Нийтлэл 02 сарын 14, 2016

Цагаан сар цуврал: Баярын наадгай

Битүүн болон шинийн нэгний үдэш малаа хотлуулж дуусаад, халуун ам бүлээрээ цугларч өдөр хоногийг өнжин хүлээж бэлдсэн бууз, банш, чанасан мах тэргүүтнээ зооглон олныг хамарсан хөгжөөн наргиантай тоглоом наадаж өнгөрөөдөг зан үйл уламжлан үлдсэн юм. Эрчүүд адуу шургуулж уургалах, бооцоотой уралдах зэргээр наадна. Үдэш бүгдээр хорол өрж, шагай шүүрэх, няслах, таалцах, алаг мэлхий өрөх зэрэг тоглоом наадгай болдог байлаа. Хорол бол эцэг өвгөдийн маань өнө эртнээс хойч үедээ уламжлуулан ирсэн үндэсний тоглоом юм. Хуш, нарс, шинэс, зандан, яс, хуваар уран гоё сийлж түүндээ арван хоёр  жил болон тэнгэр, газрын хүчтэнүүд, сайн бүхний бэлгэдлийг багтаасан жаран ширхэг модтой байдаг. Хамгийн том мод нь хорол тоонт монголчуудын хан төрийн долоон эрдэнийн нэг, алт эрдэнээр өөрөө бүтсэн Хорол эрдэнэ. Дараа нь амьтан бүхний таван хүсэл буюу таван мэдрэхүйг баясгагч Чандмань эрдэнэ, хорт эрээн могойг ган хошуундаа зуусан агуу хүчит жигүүртний хаан Гарди, энх амгалан, бат бөхийн бэлгэдэл, түмэн наст хээ Хас эрдэнэ, цаглашгүй хүчит, цангах өлсөхийн зүдрэл бүхнийг тэвчивч цааш бусдад хорлонгүй Заан гэх мэтээр | нутаг бүр өөр өөр| ордог. Тоглох журам нь даалуутай төстөй боловч өөрийн гэсэн монгол үндэсний онцлог бүхий хэллэг гуншинтай байдаг. Үүнээс гадна цагаан тэмээ, чоно тарвагацах гээд гадаа цасан дээр наадацгаана, Мөн манай нутагт “Шар нохой гүйлгэх” гэж нэн хөгжилтөй тоглоом санаанаас минь ер гардаггүй юм. Шар нохой гүйлгэхэд оролцогсод хоёр тал болоод нэг тал нь “нохойгоо” |шагай байж болно| нууж нөгөө тал нь олно. Олсон тал нь шан авах агаад түүнд нь шар цаас, шаант чөмөг, үзэмтэй будаа байх жишээтэй. Шар цаас гэдэг нь тэр үеийн нэг төгрөг-эд баялгийг, шаант чөмөг нь мал сүрэг өсөхийг, үзэмтэй будаа нь гэр бүл өнөр өтгөн байхыг бэлгэдэх аж.

Яаж тоглох вэ. Нэг тал гарын алгаа өмнөө цээж рүүгээ харуулан тэнийлгээд зэрэгцэн суухад бүх хүмүүсийн тэнийлгэсэн гар хана мэт зааггүй, хасаа мэт завсаргүй нийлж “шар нохой гүйлгэх” хүн алган талаар нь “шар нохой” хэмээх шагайг барьж хүн бүрийн араас алганд нь хүргэн явахдаа нохойгоо гүйлгэх хэлц үгийг урнаар урсгаж эсрэг талынхны анхаарлыг сарниулж байгаад хэн нэгнийх нь атганд нууна.Жишээ нь:

Зээ..Таны самбааг шалгая
Таавар нэгийг буулгая
Сайн цагийн түрүүнд
Сар шинийн битүүнд
Сайн үйлийг эхэнд
Шар нохойгоо тавъяа:
Хаяанаас нь хөдөлгөөд
Хорооноос нь холдуулаад
Хээгүүр гүйлгээд
Хэцээр харайлгая аа.
Уяанаасаа алдарлаа,
Уулын араар тойрлоо.
Алганы салаагаар гүйлээ,
Айлын талаас нуугдлаа.
Өвөлжөө хаваржаа тойроод
Өтөг бууцыг шиншлээд
Намаржаандаа нарлаад
Нартай газар шороолов.
Хажуу газраар харайлгаад
Хад чулууг шиншлээд
Өвөр газар өртөөлөөд
Өвсний толгойг шиншлээд
Харваад хүрэхгүй
Хараад олохгүй
Хайгаад үзэхгүй
Хэлж мэдэхгүй газар нуучихлаа.
Олсон нь олзтой
Мэдсэн нь мэргэн
Таасан нь тавгаар бууз
Үзсэн нь үзэмтэй будаа
Олоогүй нь оройн манаа
Үзээгүй нь үхрийн сүүл
Таагаагүй нь тавагны ёроол
Хараагүй нь хоосон ходоод...гэхэд нөгөө тал шар нохой хэний гарт байгааг таана. Хэрэв нөгөө тал таахгүй удаад байвал
Хүлэглэн ирсэн морь чинь
Хөлс нь хатаад удаж байна.
Хамт ирсэн хүмүүс чинь
Хоолой нь хатаад хэцүү байна.
Эгнүүлж зассан идээ маань
Эзнээ хүлээгээд хотойж байна.
Эсрэг талын хүмүүс чинь
Эрүүгээ чилтэл эвшээж байна.гэх мэт

Алгаа дэлгэн суусан хүмүүс “шар нохой гүйлгэх” хүнийг алганд нь хүрмэгц алгаа хумина. Ингэж хэд дахин явсны эцэст шар нохойг хэн нэгний гарт нуухад эсрэг тал таана.
Энд шар нохой нуух явцад хэлэх хэлц үгийг айл бүр өөрийн онцлогт тохируулан өөрсдөө зохиож хэрэглэж байвал бүр ч хөгжилтэй болдог тул та бүхэн өөрсдөө хичээ хэмээн зөвлөе. Таасан тал шан авна, таагаагүй бол баалуулна. Дараа нь талууд солигдож нууж таасаар чухам ямар шан авснаар тэр жилийн өнгө аясыг бэлгэшээдэг. Ер таагаагүй буюу гүйлгэсэн нохой нь үргэлж баригдвал тэр тал нь үхрийн сүүл мушгиж гадаа малынхаа хашаа хороог эргэх, өвс тэжээл тавих шинийн нэгний өглөө мал билчээрт гаргах зэргээр нөгөө талынханд баалуулдаг байлаа.
Мэдээж орчин цагийн сонирхолтой, хөгжилтэй олон сайхан тоглоом бий. Хуучныг сануулахын учир бол эцэг өвгөдийнхөө олон зуун жилээр хойч үедээ өртөөлөн дамжуулж ирсэн өв соёлоо хадгалж, мартагдсаныг сэргээж байхын тулд бөлгөө.
Сар шинийн идээ шүүсийг шинийн эхний долоо хоногт хурааж ууцаа үе үеэр нь нугалж хөлдөөдөг ба сүүлдэж ирсэн хүнд халааж өгдөг байв. Дээр миний өгүүлсэн зүйл бол цагаан сарыг өсвөр багад минь тэмдэглэж байсан хуучны ёс заншил, өнөөгийн хүмүүс үүнийг бүгдийг ёсчлон дагах албагүй, зөвхөн санаа авахад чиглэгдсэн бөгөөд утга, агуулгаа алдсан саарыг нь орхиж сайныг нь улам төгөлдөржүүлэн үр хүүхдүүддээ зааж тайлбарлан үлдээх нь л Танд хүргэх миний гол санаа юм. Энэ бүхэн цөм бэлгэдлийн чанартайг уншигч Та ажиглаж мэдсэн буйзаа. Цагаан сарын ёслолыг орчин цаг үе, хүмүүсийн сэтгэлгээг дагаж эгэл олонд чирэгдэлгүй, энгийн төсөр болгон шинэчлэх шаардлага монгол түмний суурин иргэншил, хот суурин газрын амьдралаас урган гарч буй асуудал яах ч аргагүй мөн. Тэгэхээс ч өөр аргагүй юм. Ус ундаргад буян хэмжээнд гэж... өөрийн бэл бэнчин, байгаа боломжид тааруулах нь яаж ч бодсон дээр, бүх зүйлээ энэ өдрүүдэд дуусгалгүй дараагийн сар шинэ хүртэл 365 хоног ард хүлээж буйг бодолцох нь зөв байх.

Гадаадад суугаа монголчууд

Гадаадад суугаа бид цагаан сараа яаж тэмдэглэх нь зөвхөн өрх гэрийн гишүүдээс л шалтгаална. Шинийн нэгний өглөөний нар АНУ-ын зүүн эрэгт Монголоос 12 цагийн дараа мандана. Гадаад оронд цагаан сараар монголын амралтын хууль үйлчлэхгүй тул энэ өдөр ажлын өдөр тааралдаж болох бөгөөд тийм үед арга буюу ажилдаа явах л шаардлагатай болно. Энэ бүхнийг өөрсдийнхөө боломжоор зохицуулах нь л чухал байх.
Ийм нөхцөлд бүх юм авсаархан, товчоорхон байх агаад битүүний орой нь өөрсдийн дуртай хоол хүнсээ хийж, идээ тавьж, өглөө нь золгох хүмүүстэйгээ золгож ажилдаа явахдаа мөр зүгээ гаргая гэвэл гэр бүлд нэг нь бусдыгаа төлөөлөн өөрийнхөө мөр зүгээ гаргахад харшлах зүйлгүй. Харин бусад хүний өмнөөс мөрийг нь гаргадаггүй. Заавал ууц, олон давхар тавгийн идээ, энээ тэрээ гэх огтхон ч шаардлагагүй, өөрсдийн гарын дор байх идээ будаагаар авсаархан битүүлж цагаалахад хангалттай болно. Харин ямар нэг монгол хувцас байвал зүгээр. Хэрэв бүрэн хувцас үгүй бол малгай, цамц, оймс бүр үгүй бол энгэр, хүзүүний монгол зүүлт байж болно. Гол нь хүн бүхэн сэтгэл санаа хиргүй тунгалаг, өгөөмөр тэнүүн байх учиртай. Бие, хувцас цэвэрхэн ч сэтгэл нь бохир бол буян хишиг өнгө үзэмж төдийд үлдэхээс агуулгад үл шингэнэ. Иймээс сэтгэл санаагаа ариун байлгаарай. Нутаг орондоо байгаа өөрсдийн эцэг эх, төрөл садандаа утас, мэйлээр амар амгаланг эрэн, сар шинийн мэнд дэвшүүлж гэр орондоо өөрсдийн дуртай зүйлээ хийж хүүхэд хөгшдөө баярлуулж энэ хүрээнд цомхон тэмдэглэх нь өлзийтэй. Хэлбэрээс агуулгыг мөнөө эрхэмлэн нэгэнт үеэ өнгөрөөсөн зарим зүйлийг үндэсний эв нэгдэл, зан суртахуун, амьдрал ахуйдаа тохируулан шинэчлэхэд харшлах, айх зүйл ер үгүй.
Нутгийн зүгт залбиран, ууц тавьж боов өрөх боломжгүй тул жижигхэн авсаар идээ бэлдэж болох юм. Хамгийн гол нь өөрсдөө сэтгэлээр ариун, сэтгэгдлээр өндөр, хүн бүрийн хийморь, баяр баясгаланг гийгүүлдэг энэ өгөөмөр өдөр зөн бэлгэдэл, ёс суртахууны ариун чанар шингэсэн жинхэнэ монгол үндэстний зан заншил, үндэснийхээ соёлын гүн утга агуулгыг хадгалан үр хүүхдүүддээ өвлүүлж хойч үедээ сэтгэл зүрхэнд нь шингээн үлдээх явдал юм. Хойч үе цаашдаа хүний ёс жудаг шингэсэн өвөг дээдсийнхээ захиасыг ямагт санаж залгамжлуулж явах нь дамжиггүй. Энэ бол хэзээ ч умартаж үл болох эрхэм нандин зүйл юм шүү. Ингэж бид өөрийн гэсэн үзэл баримтлалтай, өөрийн гэсэн өнгө төрхтөй байснаар монгол хүн монголоороо үлдэж улс үндэстэн оршин тогтнож ирсэн үүх түүхтэй бөлгөө. Үүнийгээ бид хэзээ ч огоорч үл болно. Эрт дээрээс, эцэг өвгөдөөс уламжлан ирсэн соёл, ёс заншил, хүний мөс, жудаг хүмүүжлээ дээдлэн хадгалах нь нэгэн сайн, хойч үедээ өвлүүлж чадвал нэн сайн үйл болой.

Өчүүхэн галын дөл байвчиг түнэл харанхуйг гийгүүлдэг. Тэр гэрэл гэгээ орон гэрт тань, сэтгэл зүрхэнд тань өнө мөнхөд оршиж байхын өлзий төгс ерөөл дэвшүүлж, дэлхийн олон улс оронд ажиллаж, амьдарч, сурч буй улаан залаат, хөх толбот монгол түмэн болон миний ФБ-ийн өргөн олон уншигч Танаа гарч буй гал бичин жилийн мэнд дэвшүүлэн амар мэндийн цэнхэр хадгаа дэлгэн “Монголын цагаан сар” хэмээх энэ өгүүллээ өргөн баръя.
Хүндэт Уншигч Та бүхэн Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Н.Бадарч. Арлингтон, Виржиния. АНУ 2015. 02.01

 

Холбоотой:

Цагаан сар цуврал: Сар шинийн идээ шүүс

Цагаан сар цуврал: Монголын цагаан сар, бид бол Монголчууд

Цагаан сар цуврал: Цагаан сар цуврал, Цагаан сарын өмнөх бэлтгэл

Цагаан сар цуврал: Зочин ба дайллага

Сэтгэгдэл бичих

arrow icon