Нийтлэл 01 сарын 27, 2016

МИНИЙ МЭДЭХ ИРВЭС ГЭДЭГ АМЬТАН

Ирвэс зуумхай амьтан
Хуучин цагийн анчид хосоороо болон зулзагатайгаа яваа ирвэстэй таарвал агнахыг цээрлэдэг байсан гэдэг. Мөн хэжмиг буудаж шархдуулахаас ихэд болгоомжилно. Учир нь ирвэс маш өширхүү, ижлийнхээ, үр зулзаганыхаа, шархныхаа өшөөгөө авч байж л санаа нь амардаг гэнэ.
Баруун Алтайнхны дунд яригддаг ийм нэгэн хууч яриа бий.

Нэгэн анчин хос ирвэсний нэгийг нь буудчихаад нөгөөг амжилгүй алдчихжээ. Орой нь гэртээ хоолоо идээд хоймроо сууж байх үед юм гэнэ. Тэр цагийн оройн хоол чанасан мах л байж таарна. Гэнэтхэн гэр дээр нь епхийтэл хүнд амьтан үсэрч гарах шиг болж, тооноор нь араа шүдээ гялалзуулсан нэг том толгой ороод иржээ. Яах ийхийн зуургүй өнөө амьтан дахин нэг үсэрч, анчин эрийн яг өмнө буусан байна. Амаа ангайлган ухасхийх мөчид анчин хутгагүй гараа амруу нь лавхан шаагаад хэлнийх нь унгинаас атгаад авчээ. Хэлнийхээ унгинаас атгуулсан ямар ч амьтан хий огиод хазаж чаддаггүй юм гэнэ. Ирвэсийг огиж байх хооронд нөгөө гартаа хоол идэж байсан хутгаараа цээжинд нь дүрж аюулгүй болгожээ.


Сийрэг ч, самбаатай ч анчин байж. Баргийн эр ингэж самбаачилж чадахгүй дээ.
Бас нэг ийм яриа байдаг.

Нэгэн анчин хоёр зулзагатайгаа яваа ирвэсний нэг багийг нь намначихаад нөгөө хоёрыг нь алдчихжээ. Тэр хавиараа нэгжиж хайгаад олсонгүй. Ирвэсийн өширхүүг сайн мэдэх учир хэдэн уул, хөндий гатлан нүүдэллэж, нутгаа сольжээ. Нэгэн удаа ангаас эргэж иртэл гэрийг нь тойрсон ирвэсийн мөр байна гэнэ. Сэжиг авсан анчин морио хол уяад, сэмхэн гэтэж тотгоороо шагайвал эхнэр хүүхдийг нь зооглочихсон цатгалан ирвэс орон дээр нь хэвтэж байжээ. Тотгоороо буудаж ирвэсийг намнасан ч голомтоо самруулсан сайх анчин удалгүй тэнэж яваад хальсан гэдэг.

Иймэрхүү хууч яриа нэг бус.
Ер нь ирвэсийг хараалч ч гэх.



Ирвэс архирдаггүй, буйлдаг амьтан
Ирвэсийг архирдаггүй гэдэг. Цээж нь хүржигнэн дуугарахаас биш чоно, нохой шиг архирч байхыг нь би л хувьд сонссонгүйг бодоход үнэн буй за. Харин ирвэс харшиж тамирдсан тэмээ шиг гунганаж дуугардаг. Түүнийг "Ирвэс буйлна" гэлцэнэ. Холоос бол яг орилоо тэмээтэй хүн айсуй мэт сонсогдоно. Ойроос чих тавин сайтар сонсвол их гаслантай, зовлонтой, чихэнд чийртэй, дотор зарсхиймээр. Гэхдээ зарим хүн өөрөөр сонссон тохиолдол байдаг л юм. Хүн хүний мэдрэмж өөр юм даа.
Ирвэс барагтай бол тийн буйлах нь үгүй. Хэрвээ ирвэсийн буйлах сонсогдох аваас хүмүүс маш их цээрлэж, жийрхэж, ном гүрэм, дом засал хийлгэх нь ч бий. Учир нь харааж байгаа нь тэр гэх. Бас улайрч байгаа нь ч тэр гэх. "Буйлчихсан амьтан" гэх хэллэг байдаг. Энэ нь улайрсан, эр авсан ирвэсийг хэлнэ. Нэг тийн эр авсан ирвэс бол үнэнхээсээ аюул, гамшиг болдог гэдэг билээ. Үнэхээр ч гамшиг болтол нь, залхтал нь малчдийг зовоодог. Хотонд нь ороод амраахгүй байхаар буудлаа сольж, нүүхээр нүүдлийн мөр дагаад араас нь хүрээд ирдэг тохиолдол нэг бус удаа бий. Шинэ буудалд дөнгөж буугаад амарч ч амжаагүй байтал л нохойтой зодолдсоор хотонд ороод ирнэ дээ. Нэг хотонд орохоороо хэдэн шөнө дараалан ирнэ.
Ирвэс бас муухай бархирдаг. Архирах биш, яг хүн бархирч байгаа мэт дуугарна.
Би нэг бус удаа ирвэс буйлахыг сонссон, залуу зандан явсан тул тэр цээрлэх, жийрхэх тухай ч санаанд орж байсангүй. Тиймээс элдэв засал, дом ч хийлгээгүй. Тэглээ гээд надад муу болсныг санахгүй юм. Бодвоос нөгөө "Ёс мэдэхгүй хүнд ёр халддаггүйн үлгэр" тэр болсон байж магад буй за.
.
Ирвэс хэнэггүй амьтан
Хэнэггүй нь заримдаа дэндмээр амьтан даа, ирвэс... Хотны захад нэг мануухай төстэй юм босгочихвол баргийн чоно ойртохгүй. Харин ирвэс бол барагтай мануухайг үл тооно.
8-ийн төмөр хувинг хөндий дүүжлээд гол руу нь алхны толгойг унжуулан хэл мэт унжуулчихаар салхи гарах бүр хувин савчин алхаа цохиж, сүрхий дуу чимээ гаргадаг юм. Өөдөө харсан хонх л гэсэн үг. Бас машины дугуйны дотуур камерийг дугуй тойргийг нь дагуулан урт сувиж хайчлаад хотныхоо захаар зээглэн татчихаар өчүүхэн ч салхинд сар сар хийтэл дуугардаг. Чоно энэ мэт хоригийг давна гэж үгүй. Гэтэл ирвэст бол энэ юу ч биш. Дээгүүр нь алхаад л хотонд ороод ирнэ.
Тэр бүү хэл гал дээгүүр ч орж ирнэ. Хотоо тойруулан хөх өтөг хамарлан асгаад, гал тавьчихаар шөнөжин уугиж, цогшиж хонодог. Үүнийг нурам тавина гэдэг. Чоно нохойноос хотоо хамгаалдаг бас л нэг арга. Мөн их хүйтэнд ч жаврын талд ийн өтөг унгасгаж жавраас малаа халхалдаг. Харин мань ирвэс гуайд бол энэ мэт хориг ер хориг болохгүй. Галтай нурман дээр парвийтал нь гишгэлээд л ороод ирэх. Бүр тавхайных нь үс түлэгдчихсэн шүү.
Баруун Алтайд галзуурчихаагүй л бол баргийн чоно хашаатай хонинд ордоггүй. Харин ирвэс бол хашаан дээгүүр ганц дүүлээд л ороод ирнэ. Саравчтай хашааны мухарт ямаа дарж хэвтчихээд, цээжээ хүржигнүүлээд хөдөлж өгөхгүй.
Олуулаа болохоороо бүр ч хэнэггүй болчихно. Зооглож буй хониных нь сэгийг карбин буугаар овосхийтэл нь буудчихаад байхад нэг цочиж өндөсхийцгээснээ буцаад л хэвтчихдэг амьтан. Наанаас нь сонин хуйлан гал оруулаад шидэхээр цааш эргэснээ дариу буцаад ирнэ. Тэгээд наана нь амьтан хүн сарвагнаж, орилж, гал түймэр тавьж, тогоо түмпэн нүдэж байхад ер тоохгүй шүү, хоорондоо идэш хоолоо булаалдан хэмлэлдээд л, хааяа чулуу аманд нь ордог бололтой торжигнуулан тургиж хэвтдэг, үнэхээр ч хэнэггүй амьтан даа. Аягын чинээ чулуугаар далан дундуур нь буулгаад авч байхад ч нэг сүрхий далжийчихаад л юм болсон шинжгүй барвайтал шогшоод байна.
Чононд хавхыг маш нууцалж, үнэр сэжиг оруулахгүй тавьдаг бол ирвэсэнд тэгэж сүржигнэх шаардлага үгүй. Зүв зүгээр ил тод тавьчихдаг гэдэг. Хэнэггүйрхэж ирээд л гишгэж орхино.
Заримдаа эр чадалдаа эрдээд буй мэт санагддаг. Чадалдаа эрдсэн эр л нэг тийм их хэнэггүй байдаг даа.

Ирвэс алмай амьтан 
Хад бутанд дунд ирвэстэй гэнэтхэн халз тулчихвал их гайхаж харна. Тэр дороо хөдөлгөөн хийх нь бараг үгүй. Чоно хүнтэй халз тулчихаараа хүний нүдрүү тэр бүр эгцэлж хардаггүй, тэр дороо эргэж бултдаг гэдэг. Харин мань ирвэс бол өмнөөс мэлэртэл ширтэнэ. Биеэ хураагаад, сүүлээ хойт хоёр хөл дундуураа оруулан хэнхдэгэн доороо гогцооруулаад ирэхээрээ л эвгүй. Үсэрч мэднэ. Амжиж зайлах хэрэгтэй, эсвэл...
Нэг удаа Дэрстийн огторго гэдэг алс зэлүүд, хад бартаатай газарт нутгийн ах Цэдэвсүрэнгийн хамт отор хийж билээ. Өвөл цагсан. Нэгдүгээр сарын эхээр санагдана. Бид хоёр оторлох буудал, бэлчээрээ урьдчилж очиж үзсэн юм. Тэгэхэд хаа сайгүй ирвэсийн мөр. Ялангуяа буудал тойроод их байж билээ. Тэгээд хоёул сэрэмжтэй, бүрэн хамгаалалттай очихоор болж, хоёр нохой, хоёр буутай явлаа. Буудалдаа буугаад, малаа хотлуулав. Идэштэй соргог бэлчээрт цадсан мал амархан хэвтэв. Хоёр морь, ачааны ганц тэмээгээ хотныхоо хөлд архалаад, хотны баруун хойт талаас хатгаж орсон хадан хошуун дээр нэг шуудай хорголжин тэжээл босгож, ёроолд нь Банхар нэртэй гөлгөн нохойгоо уяв. Тэр цагийн шуудай чинь 70 кг багтдаг, шуудай дүүрэн хорголжин тэжээл гэдэг маань овойсон том сүр бараатай юм байна. Тэр зүгээс ирвэс ирвэл юутай ч тэр том шуудайтайг харж, сатаарна, нохой ч чимээ өгнө. Тэр хооронд амжиж гэрээс гарцгаана гэж тооцоолсон хэрэг.
Хотны зүүн хойт талаас хатгаж орсон хадан хошууны оёорт отрын гэрээ босгов. Тэр зүгээс ирвэс орж ирэх магадлал бас бий. Ер нь хотонд хад бартаа дагаж л орж ирэх нь ойлгомжтой. Тэгээд Харваа нэрт сүрхий хоточ нохойгоо гэрийнхээ хаяанд сул үлдээлээ. Лаагаа чимхээд удаа ч үгүй байтал хаа нэгтээ асга шажигнан, Банхар сүрхий боргон хуцав. Гэрийн хаяанд хэвтсэн Харваа ч хар хурхийн гэрийн ар хошуу өөд дайрав. Би гутлаа угласан болоод, цээж нүцгэн хэвээр гар чийдэнгээ барин гэрээс ухасхийн гарлаа. Араас Цэдэв ах "Хүүе, буугаа ..." гэх нь сонсогдоно. Гадаа сар хараахан гараагүй тас харанхуй, баруун талд Банхарын зүгээс орь чимээгүй. Гэрийн ард гүйн гарвал өмнүүр нохой бололтой нэг амьтан сүүтэсхийн гүйгээд өнгөрөв. Би Банхарыг уяагаа таслаад гүйж явна гэж ойлгов. Гар чийдэнгийн гэрлийн үзүүрт 10 гаруй метр зайд хоёр ирвэс надруу хараад таг зогсож байна. Тэр цагт орос төмөр гар чийдэн хэрэглэдэг, хоёрыг ар араас нь угсраад 4 зай хийчихээр тун хурц тод асдаг байлаа. Тийм чийдэнтэй байсан юм. Миний өмнөхөн нэг юм байна. Түүнийг Харваа гэж итгэсэн би "Харваа туу туу" хэмээн цаана байгаа хоёр руу турхирснаа өнөөх огт хөдлөхгүй байхаар нь гэрлээ тусган хартал нэг барвайсан аварга амьтан яг надруу хараад хурц гэрэлт таг мэлэрчихсэн зогсож байж билээ. Сүүл нь цээжин доор нь гогцоорно. Нүд нь улаанаар цогшин гэрэлтэнэ. Юун Харваа байх билээ. "Харваа Харваа" гэж хэдэнтээ дуудсан ч сураг байхгүй. Тэрхэн зуур ноход хаашаа ч юм алга болчихож... "Цэдэв ахаа, бушуулаарай. Ирвэснүүд" гэж хашгирлаа. Өнөөх амьтан толгойгоо гудайлган, цээжээ түрээд өндийж байна. Тэгэхэд зөөлхөн хөдөлж, чийдэнгээ нүд рүү нь тусгасан хэвээр чулуун дээр тавьчихаад эргээд гэр лүүгээ гүйлээ. Ах ч өөдөөс хоёр буугаа барьсаар гарч ирэв. Карбин буугаар хад асга нуртал нь буудсанд ийм зүйлс үзэж сонсоогүй зэлүүд газрын тэдгээр амьтад аргагүй буцаж билээ. Араас нь хөөж, хадруу гал бадартал хэдэнтээ буудаж сүрийг үзүүлсэн дээ.
Хадан үе дээр таарчихаад, барьж явсан ташуураараа хад шавхуурдан бархираад байхад "Яагаад байгаа юм бол" гэсэн аятай хараад л байна. Ер нь л их алмай амьтан.

Ирвэс хүчирхэг амьтан 
Барагтай нохой ирвэсэнд хавьтахгүй. Ганцхан базчихдаг гэдэг. Нэг ирвэсэнд базуулчихсан нохойны зүрх нь үхчихээд ирвэсийн бараанаар зугтаачихна. Дээр дурдсан Харваа маань тэр шөнөдөө ангал хөндий, уул даваа бүхий 20 гаруй км зам туулаад гэртээ гүйгээд оччихсон байж билээ. Бодвол түрүүлж явсан тэр аварга том ирвэсэнд сүрхий сайн базуулсан шиг байгаа юм. Хоёр хоногоос ах буцаж гэртээ очоод Харвааг дагуулан отрынхоо газарт авчрах гээд ядчихсан гэдэг. Буцаж гүйгээд ер дагасангүй. Тэр ирвэстэй газарт очиж аймшигт саварт базуулснаас эндээ амар, хааяа нэг чоно ирвэл хуцаж үргээчихээд гэрийнхээ хаяанд хэвтэж байсан нь дээр гэдэгт эргэлзээгүй итгэсэн байсан даа, Харваа... Харин нөгөөх гөлгөн нохой Банхар эхэлж нэг дуу гараад л дахиж дуугарсангүй, очиход шуудайтай тэжээлийнхээ оёорт хярчихсан бөмбөтөл чичирч байж билээ. Тэр аварга хүчирхэг амьтдын сүр хүчнээс үнэхээр айсан байсан.
Бас манай саахалтын айлд мөн ижил төстэй явдал болж билээ. Хотонд орж ирээд, гэрийнх нь даруулган дээр ямаа дарж хэвтчихээд, гэрээс нь гаргахгүй бархирч байх үед муу нохой нь хаалганых нь баруун ханын нүдээр хошуугаа шургуулчихсан гасалж, газар малтаж байжээ. Гэртээ оруулаач, амь авраач гэж буй мэт... Тэр эрлийз нохой байсан л даа.
Гэхдээ ирвэс барьчихсан нохой дуулддаг л юм. Жүүгээ ахын багашиг халтар нохойг "Соёолон ирвэс барьсан нохой" гэж ярьдаг. Тэр ч барихаар айхтар догшин эрмэг нохой байж билээ. Ноцолдож шалиагүй, нохой тосож очоод л багалзуурт нь асчихаж. Ирвэс ер багалзууртаа эмзэг амьтан шиг байгаа юм.
Гандангийн дэнжид Ан агнуурын музей гэж бий. Тэнд Монголын ер бусын ан амьтдын чихмэлүүд, арьс, зураг байна. Анчдад, байгал сонирхогчдод сонирхолтой. Олон улсын алтан медальтай, дэлхийн хамгийн том угалз, тэхийн эвэр, хүдрийн соёо, хамгийн том баавгайн толгой, хар болон улаан чонын арьс гээд л... Тэнд мөн л алтан медальтай нэг ирвэсийн арьс бий. Одоогоор олдоод буй дэлхийн хамгийн том ирвэсийн арьс гэсэн тайлбартай. Таазнаас дүүжилсэн ч сүүл нь бараг бүхэлдээ шалан дээр нугларсан байсан санагдана.
Харин би хөдөө бүр ч том ирвэсийн арьс үзэж билээ. 80-аад онд нутгийн нэг ах хавхтай тэнэж яваад өлдөөд, хөлдөөд үхчихсэн байсан ирвэсийг олж гэсгээн тулам өвчиж, саравчтай хашааны 3-4 метрийн урттай банз сугалаад шургуулан хатаасан байсан. Сүүл нь тэр банзнаас сайн тохой хэртэй илүү унжиж байсан даа. Бар арслан шиг л амьтан. Зүүн далан дээрээ сайн төө хирийн сорвитой, зүүн соёо нь хугархай, баруун хөлийнх нь гурван сарвуу тасарчихсан, ёстой хал үзэж, халуун чулуу долоосон амьтан байж билээ.
Сүүл гэснээс, ирвэс урт бүдүүн сахлаг сүүлтэй. Сүүл нь хад чулуунд асахад, үсэрч дүүлэхэд гол тэнцвэр, чиглүүлэгч нь болж өгдөг гэдэг. Сүүлнийхээ үзүүрт хүч ихтэй. Үзүүрээс нь нохой зуугаад авбал төө хол шидэж орхидог, хүнийг бол тэрий хадтал гуяддаг гэж байгаа.
Ирвэс дунджаар 30-60 кг жинтэй гэгддэг. Гэхдээ 70-80 кг жинтэй аварга том нь байдаг гэх. Биеийнх нь урт 80-130 см. Сүүл нь биеийнхээ урттай ойролцоо.
Хаднаас хадруу дүүлэх нь хэрэм мэт, 10 -аас хол илүү метр зайд үсэрнэ. Уртын харайлтын мастер л гэсэн үг. Гэхдээ тамирчид шиг холоос гүйж эрчээ аваад харайхгүй, шууд л үсэрч чадна. Хүчирхэг бахим дөрвөн мөч, парвигар савар, уян хатан бие... 5 см орчим урт хумстай ч мөн л муур шиг хумсаа нуучихна. Эрүү түүшин, соёо зэрэг нь атаархмаар бахим.
Адууны сэрвээн дээр буухад барагтай адуу унагаж чаддаггүй. Манай нормын унаарт сэрвээ нь сэтэрхий нэг хээр морь байсансан. Ирвэс буугаад сэрвээнийх нь нэг ясыг сэт татаад үлдсэн нь тэр. Тэмээг бол яаж ийгээд л ноолчихно.
Ер ирвэсэнд тарвага, үнэгэнд тавьдаг ердийн бөөрөнхий ултай хавх тавиад нэмэргүй. Хадруу ганцхан савж хаячихаад л яваад өгнө. Чонын хар гэгддэг хавтгай ултай том хар хавх тавина. Тэгэхдээ хад чулуунаас, эсвал гадаслаж аргамждаггүй. Тэгвэл хөлөө суга татчихдаг. Хэрвээ гадаслах бол газраас хөдийлөхөөргүй хадаж өгдөг. Харин том гинж чиргүүлээд, гинжнийхээ нөгөө үзүүрээс том гадас дүүжлээд орхино. Гадастай гинж чирсэн мөрөөр нь мөшгин олж авладаг гэдэг. Хуучин цагийн анчдийн арга нь тэр. Тийм хүчирхэг амьтныг аргаар л авладаг байж.
Аргагүй л уул Алтайдаа бол араатны хаан нь билээ. Нэг тийм язгуурлаг, ихэмсэг араншин бүхий л үйл хөдлөлөөс нь мэдрэгдэнэ.

Ирвэс сэмхэн суйлдаг амьтан
Ирвэсийн гэтэж мярааж буй нь яах ч аргагүй муурийн төрөлтөн, мий овогтон мөн гэдгээ илтгэнэ. Ганц нэгээрээ бол хотонд маш сэмхэн орж ирдэг. Нохой мэдэх нь байтугай мал ч үргэхгүй.
Ихэвчлэн хот захалж хэвтдэг ямаа дарна. Заримдаа даруулсан ямаа нэг ваг гэж дуу гараад л таг болно. Ойр зэргэлдээх мал нэг дэрхийн үргэмэр болоод хэвтчихнэ. Тэгээд нөгөө ямааныхаа гүрээг нь ханаж цусыг сорчихоод мөн л сэмхэн явчихна. Цус сорж байхдаа мансуурдаг гэдэг. Тэр үед нь мэдээд гүйгээд очвол босож чадахгүй мэнэрч хэвтэж байгаад балбуулдаг, ташуурдуулдаг байна.
Хэрвээ тухтай зооглохоор бол сэмхэн суйлаад хотноос холхон аваачиж байгаад төхөөрнө. Тэгэхдээ маш цэвэрхэн иддэг. Гэдэс дотрыг нь хүн гар хүрсэн мэт хагалж задлалгүй эвтэйхэн аваад тавьчихсан байна. Мөн чоно шиг арьстай ширтэй нь зулгааж, тасчиж идэхгүй, арьс нь бараг бүтнээрээ шахам, дотуур нь тулмалж, өвчиж идэх нь олонтаа.
Ер муурын төрлийнхнийг их цэвэрч амьтад гэдэг, энэ талаар бол ирвэс овог нэгтнийхээ нэрийг огтхон гомдоохгүй, муурны адил хооллосныхоо дараа хошуу ам, савараа долоож цэвэрлэдэг гэх.
.
Ирвэс гавшгай ч, лазан ч амьтан
Муурны овогтон учир биеэ гарамгай сайн нууцалж, нуугдаж чадна. Хад бартаан дотор үзэгдэж харагдах нь бараг л үгүй. Мөшгиж явахад үсэрч буусан мөрд нь таарсан өвс босож амжаагүй халуухнаараа боловч бие нь газрын гаваар орсон мэт үзэгдэхгүй.
Гэхдээ цагаан газарт дэндүү лазан. Тарвага мэт паарагнан цогихчоо аядна. Нэгэнтээ Төхөмийн хоолойн адагт хойлой хөндлөн гаталж яваа ирвэстэй таарсан. Морь үргээд ойртдоггүй. Явгалаад чулуу бариад гүйхэд дор нь гүйцэж билээ. Хоолойн нөгөө талд буюу ирвэсний явж буй зүгт манайх байсан учир буцаан хөөх гэж оролдсон минь тэр. Чулуугаар хичнээн шидсэн ч эргүүлж чадаагүй, чулуунд далжийж, толгойгоо сэгсэрч, гөжиж явсаар манай өвөлжөөний арын уул өөд гараад хэдхэн үсрээд л алга болж билээ.
Цагаан газарт тийм лазан атлаа хад чулуун дунд явж буй нь могой гулсах мэт чимээгүй, бас могой гүрвэл мэт хурдан гавшгай. Агуйтын хөндийн эхэнд айлын тасарч хаягдсан 100 гаруй хониноос 65-ыг нь ирвэс барьчихсан байсан. Чоно шиг л аашилсан байгаа юм.
Гэхдээ ирвэс бүрийн ан барих арга барил нь адилгүй. Зарим нь ганцхан ямаа дарж аваад сэтгэл ханах бол зарим нь яг чоно шиг ийш тийш үсчиж, олонд ам хүрэх гэж тэмүүлнэ.

Ирвэс элдэвтэй амьтан
1988 оны зургаан сарын сүүлчээр юмдаг. Баянголд зусаж байлаа. Би уг нь хотныхоо захад гудас хаяад унтаж байсансан. Үүр хаяархын өмнөхөн, хоньд захаасаа жаахан ширдхийн үргэн, нэг ямаа ваг хийж дуугараад таг болчихов. Ямаа дуугарсан зүгт гэрэл гарган гүйн очвол нэг амьтан цаад хөтөл даваад далд орж байна. Мөр үзвэл ямаа чирээд явчихаж. Арын салаа өгсөөд явж буй бололтой чимээ гарна. Тэртээ тэргүй ямаа бол өнгөрсөн, гэхдээ л залуу хүнд, ялангуяа яг хамар дороосоо ямаагаа суйлуулчихсан хүнд чинь нэг хор шар байдаг л юм. Салааны эхний онь дээр амдаж очоод сайн хашраах санаатай хажуу ирмэг барьж гүйгээд салааны эхэнд хүрэв. Салаанаас тэр ониор дамжихаас өөр гарах гарц үгүй. Чимээ байдаггүй, хүлээсээр. Үүр цайж, гэгээ орлоо. Сураггүй байхаар нь цаад хавцал руу өнгийж үзвэл аль эртээ миний ард гарчихсан, хавцал өгсөөд цатгалан нь аргагүй пээдгэр алхаж явав. Хэдийдээ миний хажуугаар сэмхэн гарчихсаныг огтхон ч ойлгосонгүй. Дэмий буцаж салаа руу бууж үзвэл дунд хэрд нь ямааг маань сайхан төхөөрч тулмалж хүртчихээд, надад арьс, сэвсийг нь л үлдээчихээд, миний яг хажуугаар гэтэж гараад явчихсан мөр байж билээ. Ухаантай ч, зальтай ч.
Bayara Mma "Ирвэс хээр талд гүйцэж очсон нохойн өөдөөс чулуу савардаад шидэж байсан" гэж Өмнөговь аймгийн Баяндалай сумын малчин хуучилсныг мөн дамжуулав.
Мөн их эвсэг, бүлсэг амьтан байж магад харагддаг. Элдэвтэй л амьтан даа. Бусад анчдынхаа нэгэн адил өөрсдийн гэх ангийн эзэмшил нутаг, хил хязгаартай. Өвлийн оргил цагаар хэсэг зуур ичээд авдаг ч гэх. Бусад муурнуудаасаа дээрдэх юмгүй их унтамхай. Юм л бол хадны үе, бутны оёорт өтгөн сахлаг үст сүүлээрээ хучиж аваад унтаж хэвтэх. Унтаж унтчихаад ихэд эвшээн шилээ шөргөөж, суниана. Ямбатай гэдэг нь.
Хэзээ язааны эзэн хаан шиг ихэмсэг баавартай алхана.
Ер ирвэсний толбыг их учиртай гэсэн үг хөгшчүүлээс сонсож байв. Тухайн үед ямар учиртайг нь асуугаад үлдсэнгүй. Юутай ч шар цоохор нь их догшин байдаг, хар бор цоохор нь арай гайгүйшиг гэдэг. Өвөл цагт яг ид жавар хангиад ирэх үеэр үс сор нь гүйцээд ирнэ. Энэ үедээ бол улам ч сүрлэг, үзэсгэлэн төгс. Ганган тансаг дээлнээсээ болж амиа алдах нь их. Хулгайн анчдын халаасыг хэдэн мянган доллараар түнтийлгэдэг гэх. Олон улсын зах зээл дээр бол бүр ч талийна.

Ирвэс сугандаа эмзэг амьтан
Со Их ах хотонд нь орсон ирвэсийн араас нь очоод сүүлнийх нь унгаас нэг гараараа атгаж, нөгөө гараараа сүүлийг нь бүсэлхийгээ ороон татахад эргэж хазаж чадахгүй цааш л зүтгээд байсан гэдэг. Тэгэж сүүлийг нь биеэрээ ороохгүй бол сүүлээ нэг савлаад л мултран гарч, эргэж дайрдаг байна. Ер сүүлний үзүүрт хүрч болдоггүй. Тэгээд сүүлний унгаас нь чангааж байгаад том орос бакалаар улаан суга руу хэд өшиглөхөд муужирч унажээ. Аманд нь мод тэвхдэж боогоод, хөлийг нь тэлүүрдэж хүлээд, төв рүү хэл дуулгаж байсан гэдэг. Энэ үед Халиун суманд Б станц гэгдэх Говийн их дархан цаазат газар анхлан шаваа тавьж, тэнд байх амьтын хүрээлэнд зэрлэг амьтад авч байжээ. Тэрхүү амьтдын хүрээлэнд хоёр ирвэс байсныг нэг нь Со Их ахад сүүлдүүлж баригдсан тэр нөхөр гэнэ билээ.
Ирвэсийг улаан сугандаа маш эмзэг амьтан гэдэг. Их ах юутай ч түүнийг мэддэг байж.
Мөн бугуйланд их амархан боогдож муужирдаг гэдэг. Гэхдээ хурдан шалмаг бугуйлдан татахгүй бол, ганцхан эргээд л бугуйлыг нь тас хазаж орхино. Ер зэрлэг амьтад бүгдээр бугуйланд эмзэг л дээ.
Бас нэг эр үхэр дээр нь буусан ирвэсийг бугуйлдсан байна. Толгойд нь цалам яг орох мөчид гуд татаад, морио эргүүлж дөрөөвчлөн чирээд давхичихжээ. Хэсэг яваад эргээд харвал хэлээ унжуулчихсан, нүд хялайчихсан, хөл нь сарваганачихсан байна гэнэ. Тэгэхээр нь бууж, дөрөөгөө сураар нь сугалж аваад, сурныхаа үзүүрээс барьж улаан суга руу нь саран дөрөөгөөр хоёр шавхуурдахад нам болжээ.

Ирвэс хүн таньдаг амьтан
Б станцын амьтны хүрээлэнгийн хоёрдахь ирвэсийг нь Тонхилын хоёр адуучин барьсан гэдэг яриа бий. Адуугаа туугаад явж байтал нэг морин дээр нь нэг ирвэс буучихжээ. Адуучид болсон хойно бугуйлдалгүй хаачихав. Бугуйлдаад нэг нь татаж байхад нөгөөх нь том дуугаар бархирч тэнзэн ташуураар ороолгожээ. Тэгээд муужруулж унагаад, гэрийнхээ гадаа авчирч, дөрвөн хөлийг нь тэлүүрдэн аргамжсан байна. Ухаан орохдоо учиргүй орилж бархиран, үсэрч цамнахад өнөөх ташуурдсан адуучин ойртож очоод том дуугаар зандрахаар нам болчихдог, өөр хүн очоод хичнээн орилсон ч тоохгүй байсан гэдэг. Тэнэг зөнөг мэт боловч айхтар мэдрэмжтэй.
Мөн нүүр хуудсан дахь Аялагч, анчин, адал явдал хайгчдийн бүлгийн Баттулга Баянжаргалаас "Тэмээний бөгсрүү халив шаагаад орилуулхаар ирвэс үргэдэг гэж сонссон" гэсэн ихээхэн сонирхолтой мэдээлэл авав. Нэг төрлийн дом ч байж болно, мөн өөрөө буйлдаг амьтан юм болохоор тэмээний тэр сүрхий дуунаас жийрхдэг ч байж магад юм.

Ирвэс ховор амьтан
Ихэнхдээ ихэрлэнэ. Заримдаа гурав, бүр таван зулзага дагуулж явах нь бий. Зулзагыг нь гүен гэх. Гүенгээ бүтэн жилийн турш дүү нарыг нь гарах дөхтөл дагуулж явна. Эх шигээ тэнтийсэн том юмнууд эхдээ эрхлээд л байх.
Манай цоохор ирвэс дэлхий даяар нэн ховордсон амьтдын нэгэнд тооцогддог.
Монгол Алтай, Говийн Алтайн нуруудад түгээмэл тархсан. Ялангуяа Алтайн өвөр говийн аглаг зэлүүд хад бартаа ихтэй газраар голдуу... Мөн Хархираа, Түргэн, Хан хөхийд ч бий гэнэ. 1972 онд дэлхийн байгал хамгаалах сангаас "Устан алга болж буй амьтад"-ын тоонд оруулжээ. Мөн энэ үеэс манай оронд ирвэс агнахыг хуулиар хориглосон байна.
Шинжлэх ухааны нэршлүүд нь Uncia uncia, Panthera uncia, baikalensis-romanii, Snow leopard, Снежный Барс, Цоохор ирвэс гэх мэт...
Мийн төрлийнхөн дотроо дунд биетэйд тооцогдоно.
Дэлхийд бол Алтай, Памир, Тянь-Шань, Төвд, Гималайд тархжээ.
Монгол оронд 1000 гаруй ирвэс бий гэсэн тооцоо гаргажээ. Хэрвээ энэ амьтныг агнавал 22.4 сая төгрөгийн нөхөн төлбөр төлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг юм байна.
Гэхдээ сүүлийн үед ирвэсийн тоо толгой ихдэж, малчдад ихээхэн төвөг удаж байгаа тухай мэдээлэл байнга сонсогддог. Мөн бусад ан амьтаддаа халтай бололтой. Миний л мэдэхийн Хантайширийн нуруунд 100-200 орчим буга согоо байсан ч өнөө бараг үзэгдэхгүй болжээ. Учир байдлыг тус нурууны байгал хамгаалагч С.Нямаасүрэнгээс лавлавал, "Буга согоог ирвэс идээд байгаа. Модон дотор ирвэсэнд идүүлсэн бугын сэг ихээр олддог. Тэгээд Халиуны хоолойгоор дамжин баруун тийш дайжиж байгаа" гэж билээ. Өмнө нь бол Хантайширт морин болон хонин шилүүс л байснаас биш ирвэс байсангүй шиг билээ.
Ер нь Алтайн өвөрт голдуу нутагладаг байсан энэ амьтны амьдардаг хүрээ өнөө их тэлж байгаа нь илт мэдэгддэг. Энэ нь нэг талаар сайн хэрэг. Сайхан ч мэдээ.
Ирвэс ч өөрийгөө Улаан ном орсон, дархан цаазтай, үнэ цэнэтэй амьтан гэдгээ сайтар "мэддэг" юм шиг. Хүн амьтнаас үргэж цочих нь бага, бүрэн эрхт эзэн мэт ид хавтай хотонд нь зочлоод өөрийн тогтоосон хувь нормоо авчихаад байгаа тухай малчид ярьцгаах болсон.
Ийнхүү ирвэсний тоо толгой олшрох хэрээр бас асуудал гарч эхэлжээ. Энэ зөрчлийг яах вэ, төр нь ингээд харахгүй байгаад байх уу? Байгал өөрөө зохицуулах уу? Малчид, бусад ан амьтдыг яах вэ? гэх мэт асуултууд байна. Шийд олох л хэрэгтэй болох байх даа.


Ирвэс Долоодой өвгөний долоон хүүгийн нэг
Бага байхад хөгшчүүл Долоодой өвгөний долоо хүү гээд л ярьдагсан. Одоо бодоход Мийн овогтнуудын тухай л юм билээ. Долоодой гэдэг өвгөнд долоон айхтар хөвгүүн байх. Зоригтой, чадалтай, зальтай, ухаалаг. Тэд бүгдээр чадал хүчиндээ эрдэж муу зүйл их хийдэг байжээ. Нэг өдөр Долоодой өвгөн уурлаад долоон хүүгээ харааж орхисонд долоон араатан болж хувирсан байна. Эцгийн хараал гэдэг тийм хүчтэй. Хамгийн бага нь муур, удаах нь мануул, түүнээс дээш шилүүс, ирвэс, бар, арслан. Хамгийн ахмад хүү нь хар хул гэдэг амьтан болсон юм гэнэ билээ. Тэр хар хул бол бүх ах дүүсээсээ илүү догшин, хэрцгий, дайчин араатан гээд...
Дундад зууны үед монгол баатрууд энэхүү Хар хул гэдэг амьтныг тэжээж дайнд ашигладаг байсан тухай мэдээ занга бий. Чухам ямар амьтан байсныг мэдэхгүй. Лавтай өнөө нэгэнт устаж үгүй болсон бололтой. Эртний түүхэнд ийм нэртэй хаан, баатар байсан байдаг. Архангайд Хархул хааны балгас гэж бий. Ойрдын түүхэнд Хархул тайш ч гэж бий. Тэгэхээр ямартай ч ийм амьтан байсан байх магадлалтай.
Мийн овогтнууд ер нь л догшин, өршөөлгүй, заль төгс амьтад. Олуулаа ч гэж жигтэйхэн. Бар л гэхэд Азийн бар, Уссурын бар, Бенгалын бар, Малайн бар, Суматрын бар, Сэлмэн соёот бар, Энэтхэг-Хятадын бар гэх мэт олон. Ирвэс л гэхэд Азийн үчимбэр, Африкийн цоохор ирвэс, Баруун Хойд Африкийн үчимбэр, Пума, Хар мөрний ирвэс, Цоохондой, Цоохор ирвэс, Ягуар гэх мэт олон төрөл бий...
.
Ирвэсний тухай миний сонссон, үзсэн зүйл иймэрхүү л байна даа. Чулуун Дэлгэр Чулууны Дэлгэр дүүгийн хүсэлтээр бичив. Сонирхолд нь нийцэх болов уу гэж найднам. Агнуур зүйчид, анчид илүү сонин сайхныг өгүүлэх болов уу?

Б.Номинчимэд
.
Зургийг Иргэн Мэндээ-ийн хуудаснаас авч ашиглав.

Сэтгэгдэл бичих

    • Н.Энхтайван
    • 2023-04-07

    Сайхан юм уншлаа.Их баярлалаа.

    • Zochin
    • 2016-01-27

    Ene mash sain niitlel bolson bna. Shinjilgee sudalgaa sain bolson bna. Mongold ch bish delhiid shutdeg amitan shuu. Tentsveriig ni hadgalaad hairlah heregtei. Thanks.

    • Цагаантөмөр
    • 2016-01-27

    Сахйан мэдээлэл байна. Баярлалаа Номио ахаа. Анчид бас ярьдаг юм. Ирвэс жилдээ 50 орчим янгир иддэг гэж. Мөн өөрийн агнасан ангаал иддэг болохоос сэг зэм иддэггүй, бусдын анг ч иддэггүй гэсэн үнэн болов уу

arrow icon