Завгүй уншигчиддаа: Өнөөдрийн эдийн засаг, зах зээлийн тоймыг 90 секундэд
-Төрийн Орон Сууцны Корпорацийн Түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх дотоод журам өнөөдөр буюу 3 дугаар сарын 4-ний өдөр батлагдах хүлээлттэй байна. Энэхүү журам батлагдаж, олон нийтэд мэдээлсний дараа буюу ирэх долоо хоногоос иргэдийг бүртгэх ажил эхэлнэ гэж ТОСК-ийн Ерөнхий Захирал А.Гантулга мэдээллээ.
-Улаанбаатар Төмөр зам Монгол-Оросын Хувь нийлүүлсэн нийгэмлэг транзит тээврийн ачааг нэмэгдүүлэх гэрээ байгуулсан талаар мэдээллээ. Гэрээний нийт үнийн дүнг 64 сая ам. доллараар үнэлж байна. ОХУ-аас БНХАУ руу тээвэрлэх транзит ачааг Монгол Улсаар дамжуулах гэрээг пүрэв гарагт ОХУ-д үзэглэсэн талаар “Улаанбаатар Төмөр зам”-аас мэдээллээ.
-“Khan Resources” компани Канадын Засгийн газарт хандан "Монголын Засгийн газар арбитрын торгуулиа төлөх хүртэл" Монголд үзүүлж байгаа зээл, тусламжаа зогсоох
хүсэлт гаргасан байна. Канадын Засгийн газар Монгол Улсад жилд 4 сая канад долларын тусламж үзүүлдэг
гэж тус улсын хэвлэлд онцолжээ. Монгол Улсын Засгийн газар, компаниудын төлөөлөл Торонтод болох олон улсын уул уурхайн хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт PDAC-д өргөн бүрэлдэхүүнтэй оролцоно. Тус компанийн хүсэлт энэхүү үйл явдлын өмнө гарч байгаагаараа анхаарал татаж байна.
-“Markit Economics” судалгааны байгууллагаас танилцуулдаг БНХАУ-ын үйлчилгээний салбарын “Caixin” индекс хоёрдугаар сард 51.2 нэгж болж, буурлаа. Энэ нь мягмар гарагт танилцуулсан Засгийн газрын индексээс 1.5 нэгжээр доогуур дүн болж байгаа юм.
-Нэгдүгээр сард Австралийн экспорт өссөн нь гадаад худалдааны алдагдал буурахад нөлөөлжээ. Алдагдлын хэмжээ 2.94 тэрбум австрали доллар байгаа нь өмнөх сард 3.52 тэрбум австрали доллар байсантай харьцуулахад нэлээд буурсан дүн юм.
Сэтгэгдэл бичих