Нийтлэл 01 сарын 14, 2016

Муу зээлжих зэрэглэл Монголын эдийн засагт ямар үр дагавар авчирдаг вэ?

Зээлжих зэрэглэл гэж юу вэ?:  Зээлээ эргүүлэн төлөх чадамжийг үнэлсэн индекс

Зээлжих зэрэглэл хэмээх индекс улам бүр чухал болж байгаа учир нь хөрөнгө оруулалтын сонголт нэмэгдэж, хөрөнгө оруулагчдад хэн зээлээ эргүүлэх төлөх чадамжтай вэ гэдгийг мэдээлэх хэрэгцээ улам өсөн нэмэгдэж байгаатай холбоотой. 

Зэрэглэл сайтай улс, компанид хөрөнгө оруулалт их хийгдэх, зээлийн хүү бага тогтох давуу тал бий болдог бол бага зэрэглэлтэй улсын хувьд хөрөнгө оруулагчид итгэх итгэл бага, улмаар зээлийн хүү өндөр байдаг. Одоогоор дэлхийд Standard and Poor’s, Fitch, Moodys гэсэн зэрэглэл тогтоогч 3 байгууллага нийт зах зээлийн 95%-г хамарч үйл ажиллагаагаа явуулж байна.

Зээлжих зэрэглэлийг улс орон, байгууллага эсвэл тэдний бонд, өрийн бичигт тус бүрд нь засаглал, эдийн засаг, төсөв санхүүгийн үзүүлэлтүүдийг нь нэгтгэн тогтоодог. Улсын зээлжих зэрэглэл өндөр байх нь маш чухал. Учир нь ямар ч компани, санхүүгийн байгууллага, банк даатгал хэчнээн сайн үзүүлэлттэй байлаа ч улсынхаа зэрэглэлээс өндөр тогтоогдох боломжгүй байдаг учраас улсын зэрэглэл эдийн засгийн байдалд шууд нөлөөлдөг байна.

Доор хөрөнгө оруулалтын зэрэглэл, түүний үзүүлэлтийг үзүүлэв.

AAA нь хамгийн сайн эрсдэл багатай,  D нь хамгийн их эрсдэлтэй, зээлээ эргэн төлөх чадваргүй гэсэн үнэлгээ юм. BBB, түүнээс дээш  үнэлгээ бүхий хөрөнгө оруулалтын зэрэглэл (investment grade)-тэй бол хөрөнгө оруулалт орох магадлал өндөр болдог. Учир нь  даатгал болон тэтгэврийн сан зэрэг санхүүгийн байгууллагууд хөрөнгөө BBB зэрэглэлээс дээш хэрэгсэлд эрсдэлийн түвшингээр нь ангилж автоматаар хуваарилалт хийж байдаг. Өөрөөр хэлбэл, зэрэглэл сайтай улс оронд хөрөнгө оруулалт ихээр хийгдэж, улмаар эдийн засаг сайжрах, зээлийн хүү буурах нөхцөл бүрдэнэ гэсэн үг.

 

Зэрэглэл тогтооход нөлөөлдөг хүчин зүйл

Зээлжих зэрэглэлийг тогтоохдоо тухайн улсын санхүүгийн систем, засаглал, төсөв мөнгөний бодлогыг бүхэлд нь авч үздэг. Тухайлбал, S&P агентлагаас улс орон болон компанийн үнэлгээний үзүүлэлтийг хэрхэн авч үздэг аргачлалын жишээг доор үзүүлэв. Байгууллагын зэрэглэлд улсын эрсдэл гэсэн хэсэг байгаа нь харагдаж байна.

Улсын зээлжих зэрэглэлийг тогтооход дээрх 5 чиглэлийг чухалчилж үздэг бол санхүүгийн байгууллагуудад 4 үндсэн чиглэлээр хэд хэдэн асуудлыг хөндөн, үнэлгээ хийж эрсдэлийг тодорхойлдог байна. Бусад 2 үнэлгээний байгууллага мөн ижил төстэй аргачлалаар тооцдог тул манай улс, санхүүгийн байгууллагууд тухай бүр өөрийн үзүүлэлтүүдэд дүн шинжилгээ хийж, шаардлагатай арга хэмжээг авч ажиллахад анхаарах хэрэгтэй.

 

Монгол Улсын зээлжих зэрэглэл

Эдийн засгийн өсөлт саарсан, төсвийн алдагдал нэмэгдсэн, өрийн хэмжээ өсч байгаагаас шалтгаалан Монгол Улсын зээлжих зэрэглэлийг S&P агентлаг 2015 оны 11 дүгээр сард “B+” зэрэглэлээс бууруулж “B”, Moody’s B2, Fitch “B” гэж тус тус үнэллээ. Ийнхүү бууруулах болсон гол шалтгааныг манай улсын эдийн засаг хөрөнгө оруулалтын бус, эрсдэлтэй, зах зээл савалгаатай байгаатай холбоотой гэж дүгнэж байна.

Монгол Улсын эдийн засаг байгалийн баялагт тулгуурласан, үйлдвэрлэгч орон биш байгаа нь эдийн засагт санхүүгийн зах зээлийн тогтворгүй байдлыг бий болгож, улмаар энэ нь эрсдэлтэй орны тоонд багтах гол нөхцөл болж байна. Энд төрийн байгууллагуудын уялдаа холбоо сайнгүйгээс албан ёсны статистик тоон мэдээ, мэдээлэл дутуу хүргэгддэг асуудал мөн нөлөөлж байх магадлалтай.

Одоогоор Монгол Улсын Хөгжлийн банк болон арилжааны 5 банк  олон улсын байгууллагуудаар зээлжих зэрэглэлээ тогтоолгож байгаа бөгөөд улсын зэрэглэлтэй адил буюу эрсдэлтэй гэсэн хэсэгт орж, үүнээс улбаалан олон улсын зах зээлээс хөрөнгө оруулалт босгоход хүүгийн зардал өндөр тогтож байна.

Эх сурвалж: S&P, Moody's, Fitch

Засгийн газар 2012 онд “Чингис бонд” гаргаж байх үедээ BB зэрэглэлтэйгээр 5.75 хувийн хүүтэй эх үүсвэр татаж чадсан хэдий ч зээлжих зэрэглэл буурсантай холбоотойгоор дээрх 10 жилийн хугацаат бондын хүү одоо ойролцоогоор 8 хувь болж өссөн үзүүлэлттэй байна. Энэ нь санхүүжилтийн зардлыг ойролцоогоор 50 гаруй сая ам.доллараар нэмэгдүүлж байгаа юм.

Дэлхийн зах зээлд зэрэглэл хооронд шилжихэд хөрөнгө оруулалтын зардал дунджаар 0.8 хувь хэлбэлздэг байна. Тиймээс манай улс бодлогын хүрээнд анхаарал хандуулж, “investment grade”-ийг BBB түвшинд хүргэж чадвал гадаадын хөрөнгө оруулагчдаас Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх сонирхол нэмэгдэх, үүнийг дагаад санхүүжилтийн зардал буурах, эдийн засгийн дархлаа сайжрах зэрэг ихээхэн эерэг үр дүн гарах болно.

 

Дүгнэлт

Дэлхийн санхүүгийн зах зээлд идэвхтэй оролцох болсон Монгол Улсын хувьд өөрийн эдийн засгийг тогтвортой хөгжүүлэх, иргэдэд хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг бий болгох, зээлийн хүүг бууруулах зэрэгт зээлжих зэрэглэл чухал. Гэвч манай улсын хөрөнгө оруулалтын зэрэглэл “эрсдэлтэй” ангилалд багтаж, зээлжих чадвар сул байгаагаас хөрөнгө оруулалтын зардал өндөр дүнтэй тогтож байна. Тиймээс манай улс зээлжих зэрэглэлээ нэмэгдүүлж, хөрөнгө оруулагчдад таатай бүс нутаг болохын тулд урт хугацаанд эдийн засгийн хөгжлийг тогтворжуулах, зөвхөн байгалийн баялагт тулгуурласан системийг өөрчлөх, санхүүгийн зах зээлийн бусад салбарыг зэрэгцүүлэн хөгжүүлэх шаардлагатай. 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon