Нийтлэл 01 сарын 14, 2016

Бид яагаад алтны эрэлт, үнэ ямар байхыг төсөөлөх хэрэгтэй вэ?

Дэлхийн зах зээл дээрх алтны эрэлт, нийлүүлэлт болон ханшийн хэлбэлзэл нь дараах хоёр сувгаар дамжин манай улсын эдийн засагт шууд нөлөө үзүүлж байна. Үүнд:
  1. Эхний суваг нь валютын урсгалыг нэмэгдүүлэх эсвэл хорогдуулах замаар валютын ханшид нөлөөлдөг. Сүүлийн гурван жилд манай улсын валютын орох урсгалын 4-6 орчим хувь буюу 300-400 сая ам.доллар нь алтны арилжаанаас бүрдэж байна. Алтны эрэлт болон ханш өндөр байх нь манай улсын валютын орох урсгалыг нэмэгдүүлэх бөгөөд энэ нь төгрөгийн ханшийг тогтвортой байхад чухал ач холбогдолтой. Харин алтны эрэлт болон ханш буурах нь валютын орох урсгалыг бууруулах бөгөөд төгрөгийн ханш сулрах нөлөөтэй юм.  
  2. Хоёрдох суваг нь төсвийн орлогоор дамжин эдийн засагт нөлөөлдөг.  Монгол Улсын 2016 оны төсвийн тооцоололд нэг унци алтны   үнийг   1,156   ам.доллар байхаар төсөөлж, 23.6 тонн алт олборлохоор тооцсон байна. Үүний 10.1 тонн алтыг Оюу толгой ХХК олборлож экспортлох бол Алт хөтөлбөрийн  хүрээнд Монголбанк болон арилжааны банкуудад 13.5 тонн алт тушаагдахаар тооцсон байна. 2016 онд алтны эрэлт болон ханш өндөр байх нь манай улсын төсвийн орлого өсөх ач холбогдолтой бол алтны эрэлт болон ханш буурах нь төсвийн орлого бүрдэхгүй байх эрсдэлийг дагуулах юм.

АЛТНЫ ХАНШИЙН 2016 ОНЫ ТӨЛӨВ
2015 он нь алтны ханш суларч, ам.долларын ханш чангарсан жил байлаа.
АНУ-ын Холбооны нөөцийн банкнаас бодлогын хүүгээ нэмэгдүүлсэний улмаас 2016 онд ам.долларын ханш үргэлжлэн өсөх хандлага өндөр байна. 
АНУ-ын бодлого боловсруулагчид 2016 оны төгсгөлд Холбооны нөөцийн банкны бодлогын хүүг 1.375 хувьд хүргэх нь эдийн засгийн зорилтуудтай нийцтэй гэж үзэж байна. Улмаар Холбооны нөөцийн банкнаас 2016 онд бодлогын хүүгээ улирал бүр 0.5 хувиар өсгөх талаар өсгөхөөр яригдаж байна.
Бодлогын хүү өндөр байх нь бусад улсуудаас АНУ-руу чиглэх долларын урсгалыг нэмэгдүүлэх бөгөөд энэ нь ам.долларын ханшийг улам нэмэгдүүлэх нөлөөтэй.
Холбооны нөөцийн банкны бодлогын хүүний нөлөөгөөр ам.долларын ханш нэмэгдэж байгаа энэхүү үйл явц нь алтны ханш үргэлжлэн буурна гэсэн дүгнэлтэд хүргэж буй гол шалтгаан юм. 
 
Эдийн засагт алт нь ерөнхийдөө инфляцийн эсрэг хамгаалалтын хэрэгслийн үүрэг гүйцэтгэдэг. Газрын тосны үнийн сулралт нь нийт улсуудын инфляци буурахад голлон нөлөөлж байна. Холбооны нөөцийн банкнаас бодлогын хүүгээ нэмэгдүүлж байгаа нь мөн инфляцийн түвшинг бага байхад нөлөөлж байна. Учир нь хүү өссөн учир хэрэглэгчид илүү хадгалах хандлагатай болох бөгөөд энэ нь нийт эрэлт буурах хүчин зүйл болно гэсэн үг.
 
Өөрөөр хэлбэл 2016 онд инфляци харьцангуй бага байх хандлагатай байгаа нь инфляциас хамгаалах зорилгоор үүсдэг алтны эрэлтийг бууруулах бөгөөд энэ нь алтны ханш буурах бас нэг хүчин зүйл болж байна. 

Сэтгэгдэл бичих

arrow icon