Зохиолч, орчуулагч, бичгийн хүмүүс болон сурагч, сонирхон уншигчдын анх номтой хэрхэн нөхөрлөсөн түүхээ хүүрнэн өгүүлсэн "Номтой нөхөрлөсөн түүхүүд" хэмээх ном хэвлэлтээс гарчээ. Сурагч оюутнаас зохиолч, бичгийн их хүмүүс хүртэлх бүх насны уншигчдын номын амтанд хэрхэн автаж, номоос ямар үр өгөөж хүртсэн тухай амьд түүхүүдэд ямар ч насны хүнд номын сайн сайхныг мэдрүүлж, шинээр нээж өгөх агуулга багтаажээ. Уг номд багтсан соёлын гавъяат зүтгэлтэй, шог зураач С.Цогтбаярын "Номонд дурлана гэдэг хамгийн зөв шунал" хүүрнэмжийг толилуулж байна.
Ном гэснээс номын сайхан тавиур бол номыг гоё, цэгцтэй харагдуулахаас гадна номыг хүндтэй, байр сууринд нь залж, хүндэлж байгаа хэрэг гэж боддог.
Манайд Орос, Америк, Англи номын тавиур байгаа л даа. Тавилгын том том дэлгүүрт номын тавиур байдаггүй. Асуухаар "хүмүүс авдаггүй юм" гэдэг. Эсвэл оффисын бичиг хэрэг, хавтас хийдэг шүүгээ үзүүлдэг. Номын тавиур бол огт өөр дизайнтай, өөр урлаг юм. Тийм ч учраас би гэртээ яг номонд зориулсан тусгай тавиур захиалж хийлгэсэн.
Ном унших бол тархины фитнес. Тархийг байнга хөгжүүлж, шинэчилж, шинэ мэдээлэл оруулж байх ёстой. Ном уншина гэдэг огт дүрсгүй, амт, өнгөгүй юмыг уншаад өөрөө сэтгэн бодож амилуулж байдаг. Телевиз, радио бол өөр. Дуу, дүрстэй. "Усан доогуур хорин мянган бээр аялсан нь", "Монте Кристо гүн"-г уншаад бид өөрсдөө сэтгэлдээ төсөөлж, найруулж, бүтээж байдаг шүү дээ.
Миний үеийнхэн ном, ном л уншиж өссөн. Өөр сонголт ч байгаагүй.
Хожим нь "Тоншуул" сэтгүүлийн дэргэдэх "Учиртай инээд" хамтлагийнхантайгаа хөдөө орон нутгаар их явсан. Тэгэхдээ номын мухлаг, номын агуулахад заавал ордог байлаа. Ховор, гоё гоё номыг тэгж явахдаа их олсон. Зарим газраас шуудай номтой буцаж байв.
Номд дурлана гэдэг хамгийн зөв шунал. Ном ховор байх үеийн шунал маань одоо хүртэл хэвээрээ. Гоё хобби, гоё дадалтай бол хүний амьдрал уйдамгүй гоё болдог
. Гэгээрэл гэдэг бол ном унших, сурахын л нэр. Түүнээс биш ид шид биш.
Манайд урлагийн ном элбэг. Орчин үеийн хөгжмийн тухай бүхэл бүтэн номын цуглуулга байна. Дэлхийн болоод Монголын түүхийн номууд байна. Нэвтэрхий толиуд, шог зургийн ном, сэтгүүл, бурханы шашинтай холбоотой номууд ч байна. Амжилтанд хүрсэн хүмүүсийн намтар гэх мэт хувь хүнийг хөгжүүлэх ном ч бий. Нэр хүндтэй хүмүүс, зохиолчдын гарын үсэгтэй номууд үнэ цэнэтэй.
Хүмүүс "Энэ номуудаа бүгдийг нь уншсан уу" гэж их асуудаг. Энэ бол харьцангуй ойлголт юм. Надад зурагт альбом их байдаг. Үүнийг бол уншихгүй үздэг. Нэвтэрхий толиудыг гэхэд хүн бүгдийг нь нэг нэгэнгүй үзээд суудаггүй шүү дээ. Хэрэгтэй юмаа л харна.
Би боддог юм. Үнэтэй үнэгүй нь хамаагүй, айл бүр номын булантай, хүүхдүүд нь ном уншдаг байх ёстой гэж. Номын хүндлэл эндээс эхэлнэ. Амьдралын зөв хандлага эндээс эхэлнэ. Ингэж байж номын авшиг шингэнэ.
Соёлын гавьяат зцтгэлтэн, шог зураач С.ЦОГТБАЯР
Сэтгэгдэл бичих