Нийтлэл 01 сарын 13, 2016

НОРОВЛИН СУМД НОМТОЙ ОЧСОН ТЭМДЭГЛЭЛ...

- Хүүхдүүдээ, та нарт тус бүр нэг нэг шоколад өгье. Тэр шоколад та нарынх мөн үү?

- Мөн гэж нийтээрээ хэлэв.

- Маргааш тэр шолокад та нарт байх уу?

- Байхгүй гэж ихэнх нь дуугарав.

- Яасан?

- Идчихнэ...

- Тэгвэл та нарт тус бүр 10 шоколад өгье. Сарын дараа та бүхэнд тэр шоколаднаас байх уу?

- Байхгүй гэж бүгд нирхийв.

- Бараг л байхгүй дээ гэж нэг охин эргэлзэнгүй дуугарав.

- Тэгвэл тэр шоколад та нарынх мөн гэж үү?

Хүүхдүүд эргэлзэж буй бололтой өмнөөс гайхан харна. Зарим нь "Биш" гэнэ. Нэг хүү

- Мөн гэж чанга дуугарав.

- Яагаад?

- Тэр шоколадыг та надад өгсөн шүү дээ.

- Тэр шоколад чамд маргааш гэхэд байхгүй болчихсон байна шүү дээ. Тэгэхээр тэр чинийх мөн гэж үү?

- ....
- Бас тэр шоколадыг би буцаагаад авчихаж чадна. Эсвэл чамаас хүчтэй хэн нэг нь булаагаад ч авчихаж болно. Бүр эсвэл чи хэн нэгэнд өгчихөж ч бас болно. Дараа нь чамд шоколад үлдэх үү? 

Олонх хүүхдүүд

- Үлдэхгүй гэж хариулав.

Нөгөө хүү хамрынхаа үзүүрийг маажсанаа

- Мөн ч юм шиг, бас биш ч юм шиг л байна. Үлдэх ч юм шиг, үгүй ч юм шиг...

- Үлдэхгүй шүү дээ, чи шоколадыг хэрвээ өнөөдөр идчихвэл маргааш гэхэд чиний биед байхгүй л болчихсон байна.

Тэгэхээр хүүхдүүд та нар шоколадны үнэхээрийн эзэн нь мөн үү?

- Биш... энэ удаад хүүхдүүд бүгдээрээ зэрэг дуугарав.

- Тэгвэл хүүхдүүдээ, би арай өөр зүйл асууя. Та нар энэ номыг /ширээн дээр байгаа "Хэйди охин" роман/ уншаад, энэ номд байгаа зүйлийг ойлгоод, толгойдоо хийчихвэл /номыг барьж, толгой руугаа хийж буй мэт үйлдэл үзүүлэв/ тэр мэдлэг чинь тэр та нарынх мөн үү?

- Мөн гэж бүгдээрээ нирхийв.

- Энэ номоос мэдсэн зүйлээ чи өөр хүүхдэд ярьж өгвөл, бүр бүгдийг нь ярьж өгсний дараа чамд ямар нэгэн юм үлдэх үү...
- Үлдэнэ.

- Бүр бүгдээрээ үлдэнэ шүү дээ гэж нөгөө хүү итгэлтэй хэлэв.

- Би, эсвэл та нараас хүчтэй хэн нэгэн толгойд чинь байгаа тэр мэдлэгийг булаагаад авч чадах уу, эсвэл худалдаад ч юм уу?

- Үгүй, яагаад ч чадахгүй гэж дахиад л нирхийв.

- 10 жилийн дараа тэр мэдлэг та нарт хэвээр байх уу?

- Хэвээр байна хэмээн ихэнх нь хариулав. - Мартчих л байх даа гэж нэг хоёр хүүхэд сулхан дуугарав.

- Та нар тэр мэдлэгийн эзэд, жинхэнэ эзэд нь мөн үү?

- Мөн.

- Итгэлтэй байна уу?

- Тийм...

- Тэгвэл одоо та нарт бүгдэд чинь нэг шоколад өгөе, эсвэл ном өгөе гэвэл та нар алийг нь сонгох вэ?

- Номыг нь...

- Яагаад...

- Бид жинхэнэ эзэд нь болж чадах учраас...

- Тиймээ, хүүхдүүд ээ. Хэрвээ та нар ном эрдмийг эзэмшиж чадвал хэзээ ч дундардаггүй, алга болдоггүй жинхэнэ эрдэнэсийн эзэд болж чадна.

Хэнтий аймгийн Норовлин сумын дунд сургуулийн жаалуудтай ийн ярилцав.
Тус суманд газар тариалан, гурилын үйлдвэрлэл эрхэлдэг "МӨНХ УЛЗ" ХХК-ийн санаачилгаар сумын дунд сургуулийн номын санд дэлхийн хүүхдийн сонгодог зохиолууд, танин мэдэхүйн нэвтэрхий толиуд зэрэг номууд гардуулах үеэр ийм яриа болсон юм.

"МӨНХ УЛЗ" ХХК-ийн захирал, миний хуурай дүү Ж.Дашдэмбэрэл орон нутагтаа хамгийн үр дүнтэй хөрөнгө оруулалт юу байж болох вэ гэдгийг олон удаа эргэцүүлэн бодож, эрж хайсны эцэст ерөөс энэ сумын ирээдүй болсон, зөвхөн сум орон нутаг төдийгүй Монголынхоо ирээдүй болсон хүүхэд багачуудын балчир оюун санаанд хийж буй хөрөнгө оруулалт бол хамгийн үр дүнтэй, өгөөжтэй хөрөнгө оруулалт юм байна гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Учир нь хэн нэг өрхөд гурил өгдөг, идэж уугаад л дуусчихдаг, тодорхой хугацааны дараа дахиад л гурилийн хэрэгцээ нь байж л байдаг, аль нэгэн үйл ажиллагаанд хандив хэмээн мөнгө төгрөг гаргадаг, асуудал бүрэн шийдэгдэхгүй, тодорхой хугацааны дараа дахиад л санхүүгийн асуудал хэвээр байдаг байна.
Харин өсөн өндийж буй хүүхэд багачууд эрдэм мэдлэгтэй, эрмэлзэл тэмүүлэлтэй, элэгсэг хүмүүжилтэй, эрч хүчтэй болон өсөж өндийвөл нутаг орны ахуй амьдрал ч аяндаа өөрчлөгдөнө, тэр хүүхэд багачуудад ч насан туршийнх нь хөрөнгө болно.

Тэгээд Ж.Дашдэмбэрэл тус сургуулийн номын санд 5.9 сая төгрөгийн үнэ бүхий ном авч очлоо. Гайхалтай сайхан номуудыг Интер ном, Адмон, МонСудар, Болор Өнгө, Соёмбо, Хөх дэвтэр, ISAMI зэрэг хэвлэлийн газруудаас худалдаж авав. Хэдэн зуугаар тоологдох, цоо шинэхэн, гэрэл цацруулсан номууд.

Норовлин сумын дунд сургуулийн захирал, Хичээлийн эрхлэгч болон багш нар машид баярлан хүлээн авав. Залуухан, эрч хүчтэй тэдгээр бүсгүйчүүд хийх ажил их бий хэмээв. 

Сумын Засаг дарга Алтангэрэл хэмээх залуу байна. Сум орон нутгаа, ажлаа сайтар мэддэг нь харагдана. Хамгийн содон анзаарагдсан зүйл бол Алтангэрэл дарга сум орон нутгаа хөгжүүлэхсэн, ард иргэдээ сайн сайхан амьдруулахсан хэмээн зүтгэж, зорьж, тэмүүлж яваа нь. Ер Алтангэрэл даргын тухайд жичид нь их зүйлийг хүүрнэж болохоор байлаа. Гэхдээ сэдвээс гажих тул энэ удаад хойш тавив.

Тэрбээр "Би энэ сургуулийг хэрхэн сайхан болгох вэ? гэж олонтаа боддог. Яагаад гэвэл нэгд, энэ сургууль миний төрөлх сургууль. Намайг сурагч байхад манай багш нар бол ёстой хөдөөгийн уул талаар соёлын үрийг тарьсан тэргүүний сэхээтнүүд, үлгэр жишээ хүмүүс байлаа. Хоёрт, хөрөнгө оруулалт хөөцөлдсөөр сургуулиа иж бүрэн шинэ цогцолбор байртай болгож өглөө. Гэсэн ч нэг л юм дутуу байгаа санагдаад байсан юм. Харин өнөөдөр юу дутуу байсныг ойлголоо. Та бүхний, МӨНХ УЛЗ-ынхны сэтгэл шингэсэн энэхүү бэлэг бидний нүдийг нээх шиг болов. Үнэхээр хамгийн чухал хөрөнгө оруулалт энэ боллоо" гэлээ. Тэрбээр сургуулийн номын сангийн фондыг баяжуулах, байр, уншлагын танхимын талбайг өргөжүүлэхэд Засаг даргын зүгээс шаардагдах бүх хөрөнгийг нь яаралтай гарган намар хичээл эхлэхэд бэлэн болгочихсон байна гэлээ. 

Хамгийн их баярласан нь хүүхдүүд байлаа. "Ном ирлээ, ном ирлээ" гэсэн хүүхдүүд сургуулийн хонгилоор гүйлдэж, хаалга үүдийг нь онголзуулна. Ширээн дээр овоолсон олон сайхан, өнгөлөг номыг гайхах, бахархах, шунан тэмүүлэх харцаар харцгаана. Багш нар хүртэл номруу хошуурцгаав.

МӨНХ УЛЗ ХХК-ийн захирал Ж.Дашдэмбэрэл ярихдаа "Бид Норовлин сумын ирээдүй болсон хүүхэд багачуудад эдгээр сор болсон сонгодог бүтээлүүдийг өгөөд зогсохгүй, та бүхний дунд хэн сайн ном уншдагийг шалгаруулах "БИД ЭРДЭНЭСИЙН САНГИЙН ЭЗЭД" уралдаан зарлаж байна. Хамгийн сайн ном уншиж, тэмдэглэл хөтөлсөн хүүхдүүдийг болон анги хамт олныг шагнана.

Үүнд:

Бага ангийн тэргүүн уншигч сурагч...
- Тэргүүн байр 1. 80 000 төгрөг. 5 сонгодог бүтээл.
- Дэд байр 2. тус бүр 50 000 төгрөг. 5 сонгодог бүтээл
- Гутгаар байр 3. тус бүр 5 сонгодог бүтээл.

Дунд ангийн тэргүүн уншигч сурагч...
- Тэргүүн байр 1. 100 000 төгрөг. 5 сонгодог бүтээл.
- Дэд байр 2. тус бүр 80 000 төгрөг. 5 сонгодог бүтээл
- Гутгаар байр 3. тус бүр 5 сонгодог бүтээл.

Ахлах ангийн тэргүүн уншигч сурагч...
- Тэргүүн байр 1. 130 000 төгрөг. 5 сонгодог бүтээл.
- Дэд байр 2. тус бүр 100 000 төгрөг. 5 сонгодог бүтээл
- Гутгаар байр 3. тус бүр 5 сонгодог бүтээл.

Ангиараа сайн уншигч
- Бага ангийн нэг бүлэг - 200 000 төгрөг. Хүүхдийн сонгодог бүтээл 10
- Дунд ангийн нэг бүлэг - 300 000 төгрөг. Хүүхдийн сонгодог бүтээл 10
- Ахлах ангийн нэг бүлэг - 500 000 төгрөг. Хүүхдийн сонгодог бүтээл 10

Энэхүү уралдааныг ирэх 5 сард шалгаруулж, хүүхдийн баяраар шагнал гардуулна гэлээ. Хүүхдүүд алга ташсаар... Зарим хүүхдүүд шинэхэн номыг тэврэн сууж, хавтсыг нь сэмхэн илнэ.

Сургуулийн номын сангаар орлоо. 1000 гаруй номтой боловч яг хүүхэд уншихаар ном их ховор, ихэнх нь сурах бичиг байх юм. Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь нэлээд ноолойж навсайжээ. Ёстой хаврын туйлсан тэмээ шиг навсайсан хэдэн үлгэрийн ном байна. Хүүхдийн сонгодог зохиолууд, танин мэдэхүйн номууд, монголын зохиолчдын хүүхэд багачууддаа зориулсан бүтээлүүд бараг л алга.
Зарим ангиудаар орж, ангийн номын санг нь үзлээ. 5 өгүүлбэртэй, 10 хуудастай ном голдуу байна. 6а ангийнхнаас номын сангаас ном авч уншиж байгаа хүүхэд байна уу гэвэл бүгдээр гараа өргөв. Эхний хүүгээс ямар ном уншиж байгаа нь асуувал "Бэлтгэжин бор шувуу" гэж байна.

Хүүхдүүдтэй дахиад ярилцав.

- Хүүхдүүдээ, өнөөдөр та бүхэнд МӨНХ УЛЗ компанийн Дашдэмбэрэл, Алдар ах нар чинь ийм олон сайхан, хэдэн зуугаар тоологдох ном авчирч өглөө. 

Эдгээр номууд бол бүгд сонгодог бүтээлүүд юм шүү. Ямар бүтээлийг сонгодог вэ гэхээр хүн төрөлхтөн нийтээр уншдаг, хамгийн үнэ цэнэтэй, хэзээ ч хуучирдаггүй тийм сайхан бүтээлээ сонгодог гэдэг. Эдгээр номуудыг өнөөдөр дэлхийн хөгжилтэй тэргүүлэгч АНУ, Япон, Франц, Англи, Швед зэрэг улсын хүүхэд багачууд, та нарын үе тэнгийнхэн нь бүгдээрээ уншицгаадаг. Та нар маань ч бас тэднээс хоцрох юу байх билээ. Тэдний уншдагийг уншиж, сэтгэдгийг сэтгэж, бодож мөрөөддөгийг мөрөөдөж байж та бүхэн тэдэнтэй эн зэрэгцэж чадна. Ирээдүйд, 10 жилийн дараа тэдэнтэй дэлхийн эрдмийн оргил болсон их дээд сургуулийн нэг ширээнд тохой залган сууж, 20 жилийн дараа улс орноо тэдгээр улсуудтэй өрсөлдөх түвшинд хөгжүүлж чадна. Тиймээс та бүхэн эдгээр номуудыг бүгдийг нь уншаарай. 

- За хэмээн хүүхдүүд нирхийв.

- Энэ сайхан бэлгийг тэвэрч ирсэн МӨНХ УЛЗ компанийн ах нартаа баярлалаа гээрэй.

- Баярлалаа хэмээн дахин нирхийв.

Алга ташилт үргэлжилж, баярлаж гялалзсан бяцхан тунгалаг нүднүүд гэрэлтэнэ.
Биднийг гарахад хүүхдүүд ном дээр шавсаар үлдэв. Багш нар ч тэднээсээ дутсангүй.


Тэмдэглэсэн Б.Номинчимэд

Сэтгэгдэл бичих

arrow icon