Нийтлэл 03 сарын 24, 2016

Орон сууцны зах зээлийн дундаж үнэ м.кв нь 2 сая 58 мянган төгрөгтэй байна

Завгүй уншигчиддаа: Өнөөдрийн эдийн засаг, зах зээлийн тоймыг 90 секундэд

-Засгийн газар олон улсын байгууллагуудтай хамтран 2006 оноос хойш "Малын индексжүүлсэн даатгал" төслийг хэрэгжүүлээд байна. Энэ хугацаанд дээрх төслийг 17.3 сая ам.долларын зээл болон 4.45 сая ам.долларын буцалтгүй тусламжаар санхүүжүүлжээ. 

-Нефть боловсруулах үйлдвэрийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах тендер зарлагдсан байна. Засгийн газрын 76 дугаар тогтоолын дагуу Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд баригдах жилд 2.3 сая тонн хүртэлх газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэр байгуулахаар болсон. Төсөлд хөрөнгө оруулж, хэрэгжүүлэх үндэсний компаниудын оролцоотой консорциумын материалыг ирэх сарын зургааныг хүртэл хүлээн авна гэж Аж үйлдвэрийн яамнаас мэдээллээ. Урьдчилан тооцоолсноор тус үйлдвэрийн хөрөнгө оруулалт 1-1.3 тэрбум ам.доллараар хэмжигдэж байна. Мөн Унгар улсын “Евро Ойл” компани ТЭЗҮ-ийг боловруулж, салбарын яаманд хүлээлгэн өгөөд байгаа юм.

-БНХАУ-д нүүрсний хэрэглээ өндөр байдаг нь уур амьсгалын өөрчлөлт болон агаарын бохирдол нэмэгдэх хүчин зүйл болдог. Үүнээс гадна нүүрс ашигладаг үйлдвэрүүд усны хомсдол үүсэх шалтгаан болоод байгааг байгаль орчны “Greenpeace” байгууллагаас мэдээлж байна.  

-2016 оны байдлаар нийт 253 төслийн 40 мянга 490 айлын шинэ болоод хуучин орон сууцны нийлүүлэлт байгаа тухай “Барилга Эм Эн” компани мэдээллээ. Зарлагдсан орон сууцны зах зээлийн дундаж үнэ м.кв нь 2 сая 58 мянган төгрөг байгаа аж. Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр үнэтэй буюу м.кв нь 4 сая 800 мянган төгрөг байгаа бол хамгийн хямд нь Баянзүрх дүүрэгт 1 сая 50 мянган төгрөгийн үнэтэй байна.  

-Монгол Улсад нийт 60 гаруй махны үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж байгаагийн тал хувь нь бүтээгдэхүүнээ экспортлох эрхтэй байна. Махны экспортын зах зээлд БНХАУ, ОХУ, БНСУ, Арабын нэгдсэн Эмират зэрэг улс багтаж байгаа талаар Худалдаа аж үйлдвэрийн танхимаас мэдээллээ.  

 

Сэтгэгдэл бичих

arrow icon