Хахир хатуу өвлийг давж хүсэн хүлээсэн урин дулааны улирлыг цагаан сар тээн ирж, хүн бүрт нэг нас, аз хийморь, санаж мөрөөдсөн үйлс нь бүтэх тэр өгөөмөр цагийг ургах нартай хамт золгуулдаг билээ. Хавар бол малчин монголчуудын их найдлагын улирал. Өвөл нь онд мэнд орж урин хавар ирэхэд мал дэлэгнэж, цагаан идээ дэлгэрч, байгаль цагийн ивээл дор бусад нь болно, бүтнэ хэмээн монголчууд бэлгэшээн ярьдаг. Иймээс цагаан сар болох хугацааг эртнээс тогтоож өмнөх намраас эхлэн эсгийгээ хийж, арьсаа элдэж, гурилаа тээрэмдэн, идээ цэгээгээ базаан, өвөлжөө бууцаа сэлбэн, идшээ хийж, сар шинийн өмнө гол ажлаа нугалан орон гэрээ тохинуулдаг.
Өвлийн шөнийн тавиунд үлгэрч, туульчдаа тойрон сууж бууз, баншаа чимхэж, өдрийн сайнд хэвийн боовоо хийж, ууцаа чанана. Хийсэн бууз нь будаа шиг арвин, хэвийн боов нь бурам шиг амттай, чанасан ууц нь тэгш сайхан болж баярын идээ бүрдэнэ. Үйлэнд уран бүсгүйчүүд нарийн хурган дотор эгнүүлж торгон дээлийн өнгөнд товч шилбийг нь тааруулана. Эрчүүд өвлийн адаг сарын сүүлчээр унах морьдоо нар дагуулан уяж хааяа хөлөргөж, дэлийг засч хуурай өтөг бууцан дээр сойж, оёсон дээлээ, овоодой үнэгэн лоовуузаа гадаа дэлгэж өнгө дотрыг нь сэргээдэг. Сойгдож шавхарсан морьд нүд нь гэрэлтэн, арьс нь өнгө орж чилгэр болоод дөрвөн хөл дээрээ тэгш зогсох агаад энэ үед дэлийг нь засч уран товруу хазаар, улаан дэвстэй мөнгөн тоногтой эмээлээ тохоод харахад монгол морины үзэсгэлэн сая тодрох ажгуу. Энэ үеэр гүү морь унахгүй, гүзээ мах идэхгүй гэж ярьдаг байлаа.
Сүсэг ба дом
Монголчуудын гол гурван шүтээн бол тэнгэр, газар, гал гурав юм. Иймээс тэдний сүсэг голдуу л энэ бүхэнтэй холбогдох ажгуу. Цэвэрлэгээ хийхдээ гэрийнхээ үүдийг их анхаардаг. Энэ нь үүдэн сахиус болон үүдээр орох зочин, буян хишгийн замыг бодолцож буй хуучны сүсэг юм. Энэ орой хонгор халзан луус унаж гарынхаа арван хурууг имрэх агшинд дээд тэнгэрээс буун ирж дэлхий ертөнц, гурван мянган орчлонг нэгэнтээ тойрон айл гэрийн сүлд хийморийг тэтгэн, ум сайн бүхнийг агаар салхи лугаа адил түгээж явдаг Балданлхам бурхны унааг услах мөс баруун хатавчиндаа, тотгоны голд сайн зүгийн тэнгэр бурхан гэрт орох замыг нээж цэгээн чулуу тавьж, буруу бүслүүртээ буг чөтгөр айлын буруу үүдээр ордог хэмээн харгана хавчуулдаг домтой байв. Луус шарын шашны номлолд хүч, хурд, тэвчээр бүхий сайн хүлэг, бурхны унаа хэмээн үздэг аж.
Малаа хотлуулж, бурхан тахилаа сэргээн зул өргөнө. Зул өргөх нь битүү харанхуйд өнгөрсөн ба одоогийн зам мөрийг гэрэлтүүлэхээр бурхныхаа өмнө асаасан бишрэл буюу бие, хэл, дотоод сэтгэлийн төлөөх гэрэл юм. Галаа түлэхдээ галын бурхнаа сүсгээр дээдлэн тахина. Эртний энэ ёс бол айл бүхний гал голомтод тэр гэр бүлийн буян заяа бүрэн бүтэн орших агаад галаа дээдлэн тахиж, эцэг эхийнхээ гал голомтыг мөхөөлгүй залгуулах нь овог удмаа мөнхрүүлж тэрхүү буян заяаг тогтоох амин сүжиг оршино. Энэ үүргийг айл гэрийн галын эзэн буюу отгон хүү гал голомтоо мөхөөлгүй сахих учиртай хэмээн үздэг.
Гал тахина гэдэг нь галын Маранзад бурхандаа зул барьж, өргөл өргөх утгаар галдаа шар тос хийж арц, хүж уугиулан “Хаан эцгийн цахисан, хатан ээжийн бадраасан гал дүрэлз, дүрэлз” хэмээн тарни уншиж, шинэ гэр бүл голомт залгуулах хүүтэй, галаа манах охинтой болохын өлзийтэй ерөөл хэлдэг. Энэ зан үйл бол эр нь гал залгуулж, эм нь түүнийг нь хөгжөөн бадраах гэсэн утга дор энэ айлын цаашид өсөн дэвжих замыг засч буй хуучны дом юм. Орчин цагийн ахуйн нөхцөл байдалд үүнийг гүйцэлдүүлэх боломжгүй хүмүүс зөвхөн тарни уншиж дом үйлдэнэ.
Битүүн
Битүүний орой бол өвлийн адаг хөхөө сарын гучин буюу үдэж байгаа оны эцсийн үдэш, энэ шөнө тэнгэрт сар битүүрч харанхуй болох агаад бууз, банш, эрүүг нь заагаагүй толгой зэрэг битүү хоолыг битүүртлээ иднэ хэмээснээс битүүлэг гэдэг нэр үүссэн тухай хөгшчүүл хуучилдаг
. Битүүнээс өмнө өмсөх дээл, унах морио бэлдэж, хот хороо, гэр орноо цэвэрлэж, бурхандаа зул өргөж, эмэгтэйчүүд өмсөж зүүх, хувцас хунар, үс гэзгээ гоёж эцэст нь зуухныхаа үнсийг авахад тэнгэр үүлээ хөөн
" Үсээ самнасан авгай нэг цэмцгэр
Үнсээ авсан тулга хоёр цэмцгэр
Үүлээ хөөсөн тэнгэр гурван цэмцгэр "
гэж ертөнцийн гурван цэмцгэр бүрддэг хэмээн аав ээж маань сургадаг байлаа.
Битүүний орой битүүртлээ иднэ гэдэг нь шинэ оныг гэдэс цатгалан, элбэг дэлгэр угтвал тэр жилдээ мөн хэвээр байна хэмээх зөн бэлгэдэл агуулсан эртний заншил юм
. Битүүний энэ оройд зориулж бэлдсэн идээ, чанасан мах, банш, жигнэсэн бууз цадталаа иднэ. Гэр бүлийн хэмжээнд банш, буузандаа гурван цагаан буюу мөнгө, цагаан идээ, цагаан будаа тэргүүтнийг нууж хэн таарсан хүнд эд мөнгө, идээ цэгээ, будаа тариа элбэгийг бэлгэднэ. Ингэж ирж буй оны босгон дээр сэтгэл тэнүүн болж, өглөө гарах, ирэх зүг мөрийг тогтоосноор сар шинийг угтах гол бэлтгэл ажил дуусдаг. Хуучин цагт өвлийн шөнийн уртад, өөхөн дэнгийн гэрэлд сар шинийн өглөөг хүлээн шагай таалцах, няслах, шүүрэх, алаг мэлхий өрөх, хорол, даалуу, үйчүүр гэх мэтээр наадаж, үлгэр, таавар, ертөнцийн гурвыг хэлцэж, оньсого таалцаж энэ оройг хөгжилдөж өнгөрөөдөг байв.
Манай аав ээж маань бидэнд
- За ертөнцийн гурван хурдан юу вэ ? гэхэд хариуд нь бид
" Салхитай тэнгэрийн үүл хурдан
Саруул ухаантны санаа хурдан
Сайн морины явдал хурдан "
-За ертөнцийн гурван хоосон юу вэ?
" Барин тавин байвч зүүд нэг хоосон
Барайж торойж байвч зэрэглээ хоёр хоосон
Бахирч хашгирч байвч цуурай гурван хоосон "
-За ертөнцийн гурван улаан юу вэ?
" Жаргалтай хатны хацар нэг улаан
Жавартай тэнгэрийн хаяа хоёр улаан
Жалгад ургасан сухай гурван улаан "
гэх мэтээр хариулна. Ертөнцийн гурав бол Монгол түмний аман зохиолын онцгой хэсэг агаад цөөн мөрөнд бүх үнэнийг агуулсан оньч мэргэн ухааных нь увидас юм. Оньсого таалгахдаа “Зуундарийн зургаан цагаан ямаа зуданд үхээгүй атлаа зун үхлээ” тэр юу вэ? гэнэ. “Марал мичид” хэмээх зургаан од өвөл гарч энгийн нүдэнд үзэгдээд зун харагдахаа больдог. Энэ оньсогыг хүүхэд нэг л удаа сонсоод эдгээрийн тухайд анхны ойлголттой болох агаад хүүхдийн санаанд насан туршид нь үлддэг юм. Хэрэв хэлсэн оньсогыг нь тайлж чадахгүй бол худалдана. Худалдахдаа дайрал үгээр:
Тайлаг тайлаг тэмээнээс
Таван атга шорооноос
Гунжин гунжин үнээнээс
Гурван атга шорооноос
Сэтэрхий зүүнээс
Сэмэрхий хадагнаас гээд... л наргиан болгон дуудаж гарна даа. Үлгэр бол бидний дуртайяа сонсдог зүйлийн нэг байлаа. Үлгэрт үргэлж шудрага үнэн, муу муухайг ялж, амар сайхан жаргадаг. Өнөөдөр ч гэсэн монгол түмэн өдөр тутмынхаа амьдралдаа үлгэрт гардаг шиг тэр шудрага үнэнийг, тэр сайн сайхан амьдралыг үргэлж мөрөөдөж эрж хайсаар л байгаа. Иймээс ирэх шинэ он, цагийн өнгөнд зөвхөн үлгэрт гардаг тэр шудрага үнэн амьдралын бодит хэрэглүүр болж сайн сайхан амьдралд хүргээсэй хэмээн өөдрөг сэтгэлээр сар шинээ угтацгаая.
Битүүнд хэсэхгүй, айлд хонохгүй, хэрүүл хийж, амны билэггүй юм ярихгүй, бүх цэвэрлэгээ дуусч шинийн нэгний өглөө ус барих, юм угаах, оёх, хог үнс асгах, мал нядлах, хүүхэд, амьтан загнаж зодох, үс засах, түлээ хөрөөдөх гэх мэтийг хийхгүй, эд мөнгө зээлэх, хэрэлдэх, өр төлбөртөй онд орохыг цээрлэдэг. Сар шинийн өмнө бүх муу үйлийг дуусгаж, ирэх шинэ цагт сүр сүлд нь тэнгэрлэг, аж амьдрал өөдлөн дээшлэхийг бэлгэдэн ирээдүйд итгэн найдаж буй бишрэл бөлгөө. Ингээд таван мэдрэхүйдээ сайн сайхны бэлгэдэл болгож нүдээрээ зул, чихээрээ дуу хуурын аялгуу, амаараа амтад идээ, хамраар арц хүжийн үнэр, биедээ шинэ хувцас өмсдөг нь сар шинийн өмнө саар бүхнийг гээн бие, хэл, сэтгэлээ ариусгаж, бодол санаагаа цэгцэлж буй өөдрөг санааны илрэл юм. Ийнхүү сар шинийн бүх бэлтгэл ажил битүүний энэ орой бүрдэн бүгдээр сэтгэл ханамжтай болж, хөөрч баясах нөхцөл бүрдэн баярын урам ордог.
Өөдрөг сэтгэл, баярын урамтай айл гэрийн голомтод, дуу хуурын эгшиглэнд жаргалтай дэлгэр бүрдэн, гэрийн жавар арилж нэгээс нөгөөд дамжин өрх гэрээрээ, айл хотлоороо, улс түмнээрээ өгөөмөр тэнүүн уур амьсгал ордог ажгуу. Энэ орой монголчууд морин хуурынхаа жаврыг гарган цэнгэнэ.
Моринд дуртай монголчуудын зөн совин, уянга ярууг өөртөө шингээдэг морин хуур хэмээх энэ уран эгшиглэн монгол хүний дотоод сэтгэлийн гүн мэдрэмжийг хөглөн огшоодог увдистай бөлгөө. Хуурын хоёр чавхдас дөрвөн цагийн өнгийг хөг аяндаа багтаан хүний хэлээр ярьж, шувуудын дуугаар донгодон, хүлгийн үүрслээр янцгаана. Уртын дууны аялгуу нь зөвхөн энэ хөгжмийн уянгатай нийлж хөдөө талын нүүдэлчин амьдралын аяс хэмнэлд идээшин дассан монгол хүний сэтгэлийн галыг бадраадаг билээ.
Н.Бадарч
Сэтгэгдэл бичих