Хүүхэд өвдөхөд биеийн байдлыг зөв үнэлж яг тохирсон эмчилгээ хийх нь хамгийн чухал. Харин хүндэрч магадгүй гэж хэт үнэлж "хүчтэй" эмчилгээ, тариа хийхээр эмнэлэгт хэвтүүлэх явдал манайд элбэг. Үнэхээр хүнд, маш хүнд бол эмнэлэгт хэвтүүлж эмчилнэ.
ХҮҮХДЭЭ УУШГИНЫ ХАТГАЛГААГААР ӨВДСӨНИЙГ ЯАЖ МЭДЭХ ВЭ?
Pneumonia хатгалгаа буюу уушгины үрэвсэл гэдэг нь хэвийн нөхцөлд агаараар дүүрч байдаг уушгины цулцангууд үрэвсэж идээ, цэр, цусаар бөглөрөхийг хэлнэ.
Иймд эд эрхтнийг хүчилтөрөгчөөр хангахад бэрхшээл үүсч үүнтэй тэмцэхийн тулд хүүхэд амьсгаадаж амьсгалын тоо олширч эхэлнэ. Амьсгаадах, амьсгалахад бэрхшээлтэй болох, амьсгалахад өвдөлт үүсэх, хамар сарталзах, хамар, уруул хөхрөх нь уушгины хатгалгааны үндсэн шинж юм.
Хаталгааны үед илрэх бусад шинжүүдэд:
- Ханиах
- Халуурах/чичрэх
- Цээж, толгой, хэвлийгээр өвдөх, ялангуяа ханиах үед (зовиурлан уйлах, яраглах, гинших)
- Хоолонд, хөхөндөө дургүй болох/шээс ховордох
- Ядарч сульдах, унтаарах зэрэг орно.
Шалтгааны хувьд вирус, нян байх бөгөөд маш ховор тохиолдолд мөөгөнцөр байж болно.
Уушгины хатгалгаа үүсгэдэг нянгуудад:
- Пневмококк (2016 оноос Монгол улсад дархлаажуулалт үе шаттайгаар хийгдэж эхэлнэ)
- Хемафилиус инфлуэнза (Тавт вакцинаар дархлаажуулалт хийгддэг)
Харин вирусын хувьд:
- Респиратор-синцитал вирус
- Параинфлуэнза вирус
- Инфлуэнза вирус (жил бүрийн томуугийн вакцинаар дархлаажуулалт хийгддэг) тохиолддог.
Вирус, нянгийн хатгалгааны хувьд илрэх шинжүүд ижил боловч явцаараа ялгагдана
. Нянгийн хатгалгааны хувьд дээр дурдсан шинж тэмдгүүд өвчин эхэлсэн эхний эсвэл хоёрдох өдрөөсөө л илэрч эхлэх ба тохирсон антибиотикийг зөв тунгаар хэрэглэсэн тохиолдолд эмчилгээ эхэлснээс хойш 24-48 цагийн дотор хүүхдийн биеийн байдал эрс сайжирч шинж тэмдгүүд намжиж эхэлнэ.
Харин вирусын хатгалгааны хувьд ханиад шуухинаагаар эхлэн шинж тэмдгүүд аажмаар өдөр өдрөөр нэмэгдэж (эхлээд цөөн ханиаж байснаа ханиалга нэмэгдэж халуурч амьсгаадах, хоолонд дургүй болох/хөхөндөө муудах шинжүүд нэмэгдсээр) ойролцоогоор 7 хоногийн дараа хатгалгааны шинжүүд илэрнэ. Ийм учраас вирусын хатгалгааг өвчин эхэлсэн эхний хоногуудад оношлох боломжгүй бөгөөд өвчин эхэлсэн эхний өдрөөс антибиотик эмчилгээ хийсэн ч урьдчилан сэргийлэх боломжгүй
(антибиотик вирусыг устгахгүй) байдаг. Вирусын хатгалгааны эмчилгээнд ч антибиотик хэрэглэх боловч тэр дороо үр дүн гарахгүй, хүүхдийн биеийн байдал сайжрах нь удаан (2 долоо хоног, түүнээс ч удаан) байдаг. Цусны шинжилгээгээр вирус, нянгийн шалтгааныг ялгаж болно.
Уушгины хатгалгааг эмчийн үзлэгээр:
- Хүнд биш (гэрээр антибиотик уулгаж эмчилнэ),
- Хүнд (эмнэлэгт 1 антибиотикийг судсаар тарьж эмчилнэ),
- Маш хүнд (эмнэлэгт 2 антибиотик судсаар тарьж эмчилнэ) хэмээн 3 ангилна.
Антибиотик эмчилгээнээс гадна халуун бууруулах, өвдөлт намдаах (парацетамол), дархлаа сайжруулах (цайр), шингэн ихээр уулгах, агаарыг чийгшүүлэх арга хэмжээг заавал авна. Эмчилгээ дунджаар 5-10 хоног үргэлжилнэ. Антибиотикийг сонгохдоо хуурамч эмнээс болгоожлоорой!
Хүүхдээ цаг тухайд нь дархлаажуулах, хөхөөр хооллох, гэр бүлийн гишүүд тамхи татахгүй байх нь хүүхдийг уушгины хатгалгаанаас сэргийлэхэд чухал ач холбогдолтой. Тураал, сульдаа, цус багадалт зэрэг хүүхдийн суурь өвчнүүд болон нэг дор олуулаа амьдрах нь уушгины хатгалгаагаар өвчлөх эрсдэлт хүчин зүйл болдог.
Dr.Tume "Хүүхэд ба гэр бүл" ном
Антибиотекийг хүүхдэд судсаар хийнэ гэж үү???