Нийтлэл 02 сарын 29, 2016

МЭДЛЭГ: ӨНДӨР СЕКУНД гэж юу вэ?

Бидэнд, мэдчихмээр ойрхон мөртлөө мэддэггүй зүйл бишгүй олон.
Энэ жил бол олимптой жил буюу өндөр жил. Өндөр жил гэдэг нь нарны тооллын системийн бутархай хэсгийг нийлүүлж байгаад, 4 жил тутмын нэгд нь 1 өдөр болгон нялзааж орхисон жил юм. Үнэндээ олимп, өндөр жил хоёр огтоос хамааралгүй л дээ. 2100 онд олимп болдгоороо болж болох юм. Гэхдээ 2100 он бол өндөр жил биш.

Хэдийгээр бид дэлхийн тэнхлэгээ тойрч эргэх мөчлөгийг цагийн хэмжүүр гэж боддог ч, яг үнэндээ цаг хугацааны хоёр янзын хэмжүүр ашигладаг. Түүний нөгөө нь атомын цаг юм. Атомын цаг нь 20-р зуунд нээгдсэн атом гээч зүйлийн хөдөлгөөн дээр тулгуурлаж хийсэн эд. Харамсалтай нь энэ хоёр хэмжүүр маань яг зэрэг зуузай холбон урагшилдаггүй, байсгээд дунд нь зөрөө үүсч орхидог. Үүнийг зохицуулдаг нь Өндөр секунд юм.

Зөрөө үүсдэгийн шалтгаан нь, дэлхий маань жигд бус эргэдэгтэй холбоотой. Тэглээ гээд дэлхийг буруутгаж байгаа юм биш л дээ. Хоёрхон юм хоорондоо зөрсөний төлөө хэнийг нь буруу гэх билээ. Хэт жигд ажилдаг гээд атомын цагийг буруутгаж байгаатай л ижил.

Хэр жигд ажилладаг вэ гэвэл, 7 тэрбум жилд ганц л секундээр зөрөх магадлалтай. Түүний дэргэд дэлхий маань саранд татагдах, газар хөдлөх гэх мэтээр даялсаар, хэдэн жил өнгөрөхөд тэр зөрөө нь 1 секунд болон хуримтлагддаг байна. Үүнийг анзаарсан хүн төрөлхтөн 1958 оноос атомын цагийг албан ёсоор ашиглаж, түүнээс хойш 55 жилийн турш нийтдээ 25 удаа өндөр секундын зохицуулалт хийгээд байна. Өөрөөр хэлбэл, дэлхийн маань сүүлийн 55 жилийг тооцоолсоноос 25 секунд удаан эргэжээ гэсэн үг.

Хүн бол ганц секундын наана цааныг анзаарахгүй л дээ. Нэг өдөрт л 86,400 секунд байдаг хойно. Харин компьютерийн ертөнцөд бол "ганцхан секунд" гэж тойм ярихын арга байхгүй. Ганц секунд байхад л  иргэншлийг сүйрүүлэхэд хангалттай ч байж мэднэ.

Жишээ нь, 2012 оны долдугаар сарын 1-нд болсон өндөр секундын зохицуулалт дээр (өмнөх нь 2008 оны 12 дугаар сард болсон) олон улсад том том серверүүдэд доголдол crash гарч тасалдсан байна. Тодруулбал, Java  програмыг ашигласан системүүд газар сайгүй осолдож, үүнд нь LinkedIn, Foursquare, Yelp, StumbleUpon, Gawker, mixi, au, Mozilla мэтийн компаниуд өртсөн гэнэ.


Ерөөс дээрх хоёр хэмжүүр маань аргачлалын хувьд тэс өөр юм. Нэг нь харьцангуй цаг бөгөөд, дэлхий нэг бүтэн тэнхлэгээ эргэхийг нэг өдөр гэж үзээд, түүнийгээ 24 цаг, 60 минут, 60 секундэд хувааж тооцдог. Харин нөгөө нь абсолют цаг бөгөөд, Цезий 133 гэдэг атомын хөдөлгөөний мөчлөгийг 9,192,631,770 аар үржүүлж нэг секундыг тооцдог (туршилтаар гаргаж ирсэн тоо учраас онцын утга учиргүй). Нэг ёсондоо, нэг нь бүхлийг хуваах замаар хэмждэг бол, нөгөө нь бутархайг цуглуулах замаар хэмждэг гэсэн үг.

Юмыг мэдэх тусам нарийн  болж ирдэг нь төвөгтэй. Хүмүүс бидний цагийн баримжаа уул нь илүү сар тооцдог байсан тэр үеийнхээ л хэвэнд байгаа шүү дээ. Харамсалтай нь, орчин үеийн өндөр технологи цаг хамаагүй гажихад зохицохооргүй болж. Тэднийг 1 секундээс илүү гажилт үүсэхгүй гэсэн урьдач нөхцөлд суурилж схемчилдэг.  Харин бид өөрсдөө тэр технологиосоо хөндийрөх аргагүй хамаарал дунд амьдарч байна. Ядахад яр гэгчээр дэлхийн эргэлт улам удааширсаар, ирэх зуун гэхэд жилийн 2 секунд өндөрлөдөг болох гэнэ.

Магадгүй ойрын ирээдүйд өндөр доль, өндөр нано секунд гэж хүртэл гарч ирэхийг үгүйсгэхгүй. Энэ ертөнц улам бүр өндөр нарийвчлалтай болсоор л байна. Бидэнд нэгэнт буцах зам үлдээгүй бололтой...

Сэтгэгдэл бичих

arrow icon