Нийтлэл 01 сарын 27, 2016

Уламжлалаа хадгалах уу, шинэчлэх үү? Махатма Гандигийн түүхээс авах сургамж

Оршил. Махатма Ганди хэмээх түүхэн хүнийг их үйлсэд хөтөлсөн хиндү итгэл үнэмшил цаг үеийн шинэ шинэ шаардлагад нийцүүлэн хэрхэн уламжлалт хатуу догманаас дэвшилтэт хүмүүнлэг үзэл болон хөгжсөн бодит түүхийг тодруулахын тулд жишээ болгон хамгийн ойр гурван ойлголтыг  авч үзлээ. Энэхүү агуу хүний үзэл баримтлал, итгэл үнэмшлийг бүрэн илэрхийлээгүй, зөвхөн тойм төдий авч үзсэн бөгөөд Монголчууд бидэнд сургамж авч болох зүйлс байгаа эсэхэд төвлөрсөн болно.

Хүн төрөлхтний түүхэнд хүмүүнлэгийн үзэл, Энэтхэгийн ард түмний тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэгч гэдгээрээ алдаршсан Махатма Ганди (Мохандас Карамчанд Ганди) 37 настайдаа брахмача́рья (санскр. ब्रह्मचर्य) хэмээх сахилыг авчээ. Энэ нь хиндуизмын оюун санааны хөгжлийн 4 үе шатны нэг бөгөөд өргөн утгаараа өөрийн шунал тачаалуудаа бүрэн хянаж, хатуу сахилга батыг барих. Мөн долоо хоногт 1 өдрийг бясалгал хийж, огт дуугарахгүй, уншиж, бичиж, бодлоо цаасан дээр буулгаж өнгөрүүлдэг байжээ. 1920-оод онд тэрээр ийнхүү бичиж байжээ:

“Миний итгэл үнэмшлээр хинду хүн гэж Энэтхэг оронд, энэтхэг гэр бүлд төрж, веда, упанишад, пурана ариун судруудыг шүтэж, хинду ёс суртахууны таван дүрмийг чанд сахих, атман  болон параматманд итгэж, атман хэзээ шинээр бий болохгүй мөн устаж үгүй болохгүй, харин дахин төрдөгт итгэж мөн варнашрамаг дагаж үхрийг хайрлан хамгаалдаг бол тэр хүн хинду мөн. Би ч мөн өөрийгөө хиндү хүн гэдгээ бахархалтайгаар тунхаглаж байна”

гэжээ.  Гүн сүсэг бишрэлтэй хиндү гэр бүлээс гаралтай Ганди жанизмаас гаралтай ёс суртахууны таван дүрмийг сахидаг байжээ. Эдгээр нь

  1. ahimsā(अहिंसा)буюу бусад амьд амьтанд хор учруулахгүй, хүчирхийллийн эсрэг
  2. satya(सत्य) буюу үнэний төлөө байх
  3. asteya(अस्तेय) буюу хулгай хийхгүй
  4. brahmacharya(ब्रह्मचर्य) эхнэр /нөхрөө хуурахгүй
  5. aparigraha(अपरिग्रहः) эд хөрөнгөнд шунахгүй гэсэн дүрмүүд байв.

Түүнийг социал консерватизмыг баримтлагч гэж зарим судлаачид[1] үздэгтэй санал нийлж байна. Учир нь Ганди хиндү шашны суурь үзлүүдийг  чанд баримтлан, үндэстнийхээ онцлогийг хадгалж үлдэхийг ямагт эрхэмлэж иржээ. Гэсэн хэдий ч  нэгэнт цаг үеэсээ хоцрогдож, үеэ өнгөрөөсөн бурангуй ёс заншил догматай зууралдсангүй, хуманизм буюу хүмүүнлэг үзлээр сэлбэн хөгжүүлсэн дэвшилтэт нэгэн байв. Энэтхэгийн хөрсөнд буулгасан түүний хүмүүнлэг үзлийн зарим нэг ойлголтыг энд товч авч үзье.

Кастын систем.  Эрт үеэс уламжлагдан ирсэн кастын систем Энэтхэг оронд гүн гүнзгий суурьлан хөгжиж брахмин, цэргийнхэн, худалдаачид болон зарц гэсэн дөрвөн л каст байсан нь Гандигийн цаг үед маш олон салаалсан нийгмийн нүсэр тогтолцоо болсон байжээ. Ганди кастын системийг карма буюу үйлийн үртэй холбон зөвтгөдөг байсан. “Кастын системийн сайн тал гэвэл  хүмүүсийг эд хөрөнгөөр нь ялгаварладаггүйд оршино.”[2](1920 он) “Кастын системийг устгаж барууныхны нийгмийн системийг авбал өв уламжлал, итгэл үнэмшлээ алдаж, үйлийн үрийн үүрдийн жамыг үгүйсгэнэ гэсэн үг. Ийм өөрчлөлт эмх замбараагүй байдлыг үүсгэнэ.”[3](1921 он) Ганди кастын системийг сайшаах бас нэгэн аргумент бол энэхүү систем нь нийгэмд хэт өрсөлдөөн цаашилбал ангийн тэмцэл үүсэхээс хамгаалдаг гэдэг байв.

Түүний энэхүү итгэл үнэмшлийг өөрчилсөн үйл явдал 1931 онд тохиолджээ. Хамгийн доод кастын гаралтай Амбедкар гэж эр дэлхийн элит сургуулиад болох Колумбийн их сургууль болон Лондонгийн эдийн засгийн сургуулиудад докторын зэрэг хамгаалсан бөгөөд “зөвхөн ёс заншлаа дагах ёстой гэсэн үндэслэлээр хамгийн хар бор ажлыг хийх ёсгүй”[4] хэмээн Гандигийн үзлийг хурцаар шүүмжлэх болсон байна. Энэ хоёрын хооронд үзэл бодлын ширүүн маргаан өрнөсөн хэдий ч Ганди ёс заншил ч мөн адил цаг үеэ даган шинэчлэх шаардлагатайг эцэстээ хүлээн зөвшөөрч Амбедкарыг Энэтхэгийн Үндсэн хуулийг боловсруулах зөвлөлийн даргаар томилсон гэдэг. Ганди хожим анги, давхаргын ялгаварлалгүй эрх тэгш нийгэмд л хүчирхийлэлээс ангид байх боломжтой гэдгийг хүлээн зөвшөөрч чадсанаараа тэрээр Энэтхэгт оронд нийгмийн шинэчлэлийг эхлүүлж чаджээ.

Амьтан хамгаалах. Ганди амьтны мах идэхээс татгалздаг цагаан хоолтон бөгөөд бүхий л төрлийн хүчирхийллээс ангид байв. “Цөхрөх үедээ би түүхийн бүх л явцад энэрэл ямагт ялж байсан гэдгийг санадаг. Хүчирхэг алуурчид, дарангуйлагчид тухайн үедээ ялагдашгүй мэт байсан. Гэсэн ч эцсийн эцэстээ тэд дандаа ялагдаж, унаж байсан юм. Үүнийг ямагт санаж явдаг.”, “Сохолсон нүдийг нүдээр сольвол бүх дэлхий сохор болох болно”, “Олон үйл хэргийн төлөө би үхэхэд ч бэлэн байна. Харин ямар ч үйл хэргийн төлөө би аллага хийхгүй[5]” зэрэг түүний алдартай үгс байр суурийг нь тодорхой илэрхийлдэг. Шинжлэх ухааны зорилгоор ч амьтны аминд хүрэхийн эсрэг байв. Түүний энэхүү үзэл нь мөн л хиндү итгэл үнэмшилтэй нь нягт холбоотой. Үйлийн үрээр доод төрлийг олж төрсөн ч гэсэн бүгд адилхан сүнстэй тул амьтай бүхнийг энэрэх ёстой. Үүнийг цааш нь зүйрлэвэл цагаан арьстнууд дэлхийн бусад үндэстнүүдийг өөрсдөөсөө дорд үзэн дарлан мөлжихтэй агаар нэг. Өөрөөсөө сул дорой нэгнийг энэрэн туслах нь хиндү хүний ариун үүрэг.

Харин хожим тэрээр энэхүү хатуу байр сууриндаа ч мөн зарим нэг өөрчлөлтийг хийжээ. Жишээлбэл шумуулнаас хамгаалах бодис биедээ түрхэх, хүний амийг аврахын тулд хорт могойг алах зэргээр хүчирхийллийн эсрэг “ахимса”-г мөрдөх боломжгүй тохиолдлуудыг хүлээн зөвшөөрөх болжээ. 1946 оны өлсгөлөнгийн үеэр далай тэнгисээс загас агнах томоохон хөтөлбөр хэрэгжүүлсэн. Мөн шинжлэх ухааны зорилгоор, ялангуяа шинэ эм тариаг амьтан дээр туршихыг дэмжив.

Эд баялагт шунах. 1920-30аад онд өлсгөлөнгийн асуудлаар Ганди байр сууриа илэрхийлэхдээ байгаль эх бидэнд өлсөх мэдрэмжийг заяасан бол өлсгөлөнг дарах хүнсийг мөн л заяасан гэдэг байжээ. Харин хүн л шуналдаа хөтлөгдөн хэрэгцээнээсээ илүү ихийг хэрэглэн хомсдол үүсгэдэг. “Хэрэв хүн бусдын эд зүйлсэд шунадаггүйсэн бол бидний хамтын амьдрал хичнээн амар амгалан байхсан.”[6]

“Дэлхий бидэнд хүний хэрэгцээг хангах бүхнийг өгдөг ч харин хүний шунал хязгааргүй”

гэж тэрээр хэлдэг байжээ. Түүний энэ үзэл баримтлал эдийн засгийн хөгжлийн бодлогод ч мөн тусгалаа олж Энэтхэг орон Япон, Өмнөд Солонгос зэрэг орнууд шиг экспортыг дэмжих бодлого баримталсангүй. Харин хүн амын амьжиргааны наад захын хэрэгцээг хангах, импортыг орлох бодлого хэрэгжүүлэв. Хүн амын хэрэглээг ч мөн хязгаарлаж, энгийн даруу байдлыг эрхэмлэж байв. Дотоодын үйлдвэрийн борог даавуугаар хувцаслаж, Их Британийн аж үйлдвэржилтийн түрэмгий бодлогыг эсэргүүцэж байв. Гадны тусламж дэмжлэггүйгээр энэтхэгчүүд өөрсдөө бие даан улс орноо яваад явах чадвартайгаа харуулж чадсанаараа түүний энэхүү бодлогыг олон талаар зөвтгөж болох ч сөрөг үр дагавар нь Махатма Гандигийн үед Энэтхэг оронд эрчимтэй аж үйлдвэржилт явагдсангүй, хөдөө аж ахуй, газар тариалангийн орон хэвээр үлдэв.

Түүхэн сургамж. Ганди 1948 оны 1 сарын 30нд буюу 78 настайдаа улс төрийн аллагын золиос болж амь насаа алдсан. Түүний үзэл санаа, явуулж буй бодлогыг эсэргүүцэгч экстремистийн гарт амиа алдсаныг судлаачид янз бүрээр тайлбарладаг. Хүчирхийллийг эсэргүүцэж, Пакистаныг дэмжсэн бодлого явуулсан, Энэтхэг орныг аж үйлдвэржих, эдийн засгийн хувьд эрчимтэй хөгжүүлэх бодлого явуулаагүй, цаг үеэсээ хоцрогдож үеэ өнгөрөөсөн зан заншил, догматай хэт их зууралдаж улс орныхоо хөгжлийг хойш чангаах болсон гэх мэт  олон янзаар тайлбарладаг. Энэтхэг орныг тусгаар тогтнолын түүхэн цаг үед нь удирдан чиглүүлэх үүргээ гүйцэтгэсэн Махатма Ганди итгэл үнэмшил, үзэл хандлагын хувьд шинэ хийгээд хуучны аль алиных нь тусгал байлаа. Тусгаар улсын хувьд төр нийгмээ тохинуулах цагт төрийн удирдлагаас халагдсанаар шинэчлэл, модернизаци улам идэвхижсэн байх магадлалтай. 

Монголчууд бидний хувьд Гандигаас авах сургамж зөвхөн үүгээр зогсохгүй нь мэдээж. Уламжлалтайгаа хэт зууралдах, эсвэл бүхнийг арчин хаяж гадны соёлыг шүтэхийн аль алинаас болгоомжлох хэрэгтэй. Харин уламжлалаа орчин үед нийцүүлэн сэлбэн шинэчилж, цаг мөч тутам хувьсан өөрчлөгдөж буй ертөнцтэй хөл нийлүүлэн алхах нь чухал болоод байна. Үүний тулд тархинд гүн суусан аливаа буруу зөрүү ойлголт, хуучирсан, хоцрогдсон, догма, мухар сүсгээсээ салж тархиа чөлөөлөх цаг иржээ. Хүн төрөлхтний хийж бүтээсэн дэвшилт бүхэн, шинэ сайхан бүхнээс цаг алдалгүй суралцан, өөрийн онцлогт нийцүүлэн буулгаж чадвал дараа дараагийн асуудлууд, тэр тусмаа тулга тойрсон аж ахуйн асуудлууд маань алхам алхмаар цэгцрээд ирнээ.

Монголын заяа их ээ.

 

 

 

 

 

 

Ашигласан ном зохиол:

Ambedkar, B.R. “Wiritings and Speeches”, Bombay,1979-93

Gandhi M.K. “The Collected Works of Mahatma Gandhi”, Admedabad, 1968

Mark Lindley, “Gandhi and humanism”, Harvard, 2009

Rothermund, D. “Mahatma Gandhi, An essay on political biography”, Delhi, 1991

 

[1] Mark Lindley, “Gandhi and humanism”, Harvard, 2009

[2] Gandhi M.K. “The Collected Works of Mahatma Gandhi”, Admedabad, 1968

[3]Gandhi M.K. “The Collected Works of Mahatma Gandhi”, Admedabad, 1968

[4]Ambedkar, B.R. “Wiritings and Speeches”, Bombay,1979-93

[5]Gandhi M.K. “The Collected Works of Mahatma Gandhi”, Admedabad, 1968

[6]Gandhi M.K. “The Collected Works of Mahatma Gandhi”, Admedabad, 1968

Сэтгэгдэл бичих

    • иргэн
    • 2016-02-02

    энэ талаар япончууд супер амжилтанд хүрчээ.

arrow icon