Нийтлэл 01 сарын 11, 2016

ҮЗЭЛ БОДОЛ: Ирээдүй биш өнгөрсөнд хандсан Төрийн шагналын шинэ хууль

Социйн үед төрж, өссөн улстөрийн лидерүүд маань улсаа хөгжүүлэх гэж ухаанаа зарж хичээж байгаа ч үнэхээр хоцрогдоод байх шиг.  Өнгөрсөн 7 хоногт төрийн шагналыг цэгцэлж байгаа мэдээ хараад баярлав. Баруун солгойгүй өгч утгыг нь алдуулж байгаа тухай хаа хаанаа ярьсаар олон жил болсны эцэст юм чинь. Гэхдээ сайн харж үзээд жоохон урам хугарлаа. Ажил гавъяаны шалгуурыг нарийсгах биш(10 мянган хүнд хагалгаа хийсэн гэх мэтээр биш) хүний тоогоор, хугацаагаар хязгаарлах(10 мянган хагалгаа хийсэн хоёр эмч байхад нэг нь л авах болох) гэх мэт өрөөсгөл тал байх нь байна. Энэ гэхдээ гол асуудал биш.  Ихэнх эрхэм дээд эрэмбийн шагналууд ирээдүй гэхээсээ өнгөрсөнд чиглэсэн санагдлаа.  

Дор төрийн шагналын эрэмбэ, шалгуурыг жагсаалаа. Шалгуур үзүүлэлтээс аль салбарт чиглэсэн шагнал вэ гэдгийг гаргаж цэнхэр өнгөөр тэмдэглэв. Андуу ташаа ойлголт байвал залруулж өгвөл баярлана.   Нэгд, хамгийн дээд эрэмбэ буюу эрхэм дээд шагнал. Монгол улсын баатар цол уламжлал ёсоор батлан хамгаалах талдаа байсан нь бараг тэр хэвээрээ байх шиг байна. Жишээ нь дотооддоо маш сайн технологи, инноваци хөгжүүлсэн инженер Улсын баатар цол авах эсэх нь эргэлзээтэй. Хөдөлмөр гэх үг дээд эрэмбийн шагналаас арилж,  Улсын баатар цолтой нэгтгэжээ. Ядаж байхад 5 жилд нэг л хүн шагнуулах аж.   Эрхэм дээд шагналын үлдсэн хоёр төрөл нь хоёулаа уламжлал, түүх соёл талдаа юм байна. Орчин цагийн тусгаар тогтнолын гол баталгаа болох үйлдвэрлэл, энтэрпренёр чиглэлээр хамгийн дээд эрэмбээс шагнал горилж болох эсэх нь бүрхэг харагдана.  Авлаа ч 5 жилд нэг хүн. Үйлдвэрлэл, технологи чиглэл биш өөр чиглэл, жишээ нь эмч хүн гэхэд улсдаа ямар ч гавъяа байгуулсан бай, бусад бүх салбарын баатруудтай өрсөлдөөд 5 жилд нэг нь л  төрийн дээд эрэмбийн шагнал хүртэх боломжтой нь арай л өрөөсгөл болжээ. 

Дараагийн эрэмбэ буюу эрхэм хүндэт шагналд багтах Эрдэнийн очир одон мөн уламжлал, гадаад харилцаа талдаа.  Ажил мэргэжлийн гавъяа дурдагдаж байгаа хамгийн өндөр эрэмбийн шагнал Гавъяат зүтгэлтэн.  Энд нэршлийн бодлого дутагдсан санагдаад болсонгүй. Улсын Баатар хэмээх алдар батлан хамгаалах чиглэлээр хоногшсонтой адил Урлагийн Гавъяат Зүтгэлтэн урлагийн чиглэлд хоногшсон. Баялаг монгол хэл дутах биш, Гавъяат мэргэжилтэн ч юм уу нэгэнт шинээр үүсэж байгаа шагналд шинэ нэршил оноож, profession, мэргэжил гэх мэт цаашид түлхүү хөгжүүлэх ёстой ухагдахууныг оруулж ирсэн сэн бол. Гавъяат гэдэг үг нь үлдсэн нь харин оновчтой санагдав.  Бас л урлаг, спорт талдаа түлхүү шагнаж ирсэн ч шагнуулсан хүнийг нэрээр нь дуудахгүй –Гавъяат гэж хандах хэмжээнд нийтэд хоногшсон хүндэтгэлтэй нэршил.  

Түүнчлэн, түүх, соёл гэхчлэн салбар, ажлын нэршлүүд дурдаад байгаа юм шиг хэрнээ судалгаа, шинжлэх ухаан гэж үг нэг ч алга. Ер нь эдийн засгийн тусгаар тогтнолоос авахуулаад хаана манай хүч сулраад байгаа, хаанаас соёл уламжлалаа хамгаалах хүч бий болох талаар бодлого барьж шинэчилсэн хууль эсэх нь эргэлзээтэй санагдаад бичихэд хүрэв.

Язгуур угсаа талдаа уламжлалаа хадгалж хамгаалж ирсэн Европын орнуудад гэхэд 18-р зуунаас инженер, зохион бүтээгч, энтэрпренёрууддаа эртний уламжлалт цол хэргэмээ хүртэл хайр гамгүй, роял зэрэглэлд өөд нь татаж ирсэн харагддаг. АНУ-д ч ялгаагүй, хүн бүрийн мэдэх зохион бүтээгч Эдисоны цол хэргэмийг харахад хангалттай. Тэр салбараа тэгж дээдэлсэн улсууд л гайгүй явж байна. Зарим орон бол шагнал, цол гэхээс илүү цалин сайтай. Манай орны хувьд соц үеийн онцлог, түүхэн уламжлалаа тусгаад хүмүүс их төрсөг, төрөө хүндэлдэг, тэр хэрээрээ төрийн шагналд баярладаг, өгөхгүй бол гомддог. Гэхдээ үүнийг заавал нэр алдрын дон гэж буруушаах албагүй, сайнаар харвал нэг хүчтэй хөшүүрэг төрийн гарт байна гэсэн үг.  Ийм хүчирхэг хөшүүрэг гартаа атгасан хэрнээ түүнийгээ хамгийн хөгжүүлэхгүй бол болохгүй шинжлэх ухаан, бизнес инноваци, технологид чиглүүлж өгөөгүй талтай санагдав. Гэхдээ хууль гэдэг нэг батлаад  тогтчих биш, яваандаа цаг үеийн онцлогт зохицуулж өнгөрснөө сахин хамгаалахаас илүү ирээдүйд манлайлах алтан гадас болгож өөрчлөнө гэж найдаж байна.

 

----------------------

Төрийн шагналын шинэ хуулиар хуульчлах шагналууд:

Эрхэм дээд шагнал:

Монгол Улсын баатар цол: Монгол улсын тусгаар тогтнолыг бататган бэхжүүлэх, эх орноо хамгаалах, үндэсний аюулгүй байдлыг хангах болон хөгжүүлэх, эх орноо алдаршуулах үйлсэд онцгой гавьяа байгуулсан иргэнд хүртээнэ. Батлан хамгаалах, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн онцгой үйлс

Улсын эрдэнэ цол: Үндэсний уламжлалт соёлын биет бус өвийг ур чадварын өндөр түвшинд өвлөн эзэмшиж, түүнийгээ улам боловсронгуй болгон хөгжүүлж, хойч үедээ өвлүүлэх, шавь сургах, сурталчилахад онцгой гавьяа байгуулсан иргэнд хүртээнэ. Уламжлал, түүх соёл, сурган хүмүүжүүлэх 

Чингис хаан одон: Монгол улсын түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхийн бусад оронд сурталчлан таниулах үйлсэд жинтэй хувь нэмэр оруулсан иргэнийг шагнана. Уламжлал, түүх соёл, гадаад дахь сурталчилгаа

Эрхэм хүндэт шагнал:

Эрдэнийн очир одон: Монгол үндэстний уламжлал, төрт ёсыг хадгалж, хамгаалах, хөгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан болон Олон улсын эрх зүйн хэм хэмжээ, зарчмыг баримтлан Монгол улсын гадаад харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх үйл хэрэгт онцгой гавьяа байгуулсан иргэнд хүртээнэ. Уламжлал, гадаад харилцаа

Монгол Улсын гавьяат зүтгэлтэн цол: Ажил мэргэжлийн өндөр ур чадвар, авьяас билгээрээ тодорч, тухайн салбараа хөгжүүлэхэд зөвшөөрөгдөхүйц гавьяа байгуулсан иргэнд хүртээнэ.  Бүх салбараас. 

Хүндэт шагнал

Алтан гадас одон: Иргэний үүргээ нэр төртэйгөөр биелүүлж, авьяас, эрдэм мэдлэг, хүч хөдөлмөрөө дайчлан ажиллаж, тухайн салбарын үйл ажиллагаанд гавьяа байгуулсан болон хуулийн засаглал, төрийн бодлого, зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх үйл хэрэгт гавьяа байгуулсан иргэнд хүртээнэ. Бүх салбараас

Цэргийн гавьяа одон: Монгол улсын Зэвсэгт хүчин, батлан хамгаалах хүч чадлыг бэхжүүлэх, үндэсний аюулгүй байдлыг хангах, дархан хилийг хамгаалах, хууль сахиулах, гамшгаас хамгаалах үйл хэрэгт гавьяа байгуулсан албан хаагчийг шагнана. Батлан хамгаалах

Эхийн алдар I, II одон: Эхийн алдар I зэргийн одонгоор зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг, Эхийн алдар II зэргийн одонгоор дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг тус тус шагнана. Хүүхэд, гэр бүл

Медаль:

Цэргийн хүндэт медаль: Монгол улсын Зэвсэгт хүчин, батлан хамгаалах хүч чадлыг бэхжүүлэх, үндэсний аюулгүй байдлыг хангах, дархан хилийг хамгаалах, гамшгаас хамгаалах үйл хэрэгт олон жил ажиллаж, өндөр амжилт гаргасан албан хаагчийг шагнана. Батлан хамгаалах

Хөдөлмөрийн хүндэт медаль: Авьяас, эрдэм мэдлэг, хүч хөдөлмөрөө дайчлан ажиллаж, тухайн салбартаа өндөр амжилт гаргасан болон гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах, хууль сахиулахад өндөр амжилт гаргасан иргэнд хүртээнэ.  Бүх салбараас

Шударга журам медаль: Гал, ой, хээрийн түймэр, байгалийн болон үйлдвэрлэлийн гамшиг, аюулаас хүний амь нас, их хэмжээний эд хөрөнгө авран хамгаалсан хүнийг шагнана.  Онцгой, аюулгүй байдал

Найрамдал медаль, Энхийн төлөө медаль: Монгол улсаас гадаад оронтой тогтоосон хамтын ажиллагааг бэхжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг шагнана. Гадаад харилцаа, гадаадын иргэн

Сэтгэгдэл бичих

    • Gg
    • 2016-04-11

    Ene olon STOL gunshinguudaas tatgalzhana zuvshdee

arrow icon