Уутанбаатар даргатай Утаанбаатар хот маань Москва, Сэүл, Тайпэй гурван хотод төлөөлөгчийн газартай ажээ. Тэдэндээ жил тутам тэрбум орчим төгрөг буюу Москва, Сэүлийн төлөөлөхөд сар тутам 12 сая гаруй төгрөг, Тайпэй дэх төлөөлөгчийн газарт улирал тутам 162 сая гаруй төгрөгийн төсөв хуваарилдагийг нийслэлийн шилэн дансдын гүйлгээнээс харж болно. Москва хотноо суух Мөнхчулууны Мөнхцэцэг төлөөлөгч, Сөүл хотноо суух Баттөмөрийн Дулмаа нар Э.Бат-Үүл мээр хотыг удирдаж эхлээд удаагүй байсан 2013 оны нэгдүгээр сараас тус тусын ажилд томилогджээ.
Ажлын тайланг харвал үүнтэй уулзаж, түүнд танилцуулж, тэнд жуух бичиг барьж, төгрөг мөнгөний зовлон тоочсон гунигийн эд байх агаад “намайг танилцуулах ажил милээн хойшлох” мэтээр төрийн албат байтугай түмнийг төлөөлөн гадаад улсад суугаа хүн гэхэд хэцүүхэн бичгийн ажил харагдана. Түүний дээр улсаас томилогдсон элчингийн хажуугаар чихэн барин Сөүл, Москвад суух нь жигтэй.Урд хойд хөршөө тусгайлж байгаа юу гэтэл Хятадыг даваад Тайпэйд суух нь бас жигтэй. Баатар цол нь хатгаж, бяр амтагдсан мээр урд хойд хөршүүдээрээ хэн гээч хүүхнүүдээ суулгаж, юу гээчийг хийлгэж байгаа нь нэн тодорхойгүй. Ер нь гурван л хотод төлөөлөгч суух, суугаад юу бүтээж, хөгжүүлж ирснээ тайлагнах шаардлага тавьмаар байна. Нийслэлийн төлөөлөгч хэзээнээс томилж байгаа нь сонин биш, харин өнөөдөр юуны төлөө жил тутам өдий хэмжээний төсөв зарж суулгаж байгаа талаар Нийслэл хот, хотын засаг дарга, бусад зөвшөөрөл олгосон төрийн аппаратууд тайлбар хийх үүрэгтэй.
Ер нь татвартай, хүн амтай, газар нутагтай, даншиг наадамтай, гадаад улсад төлөөлөгчийн газартай, юу юунаас илүүтэй улсын өмнөөс уухайлан гарч уучлал гуйх жишээний улсын баатар, үлэмж мятрашгүй Үүл даргатай Улаанбаатар хотод улс Монголоосоо салан тусгаарлахад хэрэгтэй есөн шид нь бүрджээ.
Угаас салж нүүх дуртай ханлиг ванлиг нь хагарч бутраад бусдын идэш болсон баялаг түүхтэй орон билээ. Улсын эв нэгдэл, аюулгүй байдал хариуцсан эрхэм түшээд эрх биш анхааралдаа авч, утаанд хордож, үмхийд утуулж, эмнэлэг дутаж, элэг нь хавдсан Утаанбаатар хотын хэдэн түмэндээ тэр тэрбумын төсвийг нь зарцуулж хайрла.