Шинэ он дөнгөж гараад хятадын цэргийн хүчинд гарч буй өөрчлөлтийн тухай анхаарал татсан мэдээ олон улсын хэвлэл мэдээллийн агентлагуудаар цацагдаж эхэллээ.
Шинэ төрлийн цэргийн хүчин
2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр БНХАУ-ын Цэргийн төв зөвлөлөөс “ХАЧА”(Хятадын ардын чөлөөлөх арми, Р.Э)-ийн Хуурай замын цэргийн Ерөнхий командлал, Пуужинт цэрэг, Стратегийн дэмжлэгийн цэрэг гэсэн гурван шинэ хүчин байгуулж байгааг албан ёсоор зарлав. Мөн өдөр Бээжин хотод шинээр байгуулагдсан гурван хүчний командлагч нарт байлдааны туг гардуулан өгөх ажиллагаа болж түүнд БНХАУ-ын дарга Си Зиньпин оролцлоо. Арга хэмжээнд оролцсон БНХАУ-ын дарга Си Зиньпин “ХАЧА-ийн хуурай замын цэрэг нь аль болох хурдан бүс нутгийн хамгаалалтын хэлбэрээс бүрэн хэмжээний байлдааны ажиллагаа явуулах чадвартай орчин үеийн, хүчирхэг, шинэ төрлийн арми болж хувирах ёстой,” гэж мэдэгдэв.
Шинээр байгуулагдаж буй “ХАЧА”-ийн Хуурай замын цэргийн Ерөнхий командлал нь нэгдсэн оперативын удирдлагын систем болж “Цэргийн төв зөвлөл”-ийн удирдлага дор ажиллах бөгөөд ингэснээр удирдлагын шуурхай, тасралтгүй, найдвартай байдал хангагдах ажээ. Энэхүү “ерөнхий командлал”-ын гүйцэтгэх үүрэгт хятадын кибер болон сансарын орчинг кибер халдлагаас хамгаалах асуудал багтаж байгаа бололтой.
“ХАЧА”-ийн Пуужинт цэрэг нь БНХАУ-ын стратегийн цөмийн хүчний гол цөм ба оросын “Стратегийн зориулалттай пуужинт цэрэг”-тэй адил төстэй үүрэг гүйцэтгэх төлөвтэй. Энэ хүчин нь цөмийн цохилт хийх эсвэл хариу цохилт өгөх чадавхиа хадгална. Мөн дунд болон холын зайд, өндөр нарийвчлалтай цохилт өгөх боломжийг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх, стратегийн тэнцвэрийг хадгалах замаар цаашид хүчирхэг, орчин үеийн пуужинт цэргийн байгуулах гэнэ.
“ХАЧА”-ийн Стратегийн дэмжлэгийн цэрэг нь шинэ төрлийн цэргийн хүчин ба үндэсний аюулгүй байдлыг хамгаалах, түүнчлэн ХАЧА-ийн байлдах чадварыг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх ёстой болж байна.
Хятадын явган цэргүүд Сири улсад
БНХАУ-ын Засгийн газар ОХУ-аас тавьсан “Сири улсад хуурай замын цэрэг илгээх” саналыг хүлээн авч, 5000 тусгай хүчний цэргээ терроризмтай тэмцэх зорилгоор Сири улс руу илгээхээр болсон тухай мэдээ тархаж эхэллээ. Өнгөрсөн ням гаригт хятадын парламент өөрийн цэргийг гадаад улсад илгээхийг зөвшөөрсөн тогтоолыг баталсан
юм. Хятад бол цэрэг зэвсгийн хүчин чадлаар дэлхийд эхний гуравт ордог
том улс. Харин бусад хүчирхэг улс орнуудыг бодвол терроризмтой тэмцэх харьцангуй туршлага багатай гэж хэлж болно. Харин сүүлийн үед тус улсын шинжаан уйгур зэрэг исламын шашинтай мужуудад бослого, террорист ажиллагаа ихээр үйлдэгдэх болсон нөгөө талаар дэлхийн хэмжээнд энх тайван байдлыг сахиулахад өөрсдийн бодит хувь нэмрийг оруулах зорилгоор хятадууд ийм шийдвэр гаргаж байгаа бололтой. Өмнө нь хятадууд Африк тив дэх өөрийн ашиг сонирхлоо хамгаалах зорилгоор цөөн тооны цэргийн мэргэжилтнүүд ажиллуулж ирсэн билээ.
Албан бус мэдээгээр хятадын тусгай хүчний “Сибирийн бар” нэгтгэлээс 2000 цэрэг, терроризмийн эсрэг ажиллагаа явуулах зориулалттай “Шөнийн бар” ангиас 3000 цэрэг явахаар төлөвлөж байна. Тэдний ажиллагааг танк болон явган цэргийн байлдааны машинаар дэмжлэг үзүүлнэ. Магадгүй хятадын цорын ганц хөлөг онгоц тээвэрлэгч “Liaoning” дээрээс хөөрөх нисэх онгоцнууд нь явган цэргүүддээ агаараас дэмжлэг үзүүлэх зорилгоор тулаанд орж болзошгүй юм. Ингээд энэ жил БНХАУ-ын цэргийн хүчин чадал ямархуу төвшинд хүрч хөгжсөн байна гэдгийг тулааны талбарт бодитоор нь харах үлдлээ.
Хятадын шинэ зэвсэглэл, техникийн тухай
БНХАУ нь сүүлийн үед батлан хамгаалах салбартаа зарцуулж буй хөрөнгийн хэмжээг тогтмол нэмэгдүүлж ирсэн. Хятадын цэргүүдийн зэвсэг, хувцас хэрэглэл нь илт сайжирч, шинэчлэгдэж байгаа
г дэлхий дахин анхааралтай харж байгаа. Өнөөдөр “ХАЧА”-д оросын “Калашников”-ын загварын бүх бууг зэвсэглэлээс хасаж оронд нь өөрсдийн үйлдвэрлэсэн “QBZ-95” загварын автомат буугаар бие бүрэлдэхүүнээ 100 хувь хангаад байна. Хятадын цэргийн тоог бодоод үзэхээр энэ нь ямар их хөрөнгө мөнгө, хүч зарсан нүсэр ажил болох нь ойлгогдоно.
Хятадууд дэлхийн тойрог замд буй хиймэл дагуулыг устгах зориулалттай “Dong Neng-3” зэвсгийн технологио улам сайжруулах чиглэлээр эрчимтэй ажиллаж байна. 2015 оны 10 дугаар сард хамгийн сүүлд ийм төрлийн туршилтыг амжилттай хийсэн ба өмнө нь 7 удаа хийгээд байсан билээ.
Хятадын радарт үл үзэгдэх технологиор бүтээгдсэн “Chengdu J-20” тавдугаар үеийн сөнөөгч онгоц, туршилтын үеэ даваад бөөнөөр үйлдвэрлэх эхний шатанд шилжсэн
тухай мэдээ тарлаа. Энэ онгоц бүрэн хүчин чадлаараа ажиллахад хөдөлгүүрийн чадал нь хүрэлцэхгүй байгаа учраас энэ асуудлыг шийдвэрлэхээр хятадын инженерүүд тасралтгүй ажиллаж байгаа гэнэ. Хятадууд саяхан оросоос 20 гаруй нэгж “АЛ-41Ф1С” загварын хүчирхэг хос хөдөлгүүртэй “Су-35” онгоц худалдаж авсан. Энэ онгоцны хөдөлгүүр нь хятадуудын анхаарлыг татаж байж магадгүй юм. Ингээд 2016 онд хятадууд дэлхийн тавцанд өөрийн цэргийн хүчин чадлаа харуулсан олон үйл явдалд оролцох нь тодорхой болж байна.
Сэтгэгдэл бичих