Нийтлэл 02 сарын 24, 2016

Амьдрал тань хэцүү болж өөрчлөгдвөл та улам хүчирхэг болж өөрчлөгд

“Амьдрал тань хэцүү болж өөрчлөгдвөл та улам хүчирхэг болж өөрчлөгд.”- Анономис

Нэгэн ядуу эр бурхнаас сугалаанд хожуулж баян болгож өгөөч гэж өдөр болгон гуйж  залбирдаг байжээ. Өдөр бүр, тасралтгүй гуйх түүнээс залхсан бурхан сүүлдээ  “Хүү минь одоо больж үз. Эхлээд явж сугалаагаа худалдаж ав” гэсэн гэдэг.

Бид энэ ядуу эр шиг л амьдралаас маш олон зүйл хүсдэг: хайр дурлал, аз жаргал, хөрөнгө мөнгө, алдар нэр, гоё сайхан бие хаа, эрх мэдэл, эд хөрөнгө дараагийн гоё шинэ утас комьпютер....   Хүн бүхний тархинд сайхан амьдрал гэж юу болох талаар өөрийн гэсэн төсөөлөл, итгэл үнэмшил байдаг. Зарим хүн илүү материаллаг байдаг бол зарим хүн илүү оюунлаг, хийсвэр байдаг. Аль нь ч байсан гэсэн хүний хүсэлд хязгаар үгүй.

Гэхдээ асуудлын гол нь  хүсэл хязгааргүйд бус хэн хүслийнхээ төлөө ажиллаж, амьдарч чаддаг вэ гэдэгт оршдог. Өөрөөр хэлбэл хүн бүхэн хүслээ бодит болгохын төлөө шаардлагатай бүх зүйлийг хийхэд, золиослоход бэлэн байдаг билүү?  Сугалаагаа сугалж үзэхгүй хэрнээ хожих хүслээр дүүрэн амьдарсаар өнгөрөөдөг билүү?

Испани улсын уулархаг бүс нутаг болох Андалуйжяад Сантяго хэмээх нэгэн хоньчин залуу аж төрдөг байжээ. Нэг удаа тэр сүрлэг Сикамор модны дор унтаж байгаад Египетийн пирамид руу аялах аваас нууцалсан  эрдэнэс олно гэж зүүдэлдэг ба тэрээр өөрийн бүх хонин сүргээ зарж,  эрдэнэсийн эрэлд гардаг. Тэрээр аялалынхаа явцад тусархаг сайн хүмүүстэй, муу хүмүүстэй , хайр дурлалтай, амь насаа алдах дөхсөн аюулт сорилттой тулгарсаар Египетийн пирамид хүрч эрдэнэсээ хайсан боловч юу ч олж чадалгүй гар хоосон буцдаг. Аргаа барсан хоньчин залуу ямар ч мөнгөгүй, ямар ч ололт амжилтгүй хуучин Андалуйжяадаа эргэн ирээд мөнөөх  Сикамор модныхоо дор ухаж үзтэл хайж  явсан эрдэнэс нь тэнд булаастай байсныг олдог. Өөрөөр хэлбэл түүний бүхнээ золиослон эрж хайсан тэр зүйл нь үргэлж түүний хажууд байсан аж. Энэ бол дэлхийд алдартай домогт Алхимич номын гол дүрийн баатрын түүх. Дараагийн асуулт: Та Сантяго шиг амьдарч байж болох уу?

Харамсалтай нь ихэнх хүмүүс Сянтяго шиг бас бурханд залбирч буй ядуу эр шиг амьдардаг гэвэл хатуудахгүй бас хэтрэхгүй.  Амьдрал нь сайхан болоход, хүсэл мөрөөдлийнхөө араас явж эхлэхийн тулд үргэлж гаднын ямар нэг нөхцөл байдал өөрчлөгдөхийг, боломж бүрдэхийг хүлээж амьдардаг ба хэзээ ч өөрийгөө хангалттай гэж харж чаддаггүй. Би арай л тарган, арай л  туранхай, өндөр, нам, хөгшин, залуу байна, гадаа цаг агаар арай л онцгүй байна, өнөөдөр сэтгэл санаа арай л тийм байна, надад туслах хамтрах хүн алга байна, намайг дэмжих хүн алга байна, надад эрх мэдэлтэй баян танил алга байна, намайг хүмүүс ойлгохгүй байна, амьдрал надад дандаа шударга бус ханддаг, би бусад хүмүүс шиг азтай байдаггүй, би анхнаасаа сайхан гэр бүлд төрөөгүй, би амжилтанд хүрч чадахгүй байгаад надаас бусад нь буруутай. Энэ бол тэдний нийтлэг төрх бас тэд хэзээ ч амжилтанд хүрэхгүй.

Харин эрхэм уншигч та  өөр байх хэрэгтэй. Өөрт хамаатай бүхнээ өөрийн гартаа хариуцаж ав, өөр хэнд ч өөрийн тань ирээдүйг тодорхойлох боломжийг бүү олго. Өөрийнхөө өнөөдөр байгаа байгаа бодит байдалтай нүүр тул. Амьдралынхаа хамгийн хэцүү асуултуудад хариул. Та хэн болохыг хүсч байна вэ? Таны хүсэл мөрөөдөл зорилго юу вэ? Та хаана байна вэ? Та өнөөдрөөрөө дахиад 10 жил амьдарвал хаана хүрэх вэ? Таны одоо явж байгаа чиглэлийн алхам бүр мөрөөдөл рүү тань дөхүүлж байна уу эсвэл алхам алхмаар холдуулж байна уу? Та өөрийнхөө бүтэн потенциалд хүртэл хичээж, ажиллаж, сурч чадаж байна уу? Яг одоо та хийж буй зүйлээ таван минут орхиод энэ талаар бодоод үз хариултаа бичээд үз. Яг одоо!

Та хэрвээ дээрх асуултуудад шударгаар хариулж чадсан бол одоо харин танд дараагийн зөвлөгөөг хүргэе! Та хэн ч болохыг хүсч болно, та ямар ч хүсэл мөрөөдөлтэй бас зорилготой байж болно гэвч хэн ч таны өмнөөс тэдгээрийг тань бий болгохгүй бас биелүүлэхгүй. Зөвхөн та л чадна. Та магадгүй өөрийгөө чамладаг байж магадгүй, та магадгүй өөртөө итгэлгүй байж магадгүй гэвч үнэндээ та бол энэ дэлхийн хамгийн алдар цуутай, амжилттай нэгэнтэй нэгэн ижил хүн. Танд тэднээс дутах зүйл юу ч үгүй. Энгийнээр хэлэхэд амжилттай хүн, амжилтгүй хүн хоёрын ялгаа тэдний хийсэн сонголт, амьдарсан замналд л бий. Тэд таниас илүү, мундаг, чадалтай 4 гартай, 6 хөлтэй байгаагүй гагцхүү тэд ганц олдох амьдралдаа урдаа тавьсан зорилготой, түүндээ хүрэх хүсэл тэмүүлэлтэй, төлөвлөгөөтэй бас тууштай байж чадсанаараа амжилтанд хүрсэн.

Магадгүй 10 жилийн дараа амьдрал ямар байх бол гэж хааяа та боддог байх. Харин хариулт нь их энгийн. Дараагийн 10 жил өнөөдөр, бүр яг одоо та юу хийж байгаагийн тань шууд илрэл байх болно. Улс төр, эдийн засаг, таны эцэг эх, таны хайртай хүн, таны босс биш зөвхөн та л өөрийн ирээдүйг хүссэн ч хүсээгүй ч бүтээж байгаа.Тиймээс танд  БҮХНИЙГ ӨӨРӨӨСӨӨ ЭХЭЛ гэж хэлье. Алдарт Ганди хэлэхдээ “энэ хорвоо ертөнцөд хиймээр байгаа өөрчлөлтөө эхлээд өөртөө хий” гэж хэлсэн, домогт бизнесийн зөвлөх Жим Рон хэлэхдээ “бүх зүйл сайжрахын тулд чи эхлээд сайжрах хэрэгтэй” гэж хэлсэн харин манай Монгол ардын цэцэн ухаан биднийг“биеэ засаад, гэрээ зас” гэж сургадаг. Энэ яагаад гэж та нар бодож байна? Мэдээж энэ бүх гайхалтай хүмүүс, мэргэн ухаантнууд ХҮН өөрөө л өөрчлөгдөхөөс нааш юу ч өөрчлөгддөггүй гэдгийг ойлгосон учраас л тэр.

Хүсэж мөрөөдөж явдаг амьдралаа бий болгох тэр нөөц бололцоо, хүч чадал, ухаан танд бий, гагцхүү та түүнийгээ олж хар, ашигла, амьдралдаа хэрэгжүүл. Нэг л өдөр мөрөөдөл биелдэг гэдгийг батлах болно. Танд амжилт хүсье!

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл бичих

    • Nina
    • 2016-04-26

    Negiig bodogduulj uhaaral hairlasan saihan sedebuud baina. Amjilt husie

arrow icon