Сүүлийн өдрүүдэд нийт нутгаас эрс хүйтрэн зарим аймагт машин зорчихгүйд хүртэл хүрээд байгаа. Үүний хажуугаар хөдөө орон нутгийн болон нийслэл хотын замуудад автомашины ослын давтамж ихэссэн. Өвлийн улиралд энгийн мэт харагдах хуурмаг мөс зам дээр тогтсоноос болж хурдаа тохируулаагүй эсвэл машиныхаа бүрэн бүтэн байдал, өвлийн бэлтгэлийг хангаагүй байдлаас болж осолд орох тохиолдол олон. Нойтон цас орсны дараа эсвэл шөнөдөө цас орж өглөө нь хайлсны дараа замын гадаргуу мөстсөнийг ХАР МӨС гэж нэрлэдэг
. “Хар мөс” нь нартай үед бараг харагддагүй бөгөөд мэдэгдэхүйц овон товон байхгүй учраас тодорхойлоход нилээд хэцүү учраас зам тээврийн осолд оруулах хамгийн аюултай зүйлсийн нэг болсон. Тиймээс жолооч нартаа анхааруулж дараах мэдээллийг хүргэж байна.
Дохиог заавал өг
Манай жолоочид эгнээ хооронд шилжихдээ дохиогоо хэрэглэх нь бага. Тиймээс толиндоо харж байгаад гэнэт рулээ дараад орох үед хажуугаас нь машин мөргөснөөр осол гарах нь олон. Иймээс дохиогоо сайн ашиглаж хэвшээрэй.
Хурдаа тохируул
Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар тээврийн хэрэгсэл хот суурин газарт 60 км/цаг, суурийн газрын гаднах замд 80 км/цаг, тууш замд 100 км/цаг-аас хэтрүүлэхгүй байхаар заасан ч мөстэй замд хурдаа тохируулах нь жолооч таны үүрэг. Нөгөө талдаа дүрмээ сахилаа гээд мөстэ замд хальтрахгүй гэсэн үг биш.
Эргэлт рүү хэт хурдтай орж болохгүй
Хар мөс нь өглөө оройд температурын нөлөөгөөр илүү хохирол учруулах боломжтой. Эргэлт рүү хүчтэй орсноор урд хойд дугуй шарваж, жолоодлогоо алдах гол үндэслэл болдог.
Тоормосоо тултал нь гишгэнэ үү
ABS системтэй машины тоормосыг гачаалдах шаардлагагүй. Зарим жолооч нар тоормосоо нэг дараад-авч-дахин дарах нь сайн гэсэн ойлголттой байгаа нь буруу юм. Харин ABS систем нь компьютерийн туслалцаатай даралтыг тасалдуулахаар маягаар хийдэг аж. Хэрвээ зогсох шаардлага тулгарсан үед ямар ч зүйл бодолгүйгээр тоормосоо тултал нь гишгээрэй. Харин таны машин жолоодлого алдсан бол тоормос гишгээд нэмэргүй. Энэ үед хааз+ руль залах чадвар чухал нөлөөтэй
Мөстэй замд жолоодлогын дадлага хийгээрэй
Жолооч болно гэдэг сургалтын төвийг төгссөнөөр хязгаарлагдахгүй. Харин ч олон жилийн дадлага туршлага хэрэгтэй. Тиймээс өвлийн үед ч гэсэн мөстэй замд хурдаа тохируулах болон бусад дадлагыг хийхэд илүүдэхгүй биз.
Огцом тоормослох эрсдэлтэй
Та замын хөдөлгөөнд оролцохдоо ганцаараа биш гэдгийг үргэлж бодох хэрэгтэй. Тиймд хойно чинь машин байгаа гэдгийг санангаа гэнэт тоормослохдоо сэрэмжтэй байгаарай.
Урд дахь машинаас зай барь
Таны машин болон урд байгаа машин хоёрын замын гадаргуу нь ижил биш байхаас үүдэн тоормосны зай ихсэж мөргөх аюул ихэсдэг аж.
Машин дээрх цасаа бүрэн арилгана уу
Зарим тээврийн хэрэгсэл цасаа гүйцэд буулгалгүй хөдөлгөөнд оролцох нь хажуу дах машин болон явган зорчигчийг харалгүй буруу үйлдэл хийх аюулд хүргэдэг.
Тоормосны гэрлийн ажиллагааг бүрэн ханга
Нийслэл хотын замын хөдөлгөөнд оролцож байгаа дийлэнх машинд энэ зүйл асуудал болдог. Гэтэл тоормосны гэрэл бүрэн ажиллагаатай байх нь авто ослоос хамгаалах чухал хэрэглүүр юм.
Өвлийн дугуй ашиглаарай
Өвлийн дугуй нь тусгай дизайнчилсан мөртэй тул хальтиргаатай үед замтай илүү сайн харьцдаг байна. Хэдий сүүлийн үед өндөрч чадвартай аюулгүйн систем болох дугуйн хөтлөгч болон тэнцвэржилтийн системтэй машин олширсон ч мөстэй, цастай замд дугуй л хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг.
Сэтгэгдэл бичих