Homo sapiens(wise person) буюу хүн биднийг амьтдаас заагладаг шийдвэрлэх ялгаа юу юм бэ?
- Соёл иргэншил? Оюун ухаан? Эсвэл хоёр хөл дээрээ алхдаг?
Харин зохиолч сэтгүүлч Маттю Ридлэйгийн хэлж байгаагаар бол
- Зөвхөн хүмүүс бидэнд байдаг "СОЛИЛЦОХ ЧАДВАР" л биднийг амьтнаас ялгаруулж өгдөг.
Дэлхий хэзээ мөдгүй сөнөх тухай аль 50 жилийн өмнөөс л яригддаг байлаа.
Юу юугүй л өлсгөлөнд нэрвэгдэж, хорт хавдартаа баригдаж, хүчлийн бороонд түлэгдэж, ган гачигт талхлагдсаар үхлийн муугаар төгсөх ёстой байсан хүн төрөлхтөн одоогийн байдлаар хараахан мөхчихөөгүй төдийгүй, тийн яригдаж байсан цагаас хойш орлого маань (инфляцийг тооцоод ч) 3 дахин өсөж, дундаж наслалт 30% уртсаж, нялхасын эндэгдэл гуравны хоёр хувьд хүртлээ буурч, нэг хүнд ногдох хүнсний бүтээгдэхүүний хэмжээ гурав дахин өссөнөөр хоёр дахин өссөн дэлхийн хүн амыг яаж ийгээд болгоо л байна.500,000 жилийн өмнө хүний хийж байсан чулуун зэвсэгээс дутахгүй зэвсэгийг Неандерталчууд ч бас хийдэг байж (Неандертал гэдэг нь эртний нэгэн хүн дүрст амьтан бөгөөд, төрөл зүйлийн хувьд хүнтэй өвөг нэгтэй ах дүү гэхэд болно). Гэтэл хомосапиэнсийн хийдэг байсан чулуун зэвсэг компьютерийн хулгана болтолоо хөгжөөд байна. Хүний гарт зориулж хийгдсэн юм болохоор, энэ хоёрын хэлбэр хэмжээ гайхалтай ижил төстэй.
Харин нэг нь зөвхөн чулууг ашиглаад хэн нэгэн өөртөө зориулж ганцаараа хийсэн эд бол, нөгөө нь метал, хуванцар, силиконоос авахуулаад зүсэн зүйлийн материал хольж, зүг бүрийн хүмүүсийн мэдлэг оюуны цогц нэгдлээс төрсөн "шидэт дохиур" юм.
- Та компьютерийн хулгана яаж хийдгийг мэдэх үү? Эсвэл тэрийг мэддэг хүнийг мэдэх үү?
Магадгүй хэн нэг нь түүний чипийг схемчилж чаддаг ч, тэр хүн хулганы пластик материалыг нефтээс хэрхэн гаргаж авдгийг мэдэхгүй. Харин тэрийг мэддэг нефть-чин нөхөр, ажлын цагаар хэрэг болгож уудаг кофеныхоо буурцгийг тариан талбайгаас хэрхэн хурааж авдагийг мэдэхгүй. Магадгүй сая сая хүний хамтын хөдөлмөр нийлж байж, компьютерийн энэ өчүүхэн хулганыг зөвхөн танд зориулж бүтээж байна гээд төсөөл дөө. Ганц хулганын ард ч "хөдөлмөрийн хуваарилалт" болон "мэдлэгийн солилцоо" гээч юм тасралтгүй эрчимтэй явагдаж байдаг.
Өнөө цагт жирийн нэг англи иргэн ганц цаг ном уншихад хэрэгтэй гэрлийг өөртөө бий болгохын тулд ердөө тал секунд ажиллахад л хангалттай болж. Харин энэ тоо 1950 онд 8 секунд байсан бол, 1880 онд 15 минут байсан юм.
Энэ бүх амжилт бол бид бүхэн өдий чинээ глобалчлагдаж, худалдаа наймаа чөлөөтэй хөгжүүлж, басхүү төдий чинээ хөдөлмөрийн хуваарь үүсгэж, төрөлжиж ирсний үр өгөөж юм.
Бидний өвөг дээдэс эрт дээр үеэс эр эмээрээ ажлаа хуваарилж аваад хийж сурсан юмсанж. Эрчүүд амь өрссөн ангийн ажил хариуцаж, хариуд нь эмэгтэйчүүд үндэс малтдаг залхмаар ажлыг хариуцсанаар, үр дүнд нь тус бүрдээ мэргэжилдээ туршлагажиж, бүтээмж дээшилж, цагийг ч хэмнэж. Ер нь аль аль нь л хожиж. WIN WIN!
Энэ мэт жишээ бол өнөөгийн бидний хувьд байдаг л хүүхдийн санаа биз. Тоочин хүү Тулга, зураач охин Цэцэг хоёр биенийхээ даалгаврыг хийгээд өгчихвөл, илүү урт хугацааг эрхэлж, тоглож өнгөрөөж чадна.
Харин нэг гайхалтай баримт гэвэл, иймэрхүү ажлын хуваарилалт хийж байсан ул мөр Неандерталчуудад огт байдаггүй байна. Гэхдээ энэ бол тэд тэнэг гэсэн үг хараахан биш. Тэр ч бүү хэл, тархины хэмжээг нь харвал өнөөгийн биднээс ч багтаамжтай төдийгүй, үхэгсдийгээ хүндэтгэлтэйгээр хөдөөлүүлдэг байсан ул мөрийг нь ажваас төдий чинээ соёлт төрөл байжээ гэдэг нь мэдрэгддэг. Бас тэдний ДНХ дотор FOXP2 гэдэг ген агуулагдаж байсан нь хоорондоо хэл яриагаар харилцдаг байсныг баталдаг. Ердөө л тэдэнд ажлын хуваарилалт гэдэг ухагдахуун л байгаагүй бололтой юм.
Түүнээс гадна, неандерталчуудын хийгээгүй бас нэг зүйл нь "солилцоо" юм. Тэдний үлдэгдэл, малтлагаас гарч ирэх багаж зэвсэг болгон гарцаагүй тэр нутгийн чулуу материалаар хийгдсэн зүйлс байдаг гэнэ. Тэгтэл тэдэнтэй нэг хөндийгөөс олдсон хомосапиэнс хүний булшин дотроос хэдэн зуун километрийн зайтай газрын чулуунууд гарч ирэх тохиолдол ч бий.
Хүмүүс хэзээнээс эд материалаа солилцож эхэлсэн юм бүү мэд. Хаа байсан сая жилийн өмнөх хясааны үлдэгдэл анх байсан Алжирийн эргээсээ 200км алслагдсан эх газрын гүнээс олдсон явдал бий гэдэг. Тэгэхээр худалдаа наймаа гэдэг газар тариалангаас дор хаяж 10 дахин урт түүхтэй болж таарах нь. Худалдаа наймааны ачаар хүний түүх цэцэглэсэн жишээ гэвэл Торгоны зам, Сүэцийн сувгаар тогтохгүй олноор тоологдоно.
Хүнээс бусад амьтдын дунд солилцоо наймаа байдаг эсэх нь тун эргэлзээтэй. Шимпанзе сүргийнхээ хэн нэгэнд мод хэрхэн хугалдагийг зааж болох л юм. Гэхдээ л сүргийн хүрээнээс давж заах явдал найдвартай байхгүй. Ажилсаг шоргоолж хэдийгээр ажилсаг нь дэндсэн үлгэр жишээ боловч, өөр үүрний хатан шоргоолжны төлөө бол ална гэсэн ч хөдлөхгүй. Харин хүн бид уул гол, тив далайг алгасан хоорондоо харилцаж байна.
- Өдий болтол ноход харилцан эрх тэгшээр ясаа солилцож байхыг харсан удаагүй
гэж эдийн засгийн онолын эцэг гэгддэг Адам Смит хэлсэн гэдэг.
- Хэрвээ хүн төрөлхтнөөс худалдаа наймааг нь салгаж орхивол, эсвэл бид харилцан мэдээлэл солилцох боломжгүй болвол??? ...Хэрэв тэгвэл хүмүүс бид юу болох бол?
Хэрэв тэгвэл, бидний хөгжил удаашраад зогсохгүй, бүр ухарч доройтох болно.
Тасманы арал гэдэг хэсэг арал урьд цагт Австралийн эх газартай холбоотой байж. Тэгтэл 10,000 жилийн өмнөх цаг агаарын дулаарлаас болж, далайн түвшин нэмэгдэж, эх газраас тусгаарлагджээ. Үр дүнд нь, арлын иргэдийн хөгжил удаашраад зогсохгүй, бүр уруудан доройтохдоо хүрч.
Тэд загас агнуурын багажаа ч хийж чадахаа байж, өмсдөг хувцсаа ч хийж чадахаа больсон гэдэг. Учир нь тэндэхийн 40,000 толгой хүн тэр бүх технологийг хадгалж өвлүүлэхэд хэтэрхий цөөдсөн учраас юм.
Тэгтэл өмнөд америкийн Tierra del Fuego гэдэг арал мөн л эх газраас тусгаарлагдсан боловч, тэдний соёл уруудах явдал байсангүй. Учир нь тэд эх газраас тасарсан ч худалдаа харилцаа нь тасраагүй юмсанж.
Өнөөгийн бид чөлөөт худалдааны бүс, FTA, дэлхий худалдааны байгууллага гэлцэн том том ярих нь түүхийн өндөрлөг, хүний онцлогоос харвал жам ёсны хөгжлийн дараагийн гишгүүр гэж хэлж болмоор. Тиймээс хуйвалдан наймаалцах, панз үсэргэх, дамлах, шаглах (заримынх нь ойлгодгоор бараг шулж хөлжих) гэх мэтийн гаж сөрөг ойлголтуудаа эртнээс засвал зохилтой мэт (яахаараа ер нь монгол хэлэнд худалдаа наймаанй төрлийн нааштай хэллэг байдаггүй байна аа???).
За тэр яахав. Солилцох харилцаа гэдэг нь хүний нэлээд анхдагч чадвар мөнөөр зогсохгүй, зөвхөн хүнд л байдаг чадвар байж ч мэдэх нь.
Тэгвэл асуултаа дахиад сэргээе. Яагаад Неандертал хүмүүс мөхчихөөд байхад, хомосапиэнс бид одоо болтол мөхөхгүй байна вэ?
Маттю Ридлэй:
-Шулуухан хэлэхэд надад IQ гэж юу болох талаар мэтгэлцээн өрнүүлэх сонирхол огт алга. Бид бүхний, хувь хүн нэг бүрийн ухаалаг тархин дээр хүний нийгэм оршин тогтнож ирсэн гэж үнэндээ бодохгүй байна. Асуудлын гол нь, хүмүүн бид хоорондоо хэрхэн үр дүнтэйгээр санаагаа солилцож, улам бүтээлчээр хамтран ажиллах вэ гэдэгт бий. Өөрөөр хэлбэл, бид бүхэн "Хөгжлийн хөдөлгүүр, цаад механизм бол бие даасан гоц САНАА-нууд гэхээсээ тэдгээр САНААНУУД ЭВЦЭЛДЭХ явдал" гэдгийг ойлгох хэрэгтэй юм.
Сэтгэгдэл бичих