Нийтлэл 03 сарын 22, 2016

Хүүхэд харах үйлчилгээ ирэх сарын 1-ээс хэрэгжиж эхэлнэ

Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль 2016 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхлэхээр болсон.  Үүнтэй холбогдуулан 2016 оны улсын төсөвт хүүхэд харах үйлчилгээнд зориулж 10.8 тэрбум төгрөгийг баталсан юм. Нэг хүүхдийг харахад гарах зардал сард дунджаар 116 мянга 900 төгрөг гэж тооцвол төсөвлөгдсөн мөнгөөр энэ жил 10 орчим мянган хүүхэд харах боломж бүрдсэн. 

 Хүүхэд харах үйлчилгээ ямар шалтгаанаар хүлээлт үүсгээд байгаа талаар  Хүүхдийн төлөө үндэсний газрын Хүүхэд гэр бүлийн бодлого хэрэгжилтийн газрын мэргэжилтнээс тодруулахад, дараах шалтгаантай байсан гэсэн хариултыг өглөө. 

  • Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх иргэний ажлын байрны дүгнэлтийг гаргах үнэлгээний маягтыг бид Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газартай энэ хугацаанд хамтран боловсруулж, орон нутгууд руу цахимаар илгээсэн байгаа. Одоо бол иргэдийн ажлын байранд нь үнэлгээний маягтын дагуу дүгнэлт гаргаж байна. Энэ ажил дуусах юм бол хүүхэд харах үйлчилгээ эхэлнэ. Тэгэхээр үнэлгээний магт гаргах, дүгнэлт хийх энэ ажил хүүхэд харах үйлчилгээнд хүлээлт үүсгэсэн эхний шалтгаан байсан. 
  • Нөгөө нэг зүйл нь бид Сангийн яамнаас хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчийн квот гаргах, дээрээс нь нэг хүүхдийг харах зардал болох 116 мянга 900 төгрөгт өөрчлөлт орж магадгүй гэсэн байр суурьтай байсан. Тиймээс энэ шийдвэрүүдийг хүлээж байсан. Квот гэдэг нь хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчийн тоог хэлж байгаа юм. Гэтэл энэ асуудлууд ч мөн цэгцэндээ орж шийдвэрүүд нь гарсан. 

Одоогоор хүүхэд харах үйлчилгээнд хүлээлт үүсгэж байсан дээрх асуудлууд шийдэгдсэн бөгөөд 4 сарын 1-нээс хүүхдүүдээ аваад эхлэх юм байна.  Тиймээс иргэд хүүхдээ хүүхэд харах үйлчилгээнд хамруулах хүсэлтэй байгаа бол 4 сарын 1-ээс өмнө харьяа хороо, дүүргийнхээ нийгмийн ажилтанд хандаж бүртгүүлэн, хаана байрлаж байгаа үйлчилгээнд хамрагдах боломжтой талаар мэдээллийг авах юм байна. Түүнчлэн 2500 хүн хүүхэд харагчийн сургалтад хамрагдаж гэрчилгээгээ авчээ.  

 

Сэтгэгдэл бичих

arrow icon