Бид та бүхэнд хүнд өгөөжтэй, урам зориг өгөхүйц, сайн номын гол санаа, утга агуулгаас хэсэгчлэн хүргэж байгаа билээ. Энэ удаа Энди Стэнлигийн "Маргаашийн удирдагч буюу ирээдүйг тодорхойлогчдын таван зарчим" номоос “Зүрх зоригийн гурван илрэл” хэмээх хэсгийг хүргэж байна.
Цор ганцаараа, гар мухар байх нь ямар ч сайхан эрийг зүрх алдуулдаг.
Гэхдээ нөгөөтэйгүүр Бурхан өөртэй нь хамт гэдэгт хэр итгэж байгааг нь ч илчлэн харуулдаг.
(Гурван хааны үлгэр)
Манлайлал бол нөхцөл байдал ямар байж болох, тэр ирээдүйд хүрэхийн төлөөх тэмцэл гэдгийг би дээр дурдсан. Гэхдээ бодит байдалтай тэмцэлдэхээс гадна өөр талбаруудад ч зориг хэрэгтэй байдаг байна. Бусдыг дагуулах зохистой удирдагч байхын тулд та зүрх зоригоо гурван байдлаар илэрхийлж чаддаг байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл таны зориг илэрхийлэгдэх гурван зам маргаашийн удирдагчид зайлшгүй шаардлагатай. Маргаашийн удирдагчид зайлшгүй шаардлагатай зүрх зоригийн эхний илэрхийлэл нь "Үгүй гэж хэлэх" юм.
1. ҮГҮЙ ГЭЖ ХЭЛЭХ ЗОРИГ
Бид удирдагч болон төлөвшихдөө хаалга тогшсон боломж бүрийг ялгаагүй шүүрэн авах хэрэгтэй гэсэн ойлголт авдаг. Гэтэл Майк Наппа нэгэнтээ “Боломж нь үүрэг хариуцлагатай хэзээ ч эн тэнцэхгүй” хэмээсэн байх юм. Цөөн хэдэн чухал ажлыг ялган авч түүн дээрээ төвлөрөх чадвар нь агуу удирдагч хүний шинж яахын аргагүй мөн билээ.
“Сайнаас агуу” (Good great) хэмээх номдоо зохиолч Жим Коллинз бизнес эрхлэгч удирдагчдыг “хийх ёсгүй зүйлсийн жагсаалт” гаргаарай хэмээн уриалсан байдаг.
Бидний ихэнх нь завгүй хэрнээ сахилга батгүй амьдарч байна. Бид хийх ажлынхаа жагсаалтыг тасралтгүй нэмэгдүүлж, хийсээр, хийсээр, хийсээр, улам илүүг хийхийг хичээдэг. Харамсалтай нь энэ нь үр дүн муутай байх аж. Компаниа амжилтад хүргэсэн удирдагчид “хийх ажлын жагсаалтаас” дутахааргүй “хийх ёсгүй зүйлсийн жагсаалт”-ыг анхаарч ажилладаг
байна. Тэд өөрийнхөө ажлын жагсаалтаас шаардлагагүй ажлуудыг авч хаяхын тулд маш их хүчин чармайлтыг гаргадаг... Тэд өөрсдийн нөөц бололцоог нэг болон цөөн хэдхэн талбарт төвлөрүүлэхийн тулд ер бусын их зориг гаргадаг.
Олон сайн боломжийг харж сатаараад хамгийн том боломжийг анзааралгүй өнгөрөөх вий.
Тиймээс, үгүй гэж хэлж сур. Залуу удирдагчид төвлөрч чадахгүй байгаадаа маш их гомдоллодог. Төвлөрч чадахгүй байх нь харж чадахгүй байгаатай адил юм. Хэрэв харж буй нь сүүмгэр байвал хүмүүс дагаж чадахгүй шүү дээ.
Өөр хоорондоо уялдаа холбоогүй олон “боломжуудад” сатаарсан аливаа удирдагч, байгууллага өөрийнхөө бүрэн хүчин чадлаа ашиглаж хэзээ ч чаддаггүй. Олл Раис өөрийн “Тусгал” хэмээх агуу бүтээлдээ дараах дүгнэлтийг бичсэн байдаг.
“Туршлагаас үзвэл, агуу удирдагчид хичнээн олон зүйл оюун бодлыг нь сатааруулж байсан ч хэрхэн гол ажилдаа төвлөрөхөө сайн мэдэж байдаг
. Тэд өөрсдийн дагалдагсдыг “үндсэн боломжиндоо” төвлөрч ажиллахад нь хэрхэн урамшуулж зоригжуулах вэ гэдгээ сайн мэддэг. Тэд бусад дэл сул асуудлуудад анхаарлаа сарниулдаггүй.”
Бид үгүй гэж хэлдэггүйн гол шалтгаан нь айдас байдаг. Бид бусдын урмыг хугалахаас айдаг. Биднийг алгасаад хажуугаар нь гарчих вий гэхээс айдаг. Бид сайн боломжийг алдчихвий хэмээн айдаг. Гэхдээ цаг нь ирэхэд удирдагч нар өөрт нь одоо олдоод байгаа боломжоос илүү дээр боломж ирэх боломжтой юм байна гэдгийг ойлгож ухаараг. Хэрэв бид өгөгдсөн боломжууддаа болгоомжтой хандахгүй бол өөрсдийнхөө хүч хөдөлмөрийг үрэн таран хийх эрсдэлтэй. Үгүй гэж хэлэх зүрх зориггүй байснаараа удирдагч хүн хамгийн том боломжоо алдаж байдаг. Тэр нь өөрийнхөө хүчийг бүрэн дайчлах боломж юм.
Боломжийг няхуур сонго. Зарим боломжуудын дэргэдүүр зориуд яваад өнгөрөхөд гэмгүй. Зүгээр л үгүй гэж хэлэхэд хангалттай.
Үргэлжлэл бий.
Байгууллагын удирдагч, манлайллын чиглэлээр сурч байгаа ажиллаж байгаа хүн бүрийн унших ширээний ном.