Нийтлэл 12 сарын 30, 2015

Монгол Шуудан ТӨХК-ийн хувьцааг худалдан авах 6 шалтгаан

2015 оны УИХ-ын 70-р тогтоол, Засгийн газрын 330-р тогтоол, Төрийн өмчийн хорооны 594-р тогтоолын дагуу “Монгол Шуудан” ТӨХК-ийн 66%-ийг төрд үлдээж 34%-ийг Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан хувьчлахаар болсон билээ. Энэхүү хувьчлалд иргэн бүр оролцох боломжтой бөгөөд 12-р сарын 28-аас 1-р сарын 06-ны хооронд хувьцаа худалдан авах захиалга өгснөөр уг хувьчлалд оролцох боломжтой болно. Нэгж хувьцааг 185 төгрөгөөр борлуулж байгаа ба нийт нийт 33,859,363 ширхэг хувьцааг нэмж гарган 6.263 тэрбум төгрөг татан төвлөрүүлж “авто замын логистик”-ийн төсөл хэрэгжүүлэх юм.

1.Аль ч нийгэмд ажиллаж байгаа компани. 1921 онд байгуулагдсан энэ компани социализмын үед төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн гаран дээр бөмбөрч байсан нь гарцаагүй. Харин 1990 онд ардчилал ялж зах зээлийн хар шуурганд өртсөн ч өдгөөг хүртэл үйл ажиллагаагаа өргөжүүлж сайжруулсаар иржээ. Компанийн орлогын хэмжээ сүүлийн таван жилийн хугацаанд жил бүр 15.28%-иар өсч 11 тэрбумд хүрсэн нь үүнийг батална. Үүгээр ч зогсохгүй сүүлийн таван жилийн хугацаанд тасралтгүй ажиллаж байгаа нь компанийн өрсөлдөх чадварыг илэрхийлэх үзүүлэлт юм. Энэ нь хөрөнгө оруулагчдад үйл ажиллагаа нь найдвартай, тогтвортой компанид хөрөнгө оруулах боломжийг олгож байна.

2. Үйл ажиллагаа нь тогтвортой, зах зээлд байр сууриа эзэлсэн. 895 хүний бүрэлдэхүүнтэйгээр Улаанбаатар хотын 40 салбар, аймгийн 21 салбар, сумдын 334 салбараар дамжуулж үндсэн 6 үйлчилгээг харилцагчиддаа хүргэж байна. Мөн дэлхийн 200 улстай шуудангийн солилцоо хийдэг бол буухиа шууданг 35 улстай хийж байна. Ингэснээр дотоодын шуудангийн зах зээлийн 95%-ийг дангаар эзэлж байгаа бол олон улсын буухиа шуудангийн зах зээлийн 30%-ийг дангаар эзэлж байна. Зах зээлд байр сууриа эзэлсэн компанид анхнаас нь хөрөнгө оруулах боломж Монголын нөхцөлд маш цөөхөн байдаг. Иймээс иргэдийн хувьд энэ хувьчлал сүүлийн 20 жилийн хугацаанд ганц удаа тохиож буй хөрөнгө оруулалтын боломж гэж хэлэхэд хилсдэхгүй.

3. Орлогын тогтмол өсөлт, тасралтгүй цэвэр ашиг. Компанийн орлогын үзүүлэлт сүүлийн таван жилийн хугацаанд жил бүр 15.28%-иар өсчээ. Харин цэвэр ашгийн хэмжээ дүнгийн хувьд хэлбэлзэл ихтэй байгаа ч тасралтгүй ашигтай байж чаджээ. Санхүүгийн хувьд тасралтгүй сайжирч буй компанид хөрөнгө оруулах нь өгөөжөө харьцангуй богино хугацаанд хүртэх боломжийг хөрөнгө оруулагчдад олгодог давуу талтай.

 

4. Банкны зээлгүй. Компани банкны зээл аваагүй нь өнөөгийн үйл ажиллагааны ашгаараа ирээдүйн зарцуулалтаа санхүүжүүлж буйг илэрхийлж буй чухал үзүүлэлт юм. Харин нөгөө талаас хямралын үед зээлгүй байгаа нь цаашид компани санхүүгийн чадавхаа хадгалж үлдэх боломжийг олгох чухал хүчин зүйл болж байна Хямралын үед санхүүгийн чадавхаа хадгалж чадах сайн компанид хөрөнгө оруулах нь эргээд эдийн засгийн өсөлтийн үед харьцангуй богино хугацаанд өгөөж хүртэх боломжийг нээж өгдөг.

 

5. Орлогын нэмэлт эх үүсвэр бий болно: Компани нэмэлт хувьцаа гаргаснаар 6.263 тэрбум татан төвлөрүүлэх ба үүнийг “авто замын логистик”-ийн төсөл хэрэгжүүлэхэд зарцуулах юм. Уг төслөөс эхний таван жилд дунджаар 5.352 тэрбум төгрөгийн орлого олж 3.991 тэрбум төгрөгийн зардал гарган 1.227 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллана. Эндээс цэвэр ахиу ашгийн дундаж хэмжээ 23% байна.

Төсөл хэрэгжсэнээр 2020 он гэхэд нийт орлогын 75.7%-ийг одоогийн шуудангийн үйлчилгээний орлого,  24.3% нь ачаа тээврийн үйлчилгээний орлогоос бүрдэх юм. Аливаа компанийн орлогын эх үүсвэр олон эх үүсвэрээс бүрдэх тусмаа эрсдэл багасч байдаг. Энэ нь хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл байдлыг бий болгодог байна.

6. Олон нийтийн компани - олон нийтийн хяналт, хамгаалалт. 34% нь хөрөнгийн биржээр дамжин хувьд шилжсэнээр төрийн хаалттай компани биш олон нийтийн нээлттэй компани бий болно. Компанийн тухай хууль, үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн дагуу санхүүгийн тайлан, үйл ажиллагааны мэдээлэл нь хувьцаа эзэмшигчдэд ил тод болж ТУЗ-өөр дамжуулан хяналт тавих, хариуцлага тооцох боломж бүрдэх юм. Ингэснээр үр ашиггүй зардал буурч ашигт ажиллагаа нэмэгдэх, засаглал сайжирснаар орлого нэмэгдэх эерэг үр дүн гарах боломжтой. Мөн энэ компанийн хувьцааг олон иргэн эзэмших тусмаа олон нийтийн хамгаалалтад орж ямар нэг хууль бус шийдвэр гаргалт компанид сөргөөр нөлөөлөхгүй боломжгүй болдог.

Миний хувьд андеррайтер хийж буй компанийн шинжээчийн өнцгөөс “өөдрөг” талаас нь харж байгаа тал бий. Эс бөгөөс өнөөдөр захиалга аваад сууж байхгүй байлаа.

Гол асуудал юу вэ? Өөдрөг харж байгаа гэдэг нь эрсдэлгүй гэсэн үг биш  ээ. Харин учирч болох эрсдэл өнөөгийн өнцгөөс харахад харьцангуй бага л гэсэн үг. Ямар ч шийдвэр гаргалтад их бага хэмжээний эрсдэл бий. Хувьцааны хөрөнгө оруулалтын хувьд эрсдэл бага биш гэдгийг бид мэднэ. Нөгөө талдаа ашгийг дагаж эрсдэл явдаг. Их ашиг хүртье гэвэл их л  эрсдэл гаргана. Энэ бол хөрөнгө оруулалт.

“Ашиг хийснийхээ дараа би зөв шийдвэр гаргаж амжилтад хүрч чадлаа” гэж өөрөөрөө бахархдаг шигээ “эрсдэл хүлээж алдагдалд орж байгаа бол би буруу шийдвэр гаргаад алдчихлаа” гэж өөртөө шүүмжлэлтэй хандаж алдаанаасаа суралцах хэрэгтэй. Ингэж чадвал та мөнгөө өсгөж чадна. Алдсан бол алдаагаа засаж, ахин алдахгүй байхын төлөө хөгжих хэрэгтэй.

Миний мөнгө хэзээ хэд дахин өсөх вэ?

Иргэдийн хувьд надад хамгийн их тавьсан асуулт энэ. Миний хариулт бол: Тэвчээртэй хүлээ. Гэхдээ гараа хумин сууж болохгүй.

Тэвчээртэй хүлээ: Хувьцааны ханш өсөхөд нөлөөлдөг гол үзүүлэлт бол компанийн орлого ашгийн хэмжээ өсөх явдал юм. Их л хувиар өсвөл ханш төдий чинээ өснө. Мэдээж хэрэг богино хугацаанд ханшаар тоглож үнийг өсгөх эсвэл үнийг бууруулах тоглолт явж л байдаг. Гагцхүү энэ цаг зуурын хэлбэлзэлд хууртай болохгүй. Тэгэхээр та мөнгөө үнэхээр л өсгөхийг хүсч л байгаа бол одоогийн орлого /2014 онд 11 тэрбум төгрөг/ ба ашгийн /2014 онд 738 сая төгрөг/  хэмжээ өсөх хүртэл нь “тэвчээртэй хүлээх” ёстой юм. Тодруулбал хамгийн багадаа л 2 жил, дунджаар 3-5 жил хүлээх хэрэгтэй гэсэн үг. Харин энэ хугацаанд компани татан төвлөрүүлсэн хөрөнгөөрөө төслөө хэрэгжүүлж орлого ашгаа өсгөх үүрэгтэй. Менежментээ сайжруулж шуудангийнхаа орлогыг ч өсгөх ёстой. Эцэст нь ашиг нэмэгдэх учиртай.

Гараа хумин сууж болохгүй: Тэвчээртэй хүлээ гэдэг нь гараа хумхин хүлээ гэсэн үг биш шүү. Тодруулбал, хувьцаа авсны дараа “та энэ компанийн эзэн боллоо” гэсэн үг. Тэгэхээр өөрийнхөө машиныг хэрхэн хайрлан унадаг шигээ компаниа хайрла. Булган шуба, үнэтэй хослол, чамин цаг, ганган үнэт эдлэлдээ яаж анхаарч, бусдаас харамлан хамгаалж, ариг гамтай хэрэглэгдэг билээ яг л түүнтэй ижлээр “Компанидаа хяналт тавь. Өөрийн компанийг бусдаас хамгаал. Мэдээллээ ил тод болгохыг шаард. Эсвэл өөрийн үйлчлүүлж буй брокероосоо мэдээлэл судалгаа шалгаа. Бид гаргаж өгөх үүрэгтэй. Эцэст нь цаг тухай бүрт нь үнэн зөв мэдээлэл авч шийдвэр гаргалтаа оновчтой болго”.

Энэ бүх эрх хуулиар танд олгогдсон. Эрхээ эдэлж хөрөнгөө өсгө бас хамгаал. Ингэж хүчин чармайлт гаргаж байж сая таны компанийн орлого ашиг өснө. Үүний хэрээр хувьцааны ханш өснө. Нэг шөнийн дотор мөнгөө 20, 40, 50 хувиар өсгөнө гэж эндүүрч болохгүй. Ромыг нэг өдөрт бариагүйг мартаж үл болно.

Энд нэгэн жишээг авъя. 2007 онд бүрэн хувьчлагдсан Говь ХК-ийн орлого ашиг хэрхэн өөрчлөгдөж ирснийг графикт харуулав. Компанийн орлого, ашиг нэмэгдсэнээр хувьцааны ханш дагаад өссөн нь графикаас тод харагдаж байна.

 

 

 

 

 

Сэтгэгдэл бичих

    • Шинжээч
    • 2016-03-16

    Авсан бүх хүн хожлоо

    • ЗОЧИН 029
    • 2016-02-24

    ЗӨВ ШҮҮ

    • Шинжээч
    • 2016-01-11

    Ийм баримжаа байсан учраас иргэдийгээ 1 ширхэг ч хамаагүй аваасай гэж хүссэн

    • shinjeech
    • 2016-01-07

    2dahin ih zahialga irleedeee

    • АаТ
    • 2016-01-06

    төрийн оролцоо давамгай хэвээр үлдэж байгаа нөхцөлд хувьцааны ханш нээх өсөхгүйлдэ

    • uuganaa
    • 2016-01-05

    2014 onii shijigeer bol 80000 sh huvitsaa buyu 14 800 000 turguriin hurungu oruulalt hiigeed 594 400 tugrugiin noogdol ashig hyrtene gej oilgoj bna zuv yy?hervee tiim bol jiliin 4 huviin hyy yum shig bhiin.bi buruu tootsoolson bj magadgyi ene dyngeer tootsoolj uguuch???

    • зочин
    • 2016-01-04

    Нэгж хувьцааны үнийн талаар асууж болох уу

    • Усчин
    • 2016-01-03

    Тороос зохион байгуулдаг хувьчлалын хамгийн сонгодог муу хувилбар! Жишээ нь би хувьцааг худалдаж аваад хэзээ ноогдол ашиг аа авч эхлэхийг тосоолох ч аргагуй. Хэдийгээр энэ компани донгож суулийн 3 жилд анх удаа ашигтай ажиллаж эхэлж бсан боловч ЗГ оороо удирдлагаар нь оролдоод иргэдийн дунд албаар айдас торуулчихсэн. Одоо ард тумэн биш том тоглогч нар аваад торийн омчийг унэгуйдуулж бгаад ашиг олдог 90-ээд оны завааруулалтын сонгодог жишээ болох бз дээ. Уг нь боломжийн ашигтай хэрэгжуулэх тослууд бгаа, тэр сургаар хувьчилахаар болжээ дээ

    • Зочин
    • 2016-01-03

    Tolgoi erguulehee b Толгой эргүүлж утгагүй мэдээлэл өгөхөө боль. 66/34 %иар хувьчилчихаад нэмээд 6.2 тэрбумын хувьцаа гаргахаар төр/иргэний % яаж өөрчлөгдөхийн ??? Хувьцааны тоо ш битгий ярьж бай, хувиар өөрчлөлт харьцуулалт хийж ярь хэрвээ шинжээч юм бол.. жил болгон ижил хэмжээтэй орлого, ашиг олно гэж байх уу? Мэдээллээ үнэн өг. Битгий популист нөлөөлөх байдлаар худлаа ярьцгааа. Энэний цаана та нар юу төлөвлөчөөд алгаа үрээд сууж байгааг мэднэ ээ

    • Зочин
    • 2016-01-01

    DHL, UPS зэрэг компаниудад зах зээлээ алдчихгүй л бол гайгүй байх

    • бадрал
    • 2015-12-31

    Ээдээ мэдээлэл технологи үсрэнгүй хөгжиж буй өнөө үед уламжлалт шуудан харилцаа хөгжиж ашигтай ажиллаж өгөөжөө өгнө гэдэг ч хэцүү байхдаа гэхдээ цаг хугацаа харуулах биздээ

    • Зочин
    • 2015-12-30

    маш зөв

arrow icon