Нийтлэл 03 сарын 07, 2016

Өнөөдрийн эдийн засгийн тойм: 2016.03.07-ны өдрийн эдийн засгийг 90 секундэд

Завгүй уншигчиддаа: Өнөөдрийн эдийн засаг, зах зээлийн тоймыг 90 секундэд 

-Татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын тухай төсөлд хөрөнгийн зах зээлийн оролцогчид зах зээлд дэмжлэг болох заалтуудыг нэмж тусгуулахаар саналын төсөл боловсруулж байна. Өөрөөр хэлбэл Санхүүгийн Зохицуулах Хороо, Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо зэрэг байгууллагууд хамтран хувьцааны ханшийн зөрүүнээс олох орлого, ногдол ашгаас олох орлого зэргийг татвараас чөлөөлүүлэх тухай санал боловсруулж байгаа ажээ

-Хөдөө Аж Ахуйн биржийн нэмэлт хувьцааны арилжаанд 41 хуулийн этгээд оролцсоноос 8-9 компани байсан талаар тус биржийн Гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат мэдээллээ. Хаалттай хэлбэрээр нийт 106 сая 350 мянган ширхэг хувьцаа арилжаалсан бөгөөд ингэхдээ нэгж хувьцаа бүрийг нь 90-95 төгрөгөөр борлуулж, нийт 10 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө босгожээ. Нэмэлт хувьцааны арилжааны хоёр дахь үе шатанд 91 сая хувьцааг нээлттэй хэлбэрээр арилжаалахаар төлөвлөсөн байна. Үр дүнд нь Засгийн газрын тогтоолд тусгасны дагуу Хөдөө Аж Ахуйн бирж дэх Төрийн эзэмшлийг 34 хувь болгох нөхцөл бүрдэх юм. 

-Баасан гаригийн арилжааны хаалтаар Лондоны ICE бирж дээр Brent нефтийн тавдугаар сарын нийлүүлэлтийн гэрээний нэг баррелийн үнэ 4,5 хувиар нэмэгдэн $38,72 хүрлээ. Brent маркийн хувьд энэ нь 2015 оны арванхоёрдугаар сарын 15-наас хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Өнгөрсөн долоо хоногт Brent нефть нийтдээ 9,3%-иар өслөө. 

-“Буянт-Ухаа-2” орон сууцны зарим хэсгийг иргэдэд түрээслүүлэхээр болоод байгаа. Төрийн орон сууцны корпораци/ТОСК/-иас өгч байгаа мэдээллээр нийслэлд 27000 гаруй иргэн түрээсийн орон сууцанд хамрагдах эрэлт байгаа аж. Харин түрээслэх орон сууцны тоо ердөө 350 гэнэ. Иймд иргэдийн материалыг хүлээж авсны дараа сугалаа явуулснаар түрээсийн орон сууцанд орох иргэдийг тодруулах юм байна. 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon