уран санааных бус бодит ертөнцөд байсан, бас домогт ч мөнхөрсөн тийм хайр. Түүнээс гадна тэр хайр өөрийн бүхий л дотоод ертөнцөө, энхийрэл, эмзэглэл, эмгэнэл бүхнээ цагаан гантиг чулуунаа бахархал, орь дуу болгон сийлж үлдээжээ. Харин яруу үгсээр хэр чадлаараа дуулсугай хэмээн бусдад хувь үлдээжээ. Ямар хүмүүсийн тухай, ямар хайрын тухай ярьж буйг гадарлана байх. Энэ бол ертөнцийн нэгэн гайхамшиг Таж Махалыг цогцлоосон тэр хайр. Таж Махал хэмээх энэ гайхамшигт эрдэнэс болсон цасан цагаан сүм-бунхан ер бусын тийм хайр хүний зүрх сэтгэлд үнэхээр оршин байсан юм шүү гэдгийг батлан тунхаглаж, дорнын тэргэл саран дор сүүн өнгөөр үлгэр хүүрнэн буй.Хүн төрөлхтний түүхэнд ийм тод ул мөр, түүхэн том дурсгал үлдээсэн хайр өөр үгүй.
Энэ хайрын эзэд болох ханхүү Хуррам 1592 оны 1 сард, Аржуманд Бану нь 1593 оны 4 сард төржээ. 1607 онд 15 настай Хуррам хүү Мина Базар гэдэг зээлийн газарт нэгэн охинтой учирсан байна. Тэгэхэд ихэс дээдсүүдийн дунд нэг хоёр өдрөөр нэр, зүсээ нуун дээдсийн хүрээллийнхэнд зориулсан зээлийн газарт өөрт буй илүүдэл алт эрдэнэсээсээ зарж, арилждаг, өрнийнхний маскарадтай төстэй цэнгүүн болдог байжээ.
Охин тэнд шилэн шүр бас торго зардаг дэлгүүрт сууж байв. Хуррам нэгэн гоёмсог шилийг хараад үнийг нь асуусанд “Энэ бол алмаас эрдэнэ учраас үүнийг чи яагаад ч худалдан авч дийлэхгүй” гэж их л санаа зовинон өгүүлсэн байна. Мэдээж хэрэг түүнийг ханхүү гэж мэдсэнгүй. Хуррам хүү 10 000 рупигээр тэрхүү алмаасыг худалдан авчээ. Тэр үед энэ нь асар их мөнгө байв. Өнөөх охин бол хааны хайртай хатан, төр улсад хүчирхэг нөлөө бүхий Нур Жаханы зээ дүү Аржуманд Бану байжээ.
Ханхүү хаан аав дээрээ очиж тэр охинтой гэрлэхийг хүсэж буйгаа хэлсэн гэдэг. Гэсэн ч тэднийг дариу гэрлүүлчихсэнгүй, хүүхдүүд ижилсэн дасалцаж явсаар 5 жилийн дараа 1612 оны 5 сарын 10-нд Хуррам 20 настай, Аржуманд 19 настайдаа гэрлэцгээжээ. Тэдний хурим гайхамшигтай ёслол төгөлдөр болсон гэдэг. Хожим Хуррам хүү Шах Жахан хаан болж, Бану охин Мумтаз Махал хатан болсон билээ.
Аржуманд Бану үнэхээр өгөөмөр, өглөгч, үзэсгэлэнтэй бүсгүй байж, эр нөхрийнхөө дэргэдээс огтхон ч холддоггүй, дайн тулааны талбарт ч ямагт хамт явдаг байжээ. Хаанд бүхий л талаар маш сайнаар нөлөөлж байв.
Аржуманд Бану, Шах Жахан нарт бусдын адил олон жилээр хамтдаа амьдрах хувь дутсан, тэд ердөө 19 жил хамт амьдарч, гэхдээ 14 хүүхэдтэй болжээ. Гэсэн ч тэрхүү хайртай хосыг хагацал, харуусал орхисонгүй, долоон хүүхэд нь бага насандаа эндэж, эмгэнэл гашуудал нөмөрч байжээ. Гэвч хожим учрах сорилын дэргэд тэр бүхэн юу ч биш байлаа.
Ордны хуйвалдаан, хаан ширээний төлөөх ах дүүсийн хоорондох тэмцэл, урвалт зэргээс үүдэн ханхүү Хуррам тайван тухтай амьдрал үзсэнгүй. Байнгын хүнд бэрх аян дайны явдал дунд хайртай хоёр хамт явсаар байв. Нэгэн үе тэр хоёр ялагдаж, гурван жилийн турш зугтаж, дүрвэж явжээ. Тэгсээр хайртай хоёр хүү нялх Дара, Аурангзэб хоёрыгоо удаан хугацаагаар барьцаанд өгч байж хэсэг зуур амсхийжээ. Эцэст нь сая нэг ялалт байгуулж 1628 оны 2 сарын 24-нд Аград хаан ор суув. Энэ урт удаан хугацаанд тэр ах дүүстэйгээ, аавтайгаа тэмцэлдэн байлдсан байна.
Гэвч хаан сэнтийд заларснаас хойш бас л хангалттай хугацаанд энэ хос амар амгалан байж чадсангүй. Ердөө гуравхан жилийн дараа 1631 оны 6 сарын 17-нд өмнө зүгт хийсэн нэгэн аян дайны үеэр хээрийн асарт Мумтаз Махал хатан 14 дэх хүүхдээ төрүүлэхдээ нас баржээ. Тэрбээр нас барахын өмнө тэр Шах Жаханаас гурван амлалт хүссэн гэдэг. Үүнд, өөрсдийнхөө үнэнч халуун хайрыг нь хүн төрөлхтөн дурсаж байх гайхалтай бунхан барих, үр хүүхдээ халамжлах, мөн дахин гэрлэхгүй байхыг хүсжээ. Шах Жахан энэ гурван хүслийг нь биелүүлнэ гэж тангараглав. Хатных нь үхэл хааныг яг л хамаг шим шүүсийг нь сорчих шиг болж, үс нь хоёрхон хоногт бууралтаж, гэнэтхэн ихээр хөгширчээ. Хоёр жилийн турш ордондоо ямар ч найр хөөр болохыг зөвшөөрсөнгүй.
Хаантан хайртай хатандаа зориулж ертөнцөд урьд өмнө баригдаагүй, хожим хойно ч давтагдашгүй гайхамшигт бунхан бариулжээ
. Энэ цул цагаан гантигаар босгож хагас эрдэнийн чулуудыг өнгө алаглуулан шигтгэж хээлэн чимэглэсэн бунхныг бүтээхийн тулд 20 000 хүн, 1000 заан 17 жилийн турш хөдөлмөрлөсөн байна.
Бөмбөгөр орой нь дэлбээн дээрээ амарч буй линхуа цэцгийн хэлбэртэй агаад таазанд нь нарыг сийлжээ. Таж Махалын дөрвөн цамхаг нь хэрвээ нурахаар бол дөрвөн зүгтээ унахаар баригдсан. Ямуна мөрний өндөрлөг дэнж эрэгт баригдсан энэ барилгын харагдах байдал нь харсан хэн бүхний сэтгэлийг татна. Тэнгэрийн дорно этгээдэд тэргэл саран хөөрч, өрнө этгээдэд наран гудайх тэр агшинд энэхүү бунхны гоо үзэсгэлэн нь жинхнээсээ төгс амилах аж.
Хаантан ийм хосгүй барилгыг ертөнцийн хаа нэгтээд дахин бариулахгүйн тулд Таж Махалын гол уран барилгач Аманат Хан Ширазийн хоёр гарыг тайрсан домог бий. Гараа тайруулахын өмнө уран барилгач Таж Махалд очиж, орой хэсэгт нь нэг газарт алхаараа тоншиж орхисонд өчүүхэн цоорхой гарсан байна. Домогт өгүүлэхээр борооны улирал эхлэхэд борооны анхны хэдэн дуслууд тэр цоорхойгоор орж ирэн Шах Жаханы булшин дээр дусалдаг гэдэг.
Хөвүүд нь эрийн цээнд хүрэхийн цагт хаан ширээний төлөө өөр хоорондоо өршөөл энэрэлгүй цусаа асгаруулан байлджээ. Тэд тийм сайхан хайрын дундаас төрсөн гэхэд итгэхийн аргагүйгээр нэгнээ өршөөлгүйгээр, үр хүүхэдтэй нь хүртэл алж, устгаж байв. Тэгээд зогсохгүй уй гашуугаасаа цал буурал болсон хөгшин эцгээ барьж аваад ээжид нь зориулж босгосон гаймшигт Таж Махал бунхан харагдах төдий зайд, Ямуна мөрний нөгөө эрэгт байх Улаан цайзад хорьжээ. Уг нь Шах Жахан тэр газарт өөртөө зориулан тас хар гантигаар Таж Махалын нөгөө нэг ихрийг бариулахаар төлөвлөж байсан гэдэг. Хайрт хоёр хосын ууган охин Жахан Ара дүүгийнхээ харгис хэрцгийд дургүйцэн, аавынхаа дэргэд сайн дураараа хоригдон, аавыгаа асран халамжилж эхлэв. Өвгөн хааны сэтгэлийг цайлгах ганц зүйл нь тэрхүү цайзын цонхоор мөрний тэртээ нөгөө эрэгт цайлалзан харагдах Таж Махал байжээ. Шах Жаханы хараа нь муудан, алсад буй Таж Махалыг харж чадахгүй болоход Жахан Ара цонхны эсрэг талд жижигхэн толь байрлуулан, Таж Махалын тусгалыг аавдаа харуулдаг болжээ. Ийнхүү хайртай хатнаас нь төрсөн, хатуу ширүүн тэмцэл дунд хайрлан, хамгаалан явсан, үрэгдсэнээс үлдсэн хэдэн хүүхдүүдийнх нэг нь бусад эрэгтэй ах дүү нараа алж, өөрийг нь насан туршид хорьсон гашуун хувь заяаг хүлцэн тэвчсээр Шах Жахан хаан 1666 онд 74 насандаа бурхан болоход Таж Махалд хатных нь шарилын хажууд оршуулсан байна.
Ийм нэгэн ер бусын гэгээн, бас эмгэнэл, харуусал хагацал дүүрэн хайрын түүх бий билээ.
Монголчууд бидний хувьд сонирхолтой нь энэхүү Шах Жахан нь Монгол угсааны хаан юм. Тэдний эзэмшлийн эзэнт гүрэн болох Энэтхэг дэх Их Могол гүрэн бол угтаа Их Монгол гэсэн утгыг илэрхийлэх билээ.
Үүний учир нь 1526 онд Кабулыг захирч асан Бабаар хэмээх хаан Делид довтлон, тэндхийн лалийн шашинт Султааныг бут ниргэснээр Энэтхэгт Их Моголын гэгдэх шинэ хаанчлалын эрин үеийг эхлүүлжээ. Тэрхүү Бабаар бол Доголон Төмөр хааны дөрөвдэх үеийн удмын хүн байв. Харин Төмөр хаан бол Чингис хааны хоёрдугаар хүү Цагаадай ханыг дагалдан дундад Азид ирсэн монголын Барлас овгийн тэргүүний хүү, цааш нь хөөвөл Чингис хааны дээд өвгөөс салбарласан, Бөрт Чоноос гаралтай нэгэн. Төмөр хаан өөрийгөө Монгол хүн хэмээн үздэг байсны адилаар түүний удмын Бабаар хаан ч өөрийгөө Монгол хүн гэж үздэг байжээ. Тиймээс ч тэр шинээр байгуулсан улсаа Их Могол буюу Их Монгол гэж нэрлэжээ.
Харин түрэг, перс хэл, бичигт Монгол гэхийн “нг” нь гээгдэн бичигдсэнээр Могол болсон аж.
Бабаар хаан болон түүнийг дагалдан ирсэн цөөн тооны монголчууд, тэднийг залгамжлагчид Энэтхэг оронд өөрсдийн соёл, заншлыг авчирснаар олон соёлын заагт байсан Энэтхэгийн соёлыг дахин цоо шинээр баяжуулжээ. Хувцасны соёл, монгол цэргийн зохион байгуулалт, дундад Ази дахь Цагаадайн угсааны улсад хэрэглэгдэж байсан түрэг, монгол хэлний дундаас үүсмэл, зөвхөн дээдсийн хүрээлэлд хэрэглэгдэх ордны хэл болох Орд /Урду/ хэл гэх зэрэг монгол шинжтэй олон зүйл уламжлагдав. Төрийн ёслолд Есөн цагаан сүлд тахих уламжлалаа хүртэл тэд авч иржээ.
Мөн шинжлэх ухаан, технологи, газар тариалан, цэцэрлэг, уран зураг, уран барилга, зэр зэвсэг, төрийг засах арга ухаан, хооллох соёл, хувцас, урлал, дуу хөгжим, ан агнуур гэх зэрэг нийгэм, ахуй, соёлын бүхий л салбарт Их Моголын гэгдэх өвөрмөц төрхийг бүтээжээ. Энэ гүрэн улс 300 орчим жил оршин тогтнож ирсэн ба тухайн цагтаа дэлхий ертөнцөд, ялангуяа барууныхны төсөөлөлд ч багтамгүй гайхалтай баян тансаг улс байв.
Их Моголын эхний зургаан хаан бол бүгд хүчирхэг их хаад байв. Тэд бүгдээрээ гялалзсан авьяаслаг, ер бусын хувь тавилантай, зарим нь цэргийн жанжид, зарим нь их эрдэмтэд, зураач, яруу найрагч байсан ба бүгдээрээ баатар дайчид, оргилуун тэмүүлэлтэй хүмүүс байжээ.
Бабаар хаан бол баатар хүчтэй, цэргийн эрдэмд ч, бичиг найргийн ярууд ч төгс бол түүний хүү Хумаан хаан энэрэнгүй үзэлтэн, их эрдэмтэн, зураач юм. Акбар хаан бол Энэтхэг орны хэдэн мянган жилийн түүхнээ тодорсон аугаа их хаадын нэг, билэг ухаан, эр чадал төгс, түүний хүү Жахангир хаан , энэхүү их хайрын эзэн Шах Жахан хаан ч, түүний хүү Аурангзэв ч бүгдээр хүчирхэг, авьяаслаг хүмүүс байв. Нийтдээ 17 хаад байжээ. Тэд Энэтхэг орныг нэг төрийн жолоонд хурааж, өнөөгийн нэгдсэн Энэтхэгийн эх суурийг тавьж, нэгдмэл улс болгоод 1847 онд Английн колоничлогчдод шилжүүлэн өгчээ.
Ер Энэтхэг, Монгол хоёр нь өнө эртнээс оюун сэтгэлгээ, соёлын хүрээнд нягт харилцаатай байж ирсэн, оюуны хөршүүд
юм. Энэтхэг оронд түүхийн янз бүрийн үед очиж суурьшиж, нутагшсан монголчуудын удам угсаа хэдэн саяар тоологдохоор бий. Өнөө ч манай хоёр орон соёлын өргөн харилцаатай.
Хүн төрөлхтнийг уяраасан их хайрын бэлгэ тэмдэг Таж Махал хийгээд Шах Жахан хаан, Мумтаз Махал хатан хоёрын тухай манай монголчууд эртнээс мэддэг төдийгүй утга зохиолдоо ямар нэгэн хэмжээгээр тусгаж иржээ. Шүлэг, найраглал, өгүүлэл, аян замын тэмдэглэл олноороо бичигдсэн. Гэвч томоохон хэмжээний роман бичигдсэн нь үгүй санагдана.
Өдгөө зохиолч С.Батжаргалын бичсэн “ИХ ХАЙРЫН ТҮҮХ“ роман нь Монгол угсааны хааны энэ аугаа хайрын тухай бичсэн анхны роман
болов уу гэж бодож байна.
Хүн төрөлхтөн даяараа мэддэг энэ их хайрын сэдэв бол үнэхээрийн том сэдэв юм. Сэдэв том, үйл явдал цар далайцтай, олон түмэн мэддэг байх хэмжээгээр зохиолчоос ур чадвар, мэдлэг, хөдөлмөрийг төдий ихээр шаарддаг. Яах ч аргагүй хүний ертөнцийн явдал дотор өрнөсөн тэнгэрийн хайр юм. Магадгүй, тийм болохоор л биднээс тэр бүр энэ хайрын сэдвийг барьж аваад байсангүй биз.
Юутай ч Монгол зохиолч эмэгтэй Их Монгол гүрний үсэрсэн цус, тасарсан махны тасархай Энэтхэг дэх Их Моголын нэгэн хааны ер бусын хайрын түүхийг уран сайхнаар Монгол уншигчиддаа шинээр нээхийг хичээж, “Яруу үгсээр хэр чадлаараа дуулсугай” хэмээн бусдад хувь үлдээсэн боломжийг машид зориглон барьж авчээ. Зориг бий бол чадал буй гэдэг.
Сэтгэл догдлуулсан хайрын амт, бас шаналгасан гашуун тавилан, бахархал бүхнийг энэхүү романаас уншина гэж найдаж байна. Өвөрмөц сонин содон дүрүүдээр баяжуулж, гэрэл сүүдрийг хослуулж, түүхэн үнэний гаргалгааг ихэд эерүүлэн илэрхийлжээ. Монгол угсааны хаан хайртай хатандаа мөнхөд дурсагдах бунхан босгосон бол Монгол зохиолч эмэгтэй тэдний их хайрын тухай удаан дурсагдах роман бүтээхийг эрмэлзжээ.
Зохиолч маань өмнө нь “Намрын шөнийн зүүд”, “Хайду хааны цадиг” хэмээх хоёр ч роман, “Хошой чин ван Ханддорж” тууж болон хэд хэдэн ном бичиж хэвлүүлсэн байна. Энэ роман гурав дахь роман нь. Хэдий уран бүтээлээ 2012 оноос буюу хожимхон эхлүүлсэн ч богино хугацаанд эрч хүчтэй туурвиж, ур чадвар нь номоос номд улам арвижин чамбайрч буйг энэхүү романаас нь анзаарна буй за.
saikhan tyykh dandaa bi unshdag yum,nulmis garna,bi ochij yznee gej mun olon jil bodoj baigaa .end mongol geed baikh er khereggyi.enetkheg khyn ugaasaa iim baidag yum