Нийтлэл 03 сарын 23, 2016

МИАТ компани АНУ руу нислэгийн чиглэл нээхээр ажиллаж байна

Завгүй уншигчиддаа: Өнөөдрийн эдийн засаг, зах зээлийн тоймыг 90 секундэд 

-НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр болон Сангийн яам хамтран Олборлох үйлдвэрлэлийн орлого хуваарилалтын тогтолцооны талаар тойм судалгаа явуулсан байна. Судалгааны дүнгээс харахад сүүлд ашигт малтмалын нөөц ашигласны татвараас орох орлогоос орон нутагт ногдох хувь хэмжээ нэмэгдсэн ч байгаль орчинг нөхөн сэргээхэд бүрэн ашиглахгүй байгааг онцолжээ.

-АНУ руу нислэг нээх үнэлгээнд бэлтгэж байгаа талаар ИНЕГ-аас мэдээллээ. Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ХК АНУ руу нислэгийн чиглэл нээхийн тулд АНУ-ын Холбооны иргэний нисэхийн ерөнхий газар /FAA/-аас улс орнуудад тавьдаг иргэний нисэхийн аюулгүй ажиллагааны үнэлгээ “САТ 1″ буюу нэгдүгээр ангилалд багтсан байх шаардлагатай аж. Тиймээс ИНЕГ дээрх үнэлгээнд шалгуулах бэлтгэл ажлаа эхлүүлжээ.

-Олон Улсын Сэргээгдэх Эрчим Хүчний Агентлаг "Сэргээгдэх эрчим хүчний бэлэн байдлын үнэлгээ"-ний тайланг танилцуулаад байна. Тус агентлагийн зүгээс эн тэргүүнд дэд бүтэц, боловсон хүчний асуудлыг шийдэх хэрэгтэй байгааг онцоллоо. Үнэлгээний дүгнэлтийг харвал Сэргээгдэх эрчим хүчний төвийг шинэчилж, бүтцийн өөрчлөлт хийх хэрэгтэй байгааг зөвлөжээ. 

-Сүүлийн гурван жилийн хугацаанд 171 төсөл хөтөлбөрийн 6000 орчим нэгж талбарыг чөлөөлж, газраа чөлөөлсөн иргэдэд 58.3 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгосон гэж Нийслэлийн өмчийн харилцааны газраас мэдээллээ. Энэ онд Баянхошуу, 7 буудал орчимд газар чөлөөлөх ажил эрчимтэй явагдахаар байна.

-Хонг Конгийн хөрөнгийн биржийн мэдээнд Mongolian Mining Corporation компани нь зээлийн эргэн төлөлтөө хийх боломжгүй болох магадлал тун өндөр байгааг мэдээлж байсан. Харин биржийн өнөөдрийн мэдээгээр BNP/ICBC –ээс авсан зээлийн эргэн төлөлтийг хугацаанд хийж чадаагүй учраас дефолт болсон тухай мэдээллээ.  

 

Сэтгэгдэл бичих

arrow icon